Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Жд холбогдох эрүүгийн 1806012930283 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Н.Ж, 1978 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг, Нарийнтээл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өглөө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 200 дугаар байрны 17 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Н.Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар Н.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ж нь торгох ялыг 1 /нэг/ хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Ж нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “шүүх” гэж...хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг” хэлнэ,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг 1 /нэг/ хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоон, улмаар Н.Жын торгуулийн ялыг төлүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэснээр шүүх дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд анхан шатны шүүхийн шийдвэр нь “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц, давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан” тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохоор, мөн хуулийн 37.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн” шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр тус тус хуульчилжээ.

Н.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр торгуулийн ялыг төлснөөс үзвэл анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болоогүй байхад гүйцэтгүүлсэн эсэх, эсхүл уншиж сонсгосноос хойш буюу шүүхээс тогтоосон хугацаа хэтрүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байх бөгөөд дээрх байдлаас дүгнэлт хийхэд Н.Ж ял эдэлсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Мөн Н.Жыг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон атлаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгээр ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Үүнээс үзвэл шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Н.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ /хх-65/.

Гэтэл анхан шатны шүүх Н.Ж “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д...” гэсэн прокурорын яллах дүгнэлтэнд тусгагдаагүй, Эрүүгийн хуульд байхгүй хэсгээр ял шийтгэл оногдуулсан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Жд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Жд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Н.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ