Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/02804

 


 

 

2020 10 16 183/ШШ2020/0..04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж хаягт оршин суух, Ц.ын Н. /РД:.. /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хаягт оршин суух, Х.ын Б /РД:/-д холбогдох,

 

Илүү төлсөн түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, нийт 6 750 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц хөлслөх гэрээний үүрэг 7 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Ц.Н. нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.ын Бтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .. гудамж 45 байр, .. тоотод орших 71.82 м.кв, 3 өрөө орон сууцыг түрээслэн суухаар орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Гэрээгээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сарын түрээс нь 1 500 000 төгрөг, барьцаа хөрөнгө нь 1 500 000 төгрөг байхаар тохиролцож 4 500 000 төгрөгийг эхний 3 сарын төлбөрт, 1 500 000 төгрөгийг дэнчинд тооцож тус тус 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хөлслүүлэгч Х.Бийн .. тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл тус байранд түрээсээр амьдрахаар төлөвлөж байсан гадаад хүмүүсийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсоноор тухайн байранд нэг ч өдөр хүн амьдраагүй байж байгаад сарын дараа 1 500 000 төгрөгөө авахгүйгээр үлдэгдэл илүү төлсөн 3 000 000 төгрөг, дэнчинд өгсөн 1 500 000 төгрөгөө тус тус авах хүсэлт гаргасан. Тухайн үед хариуцагч танай өгсөн мөнгийг хэрэглэчихсэн, мөнгөтэй болохоороо эгүүлэн өгнө гэсэн учир манай талаас ямар нэгэн асуудал үүсгэлгүй хүлээсэн боловч хариуцагч та нараас болоод би айлын хажуу өрөө түрээсэлж байна. Танайх дахин мөнгө нэмж өгөх ёстой, танай мөнгийг үрчихсэн, би Р ХХК-тай гэрээ хийсэн. Р ХХК өөр түрээслэгч олж өгөхөөр мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. Манайх удаан хугацаанд хүлээсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж хариуцагчид тухайн үед утсаар мэдэгдсэн. Р ХХК-ийн төлөөлөгчтэй манай тал болон хариуцагч гэрээ хийсэн байдаг. Тийм учир хариуцагчтай хоёр агентаар дамжуулан манайх гэрээнээс татгалзаж байна гэж хэлээд тус байрны түлхүүрийг агентад өгөөд. Агент нь цааш хариуцагчийн гэрийн эзэн н.М гэх хүнд дамжуулан түлхүүр авахыг мэдэгдсэн үйл явдал болсон. Гэрээг цуцлах саналыг хариуцагчид тавьсан боловч хариуцагч би агенттай ярина гэж хэлээд манай талд гэрээ цуцлах эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ гэрээний үүргийг зөрчсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэсэн байдаг. Энэ харилцаанд гэрээний үүргийг зөрчсөн болон гэрээнээс татгалзаагүй. Харин нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу Иргэний хуулийн 220.2-т заасан нөхцөл байдал бий болсон учир Иргэний хуулийн 221.1, 221.2-т зааснаар манайх гэрээнээс татгалзсан. Тийм учир талууд үүргийн гүйцэтгэлээс бий болсон эд хөрөнгийг буцаан солилцох ёстой гэсэн зарчмаар байрыг буцааж хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь манайхаас авсан төлбөрийг буцааж өгөөгүй, манай зүгээс байрыг хүлээлгэн өгсөн. Манайх эгүүлэн дэнчин болон түрээсийн төлбөрийг авъя гэсэн шаардлага тавьж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: ...Ц.Н. нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр надтай орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Д.ын гудамж, 45 байр, .. тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 6 сарын хугацаатай түрээслэх гэрээг нотариатаар батлуулсан. Ингээд би Ц.Н.т 3 өрөө байрны түлхүүрийг хүлээлгэсэн өгсөн. Нэхэмжлэгч орон сууцны хөлслөх гэрээний дагуу 6 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх ёстой байсан. Гэрээний 3.2.1-д заасны дагуу 3 сарын түрээсийн мөнгө 4 500 000 төгрөгийн, дэнчин 1 500 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг 2019.07.23-ны өдөр миний дансанд шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 3 сарын түрээсийн төлбөр 4 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээнд заасан хугацаанд хөлслөгчид өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа, 3 ширхэг түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэлд тухайн байрны түлхүүрийг өнөөдрийг хүртэл надад хүлээлгэж өгөөгүй, 1 сарын дараа хүлээлгэж өгсөн мэтээр худал бичсэн байна. Би байраа түрээслүүлсэн цагаас хойш 6 сарын турш айлын хажуу өрөөг сарын 200 000 төгрөгөөр түрээслэн амьдарсан. Нэхэмжлэгч гэрээг цуцлаж байгаа учраас 1 сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөгийг эргүүлж авахгүйгээр үлдэгдэл 4 500 000 төгрөг нэхэмжилсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай надад ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний дагуу 6 сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх ёстой байсан. 6 000 000 төгрөгийг 2019.07.23-нд дансаар төлсөн. Үлдэх 4 500 000 төгрөгийг 2019.10.23-нд төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байж 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэг ч өдөр уг байранд хүн амьдраагүй гэдэг нь надад огт хамааралгүй. Нэхэмжлэгч байрыг түрээслэх хугацаанд гэрээний 5.3-т заасны дагуу байрны ашиглалтын зардал, ус дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернэт зэргийг төлбөр гарсан даруй төлөх үүрэгтэй байсан боловч энэ хугацааны байрны төлбөр 180 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 110 000 төгрөг, цахилгааны төлбөр 60 000 төгрөг нийт 350 000 төгрөгийг төлөөгүй байсан тул би төлсөн. Нэхэмжлэлд гэрээний 3.6-д зааснаар 0.5 хувийн алданги 2 250 000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээний 3.2.1-д заасны дагуу үндсэн төлөх ёстой байсан төлбөр 4 500 000 төгрөгийг надад өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хирнээ надаас алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.4-т заасныг баримтлан Ц.Н.ээс гэрээний дагуу 3 сарын төлбөр төлөөгүй тул 4 500 000 төгрөгийг, мөн гэрээний 3.6, 3.2.1-д зааснаар үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 2 250 000 төгрөгийг Иргэний хуулийн 232.2, 232.4-т заасныг баримтлан тус тус нэхэмжилж байна. Ц.Н. нь гэрээний хугацаанд гэрээний 5.3-т зааснаар байр, ашиглалтын зардал, ус дулаан, цахилгаан, СӨХ, кабель, телевиз, интернэт зэргийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч СӨХ-ны төлбөр 110 000 төгрөг, байрны төлбөр 180 000 төгрөг, цахилгааны 60 000 төгрөг нийт 350 000 төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй байсан. Иймд нэхэмжлэгчээс нийт 7 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н. нь хариуцагч Х.Бт холбогдуулан илүү төлсөн түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, нийт 6 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц хөлслөх гэрээний үүрэг 7 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 2 250 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжив.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Талуудын хооронд 2019 оны 07 сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээгээр хөлслүүлэгч Х.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .. гудамж, 45 дугаар байр .. тоот 3 өрөө орон сууцыг 2019 оны 07 сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай 9 000 000 төгрөгөөр Ц.Н.т хөлслөхөөр тохиролцож, хөлслүүлэгч орон сууцыг 2019 оны 07 сарын 23-ны өдөр хөлслөгчид хүлээлгэн өгөх, хөлслөгч Ц.Н. нь хөлсийг 2019 оны 07 сарын 23-нд урьдчилгаа 6 000 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдөр үлдэгдэл 3 000 000 төгрөгийг тус тус төлөх, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн ..7 дугаар зүйлийн ..7.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн ..7 дугаар зүйлийн ..7.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Х.Б нь орон сууцыг 2019 оны 07 сарын 23-ны өдөр хөлслөгч буюу Ц.Н.т хүлээлгэн өгсөн, Ц.Н. нь 4 500 000 төгрөгийн хөлс болон гэрээнд заасан дэнчин 1 500 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ...тус байранд амьдрахаар төлөвлөж байсан гадаад хүмүүсийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор тухайн байранд нэг өдөр ч хүн амьдраагүй байж байгаад сарын дараа байраа буцааж өгсөн. Гэрээ цуцлагдсан тул илүү төлсөн 3 000 000 төгрөг, дэнчин 1 500 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулна... гэж, хариуцагч ... гэрээ цуцлах тухай надад огт ярьж мэдэгдээгүй, одоог хүртэл орон сууцны түлхүүрийг надаа хүлээлгэн өгөөгүй байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөр, ашиглалтын зардал төлөөгүй тул гэрээний үүрэгт 7 100 000 төгрөг гаргуулна... гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах илэрхийлэл нь нөгөө талдаа хүрснээр хүчинтэй болдог.

 

Гэрч Ч.Долгорсүрэнгийн ...би худалдан авагч талын агент тул Ц.Н.тэй бичгээр гэрээ байгуулаагүй. Хөлслөх гэрээ хийснээс хойш 1 сарын дараа Ц.Н. надаа түлхүүрийг өгсөн... гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах илэрхийллээ гэрээний нөгөө тал буюу хариуцагч Х.Бт бус гэрээ байгуулахад өөрт нь туслалцаа үзүүлж ажилласан зуучлалын компанийн ажилтанд орон сууцны түлхүүрийг өгсөн байна. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн хөлсийг буцаан шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хувийн байдлаас шалтгаалан тухайн оорон сууцыг ашиглаагүй нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Н.ээс гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол гэрээний хугацаа дуусгавар болсноор хөлслөгч талд буцаан олгох, 5.3-т хөлслөгч тал байр ашиглалтын зардал төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Иймд гэрээний үлдэгдэл хөлс 3 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн дэнчинд өгсөн 1 500 000 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүрэг 1 500 000 төгрөг байна. Талууд гэрээндээ алданги тооцохоор тохирсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 750 000 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

Мөн хариуцагч нь гэрээний хугацаанд гарсан ашиглалтын зардал 350 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан боловч баримтаар нийт 114 355 төгрөгийг ашиглалтын зардалд төлсөн болох нь түүний хаан банк дахь .. тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Н.ийн Х.Бт холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 364 355 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4 735 645 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.. 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 52 779 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ..7 дугаар зүйлийн ..7.1, 292 дугаар зүйлийн 292.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н.ийн 4 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Бт холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Н.ээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2 364 355 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Бт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 735 645 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.. 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 52 779 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ