Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0148/З |
Дугаар | 152 |
Огноо | 2019-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 152
Я.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Хажидсүрэнд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0148 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Д.О, П.Г нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хууль /1995 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4, 13.5, Усны тухай хууль /2004 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.4, Усны тухай хууль /2012 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-ын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Хажидсүрэнд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0148 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Хажидсүрэнд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд уг захирамжаар иргэн Р.Долгормаагаас 23028 м.кв, Р.Дэлгэрмаагаас 25100 м.кв газруудын эзэмших эрхийг тус тус иргэн С.Хажидсүрэнд шилжүүлснийг “...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар баталсан “Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа” гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс дүгнэхдээ “...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжууд нь Усны тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарч, ундны усны эх үүсвэрийн дотоод, гадаад мужид иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байхад Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсэд С.Хажидсүрэнд эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн...” гэжээ.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй асуудлыг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 16, 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд анхан шатны шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, ундны усны эх үүсвэрийн дотоод гадаад муж тогтоосон болон дотоод гадаад муж тэдгээрийн зургийг нэхэмжлэгчийн газартай хамтад нь харуулсан зургийг гаргуулах тухай хүсэлт гаргаж байсан боловч хэрэгт уг баримт авагдаагүй бөгөөд хэрэгт байгаа зургууд болон бусад баримтуудаас хархад иргэн С.Хажидсүрэнгийн эзэмшиж байсан 23028 м.кв, 25100 м.кв хэмжээтэй газрууд нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудаар тогтоосон Ундны усны тэжээлийн дотоод мужид ороогүй болох нь харагддаг.
6. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэв дээрх захирамжуудаар баталсан тэжээлийн дотоод мужид орсон гэж байгаа бол холбогдох баримтаар тэр нь нотлогдох ёстой гэдэг үүднээс удаа дараа бичгээр хүсэлтээ гаргаж, дотоод мужид орсон гэсэн зургийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч энэ талаарх баримтыг хариуцагчийн зүгээс болон холбогдох бусад газруудаас гаргаж ирүүлээгүй.
7. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудаар тогтоосон ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарч байсан болох нь дээрх байршилд давхцуулсан агаарын зургаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байх боловч агаарын зурагтай давхцуулсан зураг хавтаст хэргийн 2 дахь хавтас 25 дугаар хуудасны ар тал, 28, 198 /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй/, 210, 211, 3 дахь хавтас 78-80 дахь талуудад авагдсан байх бөгөөд түүн дээр тэжээгдлийн мужийг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байгаа гэж таних тэмдэг дээр тэмдэглэсэн, мөн түүн дээр нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрууд мөн дүрслэгдсэн, гэтэл эндээс тэжээгдлийн муж болоод нэхэмжлэгчийн газар 2 хоорондоо давхацсан зүйл харагдахгүй хоорондоо нэлээд зайтай харагдсаар байтал яагаад тэдгээрийг давхацсан, тэжээгдлийн мужид орсон гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.
8. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар анхнаасаа усны эх үүсвэрийн тэжээлийн гадаад, дотоод мужид хамаарч байсан учраас иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцнэ гэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Учир нь дээрх хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь доод шатны Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг хуулиар олгосон байх боловч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэхүү эрхээ гагцхүү “...газрын тухай хууль тогтоомж зөрчсөн эсхүл газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэсэн 2 нөхцөл бүрдсэнээр хэрэгжүүлэх ёстойгоос биш ямар ч хамаагүй бүх төрлийн шийдвэрийг нь цуцлаад байх эрх биш юм гэдгийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
9. Гэтэл энэ тохиолдолд газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй, газрын тухай хууль тогтоомж ч зөрчигдсөн зүйл байхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хууль зөрчсөн гэж үзээд байгаа тэжээлийн дотоод гадаад мужид нэхэмжлэгчийн газар хамаарч байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж, хуулийг буруу тайлбарласан байна. Анхан шатны шүүхээс дээр дурдснаар 2 дахь хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шийдвэрийнхээ гол үндэслэлийг болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан ундны усны тэжээлийн мужууд болон нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай хамтад нь харуулсан, өөрөөр хэлбэл давхцаж байгаа эсэхийг харуулсан зургийг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг ийнхүү шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасныг хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйн зэрэгцээ шүүхээс хэргийн оролцогчийн бичгээр болон амаар гаргасан хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг бол хэрэгсэхгүй болгох эсхүл хүлээж авахгүй гээгүй, хангаж шийдвэрлэсэн хэрнээ уг захирамжийнх нь биелэлт хангагдаагүй, баримт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэжээ. Мөн үүнээс гадна 3 дахь хавтаст хэргийн 77-85 дугаар хуудаст авагдсан баримтууд нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар судлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс танилцаагүй, шүүх хуралдаан болсноос хойш хууль бусаар хэрэгт авагдсан баримтууд байхад анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа нь хуулийг маш ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах, түүнээс үндэслэн нэмэлт нотлох баримт цуглуулах, баримт гаргаж өгөх, мэтгэлцэх зэрэг эрхүүдийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
11. Өөрөөр хэлбэл дээрх хуудсуудад авагдсан баримтууд нь хэргийн гол нөхцөл байдал болох гол маргаж байгаа тэжээгдлийн муж, ундны усны эх үүсвэр, тэжээгдлийн мужийн худгийн зургийг нэхэмжлэгчийн эзэмшил газрын хамт харуулсан зураг, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын эзэмших эрх анх 2004 онд үүсэж байсан захирамж зэрэг баримтууд байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хэргийн материалтай огт танилцаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцахад хэрэгт огт авагдаагүй байсан, яг шүүх хуралдааны өмнөх өдөр болон шүүх хуралдаан болсон өдөр ирүүлсэн тул танилцах хугацаа ч байгаагүй, нотлох баримт ирснийг ч нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, ийм нотлох баримт ирсэн гэдгийг ч нэхэмжлэгчийн зүгээс мэдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлсэн байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Газрын албанаас анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудыг хавсаргалаа гэсэн байх боловч түүний оронд дээр дурдсан 8 хуудас баримтыг хавсаргаж ирүүлсэн мэтээр хэрэгт хавсаргасан, түүнээс гадна 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт 12 дугаар сарын 14-ний өдрийн огноотой баримтуудыг хавсаргасан байх боломжгүй байхад ийнхүү хэрэгт баримтыг хууль бусаар бүрдүүлж хавсаргасан байгаа нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр хариуцагч талтай мэтгэлцэх боломжийг хангаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.
12. Түүнчлэн уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон бөгөөд шүүх хуралдаан болсон өдөр хүртэл хэрэгт авагдаагүй байсан баримт шүүх хуралдаан болсон өдрөөс хойш хэрэгт авагдсан нь шүүхээс хууль бусаар нотлох баримт цуглуулсан гэж үзэх ч бүрэн үндэслэлтэйн зэрэгцээ энэ өдрийн шүүх хуралдаан эхлэхэд хэргийн оролцогчдоос шинээр баримт гаргаж өгөөгүй, шүүхээс шинээр өгөх нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад оролцогчид байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /ХХ-87 дахь тал/ тусгагдсан байхаас гадна шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хэрэг авагдсан бүх баримтыг судалъя гэж тэмдэглэсэн боловч бүрэн судлаагүй бөгөөд /энэ нь шүүх хуралдааны бичлэгт байдаг/ тусгайлан судлуулах баримтыг асууж судлаад бусад баримтыг судлаагүй орхисон тул нэхэмжлэгчийн зүгээс танилцаагүй баримтаа судлуулах боломжгүй байсан болно.
13. Дээрх нөхцөл байдлаас хамааран давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа хүртэл хэрэгт ийм баримт байгаа гэдгийг мэдэхгүйгээр энэ талаар огт дурдаагүй шүүх хуралдаан болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс ч анхан шатны шүүхийн энэхүү алдааг харж залруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Ардчилсан, Үндсэн хуультай улс орны шүүх эрх мэдлийн байгууллагын хувьд шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, нотлох баримтад үндэслэсэн, шударга шийдвэр гаргаж байж шударга ёсыг тогтоох чиг үүрэгтэй атлаа ийнхүү нотлох баримтаар нотлогдохгүй байгаа зүйлийг нотлогдож байгаа мэтээр дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.
14. Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд 2002 оноос хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг буюу эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдол бүрийг хуульчилсан. Гэтэл дээрх захирамжаар иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхэд яагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг баримтлаагүй, энэ хуулийн 40 зүйлд заасан аль үндэслэлд хамаарч байгаа болоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тодорхойгүй захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримталсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй талаар дүгнэж, энэ хуулийн заалтад нийцэж байгаа эсэх талаар хуулийг хэрэглэн дүгнэлт хийж ёстой байсан.
15. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар, дүүргийнхээ нутаг дэвсгэрт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар дүүргийн Засаг дарга хаана байршилтай, ямар газрыг эзэмшүүлэх, эзэмших эрхийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг дарга хаана байршилтай, ямар газрыг эзэмшүүлэх, эзэмших эрхийг хүчингүй болгохыг тус тусад зохицуулсан байхад яагаад дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж, түүний эрх хэмжээг хэрэгжүүлсэн, хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэдэгт мөн огт дүгнэлт хийгээгүй байгаа нь мөн л хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
16. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг шийдвэрлэхдээ уг захиргааны актын үндэслэл болгосон хууль болоод журмууд нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр анх эзэмших эрх олгосноос хойш батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох заалтууд болон 2015, 2016 онуудад батлагдсан журмуудыг байхад хуулийг буруу тайлбарлан өмнөх харилцаанд буцаан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль журмуудаар хориглохоос өмнө нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд, хууль ёсны дагуу үүссэн байсан нөхцөл байдлыг зөв дүгнээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Я.Б-ыг газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед үйлчилж байсан хууль тогтоомж, дүрэм журмуудаар газар эзэмшихийг хориглоогүй, онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсүүдийг тогтоогоогүй байсан байхад түүнээс хойш гаргасан дүрэм журам, хууль тогтоомжийг үндэслэж, шууд газар эзэмших эрхийг цуцлах, тэр тусмаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад цуцлах нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
17. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0148 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухай маргаанд Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
19. Нэхэмжлэгч Я.Б нь “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Хажидсүрэнд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
20. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.
21. Маргаан бүхий, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар эзэмших эрх нь хүчингүй болсон, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт, Хар усан тохойд байрлах 23028 м.кв газрыг иргэн Я.Б-т төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9.12-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийн 10 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалттай нийцсэн байна.
22. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохойд байрлах 25100 м.кв, 23028 м.кв газруудыг иргэн С.Хажидсүрэн нь тус дүүргийн Засаг даргын 2008 оны 107, 142 дугаар захирамжаар эзэмшиж байсан, гэвч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор иргэн С.Хажидсүрэнгийн эзэмшлийн дээрх 2 газар хамрагдаж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл С.Хажидсүрэнд 25100 м.кв, 23028 м.кв газруудыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 107, 142 дугаар захирамжуудын үйлчлэл дуусгавар болсон байжээ.
23. Гэтэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон иргэн С.Хажидсүрэнгээс 25100 м.кв, 23028 м.кв газруудыг иргэн Я.Б-ын эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.2-д заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Б-т газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий А/32 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
24. Мөн нэхэмжлэгч Я.Б-т эзэмшүүлсэн Гачуурт, Хар усан тохойд байрлах газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужийн хамгаалалтын бүстэй давхцсан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцсан болох нь Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/5190 тоот, 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 02-04/5945 тоот, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13/985 тоот албан бичгүүд, тэдгээрт хавсаргасан кадастрын зургууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, тиймээс маргаан бүхий актын, газар эзэмших эрх шилжүүлсэн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэл мөн хуульд нийцжээ. Иймд маргаан бүхий А/32 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв юм.
25. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүсийг тогтоосон байх ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон. Энэ ажлын хүрээнд Ундны усны тэжээлийн дотоод мужид /нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар/ газар эзэмшиж, ашиглаж байгаа 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчөөгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх тул уг захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
26. Нэхэмжлэгчийн “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхэд яагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг баримтлаагүй, энэ хуулийн 40 зүйлд заасан аль үндэслэлд хамаарч байгаа болоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй, ...иймд шүүхээс иргэн С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй талаар дүгнэж, энэ хуулийн заалтад нийцэж байгаа эсэх талаар хуулийг хэрэглэн дүгнэлт хийж ёстой байсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
27. Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан бөгөөд хуулийн энэхүү заалт нь газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан этгээдэд хамаарна. Иргэн С.Хажидсүрэнгийн тухайд, түүний эзэмшиж байсан газрууд Улаанбаатар хотын Ундны усны тэжээлийн дотоод бүсэд хамаарч байсны улмаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл С.Хажидсүрэнгийн газар эзэмших эрхийг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй тул шүүхүүд захиргааны актын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, иймд нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан дээрх гомдол үндэслэлгүй болно.
28. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр “...3 дахь хавтаст хэргийн 77-85 дугаарт авагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар судлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс танилцаагүй, шүүх хуралдаан болсноос хойш хууль бусаар хэрэгт авагдсан баримтууд байхад анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа нь хуулийг маш ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах, түүнээс үндэслэн нэмэлт нотлох баримт цуглуулах, баримт гаргаж өгөх, мэтгэлцэх зэрэг эрхүүдийг хязгаарласан, ...” гэж хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2018 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан баримтууд хэрэгт хууль бусаар авагдсан, нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хязгаарласан нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
29. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0827 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0148 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА