Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2016/00349

                      Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол, 1 дүгээр хороо, 44 байр, 42 тоотод оршин суух, Монгол овогт Пүрэвдагвын Амарзаяагийн /РД:АЭ79120461/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хороолол, “Хурд групп” ХХК-нд холбогдох,

 Орон сууцны талбайн зөрүүнд 8 442 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Амарзаяа нь Хурд групп ХХК-ийн 2012 оны 11 сарын 19-ний өдөр №А5/34 гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсаны дагуу төлбөрийн графикийн дагуу миний бие төлж барагдуулсан. Ашиглалтанд хүлээн авч 5-34 тоот байрны талбайг 2014 оны 10 сарын 28-ны өдөр 9011121029 тоот улсын бүртгэл, 5168465 РД, 3119-136/12 тусгай зөвшөөрөлтэй Инжкон ХХК-иар хэмжилтийн ажлыг гүйцэтгүүлэхэд 4 ,69 м.кв дутуу байгаа нь нотлогдсон тул Хурд групп ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй юм. Иймд бид 2014 оны 11 сарын 05-нд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн  төлөөх газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс”-т гомдол гаргасан юм. Гэтэл “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс”-ээс 2016 оны 09 сарын 15-ны өдөр танай байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн акт байхгүй тул шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Иймд “Хурд групп” ХХК-иас 5-34 тоот байрны талбайн зөрүүний төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Амарзаяа нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. 150.61 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 1 800 000 төгрөгөөр авсан. 2014 оны 6 дугаар сард тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгснөөр Амарзаяад орон сууцыг хүлээлгэж өгсөн. 12 дугаар сарын 27-ны өдөр хэмжилт хийлгэхэд орон сууц 4 метр квадрат дутсан. Нэхэмжлэгч нь эхлээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар энэ асуудлыг шүүхэд ханд гэсэн хариу өгсөн байдаг. Тиймээс шүүхэд хандаж, илүү төлсөн м.кв үнийг гаргуулахаар хандсан.

Компани нь гэрээнд зааснаас дутуу м.кв-тай орон сууцыг шилжүүлж иргэдийг хохироож болохгүй. Тиймээс шүүхээс иргэдийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2014 оны 1 сарын 28-ны өдөр орон сууц ашиглалтад орсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Орон сууцны талбай хэмжих талаар стандартад зааснаар манай компани тагтын хэсгийг виранд гэж үздэг. Орон сууцны талбайд виранд хэсэг нь багтдаг юм. Гэтэл хэмжилт хийхдээ тагт гэсэн байгаа, ойлголтын зөрүү л гарсан байна. Тагтыг 3 тал нь хашлагатай задгай тавцанг ойлгодог. Орон сууцны талбай барилга байшингийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Хананы наашаа илүү гарсан дам нурууны хэмжээг талбайгаас хасч тооцохоор зөрүү гардаг. Өрөө хоорондын хаалганы завсар хэсгийг хэмжилтэд орохгүй байгаа тул зөрүү гарсан.

Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сард байрыг хүлээж авсан гэвэл 2014 оны 10 дугаар сард метр квадратын зөрүүг мэдсэн байна. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Амарзаяа нь хариуцагч “Хурд групп” ХХК-нд  холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнд 8 442 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Нэхэмжлэгч нь хариуцагч “Хурд групп” ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, м.кв дутуу талбайтай орон сууц шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул орон сууцны 4.69 м.кв-ын зөрүүнд 8 442 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч П.Амарзаяатай орон сууцны үнэ, талбайн хэмжээг харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж, орон сууцыг хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч П.Амарзаяа хариуцагч “Хурд групп” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалан бариулах №45/34 тоот гэрээ байгуулж, хариуцагч нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцны барилгын 5 дугаар байр, 34 тоотод байрлах, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, нийт 190 242 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Орон сууц захиалан бариулах гэрээгээр нотлогдож байна. /хэргийн 7-8-р хуудас/

           

Зохигч талууд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй боловч уг гэрээг нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ гэж, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ гэж маргасан.

Хэрэгт авагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, талуудын тайлбараар хариуцагч нь өөрийн материалаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцны барилгын 5 дугаар байр, 34 тоотод байрлах, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнэ болох 190 242 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууцыг 2014 оны 1 дүгээр сарын 28-нд улсын комисс хүлээн авсан, нэхэмжлэгч 2014 оны 6 дугаар сард орон сууцыг хүлээн авч, 2014 оны 6 дугаар сарын 07-нд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гарч нэхэмжлэгчид олгогдсон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний нөхцлийг зөрчиж, доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн болох нь “Инжкон” ХХК болон “Тоонто Гранд” ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно, орон сууцыг м.кв дутуу гэдгийг хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, хариуцагч нь барилгын стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй тул ойлголтын зөрүү гарсан гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь уг орон сууцыг биет байдлын доголдолгүй шилжүүлсэн, барилгын зураг төслийг стандартын дагуу гүйцэтгэсэн боловч ойлголтын зөрүү гарсан гэж мэтгэлцсэн.

           

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Инжкон” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтэд “...Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу дээрх хэмжилтийг зохих зааврын дагуу хийж нийт талбайн хэмжээ 101.00 м.кв гарсныг мэргэжлийн баг баталгаажуулав” /хэргийн 12-16-р хуудас/, мөн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Тоонто Гранд” ХХК-ийн талбайн хэмжээ тогтоосон дүгнэлтэд “...стандарт-аргачлалын дагуу хэмжилтийг хийж, түүний талбайг тооцсон ажлын үр дүнд сууцны өрөөнүүдийн нийт нийлбэр талбай 100,84 м.кв байна” гэжээ. /хэргийн 32-35-р хуудас/

 Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтүүдийг ойлголтын зөрүүтэй гарсан, виранд, тагт, лоож гэдгийг зөрүүтэй дүгнэсэн гэсэн боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, зөрүүтэй гарсан талаар дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй болно.  

 

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 4.3-д “гүйцэтгэгч нь барилгын ажлыг Барилгын салбарт мөрдөгдөж буй норм, стандартын дагуу гүйцэтгэж хүний эрүүл мэндэд үл харшлах материалаар барьж тохилог орчин бүхий барилгыг барьж гүйцэтгэгчид хүлээлгэн өгнө” гэж  харилцан тохиролцсон  байна. /хэргийн 8-р хуудас/

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзэх боловч гэрээнд стандартын дагуу 105,69 м.кв орон сууцыг барьж гүйцэтгэнэ гэснийг хариуцагч зөрчжээ.  

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний нөхцлөөр 105.69 м.кв талбайтай орон сууцыг 1м.кв нь 1 800 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь хариуцагчид 105.69 м.кв талбайд тооцогдох үнэ 190 242 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байхад хариуцагч нь 101,00 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Инжкон” ХХК-ийн талбайн хэмжээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ”, 352.2.3-д “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар заасан байх тул хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээг 105.69 м.кв гэж заасан байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-д “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана”, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэдгийг зөрчсөн, нэхэмжлэгч нь орон сууцыг 2014 оны 6 дугаар сард хүлээн авсан гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч П.Амарзаяа нь 2014 оны 6 дугаар сард орон сууцыг хүлээн авсан гэж тайлбарласан, энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд сууцны талбайн хэмжээг дутуу болохыг мэргэжлийн байгууллагаар талбайн хэмжээг тогтоолгож мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар орон сууцны м.кв зөрүүтэй байгааг ажлын үр дүнг хүлээж авах үед мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй, орон сууцны талбайн хэмжилтийг хувь хүн өөрөө бие даан хийх боломжгүй, Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль болон “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009-т “...орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Инжкон” ХХК-ийн тайлангаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Инжкон” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжээ тогтоосон үнэлгээгээр тооцож, хариуцагч “Хурд групп” ХХК-иас орон сууцны талбайн 4.69 м.кв-ын зөрүүнд 8 442 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Амарзаяад олгох нь зүйтэй гэж үзэв. /105.692-101,00=4.69м.кв, 4.69х1 800 000 төгрөг =8 442 000 төгрөг/  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар хариуцагч “Хурд групп” ХХК-иас орон сууцын талбайн зөрүүнд 8 442 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Амарзаяад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 022  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ХУЛАН