Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О, М.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Х.Булгантамир,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Булгантамир нарын давж заалдах гомдлуудаар Б.О, М.У нарт холбогдох эрүүгийн 1708003000140 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б.О, 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

С овогт М.У, 1998 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../,

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 7 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө иргэн А.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн мөн иргэн А.Аын толгойн тус газарт чулуу шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.У Б.О нар нь  Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 7 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө иргэн А.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар мөн М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, М.Уыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, нийт 40 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.От оногдуулсан 2 жил 40 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...би мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн саад учруулаагүй, мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Мөн хийсэн хэргээ хүлээсэн, хохирогчид өгөх хохирлын мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан. Миний эхнэр болох Б.Ж нь одоо 3 сартай жирэмсэн, нийтийн байр түрээслэж амьдардаг. Би ажил хийж байрныхаа мөнгийг төлдөг байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул дээрхи байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаар маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй болсон. Хувийн байдлын хувьд “Кола кебаб” хоолны газарт тогооч ажилтай, одоо 20 настай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу ял хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хуулийн зорилго нь...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Оын зүгээс үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авч хохирогч А.Ат учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн Б.О нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын “Кола кебаб” хоолны газарт тогоочоор ажиллаж тогтмол 700.000-800.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болохоор байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд 2 жилээс бага ял ногдуулж болох байсан. Учир нь Эрүүгийн хуулийн зорилго нь мэргэшсэн гэмт хэрэгтэн бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Б.Оын хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Эн гаргасан саналыг шүүх тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон этгээд заавал 14-18 насны хязгаарт багтаж байвал дээрх хуулийн зохицуулалтад хамаарна гэж тайлбарласан. Тус хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг бол шүүхээр хэлэлцэх хэрэгт гэмт этгээд 14-18 настай бол ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар хэргийг шийдвэрлэх эсхүл ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт 21 насанд хүрээгүй тохиолдолд ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулж болохоор шүүхэд эрх олгож хуульчилсан. Шинэ Эрүүгийн хуулиар насанд хүрээгүй гэх ойлголтыг халж, өсвөр насны хүн гэж томъёолсон. Хэдийгээр Б.О 20 настай, насанд хүрсэн боловч хууль тогтоогчийн зүгээс өсвөр насны этгээдэд хорих ялыг багасгах эрх нь шүүхэд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж, эсхүл тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 жилээс доогуур ял оногдуулах боломжтой юм. Иймд дээрх хуульд зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялын доод хэмжээгээр эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг оногдуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан хорих ялын  хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.О нь  2 гэмт хэргийг үйлдсэн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх шаардлагагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн А.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн мөн иргэн А.Аын толгойн тус газарт чулуу шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.У нар нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 3 дугаар гудамжинд 2017 оны 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн А.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Аын: “...2017 оны 7 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед би найз нартайгаа уулзаад архи хувааж ууцгаасан ба шөнийн 02 цагийн орчим найз нараасаа салж гэр рүүгээ такси барьж ирсэн. Манай гэр дэнж дээр байдаг, машин явахад хэцүү тул гэрийн доод гудамжинд такситайгаа ирээд мөнгөө төлөөд таксикаа буцааж явуулсан. Гэр лүүгээ гудамжаар өгсөж явахад манай гэрийн хашааны хойд талд машинтай хүмүүс архи ууцгааж байсан.Би тэдгээр хүмүүст хандаж “та нар одоо явцгаа, нохой хуцаад байна, хүн амьтан амраа” гэж хэлэхэд машины гадна зогсож байсан нэг залуу машинд сууж байгаа нэг залууг дуудсан. Машинаас нэг залуу бууж ирэхээр би тэр залууд хандаж “чи яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд машинаас бууж ирсэн нэг залуу үгийн зөрөөгүй намайг гараараа миний нүүр рүү цохисон, би тэр залуутай барьцалдаад авахад машины гадаа байсан залуу бас хажуунаас орж ирж гар хөлөөрөө цохисон, ингэж зууралдсаар бид хажуу айлын хашаа руу цөмрөөд орсон. Тухайн хашаанд тэдгээр залуучууд намайг газар унасан байхад миний дээрээс хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж байсан. Тэр үед уг хашааны эзэн гэрээсээ гарч ирээд “та нар боль л доо, хүн аллаа” гэж орилж байсан. Энэ дуу чимээнээр манай гэрт хөдөөнөөс ирсэн байсан эгч Амгаланбаяр гарч ирэхэд нөгөө залуучууд машиндаа суугаад зугтсан. Би тэр залуучуудын хойноос газраас шороо атгаад шидсэн, нөгөө залуучууд машинаасаа гарч ирээд над руу нэг чулуу шидсэн, тэр чулуунд нь би оногдоогүй ба дахиад нэг чулуу шидсэн, харин тэр чулуу миний толгойн баруун хэсгийн зулай орчим оносон ба тухайн үед толгойноос их хэмжээний цус гараад би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Яг хэн нь чулуу шидсэнийг хараагүй, ямар ч байсан над руу чулуу шидэж толгой хагалсан...” /хх 18-19, 20-22, 145-146/

гэрч О.О: “...өнөө өглөө 04 цагийн үед гэртээ унтаж байхад эхнэр Оюунгэрэл “хаалга цөмрөөд ороод ирлээ, гараач ээ” гэхээр нь гартал манай хашааны машин ордог хаалга онгойчихсон дотор талд нэг эрийг газар унагаачихсан 2 залуу дээр нь гарчихсан зодож байсан. Эрээн цамцтай залуу салаад машин луу гүйсэн ба нөгөө ах энэ хүмүүс намайг зодсон гээд хойноос нь хөөгөөд чулуу шидсэн чинь машины номерны дээд талд оночихсон. Нөгөө залуучууд бас өөдөөс нь чулуу шидээд байсан ба нэг чулуу ирээд хажуу айлын ахын толгойн орой хэсэгт оносон. Би хэн чулуу шидээд, хэний чулуу толгойг оносныг хараагүй. Нөгөө залуучууд машинаа унаад явсан...” /хх 23/,

гэрч Д.Л: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой У над руу 19 цагийн үед залгаад уулзах уу гэсэн. Бид хоёр Гэмтлийн эмнэлэг дээр уулзсан. У бид хоёр найз О луу залгаад гэрийнх нь тийшээ явж байгаад Баагий гэж найзтайгаа таарсан. Гудамжны доод талын дэлгүүрийн урд 20 цагийн үед Отай уулзсан. Шөнийн 02 цагийн үед голын эргээс хөдлөөд Оын гэрийнх нь ойролцоо байдаг нэг айлын хашааны гадаа очоод байж байтал Баагий гэр лүүгээ орлоо гээд орсон. Ингээд О, У, Намуундарь, Б бид тав үлдсэн. Тэгээд бид хэд машин дотроо юм яриад байж байтал У бие засах гээд машинаасаа гарсан. Гэтэл цаанаас пиво гартаа барьсан нэг ах ирж яваа харагдсан. У дээр очоод “пиво уух уу” гээд байсан. У “үгүй” гэж хэлсэн. У буцаад машиндаа суусан. Тэр ах “сүртэй юм бэ, уучих нь л биз дээ” гэсэн чинь О машинаас гараад “пиво аваад зүгээр явчих гээд байгаа юм биш үү” гэж хэлээд нүүр лүү нь цохичихсон...тэр ах гартаа барьсан пивоо хашаа луу шидээд Отай барьцалдаад авсан. Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад тэр ах Оыг хойш нь дараад айлын хашааны хаалга цөмлөөд орсон. Би наанаас нь очоод Оыг татаад босгоод явах гэхэд тэр ах миний хөлнөөс барьж аваад тавихгүй байсан. У машины тэндээс хүрч ирээд намайг салгасан. Машинаа маневарлаад хөдлөх үедээ цонхоороо хартал нөгөө ах газраас чулуу авч харагдсан. У гүйж орж ирээд машинд суусан бөгөөд Уыг суух үед чулуу машины арын багаж хэсгийг оносон, араас О гүйж орж ирээд “за яваарай” гэхээр нь машинаа хөдөлгөөд тэр чигтээ доошоо уруудаад явсан...”/хх 35-36/,

гэрч Б.Н: “...шөнө 02-03 цагийн үед голын эргээс хөдлөөд Оогын гэрийн ойролцоо очсон. Ла, Оо, У, Б бид тав машин дотроо юм яриад байж байтал У бие заслаа гээд машинаас буусан. Тэр үед доороос нэг ах гартаа пиво барьчихсан хүрч ирээд машины ард Уыг “пиво уух уу”, энэ тэр гээд байх шиг байсан. Тэгсэн чинь У машин дотор орж ирээд суутал Утай юм яриад байсан ах, нөгөө талын цонхоор Отой харьцаад “пиво уух уу” гээд байсан. Тэгсэн чинь Оо “би энэ ахыг зодчих уу” гээд машинаас буусан ба О тэр ахтай машины ар талд маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь Ла бид хоёр машинаас гараад харахад О тэр ах хоёр айлын хашааны хаалга цөмлөөд дээр, доороо орчихсон ноцолдоод байж байсан. Ла машинаа маневарлаад хөдөлгөөд доош уруудахад У орж ирээд машинд суусан. Тэгэхэд машины ар луу чулуу шидэж оносон. Хэн нь чулуу шидэж оносныг нь бол хараагүй, доошоо уруудаад зогсоход хамгийн сүүлд О хүрч ирээд суусан, тэгээд шууд хөдлөөд явсан...” /хх 37/,

гэрч П.Б: “...шөнө хүртэл голын эрэг дээр байж байгаад нэг найз нь харилаа гээд бүгдээрээ явцгаахаар болоод голын эргээс хөдлөөд Гэмтлийн эмнэлгийн харалдаа дэнж дээр нэг найзынх нь гэрийн хажууд очсон. Машин дотор юм ярьж сууж байгаад У бие заслаа гээд машинаас гарсан. Тэгсэн чинь машины ард У нэг ахтай юм яриад зогсоод байсан. Тэгсэнээ У машинд орж ирж сусан чинь Оо “би энэ ахыг цохичих уу” гээд машинаас гарсан. Тэгсэн чинь жолоо барьж байсан Ла гэж залуу машинаас буусан, төд удалгүй араас нь Намуундарь буусан. Удаагүй Ла, Намуунаа хоёр хүрч ирээд машиндаа суугаад машинаа хөдөлгөөд хэсэг газар яваад зогссон шиг санагдаж байна.Ингээд байж байтал У орж ирж суугаад хөдлөх үед машины ар луу чулуу шидээд оносон. Доошоо жаахан газар уруудахад хамгийн сүүлд О хүрч ирж суугаад тэндээсээ хөдлөөд явсан. Би машины гадаа болсон зүйлийг хараагүй, хамгийн сүүлд О орж ирж суусан...” /хх-151/,

шүүгдэгч М.Уын: “...Оыг салгах явцдаа хохирогчийн гэдэс рүү нь жийж холдуулсан. Голын эргээс хөдлөөд Оын гэрийн тийшээ явсан. Тэгээд Оын гэрийнх нь наад талд хашааны гадаа очиход миний шээс хүрээд байхаар нь бие засах гээд машинаас буугаад бие засчихаад буцаад орох гэхэд доороос нэг ах гартаа пиво барьчихсан ирээд намайг “пиво уух уу” гэхээр нь би “үгүй ээ ахаа, пиво уухгүй” гэж хэлээд машиндаа орж суугаад “гадаа нэг ах намайг пиво уух уу” гэж байна гэж хэлэх үед нөгөө ах О сууж байсан талын цонхоор Оотой харьцсан. Гэтэл О уурлаад машинаас гараад нөгөө ахыг цохиод авах шиг болсон. Гараад харахад О нөгөө ахтай айлын хаалга мөргөөд орчихсон дээр, доороо орчихсон байсан. Араас нь очиход Л хөлнөөс тэр ах зуурчихаад тавихгүй байхаар нь би Л гараас татаж салгаад Лг “чи одоо машинаа асаагаад байж бай, явъя” гэж хэлтэл Оо машины тэндээс Латай зөрөөд ирж байсан. Тэр үед хохирогч ахтай зууралдаад байж байхад Оо хүрч ирээд намайг салгахаар нь би зугтаасан, О миний араас мөн адил зугтаасан, гэтэл тэр ах араас чулуу шидсэн, шидсэн чулуу нь Лундаагын машиныг оносон. Оо газраас чулуу аваад тэр ах руу зангах байдлаар далайж байсан, би тэр чигтээ гүйсээр машинд орж суухад Оо араас ирж суугаад хөдлөөд явсан. Л салгах гээд хохирогчийн ташаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа жийсэн. Миний хувьд чулуу шидээгүй. Харин О газраас чулуу аваад далайж байсан...” /хх 162-163/,

шүүгдэгч Б.Оын: “...02 цагийн үед манай гэрийн ойролцоо ирэхэд Баагий гэртээ орлоо гээд гэр лүүгээ орсон. Бид хэд машиндаа юм яриад сууж байтал У машинаас буугаад машины ард хамт явж байсан нэг охинтой уулзаад зогсож байсан. Гэтэл доороос нэг ах алхаад манай машины хажуугаар гараад машины ард зогсож байсан Утай юм яриад байсан ба тэр ах Утай юм ярьж байгаад миний сууж явсан талын цонхон дээр хүрч ирээд “ахын дүү пиво уух уу” гэхээр нь “уухгүй ээ ахаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах гартаа барьсан пивоо машины цонхоор оруулж ирээд “ахын дүү уучих л даа” гээд над руу өгөөд байхаар нь би машинаас буугаад “уухгүй” гэсэн чинь тэр ах “ямар сонин бацаанууд вэ” гэхээр нь миний уур хүрээд тэр ахын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ба тэр ах намайг зөрүүлээд заамдаж бариад намайг гэрийнхээ үүд рүү чирээд явсан. Тэр ах намайг заамдаж байгаад түлхэхэд би унахдаа тэр ахыг татаад хамт уруу газар луу өнхрөлдөөд айлын хашаа мөргөөд орсон. Тэр үед Л хүрч ирээд намайг тэр ахаас салгахаар нь зугатаагаад Л машин луу гүйсэн. Тэгээд машин дээр очиход У машины гадаа зогсож байсан, харин нөгөө хоёр охин машин дотор сууж байсан. Тэгээд машинд ороод машиныг нь асаагаад холдуулах гэхэд машиных нь түлхүүр байгаагүй, тэгэхээр нь Уыг “чи очоод Лундаасанжийг салгаад аваад ирээч” гэхэд У очсон. Удалгүй Л гүйгээд хүрээд ирэхээр нь би Л “чи машинаа холдуулчих” гэсэн чинь Л машинаа асаагаад маневарласан. Тэгж байх хооронд У найз маань нөгөө ахтай зууралдаад зогсож байсан. Л машинаа эргүүлээд цаашаагаа хэсэг яваад зогссон. Уыг очиж салгаад бид хоёр зугатаасан. Тэр үед Л машинаа хөдөлгөөд бид хоёрын урд явж байсан ба нөгөө хохирогч ах У бид хоёрын араас чулуу шидээд байсан ба шидсэн чулуу нь Л машины арын багажийг онож харагдсан. Би тухайн үед гүйж байхдаа газраас тонгойж чулуу аваад хажуу тийшээгээ шидэхэд айлын хашаа оносон. Дахиад газраас чулуу аваад тэр ахын хөл рүү чиглүүлж шидчихээд зугтаасан. Миний хамгийн сүүлд шидсэн чулуу яг хаашаа юу оносныг хараагүй, чулуу шидээд гүйж байхад У миний урд гүйж яваад машинд түрүүлээд орсон. Би араас нь гүйгээд арай дотогшоогоо худгийн хажууд машинд суугаад хөдлөөд явсан. Би нийт 2 удаа чулуу шидсэн. Хамгийн эхлээд шидсэн чулуу бол хажуу тийшээгээ айлын хашаа руу шидсэн болохоор оноогүй, харин дараагийн шидсэн чулууг тэр ахын хөл рүү нь чиглүүлээд шидсэн, гэхдээ хөлийг нь оносон уу, эсвэл хажуугаар нь өнгөрөөд гарсан үгүйг нь мэдэхгүй байна. Би тэр ахыг зүгээр айлгах зорилготой л чулуу шидсэн юм. Уыг чулуу шидэж байхыг бол хараагүй. У бид хоёрыг тэр ахаас машин луу зугтааж байхад Лундаасанж болон тэр хоёр охин машин дотор байсан. Би тэр хоёрыг хохирогч ахыг цохиж, зодож байхыг хараагүй. Надаас 10 алхамын зайтай л байсан байх. Би сүүлийн чулууг эргэж хараад тэр ах руу шидээд буцаад машин луугаа гүйхэд У миний урд гүйж байсан...” /хх 59-61/ гэх мэдүүлгүүд болон зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх147/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8693 тоот акт дүгнэлт /хх 45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1308 тоот акт дүгнэлт /168-169/, шүүгдэгч Б.О, М.У нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69,77/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О, М.У нарын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар мөн М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Б.О, М.У нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж М.У, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.От оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нэмж нэгтгэн нийт 2 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирчээ.

Иймд шүүгдэгч Б.Оын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах”-ыг хүссэн, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшингийн “ял хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Б.О, М.У нар нь 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд  бөгөөд “өсвөр насны этгээд” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорин нэгэн насанд хүрээгүй хүн бүрийг өсвөр насны хүн байх ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг буюу хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг өсвөр насны гэдгийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн этгээдийн сэтгэц, оюун ухаан, өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвар гэх мэт хувийн байдалд тулгуурлан дүгнэлт хийдэг.

Иймээс Б.Оын өмгөөлөгч Б.Булгантамирын  “өсвөр насны этгээд гэж үзэж ял шийтгэл хөнгөрүүлэхийг хүссэн” давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Х.Булгантамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ