Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00538

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00538

 

 

                                      М.Ннэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/00103 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Нхариуцагч А.Н, Ц.Б, М -д холбогдуулан гаргасан Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүндэний үйлдвэрийг бүрдэл хэсгийн хамт өмчлөгчөөр тогтоолгоно. 2014 оны 9 дүгээр сард А.Н нь  М.Нөмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 61.2-6 тоот орон сууцыг 50 000 000 төгрөгөөр барьцаалан Хас банкнаас зээл авсан. Зээлийг А.Нын эзэмшил газар дээр үйлдвэрийн байр барих, тоног төхөөрөмж худалдан авах, гүний худаг гаргах ажилд зарцуулж үйлдвэр ашиглалтанд орсон. Банк А.Наас зээлээ төлөхийг шаардахад М.Нбайрыг дуудлага худалдаанд оруулаад төлбөрийг хаана гэснээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан. Барьцаа хөрөнгөө өөрчлүүлье гэхэд өөрчилж өгөөгүй. Барьцаанд авсан орон сууц, Сүндэний үйлдвэрийн барилга тоног төхөөрөмжийн барьцаанд худалдагдах нь тодорхой болсон. Иймд  Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, их булга 18500 гудамж, 35 тоот Ү-2201039011 дугаартай, 827.5 м.кв талбай бүхий 30 000 000 төгрөгийн өртөгтэй  Сүндэний үйлдвэр, 20 000 000 төгрөгийн өртөгтэй пүнтүүз угаагч сүндэ зуурагч, шахагч машин, гэдэс цэвэрлэгч, угаагч машин, цус найруулагч машин, сүндэ чанагч тэрэг, сүндэ чанагч паднус, хөргөгч, тахианы толгой жижиглэн шахагч машин, мах жижиглэгч машин, мах ногоо жижиглэгч, өлөн угаагч машин, тос хайлагч тогоо зэргийн өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодруулахдаа: Ц.Б, М.Н нар нь 2014 онд тохиролцоо хийж М.Н нь Ц.Бод БНСУ-ын байнгын визтэй болоход нь туслахаар Ц.Бгэрлэлтээ батлуулах, Ц.Бнэрээр ЖДҮДС-ээс зээл авах төсөл боловсруулж, хөөцөлдөх, орон сууцаа барьцаалах, ЖДҮДС-аас авсан зээлийн хөрөнгөөр Сүндэний үйлдвэр байгуулж М.Н100 хувийн өмчлөгчөөр тогтоолгохоор болсон. А.Н нь Ц.Бнэрээр зээл авч, өөрийн эзэмшлийн газар дээр Сүндэний үйлдвэр бариулах, А.Н, Ц.Б нар зээлийг зарцуулсан хэмжээгээрээ хариуцахаар тохиролцсон. Уг тохиролцоо зөрчигдөж Ц.Б, А.Н нарын нэг нь тоног төхөөрөмжүүдийг аваад алга болсон гэжээ. 

Хариуцагч А.Нын тайлбарт: 2014 онд 61 гарамд гахайн аж ахуй барьсан. Ц.Б Солонгост 6 жил гахайн гэдэс, толгой боловсруулах үйлдвэрт ажиллаад ирсэн, Монголд үйлдвэрлэл хийх хүсэлтэй, ЖДҮДС-аас 100 000 000 төгрөгийн зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа байхгүй зээл авах боломжгүй талаар ярьсан. Ингээд хамтран ажиллах санал тавьж, зээлээ хувааж аваад авсан хэмжээгээр төлөх, Сүндэний үйлдвэрээ 50, 50 хувиар эзэмшиж ашиглахаар тохиролцсон. Хас банкинд барьцаа хөрөнгө болон санхүүгийн тооцоогоо гаргаж зээл авсан. М.Н уулзаж байгаагүй, амаар болон бичгээр тохиролцоо хийгээгүй. Зээл авсны дараа нэмж 50 000 000 төгрөг зээлдэн авсан боловч Ц.Б, М.Н нар төлбөрөө төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээ салгуулсан. А.Н 50 000 000 төгрөгийн зээлийг, үйлдвэрийн байр барьсан мөнгийг төлж үйлдвэрээ авах, Ц.Б ЖДҮДС-ийн зээлийг төлөхөөр болсон. Зээлийн хөрөнгөөр барьсан үйлдвэрийн байрыг зээл төлж байгаа хүн нь эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзэж байна. М.Нбайр дуудлага худалдаагаар  25 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаа, үлдэгдэл зээл, хүү, алданги 133 000 000 төгрөгийн 5/1-д хүрэхгүй. Ц.Б, М.Н нар 75 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангид нийт 100 000 000 орчим төгрөг банкинд төлөх үүрэгтэй. Энэ  нь Хас банктай байгуулсан барьцааны гэрээгээр баталгаажна. Банк болон А.Ныг хохиролгүй болгосон цагт М ХХКхувь, эрхийн талаар ярьж болно. А.Наас хамааралгүй 12 400 000 төгрөгийн алдангийг Ц.Б, М.Н нар төлөх ёстой гэжээ.

 Хариуцагч Ц.Бтайлбарт: М ХХКзахирал Ц.Б нь одоогоор эрхэлсэн ажилгүй. Уг компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байхад М.Н оролцож байгаагүй. М ХХКХХК-д одоогоор тоног төхөөрөмж байхгүй, үйл ажиллагаа нь зогссон дампуурлын байдалтай байгаа. Хэргийн материалд авагдсан тоног төхөөрөмжийн зураг нь Солонгост ажиллаж байсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зураг байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Нхариуцагч А.Н, Ц.Б, М ХХК нарт холбогдуулан гаргасан Сүндэний үйлдвэр, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах /өмчлөгчөөр тогтоолгох/ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх үндэслэх хэсэгтээ “... нарын хооронд ямар нэг хэмжээгээр тохироо байж болохыг үгүйсгэхгүй ч ...” хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үйлдвэр баригдаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд бүгд хамтран ажиллах тохиролцоо хийж зээл авч үйлдвэрийг барьсан гэдгийг хүлээн зөвшөөрч байхад шүүх хамтран ажиллаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгө төрийн өмчлөлийн газар дээр баригдсан учир төр өмчлөгч байхад  нэхэмжлэгч, хариуцагч нар өмчлөх эрхгүй гэж дүгнэсэн. Төрийн өмчийн газар дээр хувийн өмчийн барилга баригдвал өмчлөгч нь төр байх ёстой гэсэн хууль байхгүй. Нэхэмжлэгчийн орон сууц нь хураагдсан болохоос худалдан борлогдоогүй тул хохирол үүсээгүй. Харин байр нь худалдагдаад хөөгдөн гарсны дараа нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Битүүмжлээд, дараа нь хурааж авсан акт үйлдээд дуудлага худалдаанд оруулах зар гаргаснаар эрх нь аль эрт зөрчигдсөнийг нотолж байна. Гэтэл шүүх эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч А.Н, Ц.Б, М -д холбогдуулан ...байрлах Сүндэний үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2 янзаар тайлбарласан байх ба өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч А.Нын Хас банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан, зээл буцаан төлөгдөөгүйн улмаас орон сууц хураагдсан, зээлээр үйлдвэр барьж тоног төхөөрөмж худалдан авсан тул өмчлөгчөөр нь тогтоолгоно” гэж, мөн А.Н, Ц.Б нартай хамтран ажиллахаар тохирч  Ц.Бод БНСУ-ын виза авахад нь туслан, Ц.Бнэр дээр ЖДҮДС-аас авах зээлийн төсөл боловсруулж, зээл хөөцөлдөх ажлыг гүйцэтгэх, байраа барьцаалах, авсан зээлийн хөрөнгөөр А.Нын газар дээр Сүндэний үйлдвэр бариулж, М.Ннэр дээр бүртгүүлэх, А.Н, Ц.Б нар зээлийг зарцуулсан хэмжээгээр хариуцахаар харилцан тохиролцсон” гэжээ. /1хх 1, 218/

Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч зээлийн барьцаанд орон сууцаа барьцаалуулсны улмаас учирсан хохирлоо шаардаж байгаа эсхүл хамтран ажиллах гэрээний үүрэг шаардаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Хэрэв хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шаардлага гаргаж байгаа бол хэн ямар хэмжээ, хэлбэрээр хураамж төлсөн, хамтын үйл ажиллагаа хэрхэн хэрэгжсэн, хамтын ажиллагааны явцад хичнээн төгрөгийн ямар эд хөрөнгө бий болсон, гэрээний явцад бусдад төлөх өр төлбөр үүссэн эсэхийг тодруулах нь зүйтэй. 

Мөн маргаан бүхий үйлдвэрийн барилга хэний эзэмшлийн ямар хэмжээний газар дээр баригдсан, газар эзэмшигч хэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ямар хөрөнгөөр худалдан авсан, одоо уг тоног төхөөрөмжүүд хэний эзэмшил, ашиглалтад байгаа, хичнээн төгрөгийн, ямар үнэтэй тоног төхөөрөмж байгаа зэрэг үйл баримтыг тогтоох шаардлагатай.

Түүнчлэн газрын өмчлөгч, эзэмшигчийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/00103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                        ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

                                                                  А.МӨНХЗУЛ