Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 16

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч О.Б- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Хохирогч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох 17230010700004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, ээжтэйгээ хамт Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт О-ийн Б /РД: ИА********/

Шүүгдэгч О.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 22-ны үед иргэн Б.*******ийн 25 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт О-ийн Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 10 наас 22- ны өдрүүдэд иргэн Д.С нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газар бэлчээрлэж байсан малнаасаа 9 толгой эм ямаа, 16 толгой эр ямаа алдсан нь болох нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.С-ийн “...2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай 11 тооны ямаа дутсан чинь манай саахалт айлын ******* буюу О.Б-гийн хотонд нэр хар зусаг ямаа, 2 ишиг байсныг шүүж үзээд олж аваад байтал дахиад 5 ямаа алга болсон. Дахиад хэд хоногийн дараа 9 ямаа дутаад байхаар нь ойр хавийн айлуудын малаар шүүж яваад хайгаад олоогүй…” гэсэн мэдүүлгээр, Д.С-ийн малыг хариулж байсан гэрч Б.Б-ийн “...2017 оны 09 дүгээр сарын эхээр ******* сумын ******* багийн ******* гэх газар малтайгаа явж байгаад хоттой хониноосоо 11 тооны ямаагаа алдаад тэгээд очоод шүүхэд хар зүсмийн зусаг ямаа, улаан бор шарга, ишигнүүд гарч ирээд бусад ямаа нь байхгүй болчихсон. Тэгээд хэд хоногийн дараа 5 ямаа алга болсон удалгүй хэд хоногийн дараа 9 ямаа алдчихсан....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Д.С-ийн алдсан дээрх 25 тооны ямааг шүүгдэгч О.Б- 3 удаагийн үйлдлээр бэлчээрээс хулгайлсан нь О.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын дундуур айлын 10 гаран ямаа манай ойролцоо явж байхаар нь өөрийнхөө малд нийлүүлээд.... аймгийн төв оруулаад зарчихсан юм. Тэгээд дараа нь бас хэд хэдээрээ ямаанууд манай ойролцоо яваад байхаар нь би тэд нарыг нийлүүлж аваад аймгийн төв оруулаад малын зах дээр хүмүүст зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч 2017 оны 09 дүгээр сарын дундуур, 9 дүгээр сарын 22, 23 ны үед Ц.А-ын эзэмшлийн жижиг оврын ачааны машинаар 15 ямаа, 7 ямааг тус тус ачиж Завхан аймгийн ******* сумд хүнд худалдсан талаар мэдүүлсэн Ц.А-ын “ О.Б- хотноосоо 7 ямаа ялгаж аваад миний машинд ачиж ******* сум ороод нэг ямааг нь манайх гаргаж идээд бусдыг нь баруун бүсийн худалдааны төвд аваачаад зарсан... 2017 оны 9 дүгээр сарын дундуур эр охин нийлсэн 15 ямаа дээрх тээврийн хэрэгслээр ачиж аймгийн төв оруулж зарсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч О.гийн “...2017 оны 09 дүгээр сарын 22 байна уу 23 нд манай ах О.Б-... намаржаанаас 7 ямааг... ******* сум оруулаад зарсан...” гэсэн мэдүүлгээр, Ц.А-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг шалгаж, ачиж явсан ямааны зургийг авсан талаар мэдүүлсэн гэрч М.Б-ын “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хэсгийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байхад ЗАН улсын дугаартай автомашин шөнийн цагаар аймгийн төвийн чиглэлд явж байхад нь аймгийн төвийн пост руу мэдэгдсэн. Тэгээд маргааш өглөө нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд орсон байна гэхээр нь аймгийн төвд ороод дээрх тээврийн хэрэгслийн жолоочтой уулзахад ******* буюу О.Б- гэгч машинаа хүргэн гэх А гэдэг залуугаар бариулж яваад нөгөөх нь бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл гээд журамлуулсан байсан. Тэгээд юун ямаа хаанаас ачиж яваа юм бэ гэхэд өөрийнхөө хотноос зарах гэж авч явна гэж хэлэхээр нь ... хэсгийн төлөөлөгчдөө хэлээд зургийг нь аваад явуулсан. Долоон тооны саарал халзан зүсмийн тод зүстэй нэг ямаа, бусад нь улаан, хар зүсмийн ямаанууд байсныг зургийг нь дарж авсан байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр болон гэрч М.Б-ын гар утсаараа авсан ямааны гэрэл зургийг хохирогчоор таниулахад хохирогч өөрийн өмчлөлийн 7 ямаа мөн байна гэж таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.С-т нийт 1480000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч О.Б- нь иргэн Д.С-ийн 25 тооны ямааг 3 удаагийн үйлдээр хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ О.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрч Ц.А, М.Б, хохирогч Д.С- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал гэсэн ойлголтыг “ ...24 бог..-оос дээш малыг ойлгоно ...” гэж заасан учир О.Б-гийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 25 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Д.С-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй . Шүүх О.Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдын 25 ямааг хулгайлсан талаараа мэдүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 –т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт О-ийн Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 1/ нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны хонийг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 08- ны өдрийн 5/09 тогтоолын хүчингүй болгосугай.

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусьал хэрэгт үлдээсүгэй.

7 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, эрхтэй болохыг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ