Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00555

 

 

 

 

 

 

Т СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00310 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т СӨХ-ны хариуцагч Б.Г-д холбогдуулан 718 744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 сарын 25-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны төлбөрийг хог 2 800 төгрөг, лифт 4 000 төгрөг, цэвэрлэгээ 3 500 төгрөг, жижүүр 5 000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг, дундын гэрэл 1 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Гэтэл 36А байрны 85 тоот хаягт оршин суугч Б.Г- нь СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2018 оны 12 сараас 2020 оны 12 сарыг дуусталх хугацаанд төлөөгүй, энэ нь хуримтлагдсаар 718 744 төгрөг болсон байна.

Түүнд хуульд заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан мэдэгдсэн боловч үл ойшоон өнөөдрийг хүрсний улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч цахилгаан, хог тээвэр болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид СӨХ-оос авах үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа болно.

Иймд хариуцагч Б.Г-гаас 718 744 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Т СӨХ-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс 6 сарын хугацаатай чөлөө авсан. Гэтэл тухайн оны 12 сард ажилдаа орох гэтэл аудитын дүгнэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тухай удирдах зөвлөлийн тогтоол гарсан байдаг. 718 744 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлтэй холбоотой эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ гэж тус бүрд нь таслал тавиад тайлбарласан байдаг. Яагаад таслал тавьсан бэ гэхээр хэл зүйн утгаараа ашиглалт гэдэг нь цахилгаан шатны ашиглалт, засвар нь дундын эзэмшил, түүний шугам сүлжээтэй холбоотой, үйлчилгээ нь цэвэрлэгээ, харуул, хамгаалалт гэж нэг мөр ойлгодог.

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2014 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан жишиг тарифыг бид мөрдөх албагүй. Дээд зөвлөл нь зөвхөн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага. Миний хувьд 510 302 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Миний бие дундын өмчлөлтэй холбоотой шугам сүлжээ, эд хөрөнгийн засвар үйлчилгээ, хамгаалалтын зардлын талаар маргаагүй. Харин ашиглалтын болон үйлчилгээний зардлуудын талаар маргаж байгаа. Хуульд заасны дагуу мөнгө төлөх үүрэг надад байгаа боловч миний өгсөн мөнгөнд тааруулсан үйлчилгээ үзүүлэх ёстой. Тайлан тооцоо үнэн зөв эсэхийг шалгах эрхийг Т СӨХ хааж боосон. 12 606 төгрөгийн талаар би эрхээ эдэлж чадаагүй учир шүүхэд тайлбар өгч чадахгүй байна. Бусад төлбөрүүдийн тухайд би нүдээрээ үзээд үр дүнг харж байгаа учир мэдэж байна.

Т СӨХ-нд 5 үйлчлэгч 2013 оноос ажилласан. Гэтэл 2019 оноос 3 үйлчлэгч ажиллаж байна. Цар тахалтай үед оршин суугчдын эрүү, аюулгүй орчинг бүрдүүлсэн гэдгээ яаж батлах вэ. 3 хүн 5 орц буюу 494 айлд яаж хүрч ажиллах вэ. Т СӨХ үйлчилгээгээ бүрэн дүүрэн хангалттай үзүүлчихээд мөнгөө шаардсан бол шударга байх байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие бодитой гарсан зардлыг төлнө гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.Г-гаас 718 744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 862 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Г- нь тус холбооны 36а байрны 185 тоот хаягт гэр бүлийн хамт оршин суудаг, өмчлөх эрхийг гэрчилгээ бүхий этгээд Ш.Н- нь түүний нөхөр бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар СӨХ-ны гишүүн юм. Иймдээ ч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан. Харин тухайн орон сууцанд гэр бүлийн хамтаар амьдардаг, өмнө нь холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүхээс орон сууцны өмчлөгчөөр Ш.Н- улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэр бүлийн гишүүдээс СӨХ-ны дээрх төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 143 дугаар зүйлийн 143.4-т тус тус зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч бусад этгээд нь холбооны гишүүн байхаар зааснаас үзэхэд хариуцагч Б.Г-г СӨХ-ны гишүүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т СӨХ нь хариуцагч Б.Г-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилсэн ба төлбөр төлөөгүй хугацаанаас хамаарч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 572 114 төгрөг байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн 718 744 төгрөг гаргуулна гэж шаарджээ. /хх1-2, 54/

 

Хариуцагч Б.Г- нь анх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч орон сууцны өмчлөгч биш гэсэн тайлбар гаргаж байсан /хх21/ боловч уг тайлбараа өөрчлөн засвар, үйлчилгээний 1 сарын зардал буюу хураамжийн хэмжээний талаар маргаж /хх26-28/, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас 510 302 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 208 442 төгрөгийг эс зөвшөөрч маргасан. /хх65, 92/

 

Нэхэмжлэгч Т СӨХ нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр хорооллын 36а, 36б байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлыг Ч.Ганбат орлон гүйцэтгэдэг болох нь хэрэгт авагдсан 90 дугаартай гэрчилгээ, түүнд хийгдсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 4, 4-арын нүүр/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй гэж хууль буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг залруулах шаардлагатай. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г- нь нэхэмжлэлийн шаардлагаас 510 302 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан байхад анхан шатны шүүх уг тайлбарыг анхаараагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Т СӨХ-ны харьяалдаг Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 36а байрны 185 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Н- бүртгэлтэй болох нь холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож /хх 38/ байх боловч өмчлөгч Ш.Н- нь гадаад улсад ажиллаж, амьдардаг, хариуцагч Б.Г- нь Ш.Н-ийн эхнэр /хх 25/ бөгөөд тус хаягт оршин суудаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Т СӨХ-ны зүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг оршин суугч Б.Г-гаас шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан зохицуулалттай харшлахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу оршин суугч Б.Г- нь гэр бүлийнх нь гишүүний нэр дээр бүртгэлтэй орон сууцанд амьдардаг атлаа тус СӨХ-ны гаргаж буй нийтийн эзэмшлийн зүйлтэй холбоотой зардлыг /гэрэлтүүлэг бүхий орцоор дамжин өнгөрөх, цахилгаан шат ашиглах, эдгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг цэвэрлүүлэх, гаргасан хог хаягдлаа ачуулах г.м/ төлөхгүй байх нь хуульд нийцэхгүй. Учир нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрийнх нь нэр бүртгэлгүй гэсэн үндэслэлээр СӨХ-ны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгч нь Т СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг нэг сард 29 056 төгрөг хэмээн тайлбарлаж, үүнтэй холбоотой Бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 сарын 25-ны өдрийн Б/01 тоот тогтоолыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Дээрх тогтоолд дурдсан үнийн дүн болох харуул хамгаалалт 5 000 төгрөг, хог 2 800 төгрөг, лифт 4 000 төгрөг, цэвэрлэгээ 3 500 төгрөг, жижүүр 5 000 төгрөг, баримт 150 төгрөг, дундын гэрэл 1 000 төгрөг, нийт 21 450 төгрөгөөр 2018 оны 12 сараас 2020 оны 12 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг тооцоход 21 450 х 25 сар = 536 250 төгрөг болж байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Харин тус тогтоолын 5 дахь заалтад засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг гэснийг гаргуулах боломжгүй гэж үзэв. Учир нь, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэрхэн тооцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцоололд тодорхой тусгагдаагүйгээс гадна дээрх хугацаанд тус СӨХ нь дундын буюу нийтийн эзэмшлийн хэдэн м.кв талбайд ямар засвар, үйлчилгээ хийсэн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Г-гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардалд нийт 536 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-нд олгож, үлдэх 182 494 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар хариуцагч Б.Г-гаас 536 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-нд олгож, үлдэх 182 494 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 862 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1 062 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжид 16 737 төгрөгийг хариуцагч Б.Г-гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-нд буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР