Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00487

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00487

 

 

 

Д.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00161 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Өы хариуцагч Ж.Над холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 132 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.Ө нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгаар төлөөлүүлэн Ж.Нтай орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулж, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны ... тоот, Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 сарын 1 600 000 төгрөгийн төлбөртэй, нэг жилийн хугацаатай хөлслүүлсэн. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр орон сууцыг хариуцагч Ж.Нын эзэмшилд хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл орон сууцыг хөлслөн суусан. Уг хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 600 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 600 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 277 500 төгрөг, дундын өмчийн дээвэр засуулсны төлбөрт 2 200 000 төгрөг, нийт 6 177 500 төгрөг төлсөн. Талууд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг харилцан тохиролцож цуцлахад Ж.Н нь орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 17 382 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Төлөөлөгч Б.Уянга болон Ж.Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Мөнгө өгөх авах тухай хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус хэлцлээр Ж.Н нь дээрх орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлсөлж суусны төлбөр нийт 17 382 500 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгад 250 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 17 132 500 төгрөгийг огт төлөөгүй. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч Ч.Отгонбаатараар дамжуулан үлдэгдэл төлбөрийг 7 хоногийн дотор төлөх талаар мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн. Ж.Н нь тус мэдэгдлийг хүлээн авч төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулна хэмээн амлалт өгсөн боловч огт төлбөр төлөөгүй болно. Иймд Ж.Наас орон сууц хөлсөлсний төлбөр 17 132 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байрны түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоо алдаатай буруу байгаа тул нэхэмжлэлд шаардсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг маргааныг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Наас орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 17 132 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 613 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Наас улсын тэмдэгтийн хураамжид 243 613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсноо шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж, хуралдаан хойшлуулах хүсэлтээ мэйл хаягаар, мессэж, 2 хоногийн өмнө шуудангаар явуулсан боловч намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хөлслөх гэрээг буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй байдлаар тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ж.Над холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 132 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Д.Ө, Ж.Н нар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулж, гэрээний дагуу Д.Ө нь Сүхбаатар дүүргийн ....дугаар хорооны 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байр, ....тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын хөлсийг 1 600 000 төгрөгөөр хөлслүүлэхээр Ж.Нын эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг талуудын тайлбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа болон талуудын шаардах эрхийн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг заасантай нийцжээ. /хх-9,21,28/

Хариуцагч Ж.Н нь нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд байрны түрээсийн төлбөрийн тооцоо алдаатай, нэхэмжлэлд шаардсан дүнг зөв тодорхойлоогүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна. Иймээс хариуцагчийн буруугаас гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан, хариуцагч гэрээний үүрэгт 6 427 500 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаангүй гэж үзэв.

Хэргийн 7 дах талд авагдсан баримтаас үзвэл орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 17 382 500 төгрөгийг Ж.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Хариуцагч Ж.Н нь тохирсон хугацаандаа үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал болон тооцоо алдаатай гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнээд хариуцагчаас 17 132 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, гэрээг буруу дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй байдлаар тодорхойлсон гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч Ж.Н нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Над мөн сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх23-24/ Хариуцагч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ мэйл хаягаар, мессэжээр, 2 хоногийн өмнө шуудангаар явуулсан гэх боловч түүний гомдлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 243 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД