Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0642/З |
Дугаар | 221/МА2018/0083 |
Огноо | 2018-01-31 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0083
2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар221/МА2018/0083 | Улаанбаатар хот |
“ЭБЭИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор, “ЭБЭИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭБЭИ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “ЭБЭИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, ”ЭБЭИ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026887 /ХА-019922/ дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Цогт сумын Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрт Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлөө Кадастрын хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан. Харин Кадастрын хэлтэс өргөдлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу өргөдөл гаргаснаас хойш 1 жил 7 сар гаран хугацааны дараа шийдвэрлэсэн учир анхан шатны шүүх Кадастрын хэлтсийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн "төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" байдаг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх хуулийн хугацаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар 30 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд 30 хоногоор нэмж сунгана. Кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргаас санал авч мөн хуулийн 19.5 эсвэл 19.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу өргөдлийг шийдвэрлэхэд шаардагдах нэмэлт хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, сунгасан хугацаандаа багтаан шийдвэрлэх боломжтой байсан боловч хугацааг сунгаагүй /хугацаа сунгасан талаар шийдвэр гаргаагүй/ учраас өргөдлийг шийдвэрлэх хугацааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс шүүхийн шийдвэрт дурдсанчлан “”ЭБЭИ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, NE-026887 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 6/8946 дугаар мэдэгдэл хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан “20 өдөр”-ийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт нь “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, өргөдөл гаргагчид хариу өгөх хугацаа зөрчигдөөгүй” гэж үзэх үндэслэл, дүгнэлт болохгүй.
Сонсох ажиллагааны талаарх шүүхийн дүгнэлт нь Кадастрын хэлтэс NE-026887 дугаартай өргөдлийг шийдвэрлэхдээ “ЭБЭИ” ХХК-д өргөдлийг нь шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүйг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь сонсох ажиллагаа нь шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг болох тул тухайн шийдвэр гаргах ажиллагааны хугацаанд багтсан байх ёстой. Гэтэл шийдвэр гаргах ажиллагаа нь өөрөө хуулийн хугацаанд гараагүй, хууль зөрчсөн учраас дээрх сонсох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
Захиргааны байгууллага сонсох боломжоо хэрэглэхдээ зорилгодоо нийцсэн байдлаар, тухайн асуудлыг шийдвэрлэхэд зохистой хувилбарыг сонгож хэрэглээгүй байна. “ЭБЭИ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс 1 жил 7 сар гаран хугацааны дараа шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулж, нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдалд нийцээгүй хэлбэрээр сонсох ажиллагааг явуулсан нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс шууд хамааралтай юм.
Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрт Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгохыг "дэмжихгүй" гэсэн 261 дүгээр санал ирүүлснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэнд нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5, 19.5, 19.6-д заасныг тус тус зөрчсөн.
Хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргаас хуулийн хугацаанд "дэмжихгүй" санал ирүүлсэн тохиолдолд өргөдлийг хэрхэн шийдвэрлэхийг шууд зохицуулаагүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг даргын татгалзсан хариу буюу тусгай зөвшөөрөл олгохыг "дэмжихгүй" санал нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу буюу дэмжээгүй санал байх шаардлагыг тусгасан байна. Энэ нь мөн хуулийн 19.6-д заасан аймаг, нийслэлийн Засаг даргын "дэмжсэн хариу" гэдэг бол "хуульд нийцсэн дэмжсэн хариу" байх ёстой буюу захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа гагцхүү "хуульд нийцсэн дэмжсэн санал"-ыг үндэслэх шаардлагыг тус тус илэрхийлж байна.
Хуулийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг хэрхэн хэрэгжүүлэхийг дотоод заавраараа дэлгэрүүлэн зохицуулсан бөгөөд уг зааврыг баталсан эрх зүйн акт нь хүчин төгөлдөр хэвээр байна. Тиймээс хуулийн дээрх зохицуулалтыг хуулийн "... хуулийн хугацаанд "дэмжихгүй" санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана" гэж ойлгохгүй бөгөөд шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэт явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын эрх хэмжээ, чиг үүргийг шалгаж, тус газрыг аймгийн Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх чиг үүрэггүй гэж үзсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хүчин төгөлдөр баримт бичгийг үгүйсгэсэн дүгнэлт болсон.
Мөн шүүх Засаг даргын саналыг ямар шинжээр нь гадагш чиглэсэн, захирамжилсан, эрх зүйн үр дагавар бий болгосон гэж үзэж захиргааны актад хамааруулсан болох нь шийдвэрт хангалттай тодорхой тусгагдаагүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлж буй санал нь "захиргааны акт" биш бөгөөд тодорхой нэг асуудлын талаарх байр суурь, эцсийн шийдвэр гаргахад харгалзан үзэх хүсэл сонирхол юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлж буй санал нь эрх бүхий захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг, бүтээц юм. Санал нь зорилгодоо хүрэх эсэх нь Кадастрын хэлтсийн шийдвэрээс шууд хамааралтай буюу бусад этгээдийн шийдвэрээр хязгаарлагдах шинжтэй, хүссэн үр дагавараа шууд үзүүлэх чадваргүй буюу захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй.
Шүүхийн шийдвэрт дурдсанчлан захиргааны байгууллага нь Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль, тогтоомж, бусад байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхгүй байх, өөрийнхөө гаргах шийдвэр, явуулж буй үйл ажиллагааныхаа үндэслэл болгохгүй байх ёстой.
Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын "ЭБЭИ" ХХК-ийн гаргасан NЕ-026887 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй, хуульд нийцээгүй саналыг үндэслэн нэхэмжлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 319 дүгээр хууль бус шийдвэрийг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ЭБЭИ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “ЭБЭИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“ЭБЭИ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баруун нэртэй газар 2468 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн NE-026887 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын бүртгэлийн хуудаст бүртгэсэн байна.
Улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026887 дугаар өргөдлийн дагуу Ашигт малтмалын газраас Говь-Алтай аймгийн Цогт сумын Баруун нэртэй 2443.81 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8946 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдлийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 261 тоот “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн “...ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” буюу “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчийн тус аймгийн Цогт сумын Баруун нэртэй газарт 2448.81 гектар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн захиргааны байгууллагын шийдвэр нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасантай нийцжээ.
Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаарх санал нь тухайн тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохоор байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд энэ саналын талаар нэхэмжлэгч шүүхэд маргаагүй тул “...хууль зүйн үндэслэлгүй санал” гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Иймээс “аймаг, нийслэлийн Засаг даргын санал нь захиргааны акт биш, ... эрх бүхий байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг, ... бусад этгээдийн шийдвэрээр хязгаарлагдах шинжтэй, хүссэн үр дагаврыг шууд үзүүлэх чадваргүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8946 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн, мөн хуулийн 19.4-т заасны дагуу аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “дэмжихгүй” талаарх саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан өргөдөл шийдвэрлэх хуулийн хугацааг баримтлаагүй” гэх гомдол нь үндэслэлтэй байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН