Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/03863

 


 

 

 

 

 

 

                         2020         11         05                             

                          101/ШШ2020/03863

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд  00 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, М төвийн 2 давхарт байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 000 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг,0 дугаар хороо, 00 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 00 тоотод оршин суух Товогт Загалын Эад холбогдох, 

8,669,777.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Ж.Эрдэнэцэцэг, хариуцагч З.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярбат, гэрч Б.Алтантуяа, О.Сайнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанид иргэн З.Э нь 2013 онд орж МД-106 салбарт базаар худалдагчаар ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс МД-125 гэр ахуйн тасагт худалдагчийн албан тушаалд томилогдож Хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмуудтай танилцсан. Тус салбарт худалдагчаар ажиллаж байх хугацаанд МД-125 салбарын менежер солигдох болж хөрөнгө бараа материалын тооллого хийж ажил хүлээлцэх болсон. МД-125 салбарт хуваарьт тооллого хийсэн баримтаас харахад бараа материалын дутагдал маш их гарсан байдаг. Компанийн “Өр дутагдал барагдуулах журам-ын дагуу гэр ахуйн тасгийн худалдагч З.Эад 2,180,076.59 төгрөгийн дутагдал ногдсон бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч компанийн хуулийн зөвлөх Н.Гэрэлтуяа “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан байдаг. Гэтэл МД-125 салбарт шинээр томилогдсон менежер бараа материал бүтээгдэхүүн дутуу байна дахин хяналтын тооллого оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Худалдан авалт бараа менежментийн албаны гэр ахуйн салбарын захирлын тушаалаар Худалдан авалт бараа менежментийн албаны гэр ахуйн салбарын бараа материал хариуцсан менежер санхүүгийн албаны барааны нягтлан бодогч, тоологч нар МД-125 дэлгүүрийн баг, Дотоод хяналт шалгалтын албууд нэгдэж МД-125 салбарт хяналтын тооллого явуулсан. Уг хяналтын тооллого хийсэн баримтаас харахад бараа материалын дутагдал маш их гарсан байдаг. Тэр дундаа гэр ахуйн тасаг дээр маш их хэмжээний буюу 27,300,774 төгрөгийн дутагдал гарсан. Тодруулбал тухайн үед гэр ахуйн тасгийн худалдагчаар ажиллаж байсан З.Э нь худалдагчийн хариуцлагатай шууд холбоотой сар бүрийн хуваарьт тооллогыг буруу хийж байхгүй барааг байгаа гэж бүртгэн тооллого буруу хийсэн, барааны код зөрүүлсэн, буцаалт хийх ёстой зарж худалдах боломжгүй чанараа алдсан барааг тухай бүрт нь шалгаагүй, буцаалтад явуулаагүй зөрчин илэрч, илэрсэн өр дутагдлын санхүүгийн баримтыг үндэслэн өр төлбөр барагдуулах журмын дагуу хуваахад нийт 8,669,777.59 төгрөгийн дутагдал үүссэн. Дээр дурдсан З.Этай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар худалдагч хариуцсан тасгийнхаа барааны бүрэн байдлыг хариуцаж, тодорхой хугацаанд тооллого хийх, тооллогоор дутагдаж илэрвэл тооллого зөрсөн талаарх тэмдэглэгээг хийж, нягтланд хүлээлгэн өгөх, эдгээр үүргээ биелүүлээгүйгээс болон эсхүл бараагаа хууль бусаар захиран зарцуулсан тохиолдолд хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээсэн. Манай байгууллагын зүгээс хяналтын тооллого хийж, ажил хүлээлцсэний дараа З.Эад өөр ажлын байранд ажиллах санал тавьсан ч ажлын байраа орхин явсан тул нэгдүгээрт ажлын байраа орхин явсан, хоёрдугаарт эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан, нэгэнт албан тушаалдаа тэнцэхгүй нь хяналтын тооллогын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иргэн З.Эыг компанид учруулсан хохирлоо арилгахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй байна. Иймд иргэн З.Эаас 8,669,77.59 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сараас хойш М ХХК-нд базаар худалдагч, улмаар худалдагчийн албан тушаалд тус тус ажиллаж байгаад 2020 онд тус ажлаас гарсан. 2013 оноос хойш ажиллахдаа ямар нэг эд хөрөнгийн асуудал үүсгэж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын үед миний ажиллаж байсан салбар дэлгүүрт их засвар орж, дэлгүүрийн бүх хяналтын камерыг салгаж, бараа бүтээгдэхүүнийг баглаж ил зөөвөрлөж тавьсан. Үүний дараа 2020 оны 01 дүгээр сард засвар дуусаж, нягтлан няравуудтай хамтран бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд гэр ахуйн тасгийн бараа бүтээгдэхүүн дутсан байна гээд надад 2,180,076.59 төгрөгийн дутагдал үүссэнийг мэдээд тооллого хийлцсэн ажилтны хувьд гарын үсэг зурсан. Гэхдээ тус бараа бүтээгдэхүүний дутагдлыг надад ногдуулж, надаас нэхэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн. Учир нь тухайн үед засвар хийж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүнийг баглаж, лацдаад агуулахад хураах, эсхүл ямар нэг байдлаар зохион байгуулалтайгаар бараа бүтээгдэхүүний бүртгэх ажиллагаа хийгээгүй, маш замбараагүй байдал үүсэж бүх камер унтрааж, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг баглаад нааш цааш зөөж хаа сайгүй өрж тавьсан. Миний хувьд тасгийнхаа бараа  бүтээгдэхүүнийг хоногийн 24 цаг манаад суух боломжгүй тул дэлгүүрийн зохион байгуулалтгүй байдлаас болж бараа бүтээгдэхүүний дутагдал үүссэн гэж үзэж байсан. Мөн тухайн үед зөвхөн надад бараа бүтээгдэхүүний дутагдлын асуудал үүсээгүй хэд хэдэн ажилчидаас кассаас мөнгө дутаасан, бараа бүтээгдэхүүн дутаасан гээд мөнгө нэхэж байсан. Компанийн зүгээс миний өөрийн буруутай үйлдлээс болж бараа бүтээгдэхүүний дутагдал үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх тайлбарыг хүлээн авахгүй, мөнгөө нэхээд дарамтлаад байсан тул би тухайн үед ажлаа хаяж явахаар өөр аргагүйд хүрсэн. Гэтэл намайг ажлаа орхиж явснаас хойш буюу намайг байхгүйд дахин тооллого хийсэн гээд надаас 8,669,77.59 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгааг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг байхад нярав, нягтлан гээд бүх холбогдох албан тушаалтнуудтай хамтран тооллого хийхэд 2,180,076.59 төгрөгийн дутагдал үүссэн гээд бүгд гарын үсэг зурж, баталгаажуулан баримт үйлдсэн. Гэтэл намайг явснаас хойш буюу намайг эд хариуцахаа больсноос хойш дахин эд хөрөнгө дутагдсан асуудлыг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд М ХХК-иас надад холбогдуулсан нэхэмжилсэн 8,669,777.59 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч З.Эад холбогдуулан 8,669,777.59 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Ажил олгогч “М” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр З.Эыг тус компаний МД-106 салбар нэгжид худалдагч /базаар/ ажил албан тушаалд томилж, 2013 оны 10 дугаар сарын 09-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилтаны анкет, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 10-12, 64-57, 72-76, 84 дэх талд/

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан З.Эыг тус компаний МД/125 дугаар салбарын няравын ажил, албан тушаалд шилжүүлж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус салбарын гэр ахуйн тасгийн худалдагчаар шилжүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8, 80 дахь талд/

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10481 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалт, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн МД125 салбарын гэр ахуйн тасгийн хуалдагч З.Э нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, ажил хүлээлгэж өгөхгүй ажил хаяж явсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 232 дахь талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруусан хохирол 8,669,777 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тус шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2020 оны 01 дүгээр сард хийсэн тооллогоор 2,312,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сард хийсэн тооллогоор 6,489,701 төгрөг нийт 8,801,701 төгрөгийн дутагдал гаргасан нь тогтоогдсон бөгөөд үүнээс хариуцагчийн байгууллагад барьцаалсан дэнчингийн 131,925 төгрөгийг хасч, 8,669,759 төгрөгийг хангуулна” гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “... 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан З.Эыг тус компаний МД/125 дугаар салбарын няравын ажил, албан тушаалд шилжүүлэн томилсноос хойш хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүйгээс гадна 2020 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлснөөс хойш хийсэн толлогоор илэрсэн дутагдалыг хариуцах үндэслэлгүй” гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” тохиолдолд ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, мөн зүйлийн 135.4 дэх хэсэгт “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн ажилтан эд хариуцагч байхаас гадна ажил олгогч түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгасан байх шаардлагатай бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад хохирол учруулсан байх урьдчилсан нөхцлүүдийг хангаснаар ажилтанд шаардах эрх үүсэх журамтай.

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хяналтын болон хуваарьт тооллого явуулах журам”-ын 4.1 дэх хэсэгт “эд хариуцагч гэдэг нь: дэлгүүрийн менежер, зохион байгуулагч, нягтлан бодогч, нярав, худалдагч, хяналтын ажилтан, хамгаалагч, касс, гэрээт хамтрагч нар мөн” гэж, мөн “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Өр дутагдал барагдуулах журам”-ын 1.3.10-т “эд хариуцагч” гэж дэлгүүрийн бараа материал болон хөрөнгийг хариуцан ажиллах байгаа албан тушаалтаныг ойлгоно гэж тус тус зааснаас үзэхэд “худалдагч”-ийн ажил албан тушаал нь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан”-д хамаарахаар байна. /х.х-ийн 23-35 дахь талд/

“М” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр З.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан түүнийг МД/125 дугаар салбарын няравын ажил, албан тушаалд шилжүүлэн томилж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус салбарын гэр ахуйн тасгийн худалдагчаар шилжүүлэн томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж хариуцагч маргасан.

Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн гэрээгээр ажлын байр, цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн гэрээний бусад заалт хэвээр мөрдөгдөхөөр тусгасан байх тул талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 8.1-д “Ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид хохирол учруубал хохирлын хэмжээнээс шалтгаалан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заасан байхаас гадна ажил олгогч нь ажилтантай 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 77 дахь талд/

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр байна.

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр 13-ны өдрийн Б/05 дугаар “Хяналтын тооллого явуулах тухай” тушаалаар МД125 дугаар салбарт хяналтын тооллого явуулах ажлын хэсгийг байгуулсан байх ба тус ажлын хэсгийн тооллогоор МД125 дугаар салбарын гэр ахуйн тасагт 3,331,693 төгрөгийн дутагдал үүсснийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Өр дутагдал барагдуулах журам”-ын 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу хувиарлан хариуцагч З.Эад 2,312,000 төгрөгийг хариуцахаар шийдвэрлэж, З.Э нь уг дутагдалыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 81,  132-133 дахь талд/

Хариуцагч нь 2,312,000 төгрөгийн өр дутагдалыг төлнө гэж зөвшөөрөөгүй, хамт олноороо төлнө гэж ойлгоод гарын үсэг зурсан гэсэн тайлбараар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад 2,312,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар 11-ний өдрийн Б/19 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу хийгдсэн хяналтын тооллогоор МД125 дугаар салбарын гэр ахуйн тасагт 10,021,754 төгрөгийн дутагдал гарснаас чанар, өнгө үзэмжээ алдсан, эвдэрч гэмтсэн, иж бүрдэл дутуу зэрэг барааны үнийг хасч, үнийн код буруу бичсэн, байхгүй барааг байгаагаар тоолсон зэрэг шууд дутагдал болох 6,489,701 төгрөгийн дутагдалыг хариуцагч З.Э шууд хариуцах үндэслэлтэй гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй гэж үзэв. /х.х-ийн 88-130, 161-219 дэх талд/

Учир нь, хариуцагч З.Эын хариуцсан тасагт 2020 оны 01 дүгээр сарбн 20-ны өдрийн хяналтын тооллогын дүнгээр нийт 3,331,693 төгрөгийн дутагдал үүснийг зохих журмын дагуу хувиарлсанаас хойш хариуцагч З.Э нь ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд үүнээс хойш 2020 оны 2 болон 3 дугаар сард хийгдсэн тооллогоор дутагдалын дүн зөрүүтэй байхаас гадна тус хугацаанд учирсан дутагдал нь хариуцагч З.Эын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохирол гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Эаас 2,319,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,350,777 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Эаас 2,319,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,350,777 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосуугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 51,942 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ