Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00417

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00417

 

 

С.С-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00047 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С-ны хариуцагч Г.Бод холбогдуулан гаргасан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1 666 137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сараас эхлээд Төрийн банкнаас нэхэмжлэх гаргасны дагуу төрийн банкнаас хуулга авсан, төлбөрийн задаргаа харагдаж байгаа. Гарааш руу орсон хэсэгт байрлах төмөр бол байр болгоны гараашны хаалганы хэсэгт байдаг үерийн ус орох аюултай учраас авч болохгүй харин ч үргэлж авч цэвэрлэж байдаг. Хэрвээ тухайн төмрийг авлаа гэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тэгэхээр би үүнийг нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагч тал тухайн байранд амьдардаг, хогоо хаядаг байсан үнэн. Манай 96 дугаар байр нь 2015 онд ашиглалтад орсноос хойш тус байрны ... тоотыг Г.Бынх И.Ё /Япон улсын иргэн Японд амьдардаг/ гэдэг хүнтэй удаан хугацаатай лизингийн гэрээ байгуулан худалдан авч одоог хүртэл амьдарсаар байгаа юм. Гэтэл монгол Г.Б нь өнгөрсөн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр нэг ч удаа СӨХ-ны хураамж төлөлгүй өдийг хүрсэн. СӨХ-ны зүгээс удаа дараа шаардлага тавьдаг боловч хэл амаар доромжлох, тоног төхөөрөмжийг эвдэх зэргээр зэрлэгээр танхайрдаг. Иймд хариуцагчаас 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд 4 жил 7 сарын хугацаанд СӨХ-ны хураамжид нийт 1 666 137.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, 13 дугаар хороолол, 96 байр, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Бын өмчлөлийн эд хөрөнгө биш. Г.Б нь энэ орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээд юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т зааснаар сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дах сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан байна. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох Төрийн банкны нэхэмжлэх нь Япон улсын иргэн И.Ёгийн нэр дээр үүссэн байдаг. Хариуцагч Г.Бтой холбоотой ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Төрийн банкны нэхэмжлэх Япон улсын иргэн И.Ёгын нэр дээр байгаа учраас Г.Б хариуцагч биш юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар тухайн сууц өмчлөгч нь Япон улсын иргэн И.Ё байна. Мөн СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгч төлдөг өмчлөгч гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан этгээдийг хэлдэг. Хариуцагч Г.Б нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх этгээд биш болох нь харагдаж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос 1 127 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож, нэхэмжлэлээс 538 637 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 610 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Боос 31 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх И.Ёгоос Г.Бод шилжээгүй байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.1-д зааснаар өмчлөх эрх Г.Бод үүсээгүй болох нь тогтоогдоно. Шүүх хуулийг буруу тайлбарлаж Г.Быг хариуцагч гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасан үндэслэлийг буруу тайлбарлах замаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй, дутуу нотлох баримт цуглуулсантай холбоотой хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтас хэрэгт авагдсан, цугласан нотлох баримтуудаас Г.Б нь 96 дугаар байрны .... тоотын өмчлөгч мөн гэх баримт байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг Япон Улсын иргэн И.Ёгоос зээлээр худалдах-худалдан авах гэрээг хуулийн шаардлага хангуулан гаргуулан авах зайлшгүй шаардлагатай талаар уг нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Ямар учраас тус өдрийн шүүх хуралдаанд гаргах боломжгүй болсон талаараа дараах тайлбарыг хийсэн байдаг. Гэтэл хэрэгт ач холбогдолгүй баримт гэж шүүх хуралдааныг хийсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг үнэлээгүй байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Боос орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 127 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хуулийн 147 дүгээр зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаас үзвэл сууц өмчлөгч нь уг зардлыг төлөх эрх зүйн үндэслэлтэй болохоос өмчлөгч бус иргэн тухайн төлбөрийг хариуцах хуулийн зохицуулалт өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хуульд байхгүй гэж ойлгож байгаа. Гэтэл өмчлөгч иргэний төлөх ёстой төлбөрийг өмчлөгч бус иргэнээр төлүүлж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.С Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Г.Бод холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 666 137.5 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Г.Б нь орон сууцны өмчлөгч биш учир дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй гэх үндэслэл заан маргажээ. /хх-18-19/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

Хэргийн баримтаас хариуцагч нь гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн, .... дугаар хороо, 96 байр, ...тоот орон сууцанд 2017 оны 6 дугаар сараас амьдарч, эзэмшиж байгаа шалтгаанаа тус орон сууцыг Япон Улсын иргэн И.Ётой байгуулсан гэрээний дагуу зээлээр худалдан авсан, үнэ төлж дуусахаар өмчлөх эрх шилжинэ гэж тайлбарласан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Быг хэлцлийн үндсэн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээд гэж үзэх бөгөөд С.Солбооны хувьд тус 96 тоот орон сууцыг эзэмшиж буй Г.Быг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэн хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 89, 91, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас 2016 оны 02 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ. Хуулиар тогтоосон уг хугацаа тасалдах, түр зогссон талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны зардлыг төлөхөөс татгалзах эрхтэй.

Иймд 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 738 000 төгрөг /36 сар х 20 500 төгрөг/-ийг хариуцагч Г.Боос гаргуулан нэхэмжлэгч С.С-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 538 637 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь дээрх хуульд заасанд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасны дагуу шүүгчээс 14 хоногийн дотор татгалзлын үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг үүрэг болгожээ. Шүүх, хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авснаас хойш хэргийг хянан хэлэлцэхээр товлосон өдрийг хүртэл 74 хоногийн хугацаанд татгалзлаа нотлох боломжтой байсан гэх үндэслэлээр хүсэлтийг нь хангахгүй орхисон нь мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсгийн заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00047 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 1 127 500 гэснийг 738 000 гэж, 538 637 гэснийг 928 137 гэж, 2 дах заалтын 31 610 гэснийг 22 262 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ч.ЦЭНД