Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00486

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00486

 

 

 

Б.Эн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/00078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эн хариуцагч Ж.Эт холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ж.Этай тохиролцон Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2 адууг 57-50 УБЧ дугаартай автомашинд нь ачуулсан. Гэтэл Ж.Э нь 1 адуу чинь алга болчихлоо гэж Лүн сум дээрээс над руу ярьсан. Би араас нь ирж бид хоёр буцаж явж хайсан боловч үхсэн амьд ямар ч байдлаар морио олоогүй. Эхэндээ Ж.Э сайхан ааштай, адууг чинь олоод өгнө, олдохгүй бол оронд нь эрлийз адуу өгнө гэж ярьдаг байсан. Сүүлдээ утсаа авахгүй, авсан ч энд тэнд явна, завгүй байна гэдэг болсон. Лүн сумын цагдаа хэргийг Төв аймгийн прокурор руу шилжүүлснээр шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу авсан. Миний адуу арабын 50 хувь эрлийз цустай ширээтэй, бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай, 2018 онд улсын Засгийн газрын тогтоолтой төрийн наадамд 6 нас буюу эрлийз 3 нас уралдсан. Тэр уралдаанд эрлийз дунд насанд 13-т орсон. Тээвэрлэгч нь захиалагчаасаа ачаа барааг хүлээн авснаасаа хойш хүлээн авагчид шилжүүлэн өгөх хүртлээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг.

Л.Ө ХХК-д адуугаа үнэлүүлсэн. Хурдан морь биш байсан бол энэ залуутай зууралдаж төвөг удахгүй байх байсан. Би хотод амьдардаг. Манай малчин н.Түмэннаст Сүхбаатар аймгийн дарьганга суманд малладаг, миний нэрээр Түмэннаст малын тооллогод бүртгүүлдэг. Шаардлагатай гэвэл баримтыг авч ирж болох байх. Монголчууд малаа зүсэлж ялгадаг. Малын эмч Г.Урансайхан хүрэн зүсмийн доголон үрээ гэсэн байгаа. Хүрэн хээр хоёр шал өөр зүстэй. П.Баасан яагаад гэрчийн мэдүүлэг өгсөн болохыг би мэдэхгүй. Би миний морийг завшсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас хурдан морины үнэ 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Эгийн 2 адууг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 57-50 УБЧ дугаартай автомашинаар тээвэрлэхээр тохиролцон ачиж явсан. Гэтэл Лүн сум дээр ирэх үед түүний 1 адуу алга байна гэж надад хэлсэн. Б.Э бид 2 тэр адууг хайгаад олоогүй. Машин дээрээс үсэрч алга болсон талаар маргахгүй. 4 настай адуу байсан. Харин хурдан удмын араб үүлдрийн адуу гэдгийг зөвшөөрөхгүй. Араб үүлдрийн 50 хувь эрлийз адуу болохыг нотлох баримт байхгүй. 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон үнэмлэхийг баримтаар шүүхэд ирүүлжээ. Энэ үнэмлэх нь ямар насны морьдын уралдаанд олгосон болох нь тодорхойгүй тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй. 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Э Архангай аймгийн Цэнхэр сумын малчин П.Баасангийн гаднаас улаан хээр зүсний хязаалан үрээг авч явсан. Б.Эгийн шүүхэд гарган өгсөн улаан хүрэн зүсний морины эгц урдаас нь авсан фото зураг 2019 оны 7 дугаар сард малчин П.Баасангийн гадаа авсан зураг юм. Энэ зураг дээрх морины баруун хөл хавдартай болох нь тод харагддаг. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр алга болох үедээ урд хөл доголон морь цаашид уралдаж, хурдлах боломжгүй. Иймд гэмтэлтэй морь 10 000 000 төгрөгийн үнэ хүрэхгүй. Ердийн адуу 700 000-800 000 төгрөгийн үнэтэй байгаа. 1 адуу 100-120 кг жинтэй гэж тооцвол нэхэмжилсэн үнийн дүн 10 000 000 төгрөгөөс хариуцагч Ж.Э 840 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт Б.Эн адуу мөн гэдгийг нотолсон баримт байхгүй, малын А дансны тооллогын баримт байхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Морь мал ачиж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн сумын захиргаанаас хасалт хийлгэж мал ачих зөвшөөрөл авч гарал үүслийн бичиг авдаг. Гарал үүслийн гэрчилгээ дээр Б.Эн адуу гэсэн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.1-д ачаа алдагдсан дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.3-393.8-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Талууд шууд тохиролцсон дагалдах бичиг хэрэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан бол түүнээс учирсан хохирлыг тээвэрлэгч хариуцахгүй. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д амьтан тээвэрлэсэн бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж байгаа. Энэ нь жолоочийн хүсэл зоригоос үл хамааран амьтан машин дээрээс үсрэх, унах асуудал гардаг учраас байгаа. Энэ заалтыг үндэслэж Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл 600 км газарт 15,16 адуу ачиж явсан. Адуу ачсан машины араас өөрөө дагаад явсан. Авто машины дундаж хурд 60-70 км цагийн хурдтай явлаа гэхэд 10 цаг явж байж Улаанбаатар хотод ирнэ. Адуу машины тэвшин дээрээс унахад хайсан, хайгаад олоогүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эаас 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 8 850 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 32 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Миний хурдан удмын араб үйлдрийн 4 настай эрлийз, хээр зүстэй, хар дэлтэй, ширээтэй бундан тамгатай морь дааган насандаа Сүхбаатар аймгийн Онгон сумын бэсрэг наадамд 2 байранд орж, мөнгөн медаль авч байсан, Сүхбаатар аймгийн Алтан дарь овоо -ны Төрийн их тахилга, 105-н жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 хурдан морьны уралдаанд эрлийз насны хээр зүсмийн хурдан хүлэг 13-рт хурдалж байсныг гэрчлэх Үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгө үнэлгээний Л.Ө ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/01/53 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар 10 000 000 төгрөг гэж дүгнэсэн, Төв аймгийн Цагдаагийн газарт адуу алдагдсан талаар шалгуулахад Хурдан удмын араб үйлдрийн 4 настай эрлийз, хээр зүстэй, хар дэлтэй, ширээтэй бундан тамгатай хүлэгний үнэлгээг шинжээч нарын дүгнэлтээр 10 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хэн аль шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч тал Ч.Сын тодорхойлолтыг хэрэгт өгсөн боловч гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх... гэж заасан байхад ... эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шинжээч томилох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ. Энэ нь шүүх нотлох баримтыг бүрдүүлэх хуульд заасан журам хэргийн оролцогчийн эрхийг буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Эт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ... Ж.Этай тохиролцон Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2 адуу ачуулсан, ... 1 адуу алга болсон, ... алдагдсан адуу нь арабын 50 хувийн эрлийз цустай, ширээтэй, бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай, 4 настай, зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13-т хурдалж бай шагнал авч байсан, ... Линз өгөөж ХХК-ийн үнэлгээг үндэслэн адууны үнэд 10 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. /хх-97/ Хариуцагч Ж.Э эс зөвшөөрч, ... Б.Эгийн 2 адууг тээвэрлэхээр тохиролцон ачиж явсан, ... 1 адуу алга болсон, ... хурдан удмын, араб үйлдрийн 50 хувь эрлийз цусны адуу гэдгийг зөвшөөрөхгүй ..., нотолсон баримт байхгүй, ... 10 000 000 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй ... гэх үндэслэл заан маргасан байна.

Хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас Б.Эгийн гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шинжээч томилж, алдагдсан морийг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ, нэхэмжлэгч Б.Эгийн хүсэлтээр Линзийн өргөө ХХК-ийн араб 50 хувь эрлийз цустай үрээний зах зээлийн судалгаа хийж ... эрлийз хээр үрээний зах зээлийн үнийг хурдан удамтай адуу гэж үзээд зах зээлийн үнийг 10 000 000 төгрөгөөр тогтоосон ... 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагч Ж.Эийн хүсэлтээр Сонгомол хүлэг ХХК-ийн улаан хүрэн хязаалан үрээг 2020 оны 9 дүгээр сарын адууны махны үнэ болон зах зээл дээр худалдах үнийг харьцуулан 1 150 000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайлан, маргааны зүйл болох морь нь хээр зүсмийн, тахилгатай наадамд хээр морь уралдаж байсан эсэх талаар мэдүүлсэн гэрч Г.Урансайхан, П.Баасан нарын мэдүүлэг, эрлийз насны хээр зүсмийн хурдан хүлэг 13-т хурдлан ирсэн үйл баримттай холбоотой нэхэмжлэгч Б.Эд олгосон үнэмлэх зэрэг бичгийн баримтууд авагджээ. /хх8, 25-32, 43-45, 50-65, 73/ Талуудын хэн аль нь морины үнэлгээтэй холбоотой шүүхийн журмаар шинжээч томилох хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч иргэн Ч.Сын эрлийз хээр үрээг 7 000 000-8 000 000 төгрөгт худалдан авах саналыг Б.Эд гаргахад 10 000 000 төгрөгт өгнө гээд хөдлөөгүй гэх үйл баримтын талаар гаргасан тайлбарыг нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон гэрчийн мэдүүлэгт тавигдах шаардлагыг хангаагүй баримт байна. Учир нь нотариатч Нотариатын тухай хуульд зааснаар баримт бичиг, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үүрэгтэй, харин ямар нэг хэрэг маргаантай холбоотой үйл баримтыг мэдэх этгээдийн тайлбарыг гэрчлэх эрх бүхий этгээд биш юм. /хх-71/

Анхан шатны шүүх энэ баримтыг нотлогооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтаас хасах ёстой байсан боловч ийм ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчдоос дээрх баримтын учир холбогдлыг тодруулаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/00078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Ч.ЦЭНД