Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/001226

 

Дестинейшиньмонголия ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 1249 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Дестинейшиньмонголия ХХК,

Хариуцагч : Дрийм энд бест проперти ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ш.Төмөр,

Нэхэмжлэлийн шаардлага: 76.400.949 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 62.554.500 төгрөг гаргуулах, 2012.9.19-ний өдрийн гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Хатанбаатар, Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн дагар И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани туслан гүйцэтгэгчээр Дрийм энд бест проперти ХХК-ийг сонгосон. Тус компани нь гадна фасад, дээврийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр болж тухайн компанийн ирүүлсэн үнийн саналаар буюу 2011.4.26-ны өдөр 017/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 172.980.850 төгрөгийн төсвөөр, мөн өдөр 018/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээврийн угсралтын ажлыг 37.433.000 төгрөгийн төсвөөр тус тус гүйцэтгэхээр болсон. Ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгосон боловч 2011 оны халаалтын улирал эхлэх үед гадна фасад болон дээврийн угсралтын ажил бүрэн дуусаагүй, хийгдсэн ажил үр дүнгийн доголдолтой байсан тул манайхаас ажлаа дуусгах, ажлын доголдлоо арилгахыг шаардсан ч тэд ажлаа зогсоосон. Энэ үед манайх өөрсдийн болон Дрийм энд бест проперти ХХК-д ажиллаж байсан хэсэг ажилчдаар гадна фасадны ажлыг үргэлжлүүлэн хийлгэсэн ч бүрэн дуусгаж чадалгүй 2012 оны дулааны улирал эхлэх үед гүйцээж хийхээр 2012.3.13-ны өдөр Дрийм энд бест проперти ХХК-ийн захиралтай тохиролцсон. Дээврийн үлдэгдэл ажлыг тус компанид хариуцан гүйцэтгүүлж байсан А.Батсанаатай тохиролцон үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан. Гэвч фасадны гадна эмульс өнгө зөрсөн, барилгын төмөр шатыг ханатай бэхэлсэн хэсгээс 15см х 15см хэмжээтэй 77 ширхэг нүхийг бөглөөгүй, 13-14 давхрын хэсэг, 2 болон 14 давхарт эмульс хийгээгүй. 2012 оны 5 дугаар сараас эхлэн орсон борооны ус дээврээр нэвтэрч доголдол илэрсэн. Доголдлыг арилгуулахаар тус компанид 2012.7.05-ны өдөр албан бичиг хүргүүлснээр нэмэлт ажил гүйцэтгэж 2012.8.31-ний өдөр актаар хүлээлцэн, дахин доголдол илэрвэл арилгуулахаар тохиролцсон ч 2013 оны 5 дугаар сард борооны ус дээврээр дахин нэвтэрсэн. Өөр этгээдээр доголдлыг арилгуулах санал тавьж доголдлыг арилгахад гарсан зардлыг төлөхөөр тохирсон. Манай компани тус компаниар гадна фасадны ажлыг гүйцэтгүүлэхдээ гэрээний үнийн дүн болох 172.980.850 төгрөгөөс 103.788.000 төгрөгийг орон сууц өгөх /бартер/ хэлбэрээр төлөхөөр гэрээнд тусгаж, 2011.5.12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл ажлаа бүрэн дуусгаагүй байж иргэн Ш.Төмөрт орон сууцаа шилжүүлэн өгч, орон сууцны үнийн тодорхой мөнгийг авч төлбөр тооцоог будлиантуулснаас гадна дээвэр болон фасадны ажилд нэмэлт санхүүжилт шаардсанаар тухайн компанийн хийгдэж буй бүх ажлын төлбөр тооцоог нэгтгэн бодож, тус компаниас манайд 27.195.100 төгрөгийг 2012.12.01-ний өдрийн дотор төлөхөөр тохирч 2012.9.19-ний өдөр гурвалсан гэрээг байгуулсан.  Иймд  Дрийм энд бест проперти ХХК-иас гурвалсан гэрээний  дагуу төлөх 27.195.100 төгрөг, хүү 5.439.020 төгрөг, фасадны ажлын дутууг гүйцэтгэхэд шаардлагатай 5.129.456 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгах зардал 22.922.349 төгрөг, фасадны ажлыг дахин засварлуулахад гарсан зардал 15.715.024 төгрөг нийт 76.400.949 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Дрийм энд бест проперти ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2011.4.26-ны өдөр Дестинейшньмонголия ХХК-тай барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр 017/011 тоот ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдөр дээврийн угсралтын ажил гүйцэтгэх 018/011 тоот гэрээг тус тус байгуулсан. Гадна фасадны ажлыг 172.980.850 төгрөгөөр гүйцэтгэх, уг үнийн дүнгээс 103.788.000 төгрөгт 99.77 м.кв орон сууц оролцуулах / бартер/, үлдэх хэсгийг бэлнээр шилжүүлэхээр тохирсон. Ажлын эхний үед захиалагч нь гүйцэтгэлийн зарим төлбөрийг шилжүүлсэн. Манайх гараашийн дээврийн цутгалтын ажлыг хийсэн. Гэтэл уг ажлын үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй, мөн II-III үе хар цаас хийх ёстой гэж маргасан тул 2011 оны 9-10 дугаар сард уг ажлыг түр зогсоож байгаад гараашийн дээврийн ажлаа үргэлжлүүлэн хийж бүрэн дуусгасан. Гэрээгээр захиалагч нь цонх хаалга суулгаж, фасадны ажил явуулахад шаардагдах нөхцөл буюу стандарт хангасан шат, дүүжин зэргээр хангах ёстой боловч бүрэн хангаагүй, мөн барилгын цонх суулгалт дуусаагүй, барилгын цутгалт хэмжээ нормын дагуу хийгдээгүй зэргээс шалтгаалж фасадны ажил удааширсан. Манай компани нь ажлаа хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд өөрсдийн зардлаар шат дүүжинг угсарч, ажлаа хэвийн явуулахад шаардагдах нэмэлт зардлыг захиалагчаас хүсэхэд өгөөгүй. Манай компани санхүүжилт босгон ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд захиалагчаас бартераар авсан орон сууцаа иргэн Ч.Солонго, Ш.Төмөр нарт нийт 86 сая төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр цааш нь үргэлжлүүлэн ажлаа явуулсан. Үүнийг захиалагч зөвшөөрч гэрээг баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн дарамталснаар манайх гурвалсан гэрээг байгуулсан. Барилгын материалын зардал 2 сая гаруй төгрөг ороод нийт 24 сая төгрөгийг 4 сард төлнө гэсэн бичгийг нэхэмжлэгчид бичиж өгсөн шалтгаан бол гурвалсан гэрээтэй холбоотой. Хариуцагч нь 3-4 давхар, 4-8 давхрыг тус тус өөр өөр 2-3 компаниар дээврийн ажлыг хийлгэсэн. Барилгын гадна фасадыг хийх хугацаа сунжирсаар хүйтний улирал эхлэн, -10 градусаас дээш хэмийн хүйтэнд захиалагчийн хүсэлтээр гадна фасадны ажлыг хийсэн нь доголдол үүсэхэд нөлөөлсөн. Гадна фасадыг манай компани хийхгүй орхисны дараа захиалагч 2-3 хүмүүсээр хийлгүүлсэн боловч өнгө зөрүүлсэн, нүх гаргасан, хийж чадахгүй байна, барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн юм, зардалд 5 сая  төгрөгийг өгнө гэхээр нь манайх 2011 оны 12 дугаар сараас 2012 оны 01 дүгээр сарын хооронд 14-20 хоног уг ажлыг хийж дуусгаад Улсын комисст 2012 оны 3 дугаар сард хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш дээрх зардлаа нэхэмжлэхэд манайд өгөөгүй. Дээврийн ажлыг хамгийн хямд өртгөөр 37.433.000 төгрөгөөр хийх санал тавьсан. Үнийн санал тавьж дээврийг хийхдээ 10 см зузаантай, 20 С-ээс дээш нягтралтай хөөсөнцөрөөр хийхээр санал оруулсан. Манайхаас гаргасан зураг төслийн дагуу саналыг эднийх зөвшөөрч хийлгэсэн. Уг ажлыг хийх явцад зураг төсөл гүйцэтгэсэн компаниас 10 см хөөсөнцөрийг 20 см болгох шаардлага тавьсан. Дээврийн ажлын өртөг 37.344.000 төгрөг гэж санал өгсөн үнийн дүнд багтаах ёстой. Захиалагчийн саналын дагуу хийснээр нэмэлт зардал болох 8 сая төгрөгийг захиалагч мөн адил өгөөгүй. Гэрээнд хөөсөнцөрийн хэмжээг тодорхойлоогүй. Дээврийн ажил үндсэн өртгийн дагуу хийгдээгүй. Манай компани 20 сая гаруй төгрөгөөр засварласан. Манайх хөөсөөр дулаалах үүрэгтэй. 1-14 дүгээр давхрыг дулаалж, будах ёстой боловч манайх 13, 14 дүгээр давхраас цагаан будгийг хийж эхэлсэн. Нэхэмжлэгчийн 22.922.349 төгрөгийн шаардлага үндэслэлгүй. Захиалагч өөрөө хэвтээ цонхнууд хийсэн ба цонх, усны хаялга зэргийг өөр өөр компани хийсэн. Үүнээс их хэмжээний ус гоождог байсан. Түүнчлэн захиалагч манай компанийн хийсэн дээврийг өөр гүйцэтгэгчид хандан бүхэлд нь өөрчилж, уг зардлаа манайхаас нэхэмжилснийг хариуцах үндэслэлгүй юм. Манайх гараашийн дээврийг хийгээд 8 дугаар сард 2 үе хар цаас наасан байсан. Гэтэл маргааш нь ирэхэд уг цаас хуйларсан байсан. Учир нь захиалагчаас гараажийн дээвэр дээр 50-60 тн хүнд даацын машинаар элс, хайрга зөөснөөс гараашийн дээврээс ус гоожих нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Төмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд нэхэмжлэгчээс орон сууц худалдаж авахаар болсон. Тухайн үед уг байрны борлуулалтыг хариуцан ажиллаж байсан Мастер пропертис ХХК-ийн ажилтантай уулзаж, Хатан байрны 1 дүгээр орцны 5 давхрын 9 тоотыг сонгон өөрийн нэр дээр бүртгүүлж баталгаа болгон 300.000 төгрөгийг тус компанийн дансанд тушаасан. Бидний авах байрнаас 5 сая төгрөгөөр хямд байсан. Ингээд 2011.5.12-ны өдөр орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Энэ хоёр компанийн хоорондын зөрчлийг мэдэхгүй. Миний бие Дестинейшньмонголия ХХК-д мөнгө хэрэгтэй гэсэн үед 2012.5.02-ны өдөр 50 сая төгрөг, 2012.5.28-ны өдөр 22.622.500 төгрөг, 2012.6.04-ний өдөр 18 сая төгрөг, нийт 90.622.500 төгрөг шилжүүлсэн. Т.Эрдэнэбулганд бэлнээр 85 сая гаруй  төгрөгийг 2011 оны 7 дугаар сард өгсөн. Байр авахын тулд түүнд 30 сая төгрөг зээлдүүлсэн. Уг мөнгийг одоо хүртэл аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Дрийм энд бест проперти ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хатан барилгын гадна фасадны ажлыг 172.980.850 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон үнийн дүнгийн 60 хувь буюу 103.788.000 төгрөгийг бартер хэлбэрээр 99.77 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1.750.000 төгрөгөөр тооцон байрны үнэд шилжүүлэхээр, үлдэгдэл 40 хувь буюу 69.192.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч удаа дараа шаардуулан байж нийт 50.342.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 18.850.850 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Хатан барилгын дээврийн ажлын хувьд нийт 37.433.000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ба үүнээс 35.229.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2.204.000 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй. Уг барилгын дээвэрт тус барилгын зураг төслийг гаргасан Эрчим төсөл ХХК нь нэхэмжлэгчид дээвэр дээрх дулаалгын хөөсийг 10 см бус 20 см болгох шаардлага тавьсан бөгөөд захиалагч нь  манай компанид үүний дагуу өөрчлүүлэх санал тавьснаар  10 см хөөсөөр дулаалга хийхээр гэрээг батлан ажил эхлүүлсэн байтал 20 см болгон нэмэлт хөөсний зардал, нэмэлт ажлын хөлс гарч ирсэн бөгөөд бид өөрийн хөрөнгөөр хийж дуусган. Зардал 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Гараашийн дээврийн ажил бүрэн хийгдсэн бөгөөд гэрээний дагуу 27.000.000 төгрөг шилжүүлэхээс 23.500.000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 3.500.000 төгрөг төлөгдөөгүй байна.Иймд нэхэмжлэгчээс  фасадны гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 18.850.850 төгрөг, шат дүүжин угсралтын нэмэлт ажлын зардал 7 сая төгрөг, барилгын ажлын үлдэгдэл төлбөр 2.204.000 төгрөг, хөөсөнцөр өөрчлөхөд гарсан зардал 8 сая төгрөг, гараажийн дээврийн ажлын үлдэгдэл хөлс 3.5 сая төгрөг, нэмэлт ажлын зардал 23 сая төгрөг гаргуулах, 2012.9.19-ний өдрийн гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна гэжээ. 

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний үнийн дүнд материалын зардал, ажлын хөлс орсон. Манай компани шат угсарч өгөөгүй. Гэхдээ шат угсрахад шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Шатыг угсрах талаар хоёр компани хоорондоо гэрээ байгуулж үнэ хөлс тохиролцоогүй, хоорондын ямар ч тооцоо байхгүй. Дрийм энд бест проперти ХХК нь манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа 107Б байрны  37 тоот орон сууцыг захиалсан бөгөөд захиалсан орон сууцаа иргэн Ч.Солонгод шилжүүлсэн гэх боловч Ч.Солонго 1 дүгээр орцны 5 давхрын 4 өрөө 9 тоот орон сууцыг захиалсан. Ажил бүрэн дуусаагүй, ажлын гүйцэтгэлийг актаар аваагүй байхад бартериар гэрээ хийсэн орон сууцаа бусдад шилжүүлэх, зарахдаа албан ёсоор буюу бичгээр манай компанид санал гаргаагүй. Ч.Солонго, Ш.Төмөр нар нь бартериар тохиролцсон 103.788.000 төгрөгийг манай компанид төлөөгүй байрны үлдэгдэл төлбөр гэх 50 сая төгрөгийг  2012.5.02-ны өдөр, 22.622.500 төгрөгийг 2012.5.28-ны өдөр төлсөн. Тус компани нь ажлын гүйцэтгэлээс давсан санхүүжилтийг авсан атлаа гадна фасадны ажлыг зогсоосон. Гэрээний үнийн дүн нь тус компаниас гаргасан үнийн саналын дагуу хийгдсэн . Ш.Төмөрийн захиалсан байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөр гурвалсан гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь ажлаа доголдолтой хийсэн гэдэг нь нотлогддог. Доголдлыг арилгахтай холбоотой зардлыг манайх хариуцагчаас нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 227 дугаар зүйлийн 227.5, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 52.043.620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2012.9.19-ний өдөр байгуулсан  гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,нэхэмжлэгчээс 4 сая төгрөг гаргуулж хариуцагчид олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагчаас   шинжээчийн ажлын хөлсөнд 2 сая  төгрөг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид   нэхэмжлэгчийн төлсөн 697.910 төгрөг, хариуцагчийн төлсөн 934 825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 418.168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 222.875 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 1249 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Дрийм энд бест проперти ХХК-иас 44.947.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дестинейшньмонголия ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31.453.849 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Дестинейшньмонголия ХХК, Дрийм энд бест проперти ХХК, иргэн Ш.Төмөр нарын хооронд 2012.9.19-ний өдөр байгуулсан Захиалагч гүйцэтгэгч, орон сууц захиалагчдын гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай..”  гэж, 3 дахь заалтын “418.168 төгрөг” гэснийг “382.685 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шинжээч томилуулах хүсэлтийг хэргийн оролцогчид гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачлагаар шинжээч томилж байгаа нь ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасан "хэргийн оролцогчийн хүсэлтээр" гэснийг зөрчиж байгаа бөгөөд тухайн асуудалд холбогдуулан шүүгчээс татгалзаж, уг хууль бус захирамжаа хүчингүй болгож өгнө үү хэмээн шүүхэд хандаж байсан ч хүлээн аваагүй. Хууль зөрчиж гарсан дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талаар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо бичихэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна гэсэн үндэслэлээр уг гомдлын эхний хэсгийг хүлээн аваагүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 22 дугаар талын сүүлийн доголд байгаа дүгнэлт нь шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан бөгөөд хэрэв шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлаж дүгнэлт хийгээгүй бол баримтанд тулгуурлахгүйгээр шүүгч дүгнэлт хийсэн болох ба энэ тохиолдолд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангахгүй юм. Түүнчлэн шүүгч өөрийн үзэмжээр шинжээч томилсон асуудал дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна уг хууль бус үйлдлийг нь "өөрсдөө асуулт гаргаж өгсөн" гэдгээр зөвтгөж байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Нэхэмжлэгч этгээдэд шаардах эрх байгаа эсэх. Нэхэмжлэгч тал нь Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан. Тухайлбал, гүйцэтгэсэн ажлыг эвдэх, тохирсон хөлсөө төлөхгүй байх, техникийн шаардлага хангасан дүүжингээр хангахгүй, зураг шийдлээ өгөхгүй байсан. Түүнчлэн хүйтний улиралд ажил гүйцэтгэхийг шаардаж, Барилгын тухай хуулийн болон гэрээний заалтыг ноцтой зөрчсөн байтлаа хууль ёсны эрх зөрчигдсөн хэмээн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тийнхүү шаардах эрхгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээний талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" хэмээн заасан ба ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний 3.4-т заасны дагуу өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн байтал захиалагч талд буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх нь хуулийг буруу хэрэглэж байгаа явдал болно. Хариуцагч талд шаардах эрх байгаа эсэх. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хүйтний улиралд засал чимэглэлийн ажлыг явуулсан бөгөөд нэгэнт ажлаа хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсөө шаардах эрхтэй буюу сөрөг нэхэмжлэлээ хангуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд шийдвэр, магадлалд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ: 

Дестинейшньмонголия ХХК нь Дрийм энд бест проперти ХХК-иас нийт 76.400.949 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс 62.554.500 төгрөг гаргуулах,  2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн, Дестинейшньмонголия ХХК нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар

Нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандаж Дрийм энд бест проперти ХХК-иас нийт 60.685.925 төгрөг шаардахдаа үндэслэлээ “...гурвалсан гэрээний  дагуу төлөх 27.195.100 төгрөг, хүү 5.439.020 төгрөг, фасадны ажлын дутууг гүйцэтгэхэд шаардлагатай 5.129.456 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгах зардал 22.922.349 төгрөг...” гэж тайлбарлан, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас гадна фасадны ажлыг дахин засварлуулахад гарсан зардал 15.715.024 төгрөгийг нэмж нийт 76.400.949 төгрөг гаргуулахыг хүссэн ба уг нэхэмжлэлээ анхан шатны шүүх хуралдаан дээр /хх 1-ийн 1-3, хх 2-ын 50, 172/ дэмжсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас барилгын дээврийн ажлын 3.368.880 төгрөг, гадна фасадны ажлын зардал 6.424.247 төгрөг, фасадны ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 15.715.024 төгрөг, бартерын зөрүү 15.963.200 төгрөг, заслын материалын үнэ 67.000 төгрөг, ажлын хөлс 83.000 төгрөг, дээврийн ажлын засварт /Ууганбаатрын гүйцэтгэсэн ажил/ 10.422.349 төгрөг нийт 52.043.620 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн /хх 2-ын 199/ байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нь гадна фасад, дээвэр, гаражийн дээврийн ажлын зардал 27.195.100 төгрөг, бартерын байрны үнэ 17.752.000 төгрөг нийт 44.947.100 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Хоёр шатны шүүхийн дүгнэлтээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй мөнгийг хариуцагчаас гаргуулсан байна. Тодруулбал, бартераар авсан байрны зөрүү, заслын материалын үнэ, ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардаагүй байхад анхан шатны шүүх бартераар авсан байрны үнийн зөрүүд 15.963.200 төгрөг, заслын материалын үнэд  67.000 төгрөг, ажлын хөлс гэж 83.000 төгрөг гаргуулсан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн буюу 15.715.024 төгрөгийн шаардлагын талаар дүгнэлт өгөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардаагүй мөнгө буюу бартераар авсан байрны үнэ 17.752.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй гэж үзнэ.   

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын талаар

Дрийм энд бест проперти ХХК шүүхэд гомдол гаргахдаа “...зохигч хүсэлт гаргаагүй байхад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан... ажил гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр ажил хийсэн тул захиалагчид мөнгө төлөх үүрэггүй... нэмэлт ажил хийсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн байх бөгөөд гомдлыг хангах үндэслэлгүй байна.          

Анхан шатны шүүхийн шүүгч 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12378/б дугаартай захирамж гаргаж шинжээч томилсон ба зохигчид маргаантай байгаа асуудлаа /хх 2-ын 85-88/ шинжээчид тодруулж өгсөн, шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт байгаа бусад баримтуудтай харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-г зөрчөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул энэ тухай гомдол нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

3. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

3.1. Нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн оноосон нэрийг “Дестинейшнь Монгол” гэж бичсэн байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /хх 1-ийн 5/ нэхэмжлэгчийн оноосон нэрийг “Дестинейшньмонголия” гэж тэмдэглэсэн байна. Зохигчид  маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэрэгт авагдсан баримтад дурдсан  “Дестинейшинь Монгол” ХХК-ийг “Дестинейшиньмонголия” ХХК гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэрийг “Дестинейшинь Монгол” гэж бус, харин “Дестинейшиньмонголия” гэж бичих нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт нийцнэ.

3. 2. Дестинейшиньмонголия ХХК-ийн нэхэмжлэлийн талаар

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй мөнгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Зохигчид 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 017/011 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Дээврийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107Б хаягт байрлах орон сууцны барилгын гадна фасадны дулаалгын болон гадна хөнгөн блокон ханын өрлөгийн ажил болон дээврийн угсралтын ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч мөнгийг нь төлөх тухай  тохиролцжээ. /хх 1-ийн 6, 10/

Хариуцагч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.  Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй.

Дестинейшиньмонголия ХХК нь Дрийм энд бест проперти ХХК-иас гурвалсан гэрээний дагуу төлөх 27.195.100 төгрөг, хүү 5.439.020 төгрөг, фасадны ажлын дутууг гүйцэтгэхэд шаардлагатай 5.129.456 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгах зардал 22.922.349 төгрөг, гадна фасадны ажлыг дахин засварлуулахад гарсан зардал 15.715.024 төгрөг нийт 76.400.949 төгрөг шаардсан байна.

а/. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан ба барилгыг Улсын комисс хүлээн авсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Зохигчид нь “Хатан” барилгын гадна фасад, дээвэр, гаражийн дээврийн ажлын гүйцэтгэлийг дүгнэн гэрээ байгуулсан, уг гэрээ нь талуудын хооронд тооцоо нийлсэн баримтыг үндэслэсэн нь тогтоогдсон, эдгээрийг үгүйсгэх нөхцөл байдал нотлогдоогүй тул  нэхэмжлэлээс 27.195.100 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.   

б/. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5.439.020 төгрөг шаардсан боловч үндэслэлээ заагаагүй, энэ тухай баримтгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.   

в/ Дрийм энд бест проперти ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх талаар  зохигчид маргасан байх ба гарсан доголдлын талаар захиалагч шаардлага гаргаж байсан нь тогтоогдоогүй тул фасадны ажлын дутууг гүйцэтгэхэд шаардлагатай 5.129.456 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгах зардал 22.922.349 төгрөг, гадна фасадны ажлыг дахин засварлуулахад гарсан зардал 15.715.024 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, энэ тухай шаардлага нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т нийцээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй. Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах боломжтой юм. 

Дээр дурдсан үндэслэлээр Дестинейшиньмонголия ХХК-ийн нэхэмжлэлээс “...гурвалсан гэрээний дагуу төлөх 27.195.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах...”  шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг буюу “...хүү 5.439.020 төгрөг, фасадны ажлын дутууг гүйцэтгэхэд шаардлагатай 5.129.456 төгрөг, дээврийн ажлын доголдлыг арилгах зардал 22.922.349 төгрөг, гадна фасадны ажлыг дахин засварлуулахад гарсан зардал 15.715.024 төгрөг...” гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

3.3. Дрийм энд бест проперти ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар

Дрийм энд бест проперти ХХК нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс  фасадны гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 18.850.850 төгрөг, шат дүүжин угсралтын нэмэлт ажлын зардал 7 сая төгрөг, барилгын ажлын үлдэгдэл төлбөр 2.204.000 төгрөг, хөөсөнцөр өөрчлөхөд гарсан зардал 8 сая төгрөг, гараажийн дээврийн ажлын үлдэгдэл хөлс 3.5 сая төгрөг, нэмэлт ажлын зардал 23 сая төгрөг гаргуулах, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.   /хх 1-ийн 82-84, 146-147, хх 2-ын 38-39/

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс шат, дүүжин угсралтын нэмэлт ажлын зардал 7 сая төгрөгөөс 4 сая төгрөгийн шаардлагыг хангаснаас гадна 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ба үлдэх 58.554.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчээс  4 сая төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч өөрчлөлт оруулахдаа “гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагаас бусдыг нь шийдвэрлээгүй орхисон нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3-т нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 1249 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “....Иргэний хуулийн 56, 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т заасныг баримтлан Дрийм энд бест проперти ХХК-иас 27.195.100 төгрөг гаргуулж Дестинейшиньмонголия ХХК-д, Дестинейшиньмонголия ХХК-иас 4.000.000 төгрөг гаргуулж Дрийм энд бест проперти ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэлээс үлдэх 49.205.849 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 58.554.850 төгрөгийг болон 2012оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтын “...418.168 төгрөг...” гэснийг “...293.385 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 382.700 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ