Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00501

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03863 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч З.Э-ад холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 8 669 777.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон, нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Э- нь М- ХХК-д 2013 онд ажилд орж, МД106 салбарт худалдагчаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс МД125 гэр ахуйн тасагт худалдагчийн албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмуудтай танилцсан. Тус салбарт худалдагчаар ажиллаж байх хугацаанд МД125 салбарын менежер солигдох болж, бараа материалын тооллого хийж ажил хүлээлцэх болсон. МД125 салбарт хуваарьт тооллого хийсэн баримтаас харахад бараа материалын дутагдал маш их гарсан байдаг. Компанийн өр дутагдал барагдуулах журмын дагуу гэр ахуйн тасгийн худалдагч З.Э-ад 2 180 076.59 төгрөгийн дутагдал ногдсон бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл МД125 салбарт шинээр томилогдсон менежер бараа материал дутуу байна, дахин хяналтын тооллого хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар МД125 салбарт хяналтын тооллого явуулсан. Уг хяналтын тооллого хийсэн баримтаас харахад бараа материалын дутагдал маш их буюу 27 300 774 төгрөгийн дутагдал гарсан. Тодруулбал тухайн үед гэр ахуйн тасгийн худалдагчаар ажиллаж байсан З.Э-ын хариуцлагатай шууд холбоотой, сар бүрийн хуваарьт тооллогыг буруу хийж, байхгүй барааг байгаа гэж бүртгэн тооллого буруу хийсэн, барааны код зөрүүлсэн, буцаалт хийх ёстой зарж худалдах боломжгүй чанараа алдсан барааг тухай бүрт нь шалгаагүй, буцаалтад явуулаагүй зөрчил илэрч, илэрсэн өр дутагдлын санхүүгийн баримтыг үндэслэн өр төлбөр барагдуулах журмын дагуу хуваахад нийт 8 669 777.59 төгрөгийн дутагдал үүссэн. Дээр дурдсан З.Э-тай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар худалдагч хариуцсан тасгийнхаа барааны бүрэн байдлыг хариуцаж, тодорхой хугацаанд тооллого хийх, тооллогоор дутагдал илэрвэл тооллого зөрсөн талаарх тэмдэглэгээг хийж, нягтланд хүлээлгэн өгөх, эдгээр үүргээ биелүүлээгүйгээс болон эсхүл бараагаа хууль бусаар захиран зарцуулсан тохиолдолд хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээсэн. Манай байгууллагын зүгээс хяналтын тооллого хийж, ажил хүлээлцсэний дараа З.Э-ад өөр ажлын байранд ажиллах санал тавьсан ч ажлын байраа орхин явсан тул нэгдүгээрт, ажлын байраа орхин явсан, хоёрдугаарт, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан, нэгэнт албан тушаалдаа тэнцэхгүй нь хяналтын тооллогын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иргэн З.Э-ыг компанид учруулсан хохирлоо арилгахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй байна. Иймд нийт 8 801 701 төгрөгийн дутагдлаас барьцааны 131 925 төгрөгийг хасаж, 8 669 776 төгрөгийг иргэн З.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 сараас хойш М- ХХК-д худалдагч, улмаар худалдагчийн албан тушаалд тус тус ажиллаж байгаад 2020 онд ажлаас гарсан. 2013 оноос хойш ажиллахдаа ямар нэг зөрчил үүсгэж байгаагүй. 2019 оны 11 сарын үед миний ажиллаж байсан салбар дэлгүүрт их засвар орж, дэлгүүрийн бүх хяналтын камерыг салгаж, бараа бүтээгдэхүүнийг баглаж ил зөөвөрлөж тавьсан. Үүний дараа 2020 оны 01 сард засвар дуусаж, нягтлан нярвуудтай хамтран бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд гэр ахуйн тасгийн бараа бүтээгдэхүүн дутсан байна гэж, 2 180 076.59 төгрөгийн дутагдал үүссэн бөгөөд тооллого хийлцсэн ажилтны хувьд гарын үсэг зурсан. Гэхдээ тус бараа бүтээгдэхүүний дутагдлыг надад ногдуулж, надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн. Учир нь тухайн үед засвар хийж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүнийг баглаж, лацдаад агуулахад хураах, эсхүл ямар нэг байдлаар зохион байгуулалттайгаар бараа бүтээгдэхүүний бүртгэх ажиллагаа хийгээгүй, маш замбараагүй байдал үүсэж, бүх камер унтрааж, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг баглаад нааш цааш зөөж тавьсан. Миний хувьд тасгийнхаа бараа бүтээгдэхүүнийг хоногийн 24 цаг манаад суух боломжгүй тул дэлгүүрийн зохион байгуулалтгүй байдлаас болж бараа бүтээгдэхүүний дутагдал үүссэн гэж үзэж байсан. Мөн тухайн үед зөвхөн надад бараа бүтээгдэхүүний дутагдлын асуудал үүсээгүй хэд хэдэн ажилчдаас кассаас мөнгө дутаасан, бараа бүтээгдэхүүн дутаасан гэж мөнгө нэхэж байсан. Мөнгөө нэхээд дарамтлаад байсан тул би тухайн үед ажлаа хаяж явахаар өөр аргагүйд хүрсэн. Гэтэл намайг ажлаа орхиж явснаас хойш буюу намайг байхгүйд дахин тооллого хийсэн гэж надаас нийт 8 669 77.59 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг байхад нярав, нягтлан гээд бүх холбогдох албан тушаалтнуудтай хамтран тооллого хийхэд 2 180 076.59 төгрөгийн дутагдал үүссэн гэж бүгд гарын үсэг зурж, баталгаажуулан баримт үйлдсэн. Гэтэл намайг явснаас хойш буюу намайг эд хариуцахаа больсноос хойш дахин эд хөрөнгө дутагдсан асуудлыг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ .

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Э-аас 2 319 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 350 777 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 51 942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талын эрх ашгийг хөндөж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч З.Э- нь М- ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэж ажиллахдаа өөрийн ажил үүргийн хуваарьт холбогдох зөрчлүүд гаргасан нь тооллогын явцад илэрч, улмаар ажлаа хаяж явсан. Энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд мөн энэ талаар дурдсан байдаг. Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн ажилтан нь эд хөрөнгө хариуцагч байхаас гадна ажил олгогч түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад хохирол учруулсан байх урьдчилсан нөхцөлүүдийг хангаснаар байгууллагад шаардах эрх үүсдэг. Гэтэл анхан шатны шүүх ... З.Э-ын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохирол гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй ... гэсэн үндэслэлээр 6 350 777.59 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хохирол нь тухайн ажилтныг хөдөлмөрлөх явцад буюу З.Э-ын хариуцлагатай шууд холбоотой, cap бүрийн хуваарьт тооллогыг буруу хийж, байхгүй барааг байгаагаар тоолсон, барааны код зөрүүлсэн, буцаалт хийх ёстой зарж худалдаалах боломжгүй чанараа алсан барааг тухай бүрд нь шалгаагүй, буцаалтад явуулаагүй зөрчлүүдээс үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад эдгээр нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч З.Э-ад холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 8 669 777.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч З.Э- нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2775 дугаар тушаалаар тус компанийн МД106 салбарын худалдагчаар, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МД125 салбарын нярваар, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр МД125 салбарын худалдагчаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10481 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 8, 64, 80, 234-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч ажилтнаас ажил олгогчид учруулсан хохирлын хэмжээг шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт зөрүүтэй бичсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 01, 03 сард гүйцэтгэх захирлын тушаалаар хариуцагч З.Э-ын ажилладаг салбарт 2 удаа тооллого явуулахад эхний тооллогоор 2 312 000 төгрөгийн, дараагийн тооллогоор 6 489 701 төгрөгийн, нийт 8 801 701 төгрөгийн дутагдал гарсан, үүнээс барьцааны 131 925 төгрөгийг хасаж, 8 669 776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн бол хариуцагч татгалзалдаа дэлгүүрийн зохион байгуулалтгүй байдлаас шалтгаалан дутагдал үүссэн, мөн намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа тооллого хийж, төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. /хх-ийн 57, 2хх-ийн 9-р тал/

 

Хариуцагч З.Э- нь нэхэмжлэгч М- ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх юм. /хх-ийн 15-р тал/. Гэхдээ ажил олгогч нь хохирол учирсан болон хохирлын хэмжээг нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаар хяналтын тооллого явуулах тухай тушаалаар МД125 салбарт хяналтын тооллого явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулжээ. Тус ажлын хэсгийн тооллогоор хариуцагч З.Э-ад 2 312 000 төгрөгийн дутагдал илэрсэн, тэрээр уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгч М- ХХК нь энэ хэмжээгээр хариуцагч З.Э-аас хохирол шаардах эрхтэй. /хх-ийн 132-133-р тал/.

 

Харин нэхэмжлэгч М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тооллогоор хариуцагч З.Э-ад 6 489 701 төгрөгийн дутагдал гарсан гэж уг төлбөрийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хариуцагч З.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар болон нэхэмжлэгч компанийн цагийн мэдээний хүснэгтээр тогтоогдсон, мөн ажил олгогчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10481 дүгээр тушаалаар хариуцагч З.Э-ыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш 1 сар 11 хоногийн дараа хийсэн тооллогын баримтыг үндэслэн дутагдал гаргасан гэж дүгнэх боломжгүй. /хх-ийн 234-236-р тал/

 

Нөгөө талаар, хэргийн 23 дугаар талд авагдсан хяналтын болон хуваарьт тооллого явуулах журмын 3.11-т Хяналтын болон төлөвлөгөөт тооллогыг хийхдээ тухайн дэлгүүр нэгж дээр гарсан дутагдлын хэмжээг тасгаар болон шалтгаанаар тодорхойлон уг дутагдлыг хариуцах эзнээр гарын үсэг зуран баталгаажуулна гэж заасан бөгөөд дээрх 6 489 701 төгрөгийн дутагдлыг хариуцагч З.Э- хариуцахаар гарын үсгээ зурсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч З.Э-ын хариуцвал зохих хохирлын хэмжээг 2 312 000 төгрөг гэж зөв дүгнэсэн атлаа техникийн шинжтэй алдаа гаргаж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 319 000 төгрөг гэж буруу бичсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчилсөн болно.

 

Иймд хариуцагч З.Э-аас 2 312 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 357 777.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 2,319,000 төгрөгийг ... гэснийг 2 312 000 төгрөгийг гэж, ... 6,350,777 төгрөгт ... гэснийг 6 357 777.59 төгрөгт гэж,

2 дах заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж, шийвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ