Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00605

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00605

 

МАГАДЛАЛ

2021.04.

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/00149 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- миний бие Капитрон банк ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 52 500 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байны 6 тоот хаягт байрлах 63,67 м.кв талбайн хэмжээтэй Ү-220300907 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03406 дугаартай захирамжаар Б.М-ээс 61 237 147 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа бөгөөд ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 69 650 000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийг үнэлгээний 70 хувь болох 67 655 000 төгрөгөөр 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4/182-30052 дугаартай мэдэгдлийг шуудангаар явуулсныг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан. Мэдэгдэлд заасан хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тооцож тогтоосон нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 1 дүгээр давхарт байрлалтай, орон сууцны зориулалтаас гадна бусад зориулалтаар түрээслэх, ашиглагдах боломжтой тул зах зээлийн бодит үнэлгээнээс хамаагүй илүү гэж үзэж байна. Мөн түүнчлэн төлбөр төлөгч нь 61 237 147 төгрөг төлөхөөс төлөлт хийсээр үлдэгдэл 39 000 000 төгрөг байгаа бөгөөд дуудлага худалдаа явуулахгүйгээр төлбөр авагчтай харилцан тохиролцож төлөх бүрэн боломжтой. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур тогтоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан. Гэхдээ тэрээр өөрөө орон сууцаа 30 хоногийн дотор худалдан борлуулах хүсэлтийг НШШГГт гаргасан. Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б.М-т ...хөрөнгийн үнэлгээг албан ёсоор зөвшөөрч байж дараа нь өөрөө 30 хоногийн дотор орон сууцаа хувиараа борлуулах эрхтэй болно гэж буруу ойлголт өгсөн тул гомдол гаргаагүй. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3406 дугаар захирамжаар Б.М-ээс 60 935 633 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Б.М-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, төлбөр төлөгч Б.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000907 дугаартай, 63,67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19251134/182 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19251134/01 дугаар тогтоолоор хураасан. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 96 650 000 төгрөгөөр тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Талуудад үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулан тэмдэглэл хөтөлж, эрх үүргийг тайлбарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.М- нь 18 878 485 төгрөг төлсөн. Мөн бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон. Энэ хугацаандаа орон сууцаа сайн дураар худалдан борлуулах үйлдэл гаргаагүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь болох 67 655 000 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байгаа тул Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2203000907 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, 63,67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хэргийн оролцогчид эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 ны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2020 ны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хариуцагч болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9-182/0393/8 албан бичгээр тус газрын ахлах дэслэгч Б.Янжинлхамд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 ны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 104 хуудас баримт өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбараа бичгээр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбартай танилцах, баримтууд болон төлбөр төлөлтийн зөрүүтэй байдлын талаар нэхэмжлэгчээс тодруулах, нотлох баримт цуглуулах хугацаа олгож шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Шүүх хуралдаан цааш үргэлжлэх явцад нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн талаар тухайлбал, эд хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн 2 гэрч оролцуулах хуулийн шаардлага хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх тогтоол гарсны маргааш нь үнэлгээний компаниас үнэлгээний тайлан гаргаж өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хэт хайнга хандсан, зах зээлийн үнэлгээг бодитой хийлгүйгээр хэт багаар үнэлсэн, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид буруу ойлголт өгч дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулсан. Мөн маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000907 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай 63,67 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүхийн журмаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгө нь нэгдүгээр давхарт худалдаа үйлчилгээ явуулах боломжтой, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө тул зах зээлийн үнэлгээ нь 130 000 000 төгрөг байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг энэ талаараа нотлох баримт гаргаагүй дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангалгүй хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоотод байршалтай 63,67 м.кв орон сууцыг 96 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03406 дугаар захирамжаар Б.М- нь 60 935 633 төгрөгийг Капитрон банк ХХК-д төлөх, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоотод байршилтай 63,67 м.кв орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрлэснийг баталсан байна. /хх-40-42/

 

Төлбөр төлөгч Б.М- нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/01012 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 103 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтад үндэслэн НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 38-39,49/

 

НШШГГ нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоотод байршилтай, Б.М-ийн өмчлөлийн 63,67 м.кв орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19251134/182 дугаар тогтоолоор битүүмжлэн, мөн оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19251134/01 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна. /хх 64-68, 70-72/

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоотод байршилтай, 63,67 м.кв орон сууцны үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар НШШГГ 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/342 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх -73, 80/

 

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоотод байршилтай, 63,67 м.кв орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 96 650 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх81-105/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу НШШГГ төлбөр төлөгч Б.М-т Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгджээ. /хх-110, 112,/

 

Төлбөр төлөгч Б.М- нь шинжээчийн үнэлгээний талаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргах байтал мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргаж, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 67 хоног хэтрүүлсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар төлөгч Б.М- нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд сайн дураар худалдан борлуулах тухай санал, мөн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийлгэх хүсэлт тус тус гаргасан, улмаар 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 9/6 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийг үнэлгээнийн талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг тоолоход саад болохгүй буюу уг нөхцөл байдал нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. /хх-113/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, 63,67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх, уг хугацаа дууссан бол мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан.

 

Анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ЗТ2020/00924 дугаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан, энэ хугацаанд нэхэмжлэгч өмгөөлөгч авах шаардлагатай гэж 1 удаа, хэргийн материалтай танилцана гэж 2 удаа, нийт 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Тиймээс шүүх хэргийн оролцогчдод өөрийн шаардлага, түүнийг нотлох боломжит хугацааг олгосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулсныг хууль зөрчихгүй. Нэхэмжлэгч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хянах үүрэгтэй бус гаргасан гомдлыг нэхэмжлэл, гомдлын хүрээнд хянана. Ийм учраас НШШГГ үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн эсэх асуудлыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА