Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 13

 

О.Ба-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.*******а Шүүгдэгч О.Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Ба-гийн давж заалдсан гомдлоор 1723001070004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, ээжтэйгээ хамт Завхан аймгийн Алдархаан сум Мандаат багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******иа овгийн О-ийн Ба- /РД: ИА********/

Шүүгдэгч О.Ба- нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 22-ны хооронд иргэн Б.*******ийн 25 тооны ямааг бэлчээрээс нь хулгайлж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******иа овогт О-ийн Ба-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-г 1/ нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны хонийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 5/09 тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болох, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О.Ба- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 9 дүгээр сарын 22-ны үед манай хотонд нийлсэн байсан 7 тооны ямааг ачиж аваад аймгийн төвийн постон дээр баригдсан. Ингээд Алдархаан сумын хэсгийн төлөөлөгч *******т байцаагдаж 7 ямаа авсанаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хохирогч ******* миний авсан 7 ямаан дээр нэмж 18 ямаа нийт 25 ямаа нэхэмжилсэн. Байцаагч ******* та энэ айлын нэхэмжилж байгаа ямааг төлчих, хэрвээ төлчих юм бол зүгээр сална гэхээр нь зөвшөөрсөн юм. Би 7 ямаа авсанаа зөвшөөрч байна. Тэгээд байцаагч намайг аймгийн төв ороод өмгөөлөгч аваад шүүх хуралд ор гэсэн. Тэгээд ******* өмгөөлөгчийг зааж өгөөд түүнийг өмгөөлөгчөөрөө авсан юм. Миний бодит үнэн бол 7 ямаа авсан нь үнэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч О.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд 7 ямааг авсан. 25 ямаа хулгайлсан гэдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас гомдол гаргасан гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.Ба-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. О.Ба- гэдэг хүн өөрөө бичиг үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцах боломж байхгүй нөхцөл байдал харагдаж байна. Болсон хэргийн талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн, миний тухайд хэргийн материалтай танилцсан болсон үйл явдлыг давж заалдсан гомдол дээр О.Ба- бичсэн байгаа. Уг гомдол дээр би 7 ямаа авсан, харин 18 ямааг аваагүй гэсэн гомдол яригдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөх эрхээр хангасан асуудлын тухайд эргэлзээтэй. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны зарчим юм. Улсын яллагчийн санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж болох заалт байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол энэ зүйл ангид зааснаас доогуур ялын дээд хэмжээний 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулж болохоор заасан заалтыг хэрэглэж О.Ба-д ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулах буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв. Прокурор Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч О.Ба- өмгөөлүүлэх эрхээр хангасан эсэх нь эргэлзээтэй гэж ярьж байгаа ч анхан шатны шүүхэд түүний өмгөөлөгч Д.******* оролцож шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж оролцож байсан. Өнөөдөр шүүх хурал дээр би 7 ямаа авсан, бусдыг нь аваагүй, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байна гэдэг асуудлыг ч шүүгдэгч О.Ба- ярьж байна. Гэтэл хэргийн материалд авагдсан гэрч Н., Ц.******* нарын мэдүүлгээр тухайн үед 7 тооны ямааг аваад аймгийн төв рүү оруулаад зарах гэж байхдаа би өөрийн ямаанаасаа зарах гэж байна гэж ярьж байхад ах нь нээрээ л өөрийн ямаанаас зарж байгаа байх гэж бодож байсан гэсэн гэрч Н.гийн мэдүүлэг бий. О.Ба-гийн төрсөн дүү хэрэг прокурорт шилжиж хяналтанд байх үед ах та хэргээ хүлээгээд, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүл гэж байсан. Өмгөөлөгч Д.******* нь хүнд буян болчих гээд янз бүрийн мессэж бичиж байсан. О.Ба-гаас та яагаад давтан гэмт хэрэг үйлдээд байсан юм бэ? гэж асуухаар юу ч дугарахгүй уйлаад байсан. Ямаа хулгайлсан үйлдлээ мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч өнөөдрийн шүүх хурал дээр би 7 ямаа л авсан, бусдыг нь мэдэхгүй гэж ярьж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч О.Ба-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ба-г 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Д.*******ийн малнаас 1.480.000 төгрөгний үнэтэй 9 толгой эм, 16 толгой эр ямаа буюу нийт 25 тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулжээ. Шүүгдэгч О.Ба- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо “...миний бодит үнэн гэвэл 7 ямаа хулгайлсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч О.Ба-д холбогдох эрүүгийн хэргийг хянахад О.Ба- нь хохирогч Д.*******ийн малнаас 22 тооны ямаа хулгайлсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.*******ын “...О.Ба- хоттой малнаасаа эхлээд 7 ямаа ялгаж аваад, миний машинд ачиж Улиастай сум ороод 1 ямааг нь манайх гаргаж идээд, бусдыг нь О.Ба- баруун бүсийн худалдааны төвд аваачаад зарсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын дундуур эр, охин нийлсэн 15 ямааг миний машинаар ачиж аймгийн төв оруулж зарсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогч Д.******* 25 тооны ямаа хулгайд алдсан гэж мэдүүлж байгаа ч шүүгдэгч О.Ба-гийн малд нийлсэн өөрийнх нь хулгайд алдсан гэх хар зүсмийн зусаг ямаа, улаан, бор 2 ишигнүүдийг буцааж авсан болох нь хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд хохирогчийн өөрийнх нь мөрдөн шалгах явцад өгсөн “...манай саахалт айлын залуу ******* буюу О.Ба- гэдэг залуугийн маланд хулгайд алдсан ямаануудаа шүүж яваад нэг хар зусаг ямаа, 2 ишиг байсныг олж авсан” гэсэн, мөн гэрч Д.ийн хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд өгсөн “... Д.******* хулгайд алдсан 25 ямаанаас 1 зусаг хар ямаа, 2 ишиг буцаан авсан” гэсэн, мөн гэрч Д.ийн хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд өгсөн “... О.Ба- гэдэг айлын малд хулгайд алдсан ямаануудаа шүүж яваад хар зүсмийн зусаг ямаа, улаан, бор 2 ишигнүүдийг буцаан авсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Эдгээр хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдэд үнэлэлт, дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Ба- нь хохирогч Д.*******ийн 25 тооны ямааг хулгайлаагүй ба харин 22 тооны ямааг хулгайлсан нь дээрх хохирогч Д.*******, гэрч Ц.*******, Д., Д. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдлоо. Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн, шүүгдэгч О.Ба-г хохирогч Д.*******ийн 22 тооны ямааг хулгайлсан гэж үзэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хуульзүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. Харин шүүгдэгч О.Ба-гийн хохирогч Д.*******ийн малнаас хар зүсмийн зусаг ямаа, улаан, бор 2 ишиг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Шүүгдэгч *******иа овгийн ийн Ба-д холбогдох 1723001070004 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч Д.*******ийн малнаас хар зүсмийн зусаг ямаа, улаан, бор 2 ишиг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Прокурорын газраас О.Ба-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, О.Ба-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “... Шүүгдэгч О.Ба-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Шүүгдэгч О.Ба-гийн цагдан хоригдсон 58 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасч тооцсугай” гэж, 4 дэх заалтыг “Шүүгдэгч О.Ба-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ