Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00606

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00606

 

 

 

О.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00361 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч О.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00621 дугаартай захирамжаар Д.Отгонбаяр, О.А- нараас 125 000 000 төгрөг гаргуулж Г.Гантулгад олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-6 дугаар гудамж 121а тоотод байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлгээний компаниар 306 614 752 төгрөгөөр үнэлүүлснээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хөрөнгө эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 374 543 500 төгрөгөөр үнэлсэн. Гэвч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан түүнээс хойш хийсэн ажиллагаа хүчингүй болж, хөрөнгийг дахин үнэлүүлэхэд 60 000 000 орчим төгрөгөөр зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Иймд зах зээлийн үнээс доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 621 дугаар захирамжаар Д.Отгонбаяр, О.А- нараас 125 000 000 төгрөг гаргуулж Г.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Отгонбаяр, О.А- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч О.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058883 дугаартай, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж 121а тоотод байрлах 424 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх мөн хаягт байрлах Г-2205005700 дугаарт байрлах 424 м.кв талбайтай газрын хамт 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20250300/182 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 20250300/01 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Отгонбаяр, О.А- нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шинжээчээр Сэлэнгэстимэйт ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход нийт 306 614 752 төгрөгөөр тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-182/36773 тоот мэдэгдлүүдийг гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулан тэмдэглэл хөтөлж, эрх үүргийг тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн хүсэлтээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон. Энэ хугацаандаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөллөх хөрөнгө болон газраа сайн дураар худалдан борлуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-гийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-6 дугаар гудамж 121а тоотод байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард Аюушийн 25-6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлгээний компаниар 306 614 752 төгрөгөөр үнэлсэн. Өмнө нь Хөрөнгөстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 372 543 500 төгрөгөөр үнэлж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээ нь өмнөх үнэлгээнээс 60 000 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн. Анхан шатны шүүх ... хэдийгээр Хөрөнгөстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 372 543 500 төгрөгөөр үнэлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч тухайн үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болсон болохыг зохигчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч маргаагүй, ... Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт буюу "Хөрөнгө эстиммэйт" ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Хөрөнгөстимэйт ХХК-ийн үнэлгээнд шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч нар маргаагүй хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн ач холбогдол бүхий нотолх баримт атал Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшнаас доогуур гарч байгааг нотлох баримт бичиг болох бүрэн боломжтой. Гэтэл анхан шатны шүүх зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 374 543 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болсон ч зах зээлийн үнэлгээний дагуу хийгдсэн нотлох баримтыг үнэлээгүй. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээгээр 60 000 000 төгрөгөөр буурч гарсан эсэхийг хариуцагч бүрэн тодорхолойгүй байхад уг шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25-6 дугаар гудамж, 121а тоотод байршилтай 424 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 306 614 752 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00621 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Гантулга, хариуцагч Д.Отгонбаяр, О.А- нар 160 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 125 000 000 төгрөгийг төлөх, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газар, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрлэснийг баталсан байна. /хх-22-26/

 

Төлбөр төлөгч Д.Отгонбаяр, О.А- нар дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2020/03927 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 341 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтад үндэслэн НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 18-21,33/

 

НШШГГ нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газар, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20250300/182 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20370069/01 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулжээ. /хх-40-42,46-48/

 

Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолыг хүчингүй болгохоос өмнө төлбөр төлөгч Д.Отгонбаяр, О.А- нар төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газрыг 290 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 424 000 000 төгрөг, нийт 714 000 000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Г.Гантулга зөвшөөрөөгүй байна.

 

Үнийн саналын талаар төлбөр авагч, төлбөр төлөгч талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар НШШГГ Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 374 543 500 төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар маргаагүй байна. /хх-55-81/

 

НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулна гэж заасныг зөрчиж төлбөр төлөгчийн Д.Отгонбаярын охин Б.Сарангоо, төрсөн дүү Д.Бямбажав нарыг оролцуулсан гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6/100 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан тогтоолыг хүчингүй болгосон байна. /хх-121/

 

Иймээс НШШГГ нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газар, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 20250300/01 дугаар тогтоолоор хураах ажиллагааг дахин явуулж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч О.А-, Д.Отгонбаяр нар газар болон үл хөдлөх эд хөрөнгийг нийт 985 000 000 төгрөгөөр үнэлэн үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Г.Гантулга өмнөх үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн байна. /хх-126-128/

 

Ийнхүү талууд үнийн саналын талаар тохиролцоогүй тул НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг дахин шинжээчээр томилжээ. /хх-135/ Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газар, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 306 614 752 төгрөгөөр үнэлсэн. /хх-140-167/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу НШШГГ төлбөр төлөгч О.А-, Д.Отгонбаяр нарт Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний талаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн болох нь уг мэдэгдэлд төлбөр төлөгч нар гарын үсэг зурснаар тогтоогдсон ба тэд дээрх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааны дотор байна.

 

Харин төлбөрт хураагдсан уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгө-Эстимэйт ХХК 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 374 543 500 төгрөгөөр үнэлсэн байтал Сэлэнгэ-Эстимэйт ХХК 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 306 614 752 төгрөгөөр үнэлж, үнэлгээний үнийн дүн эрс зөрүүтэй байна. Ийм учраас шинжээчийн үнэлгээг үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, хэргийг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн болно.

 

Мөн шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25/6 дугаар гудамж, 121а тоотод байрлах 424 м.кв газар, мөн хаягт байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийг тодорхойлохдоо уг үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хэмжээний хөрөнгөтэй харьцуулан үзээгүй. Тухайлбал, төлбөрт хураагдсан хөрөнгийн талбайн хэмжээ 424 м.кв байхад 720 м.кв, 370 м.кв, 160 м.кв талбайтай хөрөнгүүдтэй харьцуулсан буюу нэгж талбайн үнэ, газрын талбайн хэмжээ зөрүүтэй байхад үнэлгээг гаргасан байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн гудамж 121а тоотод байрлах 424 м.кв талбайтай газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 306 614 752 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж,

2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.А-д олгосугай гэж нэмж өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА