Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0037

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар221/МА2018/0037

Улаанбаатар хот

 

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Ш.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.1, 15.2-т заасныг тус тус баримтлан Ц.Н-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С-т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-т олгогдсон газар эзэмших .... тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, Ц.Н-ийн нэр дээр газар эзэмших эрх сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар Г.С-т газар өмчлөх тухай ..... тоот шийдвэрийг хүчингүй болгох, дээрх шийдвэрийг үндэслэн Г.С-т хууль бусаар олгогдсон Г-..... тоот улсын бүртгэлийн дугаартай .... тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийн шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.Н-ийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ талаар хангалттай нотлох баримт байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр дахин давтан шинжлэн судлагдсан.

Миний удаа дараагийн хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн Газрын алба ямар ч хариу өгөөгүй байхад шүүх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжаар хариу өгсөн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн 31 дүгээр зүйлийн 31.3-д “...бусдын ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг үндэслэн дүгнэлт хийхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн, энэ тухай хүсэлтээ гаргасан, Газрын албанд холбогдох албан тушаалтны буруутай үйлдлээс болж одоо хүртэл газрын гэрчилгээгээ авч чадахгүй анх авсан газраа эзэмшин ашиглаж байгаа талаарх нотлох баримт, тайлбарыг хүлээн авч үнэлсэнгүй.

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба анх өгсөн цагаан буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацаагүй өгч байсан бөгөөд уг гэрчилгээг эзэмшиж байсан хүмүүс 15 жилийн дотор төлбөрийг 15 жилийн хугацаагаар буюу 30,800 /гучин мянга найман зуу/ төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд төлүүлж гэрчилгээг сунгаж өгч байсан.

Уг сунгалтын дагуу авсан “... Л.Ж-ийн газар ашиглах хугацаа нь 5 жилээр олгосноос харахад нэхэмжлэгчийн газар ашиглах хугацааг 2007 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх маргаж байгаа талуудын гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарт үндэслэхгүй, огт хамаагүй хүний гэрчилгээн дэх хугацааг үндэслэж шийдвэр гаргаж, шударга бус дүгнэлт хийсэн. Энэ байдлаас харахад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л “...Ц.Н нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-5 тоот хаягт байршилтай газрыг 2000 оноос хойш эзэмшиж байгаа, ...2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусгавар болж, мөн гэрчилгээ алга болсон тул уг гэрчилгээг хүчингүй болгож, дахин гэрчилгээ авах талаар хүсэлт гаргасан, ... Сонгинохайрхан дүүргийн Газрын алба маргаан бүхий газартай холбоотой хүсэлт болон баримт байсаар байхад уг газрыг Г.С-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...” гэсэн үндэслэлээр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 тоот захирамжийн Г.С-т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-т олгогдсон газар эзэмших ..... тоот гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 тоот захирамжаар Г.С-т газар өмчлөх тухай 0112198 тоот шийдвэр, дээрх захирамжийг үндэслэн Г.С-т хууль бусаар олгогдсон Г-...... улсын бүртгэлийн дугаартай ...... тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Ц овогтой Н-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Газрын тухай хууль /1994 он/-ийн 38 дугаар зүйлийн 1 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно/-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Н-д тус дүүргийн 7 дугаар хороо, Зээлийн 17-3 тоот хаягт байрлах 500 м.кв газрыг ашиглахыг зөвшөөрч гэрчилгээ олгосон, харин нэхэмжлэгчид газар ашиглуулах зориулалт, хугацаа, болзлыг тусгасан гэрээг байгуулаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус дүүргийн ..... дүгээр хороо, ...... тоот хаягтай болж өөрчлөгдсөн өөрийн ашиглах эрх бүхий дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн үндэслэлээр дахин шинэ гэрчилгээ гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасныг хариуцагчаас шийдвэрлээгүй атлаа уг газрыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий А/143 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.С-т эзэмшүүлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2002 онд нэхэмжлэгч Ц.Н-д маргаан бүхий газрыг ашиглах зөвшөөрөл олгохдоо тухайн газрыг ашиглах тодорхой хугацаа, болзлыг заасан гэрээ байгуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байхад хариуцагчаас “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон” гэж тайлбарлан уг газрыг гуравдагч этгээдэд амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим болон мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...энэ газартаа амьдарч байгаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл гээгдүүлсэн гэх газрын гэрчилгээг сэргээх болон газар ашиглах хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй” гэж буруутган түүний газар эзэмшиж ашиглах эрхийн хугацааг иргэн Л.Ж-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан 5 жилийн хугацаатай адилтган тооцож, 2007 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан гэж дүгнэн, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Ц.Н-ийн газар эзэмшиж ашиглах эрх дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, түүний маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байхад уг газрыг гуравдагч этгээд Г.С-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байх тул уг захирамжид үндэслэн гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, маргаан бүхий газрыг Г.С-рт өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж, гэрчилгээ, мөн газрын улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй.

Учир нь, гуравдагч этгээд Г.С-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх үүсээгүй тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай А/478 дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2 дахь заалт, мөн газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С-т холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-т олгогдсон газар эзэмших эрхийн ......... тоот гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Г.С-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын Г.С-рт газар өмчлүүлэх тухай .......... тоот шийдвэр, уг шийдвэрт үндэслэн Г.С-т олгосон Г-.......... улсын бүртгэлийн дугаартай ........... тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Ц.Н-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                             ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН