Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0321

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч: П.Болормаа

хохирогч: О.Б

шүүгдэгч: Н.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Н Ж  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806012930283 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н Ж,  19  оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай   аймгийн  Нарийнтээл суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, Тниесс ХХК-д барилга угсралтын ахлах ажилтай,  ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн 4 дугаар 200 дугаар байрны 17  тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугцаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ЙЗ78092618,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Н.Ж нь 2018 оны  2 дугаар сарын 07-ны өглөө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны   дугаар байрны тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 2-р сарын 7-ны өдөр эхнэр бид 2 хардалтын улмаас маргалдаж эхэлсэн. Тухайн үед би уураа барьж чадалгүй эхнэрээ цохисон. Эхнэр маань намайг бас сандалаар цохисон гэв.

          Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 2-р сарын 7-ны өдөр болсон асуудал. Манай нөхөр ер нь байнга гоо сайхан луу явж байна гэчихээд нь яг хаана байдгийг нь асуухад надад хэлэхгүй чамд ямар хамаатай юм бэ гээд байсан. Тэгээд би чи яахаараа дандаа нууж байдаг юм бэ гэж хэлтэл намайг уурлаад нүд рүү шууд цохисон гэв.

           Шүүгдэгч Н.Ж   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 200 дугаар байрны 17 тоотод гэр бүлийнхээ хамт амьдардаг юм. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өглөө орон дотроо хэвтэж байсан чинь манай эхнэр болох О.Б чи гоо сайхны хүүхэнтэй явалдаад байна гээд л хэрүүл эхлүүлсэн. Учир нь би хөдөө явж байгаад хацраа хайрчихсан бөгөөд тэрийг янзлуулах гээд эмнэлгээр явж байгаад хацрыхаа улааныг арилгуулах болоод судсыг нь таслуулах болсон. Тэгээд лазер нэртэй хувийн эмнэлэгт 2018 оны 2 дугаар сарын 5-ны орой тасдуулчихаад ирсэн. Тэгтэл эхнэр үүнээс үүдээд хэрүүл өдсөн. Ер нь намайг байнга хардаад байдаг юм. Үүнийг би гэр бүлийн дарамт гэж үзэж байна. Би зөрүүлээд хэрэлдээд надад тийм юм байхгүй чамайг сайн сайхан явуулахын тулд гэр орноо янзлаад байж байна, би чамд доромжлуулах гэж энэ гэрт амьдрал зохиож амьдрах гээгүй, уурхай дээр олон цагаар махаа идээд ажиллаад байж байна гэж хэлсэн. Энэ хэрүүлийг бид 2 орон дотор хэвтэж байхдаа хийсэн бөгөөд уур хүрээд байхаар нь би гараараа түлхээд орноос унагаачихсан юм. Тэгтэл босож ирээд шууд над руу дайраад намайг самардсан. Хоолой боосон. Миний уур хүрээд нэг удаа алгадаж авсан. Тэрнээс хойш галзуу хүн шиг  дайрсан.    Мөн би хүүхдээ тэвэрч байсан ба хүүхдийг минь хүртэл цохиж авсан. Тэгээд тэнд байсан бүх хүүхдийн тоглоомыг хугалж над руу шидсэн. Гар утсыг маань мушгиж эвдэлсэн. Хана руу шидсэн. Би утсаа 2.400.000 төгрөгөөр авч байсан юм. Намайг хөл нүцгэн байхад сандалаар цохисон. Анх хэрүүл өдөж байхдаа миний шанаа руу цохисон. Би тухайн үед нэг л удаа алгадаж авсан. Манай эхнэр гэрийн эд зүйлсээ эвдээд над руу чулуудаад байсан. Бид хоёр 2012 онд танилцаад тэрнээс хойш хамтран амьдарч байгаа юм. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Бид хоёр өмнө нь маргалдаж л байсан. Бид хоёрын маргалдах шалтгаан нь хардалтаас л болдог. Би 14 хоног уурхайд ажиллаад 7 хоног нь амардаг юм. Би эхнэрийг хэрүүл хийгээд байхаар нь л нэг удаа алгадсан гэжээ. /хх-ийн 10/            

          Хохирогч  О.Б   мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  200 дугаар байрны 17 тоотод өөрийн нөхөр болох Н.Ж, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагийн орчимд би өөрийн бага хүүхэд болох Ж.З нүүр лүү нь алгадаад авахаар нь яагаад ээжийгээ цохиод байгаа юм бэ гээд зөөлхөн бөгс рүү нь алгадаад автал нөхөр уг үйлдлийг далимдуулаад би та нарыг тэжээж байна миний гадуур хонож өнжих нь чамд хамаагүй, аятайхан шиг тэжээлгээд байж бай гичий минь, чи юутай юм бэ чи юу ч үгүй байж гээд л шууд л миний баруун нүд рүү цохисон. Мөн нуруу болон бөгс, бөөр лүү өшиглөөд байсан. Тэгээд гар утсаа авч шидээд би л цалин авч та нарыг тэжээж байгаа гээд байхаар нь би цагдаад мэдэгдсэн юм. Бид хоёрт албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Хамтран амьдраад 7 жил болж байна. Миний бага хүүхэд түүний хүүхэд байгаа юм. Тухайн үед манай нөхөр архи уугаагүй байсан юм гэжээ. /хх-н 4-8/    

          Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Н.Ж миний найз байгаа юм. Манай найз зан байдлын хувьд төлөв томоотой, өөрийнхөө хэлэх гэснээ бол хэлчихдэг, санаа бодлоо хүнд зөв ойлгуулдаг, зарчимч зантай хүн. Цэргийн алба хаасан эсэхийг мэдэхгүй байна. Гэр орноор нь орж гардаг гэхдээ гэр бүлийн найзууд биш. Одоогоор эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Оюу толгойн далд уурхайд ажилладаг юм. Манай найз хааяа архи уудаг гэхдээ агсам согтуу тавьдаггүй юм гэжээ.  /хх-н 31-32/

        Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Н.Ж миний төрсөн хүү байгаа юм. Би 5 хүүхэдтэй бөгөөд Н.Ж нь айлын 4 дэх хүүхэд. Дээрээ 2 ах, нэг эгчтэй, доороо нэг эмэгтэй дүүтэй. Бага насандаа Ө аймгийн Б сумын  цэцэрлэг, сургуульд явж байсан. Урлах эрдмийн дээд сургуулийг төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Одоо эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Миний хүү төлөв томоотой, хүнлэг, зөв боловсон харьцаатай. Гэр бүлийн хүмүүжил сайтай. Манай хүү өмнө нь тээврийн холбоотой нэг хэрэгт орж байсан өөр зүйл байхгүй гэжээ. / хх-н 33-34/

         Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 12/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2368 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.О.Б биед баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 14,30/

          Н.Ж  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-29/

     Н.Ж   эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-27,

    Н.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 16/, оршин суух газрын тодорхойлолт /хх-н 18/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36-53/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / хх-н 54-59/ зэрэг болно.          

          Н.Ж нь 2018 оны  2 дугаар сарын 07-ны өглөө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 200  дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          О.Б биед баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2368 тоот шинжилгээний дүгнэлт /  хх-ийн 13/

          Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … нөхөр уг үйлдлийг далимдуулаад би та нарыг тэжээж байна миний гадуур хонож өнжих нь чамд хамаагүй, аятайхан шиг тэжээлгээд байж бай гичий минь, чи юутай юм бэ чи юу ч үгүй байж гээд л шууд л миний баруун нүд рүү цохисон. Мөн нуруу болон бөгс, бөөр лүү өшиглөөд байсан. Тэгээд гар утсаа авч шидээд би л цалин авч та нарыг тэжээж байгаа гээд байхаар нь би цагдаад мэдэгдсэн юм гэсэн мэдүүлэг

         Шүүгдэгч Н.Ж мөдөн шалгах ажиллагааны үед өгсөн ….эхнэр босож ирээд шууд над руу дайраад намайг самардсан. Хоолой боосон. Миний уур хүрээд нэг удаа алгадаж авсан. Тэрнээс хойш галзуу хүн шиг  дайрсан.    Мөн би хүүхдээ тэвэрч байсан ба хүүхдийг минь хүртэл цохиж авсан. Тэгээд тэнд байсан бүх хүүхдийн тоглоомыг хугалж над руу шидсэн. Гар утсыг маань мушгиж эвдэлсэн. Хана руу шидсэн. Би утсаа 2.400.000 төгрөгөөр авч байсан юм. Намайг хөл нүцгэн байхад сандалаар цохисон. Анх хэрүүл өдөж байхдаа миний шанаа руу цохисон. Би тухайн үед нэг л удаа алгадаж авсан. Манай эхнэр гэрийн эд зүйлсээ эвдээд над руу чулуудаад байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Н.Ж нь эхнэр О.Б нь хардаж маргаан үүсгэсний улмаас маргалдан улмаар түүнийг гараар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

          Хохирогч О.Б шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Н.Ж нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Н Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д  зааснаар Н.Ж  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун/  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Н.Ж  нь торгох ялыг 1 /нэг/ хоногийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан           Н.Ж   нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Н.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг  дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Ж авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН