Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Байгалийн Цэнгүүнд холбогдох эрүүгийн 1711015050010 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Байгалийн Цэнгүүн, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 7-1 дүгээр байрны 82 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн Натур хорооллын 66 дугаар байрны 00 тоотод түрээсээр оршин суудаг гэх, 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1099 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг дүйцүүлэн яд эдэлсэнд тооцсон, регистрийн дугаар УИ98032618.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ц2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Кибер зоне дэлгүүрт худалдагч Л.Ганбатын анхаарлыг нь сарнисан үед шилэн тавиур дотор нь байсан Ленова загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цагдан хоригдох хугацаандаа их зүйл ойлгосон. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Л.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би одоогоос 4 жилийн өмнөөс хувиараа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бурхан халдун ХХК-ний байрыг түрээслэн Кибер зоне дэлгүүрийг ажилуулах болсон. Манай дэлгүүр компьютер зарж борлуулдаг бөгөөд өглөө 10.00 цагаа 19.00 цаг хүртэл тогтмол ажилладаг бөгөөд би өөрөө худалдагчийн ажилаа хийгээд өдөр бүр байж байдаг. ...2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 30 минутын үед би дэлгүүр дээрээ сайтаас бараа захиалах гээд завгүй сууж байсан юм. Яг тэр үед гаднаас 20 орчим насны залуу орж ирээд компьютер сонирхоод үзэж явж байгаад зөөврийн компьютеруудын үнийг асуугаад байсан. Би тухайн үед завгүй сууж байсан болохоор тэр залууг нээх их анзаарч хараагүй, асуусан үнийг хэлж өгчихөөд л байж байсан. Нөгөө залуу ч нээх их удалгүй гараад явчихсан. Дэлгүүрт тэр залуугаас өөр хүн орж гараагүй. Ингээд би нэлээн сүүлд нэг цаг орчмын дараа дэлгүүр доторх зүйлүүдээ гүйлгээд хартал дэлгүүрийн зүүн талд байрлах шилэн лангууны доод талд зэрэгцүүлээд тавьсан байсан 2 ширхэг нөүтбүүкний нэг нь алга болсон байсан. Гайхаад дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүгээд үзтэл намайг сайтаас бараа захиалаад завгүй сууж байх үед орж ирээд нөүтбүүкний үнэ асуугаад байсан залуу шилэн лангуунд тулж зогсоод нөүтбүүкийг гаргаж ирээд куртикны доогуураа шургуулж хийгээд гараад явчихаж байсан нь бичигдсэн байсан. Ингээд лангуун дээр зарагдаж байсан. Компьютераа хулгайд алдсанаа мэдсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм…” гэжээ /хх-26-27/.

              Гэрч Г.Оргил мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 5-ны өглөө 12 цагаас хойш РС-ний компьютер зарлаа гэсэн зараар ороод ухаж байсан чинь 95170654 гэсэн дугаартай хүн Lenova брэндийн зөөврийн компьютерийг хямдхан зарна гэсэн зар тавьсан байсан. Би тэгээд тэр зар тавьсан хүний гар утас руу залгаад хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг асуусан чинь 600.000 төгрөгөөр зарна гэсэн. Би тэгэхээр нь доошоо байгаа юм уу? Бэлэн 500.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу ав ав гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бичлийн зам дээр байдаг Говийн наран цайны газар уулзахаар тохирсон. Би Lenova брэндийн зөөврийн компьютерийг зарна гэсэн хүнтэй үдийн хойно 14 цагаас 15 цагийн хооронд болзсон. Надад Lenova брэндийн зөөврийн компьютерийг зарна гэсэн залуу бараандуу энгийн хагас богино куртиктэй, хар өнгийн савхин цүнх үүрсэн, 22-оос 25 орчим насны шар царайтай залуу байсан. Тэгээд тэр залуу орж ирээд надад зөөврийн компьютерийг асааж үзүүлээд наадах чинь шинээрээ байгаа, мөнгөний хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр залуугийн зарах гэж байгаа зөөврийн компьютер нь дагалдах ямар нэгэн эд зүйлгүй байсан. Би дагалдах нь байхгүй юм уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Би бэлэн 500.000 төгрөг, мөн дагалдах 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд 520.000 төгрөгийг надад хулгайн эд зүйл зарсан хүнээс нэхэмжилж байна...” гэжээ /хх-35/.  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10/.

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-22-23/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-64-79/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Кибер зоне дэлгүүрт худалдагч Л.Ганбатын анхаарлыг нь сарнисан үед шилэн тавиур дотор нь байсан Ленова загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цэнгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Л.Ганбат нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ: “...Л.Ганбат миний бие Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Компьютер ланд төвийн зүүн талд Cuber zone дэлгүүр ажиллуулдаг. 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Б.Цдэлгүүрээс Lenova маркийн нөүтбүүк хулгайлсан ба хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Цэнгүүний энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Байгалийн Цэнгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Цэнгүүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүний энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэнгүүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН