Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 402

 

Б.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Хосбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ций гаргасан давж заалдах гомдлоор Б.Цд холбогдох 1711015050010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт  Б.Ц, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаар, .................. тоотод түрээслэж оршин суудаг,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1099 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг дүйцүүлэн ял эдэлсэнд тооцсон, /РД: ....................../;

Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Cyber zone” дэлгүүрийн шилэн тавиур дотроос “Lenovo” загварын зөөврийн компьютерийг худалдагчийн анхаарлыг сарниулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Г.д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: Б.Ций үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр сарын 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Цд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ций энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгэгдсэн.

Гэтэл энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Computer land” худалдааны төвийн В1 давхарт байрлах дэлгүүрээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг илэрч, одоо Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж эхлээд байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хоёр хэргийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна ...” гэжээ.   

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэлд нь анхан шатны шүүх 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Б.Ц нь “Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан хэргүүдийг нэгтгэн шалгуулах” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг нэгтгэн шалгах хууль зүйн зохицуулалттай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болох хуулийн зохицуулалттай учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Cyber zone” дэлгүүрийн шилэн тавиур дотроос “Lenovo” загварын зөөврийн компьютерийг худалдагчийн анхаарлыг сарниулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Г-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Г-ын “... 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 30 минутын үед би дэлгүүртээ ганцаараа, бараа захиалах гээд завгүй сууж байсан. Тэр үед гаднаас 20 орчим насны залуу орж ирээд компьютер сонирхоод үзэж байгаад зөөврийн компьютерүүдийн үнийг асуугаад байсан. Би тухайн үед завгүй байсан болохоор тэр залууг нэг их анзаарч хараагүй, асуусан үнийг нь  хэлж өгчихөөд сууж байсан. Нөгөө залуу нэг их удалгүй гараад явчихсан. Дэлгүүрт тэр залуугаас өөр хүн орж ирээгүй. Ингээд би 1 цаг орчмын дараа дэлгүүр доторх зүйлүүдээ гүйлгээд хартал дэлгүүрийн зүүн талд байрлах шилэн лангуун доод талд зэрэгцүүлээд тавьсан байсан 2 ширхэг зөөврийн компьютерийн нэг нь алга болсон байсан. Гайхаад дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүгээд үзтэл намайг сайтаас бараа захиалаад завгүй сууж байхад орж ирээд компьютерийн үнэ асуугаад байсан залуу шилэн лангуунд тулж зогсоод нөүтбүүкийг гаргаж ирснээ куртикны доогуураа шургуулж хийгээд гараад явж байгаа нь бичигдсэн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан нөүтбүүк нь “Lenovo” загварын, “I-5-7200” үзүүлэлттэй, 8gb/128gb хардын багтаамжтай, 14 инчийн дэлгэцтэй, хар өнгийн, 2.200.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан, 2017 оны шинэ загварын компьютер байсан. Уг компьютер Хятад улсад үйлдвэрлэгддэг боловч би Америкаас захиалан авчруулдаг юм...” /хх-26-27/,

иргэний нэхэмжлэгч Г.О-ын “... 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед гэртээ интернетээс зар уншиж байтал “... “Lenovo” загварын нөүтбүүк хямд зарна. Утас: 95170654...” гэсэн зар байсан. Тэгээд уг дугаарт залгаж “хэдэн төгрөгөөр зарах юм бэ, ямар модел вэ” гэж асуухад “Т-470 моделтой, 600.000 төгрөгөөс яриад өгчихнө, дагалдах хэрэгслүүд байхгүй шүү” гэсэн. Би тэр залууд “... 500.000 төгрөгөөр өгөх үү, миний байгаа газар ирвэл худалдаж авъя...” гэтэл нөгөө залуу 30-40 минутын дараа яриад Бичил хорооллын зам дагуу байрлах “Говийн наран” цайны газарт уулзсан. 20-25 насны, хар өнгийн савхин цүнх мөрөн дээгүүрээ давуулж үүрсэн, цэрэг ногоон өнгийн богино куртиктэй, 175 см орчим өндөртэй залуу байсан. Уг компьютер шинээрээ шахуу, асааж үзэхэд ямар нэг асуудалгүй байсан учраас 500.000 төгрөгөө бэлнээр тоолж өгөөд авсан. Тэр залуу ганцаараа явж байсан ба надад нэр усаа хэлээгүй, “компьютерийн дагалдах хэрэгслүүд байхгүй, мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа юм” гэж хэлэхээр нь би түүнээс олон зүйл асуугаагүй, хулгайн эд зүйл гэж огт бодоогүй. Тэр залуугийн гаднах байдал хулгайч шиг огт харагдаагүй. Би маргааш нь компьютердээ 20.000 төгрөгөөр залгуур худалдаж авсан ба тэр өдөртөө цагдаа хулгайд алдагдсан эд зүйл байна гээд хурааж авсан ...” /хх-29-30/,

шүүгдэгч Б.Ц-ий яллагдагчаар өгсөн “... Би 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 13 цагийн үед эгч дээрээ очих гээд “Компьютер ланд” төвийн ойролцоо явж байгаад даараад, дэлгүүр орж дулаацаад гаръя гэж бодоод “Cyber zone” нэртэй дэлгүүрт орсон. Намайг ороход худалдагч нь компьютерийн ард суучихсан юм хийгээд завгүй байгаа бололтой байхаар нь би цаагуур юм үзэж явж байгаад харсан чинь шилэн лангуун дотор зөөврийн компьютерүүд байхаар нь гарт ойр “Lenovo” загварын зөөврийн компьютерийг аваад, куртикныхээ доогуур шургуулаад аваад гарсан. Ингээд би интернетэд “Lenovo” загварын зөөврийн компьютер зарна гэж зар тавиад өөрийн 95170654 дугаараа бичсэн. Гэтэл тухайн өдөр нэг хүн залгаад “зарын дагуу ярьж байна, зөөврийн компьютер чинь байгаа юу” гэхээр нь “...байгаа...” гээд хороололд уулзахаар болсон. Тэгээд уулзаад бид хоёр үнэ тохиролцож, 500.000 төгрөгөөр худалдахаар болсон. Би нэмээд 20.000 төгрөг өгчих гээд нийт 520.000 төгрөг болсон. Тухайн хүний нэрийг мэдэхгүй, 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Би компьютер зараад авсан 520.000 төгрөгийг шинэ жилийн баяраар идэж уух зүйл болон байрны түрээсэнд төлөөд дуусгасан. Компьютерийг би ганцаараа хулгайлсан ...” /хх-40/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /хх-11/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19-20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-22-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-61/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба дахин шалгах зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрх зүйн байдлыг нь дордуулсан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Цийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Б.Ций гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ц: “... шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Computer land” худалдааны төвийн В1 давхарт байрлах дэлгүүрээс хулгай хийсэн гэмт хэрэг илэрч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаж байгаа тул миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хоёр хэргийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон “АСАП” сангийн судалгаанаас үзэхэд одоогоор Б.Цд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй байна.   

Иймд шүүгдэгч Б.Ций гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ций гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН