Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01227

 

Б.Амарбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч    Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02889 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1233 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Амарбат,

Хариуцагч : Жаст групп ХХК,

Хариуцагч : Ч.Энххүү,

Гуравдагч этгээд:  Хадгаламж банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б-51 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхийг  Жаст групп ХХК-д даалгуулах, барьцааны гэрээг  хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах тухай нэхэмжлэл,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Жаст групп ХХК, Б.Амарбат нарын хооронд 2013.8.01-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай ирэгний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амарбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн даргаар  И.Хажидмаа нар оролцов.

Б.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2005 онд Жаст групп ХХК-д ажилд    орсноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. 2011 онд тодорхой нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан 2 өрөө байр олгосон. 2011.05.30-ны өдрийн орон сууц эзэмшүүлэх гэрээ ЖГ/05-11 уг гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013.8.01-ний өдрийн №05 тоот гэрээний дагуу 51б байрны 51 тоот 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. 2011.05.30-ны өдрийн ЖГ/05-11 тоот гэрээний 2.5, 3.3 дахь заалтууд хангагдахгүй байна. Иймд гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу дээрх байрыг миний өмчлөлийн байр болохыг тогтоож, өмчлөлд шилжүүлж өгөхийг Жаст групп ХХК-д даалгаж өгнө үү. Мөн тус гэрээний 2.2, 3.5-д зааснаас бусад тохиолдолд харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, солих бусдад түрээслэх, барьцаалах, худалдах зэргийг хориглоно гэж заасан. Гэтэл Жаст групп ХХК нь 4.1 дэх заалтыг зөрчиж нөгөө талд мэдэгдэлгүйгээр Хадгаламж банкинд барьцаалсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцож өгнө үү гэжээ.

Жаст групп ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх 2011.5.30-ны өдөр иргэн Б.Амарбаттай Орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ажилтанг байнгын тогтвортой үр бүтээлтэй сайн ажилласан нөхцөлд компани өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ-ийн 51б байрны 51 тоот 2 өрөөг хямдруулсан үнээр түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тодорхой нөхцөл байдлын улмаас өөрийн энэхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн У.Энххүүгийн нэр дээр түр шилжүүлсэн байсан ба зохих ёсны өмчлөгч нь Жаст групп ХХК болно. Хариуцагчийн хувьд уг гэрээний дагуу дээрх 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан нөхцөл нь бүрэн биелэгдсэн тул Б.Амарбатыг уг орон сууцны өмчлөгч гэдэгтэй маргахгүй гэжээ.

У.Энххүү шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Жаст групп ХХК өөрийн ажилтнууддаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэд хэдэн орон сууцнуудын өмчлөх эрхийг түр хугацаанд тус компанид ажиллаж байсан миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 51б-51 тоот 2 өрөө орон сууц өмчлөх эрх шилжигдсэн. Хэдийгээр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч өөрийн эд хөрөнгийг хэрхэх, хэнд шилжүүлэх нь хууль ёсны эзэн Жаст групп ХХК-ийн мэдлийн асуудал учир миний хувьд маргаангүй. Түүнчлэн, Жаст групп ХХК-ийн Б.Амарбаттай байгуулсан Орон сууц эзэмшүүлэх гэрээний талаар би мэдэхгүй учир уг түүнд орон сууцыг шилжүүлэн өмчлүүлэх талаар миний зүгээс гаргах ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан шаардлагадаа: У.Энххүү нь Хадгаламж банктай 2013.6.24-ний өдөр 12-1060/007/4 Батлан даалтын гэрээг байгуулсан. Гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцаа хөрөнгө бүрд барьцаалбар үйлдэгдсэн. Уг гэрээний 1.1-д зааснаар батлан даагчийн зүгээс банк, зээлдэгч Жаст групп ХХК-ийн хооронд 2012.7.09-ний өдөр байгуулсан 12-1060/78 тоот гэрээ болон нэмэлт гэрээний дагуу зээлсэн 2.5 сая ам.долларын зээлийн үүргийн биелэлтийн баталгаа болгож, хөрөнгө барьцаалсан бөгөөд Баянзүрх дүүрэгийн 51Б байрны 51 тоот 2 өрөө сууц багтсан. Гэрээний зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул шүүх шийдвэр гаргаж Жаст групп ХХК-иас 4.749.270.896 төгрөгийг гаргуулах,заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг заасан. 51 тоот 2 өрөө орон сууцыг Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь уг гэрээг байгуулах үед орон сууц нь зээлийн  барьцаанд  байсан бөгөөд ЖГ/05-11 дугаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа Хадгаламж банкнаас зөвшөөрөл аваагүй. Иймд уг гэрээ  хүчин төгөлдөр бус юм. Орон сууцны өмчлөгч нь Жаст групп ХХК бус, харин иргэн У.Энххүү болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 101/ШШ2016/02889 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан У.Энххүүгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Амарбатыг тогтоож, У.Энххүүд олгосон гэрчилгээг хүчингүй болгож өмчлөгчөөр Б.Амарбатыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үүрэг болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасныг баримтлан  өмчлөлд шилжүүлэх үүргийг Жаст групп ХХК-д даалгуулах, 2013.6.24-ний өдрийн 13-1060/007/4 дугаар батлан даалтын гэрээ нэртэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг орон сууцыг Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхийг Жаст групп ХХК-д даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан  Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн  бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1233 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарбатыг Ү-2201015005 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б-51 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай..” гэж, 2 дахь заалтыг “..Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ү-2201015005 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б-51 тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхийг Жаст групп ХХК-д даалгах болон уг орон сууцыг барьцаалсан 2013.6.24-ний өдрийн Хадгаламж банк У.Энххүү нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай..” гэж өөрчлөн, бусад заалтыг нь хэвээр үлдээжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус хэлцэл байгуулагдах үед болон бие даасан шаардлага гаргах үед Иргэний хуулийн 171.2 дахь хэсгийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хуулийн цэцийн 2015.12.09-ний өдрийн 11 тогтоолоор тус зохицуулалт хүчингүй болсон. "Монгол Улсын Их Хурал"-аас 2016.01.19-ний өдрийн хуулиар Иргэний хуулийн 170.6 дахь хэсэгт дээрх хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг нөхөх агуулга бүхий нэмэлтийг оруулж, тус нэмэлттэй холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулсан. Иргэний хуулийн 4.1-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнхэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Гэвч анхан шатны шүүхээс “...171.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авагүйгээр... гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл гэж маргасан бөгөөд дээрх хуулийн заалт нь үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хүчингүй болосон тул түүний тайлбар үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн. Шүүх Иргэний хуулийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн 27.1-д зааснаар “...Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэх заалтыг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Монголбанкны А153 тушаал, Банкны тухай хуулийн 59.1-д заасны дагуу Хадгаламж банкны эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн ба аливаа этгээдээс банкны эрх хүлээн авагчид хандан Хадгаламж банкны барьцаанд бүртгэлтэй нэхэмжлэлд дурьдагдаж буй орон сууцын талаар гуравдагч этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрлийг хүсэж байгаагүй болно. Иймд иргэний хуулийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-д заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

                                                                        ХЯНАВАЛ:  

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Б.Амарбатын нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

а/. Б.Амарбат 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 51б байрны 51тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох... өмчлөлд шилжүүлэхийг даалгах... барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах...”  гэжээ. /хх 1, 93, 156/   

Нэхэмжлэгч нь шаардлагаа “...2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох... байрыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах...” гэж тодорхойлдог хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлд  2011.05.30-ны өдрийн ЖГ/05-11 болон 2013.08.01-ний өдрийн 05 дугаар гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна. 

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 51б байрны 51 тоот орон сууц нь У.Энххүүгийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй /хх 82/ Жаст групп ХХК-ийн орон сууц болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй , харин уг орон сууцыг хариуцагч нар гэрээний дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг Б.Амарбат шаардлагынхаа үндэслэл болгосон байхад шүүх түүнийг “...өмчлөгч мөн эсэх...” талаар дүгнэлт хийсэн нь гэрээний дагуу шаардах эрх, өмчлөх эрх үүсэх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

б/. Б.Амарбат нэхэмжлэлдээ ”...Жаст групп ХХК нь мэдэгдэлгүйгээр байрыг Хадгаламж банкинд барьцаалсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэсэн боловч Жаст групп ХХК, Хадгаламж банк нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хэрэгт байхгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулаагүй атлаа Хадгаламж банк У.Энххүү нарын хооронд 2013.6.24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь мөн ийнхүү дүгнэлт хийсэн  үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. 

в/. Б.Амарбат нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн боловч гэрээний хоёр талыг бус, харин нэг талыг нь хариуцагчаар заасныг мөн  гэрээ “хүчин төгөлдөр бус байх” эсхүл “хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” нь эрх зүйн хувьд ялгаатай болохыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.    

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02889 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1233 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ