Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01297

 

П.Амарзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1581 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч П.Амарзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хурд групп” ХХК-д холбогдох

Орон сууцны талбайн зөрүүнд 8 442 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжпэгч П.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие П.Амарзаяа нь “Хурд групп” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №А5/34 гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсаны дагуу төлбөрийг миний бие төлж барагдуулсан. Ашиглалтад хүлээн авч 5-34 тоот байрны талбайг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9011121029 тоот улсын бүртгэл, 5168465 РД, 3119-136/12 тусгай зөвшөөрөлтэй “Инжкон” ХХК-иар хэмжилтийн ажлыг гүйцэтгүүлэхэд 4,69 м.кв дутуу байгаа нь нотлогдсон тул “Хурд групп” ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэст гомдол гаргасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр танай байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн акт байхгүй тул шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Иймд “Хурд групп” ХХК-иас 5-34 тоот байрны талбайн зөрүүний төлбөр 8 442 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Компани нь гэрээнд зааснаас дутуу м.кв-тай орон сууцыг шилжүүлж иргэдийг хохироож болохгүй. Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц ашиглалтад орсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Орон сууцны талбай хэмжих талаар стандартад зааснаар манай компаний тагтын хэсгийг виранд гэж үздэг. Орон сууцны талбайд виранд хэсэг нь багтдаг юм. Гэтэл хэмжилт хийхдээ тагт гэсэн байгаа, ойлголтын зөрүү л гарсан байна. Тагтыг 3 тал нь хашлагатай задгай тавцанг ойлгодог. Орон сууцны талбай барилга байшингийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Хананы наашаа илүү гарсан дам нурууны хэмжээг талбайгаас хасаж тооцохоор зөрүү гардаг. Өрөө хоорондын хаалганы завсар хэсгийг хэмжилтэд орохгүй байгаа тул зөрүү гарсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сард байрыг хүлээж авсан гэвэл 2014 оны 10 дугаар сард метр квадратын зөрүүг мэдсэн байна. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар хариуцагч “Хурд групп” ХХК-иас орон сууцын талбайн зөрүүнд 8 442 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Амарзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 022 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “349 дүгээр зүйлийн 349.1” гэснийг “352 дугаар зүйлийн 352.2.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Хурд групп” ХХК-ийн төлсөн 150100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Хурд групп” ХХК болон иргэн П.Амарзаяа нарын хооронд байгуулсан 2012.11.19 өдрийн А5/34 дугаартай гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ юм. Учир нь “Хурд групп” ХХК өөрийн хөрөнгөөр уг орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд захиалагч нь харин худалдан авах гэрээ барааныхаа төлбөрийг хувааж төлсөн юм. Талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн алдаа гаргаагүй байна.  

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №А5/34 тоот гэрээгээр захиалагч тал болох нэхэмжлэгч П.Амарзаяа 105.69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 190 242 000 төгрөгийг гүйцэтгэгч “Хурд групп” ХХК-нд төлөх, харин гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтанд олуулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсний дагуу сууцыг хүлээлгэн өгсөн боловч ажлын үр дүн нь доголдолтой буюу орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас 4.69 м.кв бага байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Эрх бүхий этгээдийн гаргасан талбайн хэмжээний талаарх дүгнэлтийг хариуцагч үгүйсгэж уг орон сууцны талбайд виранд хэсэг багтана гэсэн тайлбар гаргасан нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал МNS6058..2009 стандартад заасантай нийцэхгүй юм.

Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл болох ажлын үр дүнг доголдолгүй шилжүүлэх талаарх гүйцэтгэгчийн үүрэг, энэ талаар шаардлага гаргах захиалагчийн эрх, гомдлын шаардлага гаргах хугацаа зэрэг маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөв сонгон хэрэглэж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцсэн байна.  

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1581 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР