Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/02511

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                  2022       05           31   

           101/ШШ2022/02511

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ж.Э-д холбогдох,

 

10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нарийн бичгийн дарга З.Амартүвшин оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ж.Этай тохиролцон Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2 адууг улсын дугаартай автомашинаар ачуулсан. Гэтэл 1 адуу чинь алга болчихлоо гэж Лүн сум дээрээс над руу ярьсан. Би, араас нь ирж бид хоёр буцаж явж хайсан боловч үхсэн амьд ямар ч байдлаар адуугаа олоогүй. Эхэндээ Ж.Э сайхан ааштай, адууг чинь олоод өгнө, олдохгүй бол оронд нь эрлийз адуу өгнө гэж ярьдаг байсан. Сүүлдээ утсаа авахгүй, авсан ч энд тэнд явна, завгүй байна гэдэг болсон. Би, тэсэхээ болиод сураглаж байж машин угаалгын газар нь очсон ба гэтэл хариуцагч өгч чадахгүй, чаддаг юм бол цагдаагаар яваад ав гэсэн. Би Лүн сумын цагдаад хандсан ба миний хэргийг Төв аймгийн прокурор руу шилжүүлснээр шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу авсан.

 

Миний алга болсон адуу арабын 50 хувь эрлийз цустай ширээтэй, бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай, 4 настай адуу байсан. Зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13 дугаарт хурдалж бай шагнал авч байсан. Тээвэрлэгч нь захиалагчаасаа ачаа барааг хүлээн авснаасаа хойш хүлээн авагчид шилжүүлэн өгөх хүртлээ бүрэн бүтэн байдлыг хариуцдаг.

 

Иймд, Ж.Эаас адууны үнэ болох 10,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Араб үйлдвэрийн адуу бүхэн хурдан удмын адуу биш. Нэхэмжлэлд дурдсанаар алга болсон адуу нь арабын 50 хувь эрлийз цустай, ширээтэй бундан тамгатай, хээр зүсмийн хурдан удамтай 4 настай адуу байсан гэдэг боловч алга болсон адууны шүүхэд гаргаж өгсөн фото зурагтай адууны зүс таарахгүй байна.

 

Мөн зүүн бүсийн эрлийз хурдан морины уралдаанд 13 дугаарт хурдалж бай шагнал авч байсан, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Ламын гэгээний наадамд морио уралдуулсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй адуу нь 2018 оны Сүхбаатар аймгийн Алтан-Овооны төрийн тахилга, зүүн бүсийн хурд наадам болон Баянхонгор аймгийн Ламын гэгээний наадам огт уралдаагүй байдаг. Тодруулбал нэхэмжлэгчийн хэрэгт баримтаар гаргаж өгсөн үнэмлэх нь хуурамч байна. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Эд олгосон гэх үнэмлэхийг Баяр наадмын салбар хороо гэх байгууллагаас олгосон байна.

 

Гэтэл баяр наадмыг зохион байгуулах хороо гэж бичигдсэн байх ба Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн үг үсэг бичигдээгүй байхад Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын тамганы дардасыг дүрсэлсэн байгаа учир хуурамч баримт гэж үзэж байна. Тус үнэмлэх дээр их тахилга гэсэн ганц лого байна. Гэтэл хурдан морьдын уралдаанд амжилт гаргасан уяачдад үнэмлэх биш өргөмжлөл олгосон байна. Уг өргөмжлөлд 3 лого дүрсэлсэн байдаг ба үүнд Монгол Улсын төрийн сүлд, Алтан овооны лого, Сүхбаатар аймгийн лого дүрсэлсэн байгаа ба олгосон байгууллага нь Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар байна.

 

Үүнээс гадна 2018 оны Зүүн бүсийн хурд морины уралдаанд Б.Эн маргаан бүхий азарга уралдаагүй гэдэг нь морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд төлсөн баримт байхгүй, унасан хүүхдийн эцэг, эхтэй байгуулсан гэрээ байхгүй, унаач хүүхдийн овог нэр, байхгүй, Алтан Дарь овооны тэнгэрийг тайх төрийн тахилга-105, Зүүн бүсийн хурд-2018 уралдааны нэгдсэн цуваа /бүртгэлд/-д нэхэмжлэгчийн морь бүртгэгдээгүй байна.

 

Монголын морин спорт уяачдын холбооноос шүүхэд ирүүлсэн 2018 оны Их тахилга Зүүн бүсийн уралдааны эрлийз морьдын эрлийз дунд насны морьдын уралдааны 13 дугаарт хурдалж ирсэн адууны зургийг ирүүлжээ. Энэ нь зассан өндөр чацтай морь байна. Харин Б.Эгийн үрээ нь азрага тавих засаатай үрээ байсан. Азраганы дэлийг засдаггүй.

 

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрлийз үрээ нь Сүхбаатар аймаг болон Баянхонгор аймгуудад болсон уралдаанд уралдуулж байсан болох нь нотлогдохгүй байна. Алга болсон адуу эрлийз адуу байсан гэдэгтэй маргах зүйл байхгүй боловч үнэ цэнэтэй хурдан адуу гэдгийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4-т дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан дутсан буву гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8 дах заалтад заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан ба мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.6-д амьтан тээвэрлэсэн гэж заажээ. Адуу бол амьтан мөн. Нэхэмжлэгч нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй ба шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Иймээс нэхэмжлэгчийн адуу үнэ цэнэтэй азрага болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 174,950.00 төгрөг төлсөн баримт,
  2. Төв аймгийн прокурорын газрын 2020.05.25-ны өдрийн 201 дугаар тогтоол,
  3. 2020.05.08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол,
  4. Зүүн бүсийн хурд-2018 үнэмлэх,
  5. Фото зураг,
  6. Хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хариу тайлбар,
  2. Үнэлгээний тайлан,
  3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт,
  4. Зүүн бүсийн хурд-2018 үнэмлэхний хуулбар,
  5. Өргөмжлөлийн хуулбар, хавсралт

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.    Шүүхийн даалгавраар гэрч асуусан тэмдэглэл,

2.    Үзлэг хийсэн тэмдэглэл,

3.    Шинжээчийн дүгнэлт,

4.    Монголийн морин спорт уяачдын холбооны 2022.04.07-ны өдрийн 1/40 дугаар албан бичиг, фото зураг.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эгаас хариуцагч Ж.Эт холбогдуулан 10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 200,000.00 төгрөгөөр 2 адуу ачуулахаар хариуцагч Ж.Этай харилцан тохиролцсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь эдгээр адууг Баянхонгор аймагт уралдуулахаар авч очоод буцааж Улаанбаатар хот руу хариуцагчаар тээвэрлүүлэн хүргүүлэхээр тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг 2 адуу ачуулахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 386.1-д ”ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ачуулахаар тохиролцсон 2 адуу нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцааны объект болохын хувьд зорчигч /хүн/ тээврийн бус ачаа тээврийн гэрээний зүйлд хамаарах бөгөөд тус гэрээг дагалдах бичгийн хамт байгуулах журамтай.

 

Учир нь, дагалдах бичигт Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1, 387.2-т тус тус зааснаар ачаа илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагч, ачааны нэр, төрөл, тоо хэмжээ, жин, амархан хагарах, түргэн муудах шинж чанар болон хүргэх газар гэх мэт зүйлийг тусгадаг бөгөөд энэ нь хожим талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд нотлох баримтын үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Тус хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т “Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө” гэж зааснаас үзэхэд бичгийн хэлбэрээр энэхүү гэрээг байгуулахыг илэрхийлсэн ба 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болдог.

 

Гэтэл зохигчид ачаа тээврийн гэрээг бичгээр байгуулаагүй байна. Гэвч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т “Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд ачаа тээврийн гэрээг байгуулахдаа дагалдах бичиг үйлдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж шууд үзэхгүй бөгөөд чухам ямар ачаа ачсан бэ гэдгийг бусад нөхцөл байдлыг харгалзан тогтооно.

 

Хэдийгээр зохигчид 2 адууг тээвэрлэхээр харилцан тохиролцохдоо дагалдах бичгийг үйлдээгүй боловч нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Эт эдгээр адууг хүлээлгэн өгсөн, хариуцагч тал хүлээн авч тээвэрлэсэн үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар ачаа тээвэрлэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.  Тайлбарлавал, ачаа тээврийн гэрээгээр үүрэг хүлээсэн тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал хүргэж өгөх ёстой, хэрэв энэхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Энэ талаар тус хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгч Б.Эгийн тайлбараар хариуцагч Ж.Эийн тээвэрлэж явсан 2 адуунаас 1 адуу нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний орой нь замдаа алга болсон байна. Ингээд талууд тус адууг хайж олох гэж хичээсэн боловч олж чадаагүй, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хэдий ч олдоогүй бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна /х.х-ийн 4, 5 хуудас/.

 

Зохигчид 2 адуунаас 1 адуу нь замдаа алга болсон үйл баримтыг үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч Б.Э нь тухайн адууг араб азарга эцэгтэй монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн эр, хурдан удамтай 10,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэх адуу байсан гэснийг хариуцагч Ж.Эийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн хурдан удамгүй эр адуу байсан, зах зээлийн ханшийг 1,150,000.00 төгрөг гэж тус тус маргаж байна.

 

        1. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дараахь зүйлийг шалгах үүрэгтэй” гээд 388.1.1-д “дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх” гэж, мөн 388.1.2-т “ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол” гэж тус тус заасан. Тайлбарлавал, хариуцагч буюу тээвэрлэгч Ж.Эийн эзэмшилд тээвэрлүүлэх ачааны эзэмшил нь уг эд хөрөнгө тохиолдлоор устах, гэмтэх, гээгдэх, үрэгдэх зэрэг эрсдэлийн хамт шилждэг учир тэрээр ачааг хүлээн авахдаа үүнд хариуцлагатай хандах шаардлагатай байдаг тул ачааг шалган авах үүргийг ногдуулдаг байна.

 

Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч этгээдийн бодит эзэмшилд тээвэрлүүлж буй ачаа бараа шилждэг учир тэрээр хожим ямар нэгэн маргаан гарахад тээвэрлүүлэгч болон бусад этгээдийн эсрэг барааг хүлээн авсан баримтыг нотлох баримт болгодог бөгөөд тээвэрлэгч нь ачааг шалган хүлээж авахдаа дагалдах бичиг баримттай тулгах ба хожим талуудын хооронд маргаан гарвал тээвэрлэгч этгээд тус хуулийн 388 дугаар зүйлийн 388.4-т “Тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ” гэж заасны дагуу дагалдах бичигт зааснаас өөр ачааг тээвэрлээгүй гэж тээвэрлүүлэгч болон илгээгчтэй маргах эрхтэй байдаг.

 

Гэвч зохигчид ачаа тээврийн гэрээг дагалдах бичиг баримтын хамт үйлдээгүй, хариуцагч Ж.Э нь ачааг шалгаж хүлээн авсан, тийнхүү авахад монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн хурдан удамгүй эр адуу байсан гэсэн баримт үйлдээгүй байх тул хэргийн бусад нөхцөл байдлын хүрээнд тээвэрлэгчийг чухам ямар адуу ачсан бэ гэдгийг тогтоох шаардлагатай болж байна.  

 

        1. Зохигчид, Баянхонгор аймагт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ламын гэгээний наадам болсон үйл баримтын талаар маргаагүй. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Эгийн тус аймагт очсоныг зорилгоор нь авч үзвэл хурдан морь уралдуулахаар явжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн алга болсон адууг 10,000,000.00 төгрөг гэж үнэлсэн бол хөрөнгийн үнэлгээний “Л” ХХК-ийн тайланд мөн адил 10,000,000.00 төгрөг гэсэн байна /х.х-ийн 6-8, 50-65 хуудас/.

 

Тодруулбал, эдгээр шинжээчийн дүгнэлт нь алга болсон адууг “Алтан дарь овоо” төрийн тахилга, 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 он хурдан морины уралдаанд 13 дугаар байранд орсон, мөн Онгон сумын наадамд 2 дугаар байранд орсон үеийн зураг, үнэмлэх зэрэг нотлох баримтыг тус тус үндэслэн энэ төрлийн бусад адууны зах зээлийн ханштай харьцуулан хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан бол, харин “С” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тайланд тусгагдсанаар 1,150,000.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Гэвч уг үнэлгээг араб азарга эцэгтэй монгол гүүнээс төрсөн адуу бус, зөвхөн хариуцагчийн тайлбарт дурдсан монгол гүүнээс төрсөн 4 настай, хурдан удамгүй адууны ханшийг тодорхойлжээ /х.х-ийн 25-32 хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Эгийн алга болсон адуу нь “Алтан дарь овоо” төрийн тахилга, 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 он хурдан морины уралдаанд 13 дугаар байранд орсон гэж үнэмлэх олгосон, мөн Монголын морин спортын уяачдын холбооноос 13 дугаар байранд хурдалсан тухай зургийг ирүүлсэн ба эдгээрийг Баянхонгор аймагт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ламын гэгээний наадам болсон үйл баримттай харьцуулахад тус адуу нь хурдан удамтай байсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Гэрч нарын мэдүүлгийн хувьд гэрч Г.У, П.Б нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийн алга болсон адууг хурдан, эсхүл хурдан удмын бус гэж шууд дүгнэх боломжгүй, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон баримт байхгүй, гэрч П.Ү-ийн мэдүүлэг нь талууд хурдан удмын адуу худалдах, худалдан авахаар үнийн саналын талаар ярилцсан зүйл бөгөөд үүгээр тус адууны үнийг тогтоох боломжгүй /х.х-ийн 43-45, 177 хуудас/.

 

        1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг шинжээчээр томилж, араб азарга эцэгтэй монгол гүүнээс төрсөн 4 настай, хээр зүсмийн эр, хурдан удамтай адууны зах зээлийн ханшийг тодруулахад 9,000,000.00 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс уг хөрөнгийн үнэлгээний тайланг бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, санаанаасаа зохиосон гэсэн тайлбараа тодорхой баримтаар үгүйсгэж чадаагүй.Иймд, шүүхээс шинжээчээр томилогдсон “В” ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн алга болсон адууны үнийг тогтоох нь илүү зохимжтой байна /х.х-ийн 201-209 хуудас/.

 

        1. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4-т “Дараахь нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө” гээд 393.4.6-д “амьтан тээвэрлэсэн бол чөлөөлөгдөнө” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Эаар амьтан тээвэрлүүлсэн бөгөөд тус амьтан тээвэрлэлийн явцад алдагдсан, дутсан, гэмтсэн бол хариуцлага хүлээхгүй.

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж зааснаар амьтан гэдэгт гагцхүү эдгээр амьтадыг хамааруулах ба харин адуу нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “мал гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг хэлнэ” гэж зааснаар 5 хошуу малын төрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 4.1.3-т “зэрлэг амьтан гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.4-т заасан, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т зааснаас бусад амьтныг хэлнэ” гэж зааснаар зэрлэг амьтны төрөлд хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Э нь зэрлэг амьтан бус, таван хошуу малын төрөл болох адуу тээвэрлэж байсан учраас тээвэрлэлийн явцад алдагдсан, дутсан, гэмтсэнээс үүссэн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Нөгөө талаар хариуцагч нь тус адууг давагдашгүй хүчин зүйлийн улмаас гээгдсэн гэж маргаж, түүнийгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.6-д “Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 9,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ж.Эаас 9,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР