Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 151

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч    Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч А.А,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.овгийн Б. О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С. овгийн М. У нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын “Кола кебаб” хоолны газар тогооч ажилтай, ам бүл-6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 3-86 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Б.овогт Б.О,

 Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захын гутлын лангуун дээр худалдагч ажилтай, ам бүл-.5, эцэг, эх  2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 46-14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, УШ98111476 дугаарын регистртэй, Сартуул овогт Мөнхзаяагийн Ууганбаяр нарт холбогдох 1708003000140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 07 дугаар сарын 02-оос 3-нд шилжих шөнө иргэн А.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн иргэн А.А-ын толгойн тус газарт чулуу шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч М.У- нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 07 дугаар сарын 02-оос 3 нд шилжих шөнө иргэн А.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах      талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

         2017 оны 7 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө би найзуудын хамт машиндаа сууж байтал нэг ах ирээд пиво уух уу гэсэн, уухгүй гэснээс болж бид хоёр маргалдсан, намайг чирээд айлын хашааг налж унагаасан. Тэр ахаас салах гээд чадахгүй байсан. Ууганбаяр намайг салгаад, бид хоёр машин руугаа гүйхэд араас тэр ах чулуу шидсэн, тэгэхээр нь би тэр ахыг айлгах гээд эргэж хараад чулуу шидсэн, оносон эсэхийг мэдэхгүй. Хохирогчид нийт 1.650.000 төгрөгийг төлж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч М.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 7 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө О-н гэрийн гадаа машинтай зогсож байгаад би бие засах гээд гарахад нэг ах пиво барьчихсан ирсэн, машинд суутал О-н цонхон дээр тэр ах ирээд тэд муудалцсан. Би салгах гээд нилээд ноцолдсон. Тэгээд салгаад О- бид хоёр зугтсан, бидний араас тэр ах чулуу шидсэн, чулуу нь машиныг оносон. Би хохирогчийг салгах гэж байхдаа өшиглөж зодсон. Би чулуу шидээгүй. Хохирогчид 600.000 төгрөг төлж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 7 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө би гэртээ харих гээд явж байтал энэ нөхдүүд байсан. Би архи, пивоны шил битгий хаяарай гэж хэлсэн. У- О-г дуудсан. О- машинаас бууж ирээд намайг шууд цохиод авсан. Нийлж нилээн зодсон. Тэгээд зугтахаар нь би араас нь шороо шидэхэд эргүүлээд над руу чулуу шидтэл намайг оноогүй хажуугаар зөрсөн. Дахин нэг чулуу шидэхэд нь намайг толгойд оносон юм. Баримтаар нотлогдсон эмчилгээний зардал болох 1.750.000 төгрөгийг хүлээж авлаа. Одоо эмчилгээ хийгдэж байгаа. Өнөөдөр  1.000.000 төгрөгийг нэмж өгсөн.  Одоо нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэв.

Эрүүгийн 1708003000140 дугаартай хэргээс:

Хохирогч А.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 07 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед гараад би найз нартай уулзаад тэнд архи хувааж ууцгаасан ба шөнийн 02 цагийн орчим би найз нараасаа салж гэр рүүгээ такси барьж ирсэн. Манай гэр дэнж дээр байдаг бөгөөд машин явахад хэцүү тул гэрийн доод гудамжинд такситай ирсэн, тэгээд би мөнгөө төлөөд таксигаа явуулсан ба цааш явганаар явах болсон. Тэгээд гэр рүүгээ гудамжаар өгсөж явахад манай гэрийн хашааны хойд талд машинтай хүмүүс зогсчихсон архи ууцгааж байсан. Тэгэхээр би тэдгээр хүмүүс дээр очоод “та нар одоо явцгаа, нохой хуцаад байна, хүн амьтан амраа” гэж хэлэхэд машины гадна зогсож байсан нэг залуу машинд сууж байгаа нэг залууг дуудсан...машинаас нэг залуу бууж ирэхээр би тэр залууд хандаж “чи яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд машинаас бууж ирсэн нэг залуу үгийн зөрөөгүй намайг гараараа миний нүүр рүү цохисон, би тэр залуутай барьцалдаад авахад машины гадаа байсан залуу бас хажуунаас орж намайг гар, хөлөөрөө цохисон...би нэг залуугийн хөлнөөс тэвэрчихсэн байхад миний хажуу талаас нөгөө залуу нь хөл гараараа л цохиод байсан, ингэж зууралдсаар бид нар хажуу айлын хашаа руу цөмрөөд орсон...тухайн хашаанд тэдгээр залуучууд намайг газар унасан байхад миний дээрээс хөл, гараараа цохиж байсан, тэр үед уг хашааны эзэн гэрээсээ гарч ирээд “та нар болил доо, хүн аллаа ш дээ” гээд орилж байсан. Энэ дуу чимээнээр манай гэрт хөдөөнөөс ирсэн байсан эгч Амгаланбаяр гарч ирэхэд нөгөө залуучууд машиндаа суугаад зугтсан. Би тэр залуучуудын хойноос газраас шороо атгаад шидсэн, тэр үед нөгөө залуучууд машинаасаа гарч ирээд над руу нэг чулуу шидсэн, тэр чулуунд нь би оногдоогүй ба дахиад нэг чулуу шидсэн, харин тэр чулуу миний толгойн баруун хэсгийн зулай орчим оносон ба тухайн үед толгойноос их хэмжээний цус гараад би ухаан алдаад унасан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн...яг хэн нь шидсэнийг бол хараагүй, ямар ч байсан намайг чулуу шидэж толгой хагалсан...гэжээ. /хх-18-19,20-22,145-146/,

Гэрч О.Одонжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би өнөө өглөө 4 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байхад Оюунгэрэл маань “хаалга цөмрөөд ороод ирлээ, гараач ээ” гэхээр нь гартал манай хашааны машин ордог хаалга онгойчихсон дотор талд нэг эрийг газар унагаачихсан 2 залуу дээр нь гарчихсан зодож байсан...Эрээн цамцтай залуу салаад машин луу гүйсэн ба нөгөө ах энэ хүмүүс намайг зодсон гээд хойноос нь хөөгөөд чулуу шидсэн чинь машины номерны нь дээд талд оночихсон. Нөгөө залуучууд бас өөдөөс нь чулуу шидээд байсан ба нэг чулуу ирээд хажуу айлын ахын толгойн оройн хэсэгт оносон юм. Би хэн нь чулуу шидээд, хэнийх нь чулуу толгойг нь оносныг хараагүй...нөгөө залуучууд машинаа унаад явсан... гэжээ. /хх-23/,

Гэрч Д.Лундаасанж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой Ууганбаяр найз маань над руу 19 цагийн залгаад 2 охинтой уулзах уу гэсэн. Тэгээд бид хоёр Гэмтлийн эмнэлэг дээр уулзсан. Тэгээд Ууганбаяр бид 2 найз Одбаяр луу залгаад гэрийнх нь тийшээ явж байгаад Баагий гэж найзтайгаа таарсан. Тэгээд гудамжны доод талын дэлгүүрийн урд 20 цагийн үед Одбаяртай уулзсан...02 цагийн үед голын эргээс хөдлөөд...Одбаярын  гэрийнх нь ойролцоо байдаг нэг айлын хашааны гадаа очоод байж байтал Баагий гэр лүүгээ орлоо гээд орсон. Ингээд Одбаяр, Ууганаа, Намуундарь, Бадамаа бид тав үлдсэн. Тэгээд бид хэд машин дотроо юм яриад байж байтал Ууганбаяр бие засах гээд машинаасаа гарсан. Гэтэл цаанаас пиво гартаа барьсан нэг ах ирж харагдсан Ууганаа дээр очоод пиво уух уу гээд байсан. Гэтэл Ууганаа үгүй гэж хэлсэн. Тэгээд Ууганбаяр буцаад машинд суусан. Тэгсэн чинь тэр ах машины хойд талын нөгөө цонхоор Одбаяраас пиво уух уу гэж асуусан чинь Одбаяр “та наад пиво аваад цаашаа яв л даа асгах гээд байна ш дээ” гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах “сүртэй юм бэ, уучих нь л биз дээ” гэсэн чинь Одбаяр машинаас гараад пиво аваад зүгээр явчих гээд байгаа юм биш үү гэж хэлээд нүүр лүү цохьчихсон...тэр ах гартаа барьсан пивоо хашаа луу шидээд Одбаяртай барьцалдаад авсан. Тэгээд тэр 2 ноцолдож байгаад тэр ах О-ыг хойш нь дараад айлын хашааны хаалга цөмлөөд орсон...Би наанаас нь очоод О-ыг татаад босгоод явах гэхэд тэр ах миний хөлнөөс барьж аваад тавихгүй байсан... У машины тэндээс хүрч ирээд намайг салгасан...машинаа маневарлаад хөдлөх үедээ цонхоороо хартал нөгөө ах газраас чулуу авч харагдсан...У- гүйж орж ирээд машинд суусан бөгөөд У-ыг суух үед чулуу машины арын багаж хэсгийг оносон, араас О- гүйж орж ирээд за яваарай гэхээр нь машинаа хөдөлгөөд тэр чигтээ доошоо уруудаад явсан...гэжээ. /хх-35-36/,

 Гэрч Б.Намуундарь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Шөнө 02-03 цагийн үед голын эргээс хөдлөөд Одкоогын гэрийн ойролцоо очсон...Лундкаа, Одкоо, Ууганаа, Бадамаа бид 5 машин дотроо юм яриад...байж  байтал Ууганбаяр бие заслаа гээд машинаас буусан. Тэр үед доороос нэг ах гартаа пиво барьчихсан хүрч ирээд машины ард Ууганбаярыг пиво уух уу, энэ тэр гээд байх шиг байсан. Тэгсэн чинь Ууганбаяр машин дотор орж ирээд суутал Ууганаатай юм яриад байсан ах, нөгөө талын цонхоор Одкотой харьцаад пиво уух уу гээд байсан. Тэгсэн чинь Одкоо “ би энэ ахыг зодчих уу? гээд машинаас буусан ба Одко тэр ахтай машины ар талд маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь Лундкаа бид хоёр машинаас гараад харахад Одко тэр ах хоёр айлын хашааны хаалга цөмлөөд дээр, доороо орчихсон ноцолдоод байж байсан...Лундкаа машинаа маневарлаад хөдөлгөөд доош уруудахад Ууганаа орж ирээд машинд суусан. Тэгэхэд машины ар луу чулуу шидэж оносон. Хэн нь чулуу шидэж оносныг нь бол хараагүй...доошоо уруу газар уруудаад зогсоход хамгийн сүүлд Одко хүрч ирээ суусан, тэгээд шууд хөдлөөд явсан...гэжээ. /хх-37/,

Гэрч П.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...шөнө хүртэл голын эрэг дээр байж байгаад нэг найз нь харилаа гээд бүгдээрээ явцгаахаар болоод голын эргээс хөдлөөд Гэмтлийн эмнэлгийн харалдаа дэнж дээр нэг найзынх нь гэрийнх нь хажууд очсон...машин дотор юм ярьж сууж байгаад...Ууганбаяр бие заслаа гээд машинаас гарсан. Тэгсэн чинь машины ард Ууганбаяр нэг ахтай юм яриад зогсоод байсан. Тэгсэнээ Ууганбаяр машинд орж ирж суусан чинь Одкоо “би энэ ахыг цохичих уу” гээд машинаас гарсан. Тэгсэн чинь жолоо барьж байсан Лундкаа гэж залуу машинаас буусан, төд удалгүй араас нь Намуундарь буусан...удаагүй Лундкаа, Намуунаа хоёр хүрч ирээд машиндаа суугаад машинаа хөдөлгөөд хэсэг газар яваад зогссон шиг санагдаж байна. Ингээд байж байтал Ууганбаяр орж ирж суугаад хөдлөх үед машины ар луу чулуу шидээд оносон...доошоо жаахан газар уруудахад хамгийн сүүлд Одбаяр хүрч ирж суугаад тэндээсээ хөдлөөд явсан. Би машины гадаа болсон зүйлийг хараагүй. Хамгийн сүүлд О- орж ирж суусан...гэжээ. /хх-151/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

Яллагдагч М.У-, гэрч Д.Лундаасанж нарын 9x5 хэмжээтэй фото зургийг тэдгээртэй ижил царай төрхтэй бусад 6 хүний фото зурагтай зэрэгцүүлж тавин 1-8 дугаар тэмдэг тавив. Яллагдагч М.Ууганбаярын фото зургийг №6, гэрч Д.Лундаасанжийн фото зургийг №1 дугаарлан тавьж бусад хүмүүсийг зургийг №2,3,4,5,7,8 дугаарлан тавив...хохирогч А.Азбаярыг 107 тоот өрөөнд оруулж ирэн 1-8 дугаарлан байрлуулсан зурагнуудыг харуулахад 6 дугаарлаж тавьсан яллагдагч М.Ууганбаярын зургийг зааж “энэ залуу намайг зодсон залуугийн нэг нь мөн байна, би хараад шууд таньж байна”...гэснээр ажиллагааг дуусгав...гэжээ. /хх-147/,

Шүүгдэгч М.Ууганбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

....О-ыг салгах явцдаа хохирогчийн гэдэс рүү нь жийж холдуулсан...голын эргээс хөдлөөд Одбаярын гэрийн тийшээ явсан. Тэгээд О-ын гэрийнх наад талд хашааны гадаа очиход...миний шээс хүрээд байхаар нь бие засах гээд машинаас буугаад бие засчихаад буцаад орох гэхэд доороос нэг ах гартаа пиво барьчихсан ирээд намайг “пиво уух уу” гэхээр нь би “үгүй ээ ахаа, пиво уухгүй” гэж хэлээд машиндаа орж суугаад “гадаа нэг ах намайг пиво уух уу” гэж байна гэж хэлэх үед нөгөө ах Одкоогын сууж байсан талын цонхоор Одкоотой харьцсан. Гэтэл О- уурлаад машинаас гараад нөгөө ахыг цохиод авах шиг болсон...гараад харахад О- нөгөө ахтай айлын хаалга мөргөөд орчихсон дээр доороо орчихсон байсан...араас нь очиход Лундаасанжийн хөлнөөс тэр ах зуурчихаад тавихгүй байхаар нь би Лундаасанжийн гарнаас татаж салгаад Лундаасанжийг “чи очоод машинаа асаагаад байж бай, явъя” гэж хэлтэл Одкоо машины тэндээс Лундкаатай зөрөөд ирж байсан. Тэр үед хохирогч ахтай зууралцаад байж байхад Одкоо хүрч ирээд намайг салгахаар нь би зугтаасан, Одбаяр миний араас мөн адил зугтаасан, гэтэл тэр ах араас чулуу шидсэн, шидсэн чулуу нь Лундаагын машиныг оносон. Одкоо газраас чулуу аваад тэр ах руу зангах байдлаар далайж байсан, би тэр чигтээ гүйсээр машинд орж суухад Одкоо араас ирж суугаад тэгээд хөдлөөд явсан...Лундаасанжийг салгах гээд хохирогчийн ташаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа жийсэн...Миний хувьд чулуу шидээгүй. Харин О- газраас чулуу аваад далайж байсан...гэжээ. /хх-162-163/,

Шүүгдэгч Б.Одбаяр мөрдөн байцаалтын өгсөн мэдүүлэгтээ:

...02 цагийн үед манай гэрийн ойролцоо ирэхэд Баагий гэртээ орлоо гээд гэр лүүгээ орсон...бид хэд машиндаа юм яриад сууж байтал Ууганбаяр машинаас буугаад машины ард хамт явж байсан нэг охинтойгоо уулзаад зогсож байсан. Гэтэл доороос нэг ах алхаад манай машины хажуугаар гараад машины ард зогсож байсан Ууганбаяртай юм яриад байсан ба тэр ах Ууганбаяртай юм ярьж байгаад миний сууж явсан талын цонхон дээр хүрч ирээд “ ахын дүү пиво уух уу” гэхээр нь уухгүй ээ ахаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах гартаа барьсан пивоо машины цонхоор оруулж ирээд “ахын дүү уучих л даа” гээд над руу өгөөд байхаар нь би машинаас буугаад уухгүй гэсэн чинь тэр ах ямар сонин бацаанууд вэ гэхээр нь миний уур хүрээд тэр ахын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ба тэр ах намайг зөрүүлээд заамдаж бариад намайг гэрийнхээ үүд рүү чирээд явсан...Тэр ах намайг заамдаж байгаад түлхэхэд би унахдаа тэр ахыг татаад хамт уруу газар луу өнхрөлдөөд айлын хашаа мөргөөд орсон. Тэр үед Лундаасанж хүрч ирээд намайг тэр ахаас салгахаар нь зугтаагаад Лундаасанжийн машин лүү гүйсэн. Тэгээд машин дээр очиход Ууганбаяр машины гадаа зогсож байсан, харин нөгөө хоёр охин машин дотор сууж байсан. Тэгээд машинд ороод машиныг нь асаагаад холдуулах гэхэд машиных нь түлхүүр байгаагүй, тэгэхээр нь Ууганбаярыг “ чи очоод Лундаасанжыг салгаад аваад ирээч гэхэд Ууганбаяр очсон.Удалгүй Лундаасанж гүйгээд хүрээд ирэхээр нь би Лундаасанжыг “ чи машинаа холдуулчих” гэсэн чинь Лундаасанж машинаа асаагаад маневарласан. Тэгж байх хооронд Ууганбаяр найз маань нөгөө ахтай зууралцаад зогсож байсан. Лундаасанж машинаа эргүүлээд цаашаагаа хэсэг яваад зогссон. Тэгэхээр нь би Ууганбаярыг очиж салгаад, бид хоёр зугтаасан. Тэр үед Лундаасанж машинаа хөдөлгөөд бид хоёрын урд явж байсан ба нөгөө хохирогч ах Ууганбаяр бид хоёрын араас чулуу шидээд байсан ба шидсэн чулуу нь Лундаасанжийн машины арын багажийг онож харагдсан. Би тухайн үед гүйж байхдаа газраас чулуу тонгойж аваад хажуу тийшээгээ шидэхэд айлын хашаа оносон. Тэгэхээр нь дахиад газраас чулуу аваад тэр ахын хөл рүү чиглүүлж шидчихээд зугтаасан. Миний хамгийн сүүлд шидсэн чулуу яг хаашаа юу оносныг нь бол хараагүй, тэгээд чулуу шидээд гүйж байхад Ууганбаяр миний урд гүйж яваад машинд түрүүлээд орсон. Би ардаас нь гүйгээд арай доошоогоо худгийн хажууд машинд суугаад хөдлөөд явсан. Би нийт 2 удаа чулуу шидсэн. Хамгийн эхлээд шидсэн чулуу бол хажуу тийшээгээ айлын хашаа руу шидсэн болохоор оноогүй, харин дараагийн шидсэн чулууг тэр ахын хөл рүү нь чиглүүлээд шидсэн, гэхдээ хөлийг нь оносон уу, эсвэл хажуугаар нь өнгөрөөд гарсан үгүйг нь мэдэхгүй байна.Би тэр ахыг зүгээр айлгах зорилготой л чулуу шидсэн юм. Ууганбаярыг чулуу шидэж байхыг нь бол хараагүй. Ууганбаяр бид хоёрыг тэр ахаас машин луу зугтааж байхад Лундаасанж болон тэр хоёр охин машин дотор байсан. Би тэр хоёрыг хохирогч ахыг цохиж, зодож байхыг хараагүй...Надаас 10 алхамын зайтай л байсан байх. Би сүүлийн чулууг эргэж хараад тэр ах руу шидээд буцаад машин луугаа гүйхэд Ууганбаяр миний урд гүйж байсан...гэжээ. /хх-59-61/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹8693 тоот акт дүгнэлтэнд:

1.А.Азбаярын биед баруун зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдэд цус хуралт, тархи доргилт, зүүн тохой, баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 -д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-45/,

         Шүүх эмнэлгийн шинжээчийн  №1308 тоот акт дүгнэлтэнд:

  1. А.Азбаярын биед баруун зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдэд цус хуралт, тархи доргилт, зүүн тохой, баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун зулай ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдэд цус хуралт, тархи доргилт гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн тохой, баруун тохой, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. /168-169/,

Шүүгдэгч Б.О М.У нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69, 77/, бусад бичгийн нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №8693,1308 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О, М.У нар гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

       Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

           Шүүгдэгч Б.О- нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 07 дугаар сарын 02-оос 3-нд шилжих шөнө иргэн А.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн иргэн А.А-ын толгойн тус газарт чулуу шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.У- нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 07 дугаар сарын 02-оос 3 нд шилжих шөнө иргэн А.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч А.А-н ”...машинаас бууж ирсэн нэг залуу үгийн зөрөөгүй намайг гараараа миний нүүр рүү цохисон...барьцалдаад авахад машины гадаа байсан залуу бас хажуунаас орж намайг гар, хөлөөрөө цохисон... тэдгээр залуучууд намайг газар унасан байхад миний дээрээс хөл гараараа цохиж байсан...нөгөө залуучууд машиндаа суугаад зугтсан, би тэр залуучуудын хойноос газраас шороо атгаад шидсэн, тэр үед нөгөө залуучууд машинаасаа гарч ирээд над руу нэг чулуу шисэн, тэр чулуунд нь би оногдоогүй ба дахиад нэг чулуу шидсэн, харин тэр чулуу миний толгойн баруун хэсгийн зулай орчим оносон...” гэх мэдүүлэг /хх-18-19,145,146/,

  -гэрч О.Одонжаргалын ”...гартал манай хашааны машин ордог хаалга онгойчихсон, дотор талд нэг эрийг газар унагаачихсан 2 залуу дээр нь гарчихсан зодож байсан... нөгөө ах энэ хүмүүс намайг зодсон гээд хойноос нь хөөгөөд чулуу шидсэн чинь машины номерны нь дээд талд оночихсон. Нөгөө залуучууд нь бас өөдөөс нь чулуу шидээд байсан ба нэг чулуу ирээд хажуу айлын ахын толгойн оройн хэсэгт оносон юм...” гэх мэдүүлэг /хх-14-16/,

-гэрч Д.Лундаасанжийн ”...О- тэр ах руу хий далайсан чинь нөгөө ах хашаа руу гүйгээд орчихсон. Тэгээд би машинаа маневарлаад эргэх үед Ууганбаяр, Одбаяр хоёр нөгөө ахтай ноцолдож байсан ба уруудаад доош очоод зогсоход Ууганбаяр гүйж орж ирээд машинд суусан бөгөөд Ууганбаярыг суух үед чулуу машины арын багаж хэсгийг оносон...араас Одбаяр гүйж орж ирээд за яваарай гэхээр нь машинаа хөдөлгөөд тэр чигтээ доошоо уруудаад явсан...Би Намуундарьтай очоод О-ыг тэр ахаас салгаад цаашаа явах гэтэл тэр ах миний хөлнөөс зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь Ууганбаярыг дуудсан...Хохирогч ах миний зүүн хөлнөөс зуурчихаад тавихгүй...Ууганаа ирж салгасан. Ууганаа намайг татаад тэр ахын гарыг тавиулах гээд цээжин хэсэг рүү гараараа түлхсэн, мөн гар луу нь гараараа нэг удаа цохисон. Баруун гарынх нь шуу хэсэг рүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

           -шүүх эмнэлгийн шинжээчийн №8693,1308 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Одбаяр, М.Ууганбаяр нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Одбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, шүүгдэгч М.Ууганбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч М. У-ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт гэмт буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

   Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан нь энэ   гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч А.А өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч Б.О, М.У нараас 2.750.000 төгрөгийн төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул  шүүгдэгч нараас гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,мөн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, шүүгдэгч М.У бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялын төрөл, хэмжээний дотор, М.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ялын төрөл, хэмжээний дотор тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.О дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг, шүүгдэгч М.У дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.О, М.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Б.О, М.У нар цагдан хоригдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин  шүүгдэгч Б.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь дөнгөж 20 настай тул өсвөр насны хүн гэж үзэх боломжтой гэх нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг хоёр дахин багасгах талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх      үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан...” байхад чиглэгдсэн байх ба шүүгдэгч Б.О-т дээрхи хуулийн шаардлага хамааралгүй байна гэж шүүх үзлээ.

        Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

        Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.О, М.У нарын тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.