Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00513

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00513

 

 

 

КББЭХАийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00072 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Б ХХК дах анкны эрх хүлээн авагчийн хариуцагч ЗБДСд холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэгт 242 496 783.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дугаар захирамжаар Т.Т ХХК-аас 1 110 893 881.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 856 209.50 төгрөг гаргуулан К.Б ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч Т.Т ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, орлогогүй, мөн захирал Р.Ганзориг нь АНУ-д 2018 оны 2 дугаар сард суралцахаар явсан учраас барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон. Батлан даалтын сан, К.Б, Т.Т ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. Т.Т ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон тухай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ аваагүй, шүүхийн шийдвэрийн ажиллагаа дуусгавар болоогүй гэх үндэслэлээр Батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан хариуг Банкны эрх хүлээн авагчид 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/175 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Батлан даалтын гэрээний 1.1, 1.4-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөр болох 969 987 133,52 төгрөгийн 25 хувь болох 242 496 783.38 төгрөгийг ЗБДСгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К.Бны харилцагч Т.Т ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, батлан даалтын гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Гэрээний 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 3.2.3-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах; 3.2.4-т энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж батлан даагчид хүргүүлэх; 3.4.1-т зааснаар Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөхөөр байна. Зээлдүүлэгч батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДСгаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж ЗБДСд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Т.Т ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-20201021347 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1 дүгээр гудамж, 8 тоот, 1633 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 18633309581971 дугаарт бүртгэлтэй 3721 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, дээрх барилгад суурилагдсан 140 метр урттай гипсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, дагалдах хэрэгсэл, бага оврын уурын зуухын хамт битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 2 364 109 300 төгрөгийг 70 хувиар тооцон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр дах дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу төлбөр авагч К.Б нь албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтүүдийг ирүүлсэн. Төлбөр төлөгч Т.Т ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь цаашид хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЗБДСгаас 242 496 783.38 төгрөгийг гаргуулж К.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч КББЭХА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ЗБДСгаас улсын тэмдэгтийн хураамжид 1 370 434 төгрөгийг гаргуулан улсын орлогод болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

ЗБДСгаас тайлбарласан үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн гэдэг нөхцөл нь зөвхөн батлан даалтын үүрэг гүйцэтгэхэд тавигдах нөхцлүүдийн нэг хэсэг нь бөгөөд зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд зээл төлүүлэх хангалттай арга хэмжээ авна гэсэн нөхцөлийг дүгнэлтдээ орхигдуулсан байна.

Батлан даалтын гэрээний 1.6-д Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан. Хангалттай гэдэг үг Монгол хэлэнд бүрэн гүйцэт гэсэн утгатай дүйцэж хэрэглэгддэг.

Хэрэгт авагдсан К.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 271 дүгээр тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах нэртэй 15 дугаар бүлэгт хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллах талаар тодорхой заажээ. Үүнд: 15.6 Мэдэгдэл гардуулах зарчим, 15.10 Цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, 15.12 Богино хугацаанд зээл төлөх боломж олгох, 15.15 Зээлийн төлбөр гүйцэтгэх хугацааг хойшлуулах, зээлийн нөхцөл өөрчлөх, 15.16 Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах

Нэхэмжлэгч тал өөрийн журамд заасан эдгээр үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.6 дах заалт хэрэгжээгүй байна.

Ийм байхад бичмэл нотлох баримт болох батлан даалтын гэрээний 1.6 дах заалтын эхний хэсгийг үндэслэл болгож, хоёр дах хэсгийг үнэлэхгүй орхиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Батлан даалтын гэрээ болон К.Бны Зээлийн үйл ажиллагааны журамд дүгнэлт хийгээгүйн улмаас хамтран хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан байна гэж шүүх буруу дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 460.2-д заасан хамтран хариуцахаар гэрээ хийсэн тохиолдолд "үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал батлан даагчаас шаардах эрхтэй. Зээлдэгч компанийн захирал гадаадад байгаа нь батлан даагчаас төлбөрийг шууд шаардах үндэслэл болохгүй

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Хариуцагчийн төлөөлөгч М.Даваажав нь Батлан даалтын гэрээний 3.4.1-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн бол шаардах эрх үүсэх байсан гэж маргаж байна гэж дүгнэсэн.

Энэ зээлийн хувьд зээл төлөх үүрэг 90 хоногоос дээш олон хоногоор зөрчигдсөнийг хэргийн оролцогч талууд маш сайн мэдэж байгаа, ийм байтал 90 хоноогүй гэж маргах үндэслэлгүй. Хариуцагч талын 90 хоног өнгөрсөн нь гол асуудал биш, нэхэмжлэгч тал өөрийн журамд заасан арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсэн эсэх нь чухал юм гэх утгатай тайлбар гаргаж маргасныг эсрэгээр нь бичиж, дүгнэсэн байна.

Уг шийдвэр нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01603 дугаар шийдвэрээс огт зөрүүгүй байна. Энэ нь өмнөх буюу давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг шууд хуулбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. гэснийг зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ЗБДСд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч КББЭХА нь хариуцагч ЗБДСд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 242 496 783.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

К.Б ХХК, Т.Т ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ, мөн сарын 23-ны өдөр Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч К.Б ХХК нь 1 000 000 000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлж, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцжээ. /1хх 9-11, 118-121/

Улмаар К.Б ХХК, ЗБДС, Т.Т ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, ЗБДС нь Т.Т ХХК дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээлийг төлөх нөхөх хариуцлага хүлээхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хэн аль нь маргаангүй./1хх 12-13/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хариуцагч тал батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдээгүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

К.Б ХХК, ЗБДС, Т.Т ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 3.4.1-т зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан тохиолдолд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25 хувиар төлөхөөр тохирсон байна. /1хх12-13/

Хэргийн 16-41 дүгээр талд К.Бны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 271 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам авагдсан байх ба уг журмын 15 дугаар бүлэгт хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхтэй холбоотой авах арга хэмжээг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч уг журамд заасны дагуу зээл төлүүлэх арга хэмжээг авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал, К.Б ХХК нь шүүхэд хандан Т.Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 110 893 881.36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг Т.Т ХХК хүлээн зөвшөөрсөн байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00441 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 79-80/ Уг шүүгчийн захирамжийг Т.Т ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч Т.Т ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь гуравдагч этгээд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээчийн үнэлсэн үнэ болох 2 364 109 300 төгрөгийн 70 хувиар тооцон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй, ...хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл явуулахад харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, төлбөр төлөгч Т.Т ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хаяг тодорхойгүйн улмаас хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах ажиллагаанд хүндрэл учирч байгаа гэх тайлбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх 104, 106-236/

Мөн КББЭХАаас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 дугаартай мэдэгдлийг ЗБДСд хүргүүлж байжээ. /1хх 14/

Иймээс зээл төлүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдлийн 25 хувьд ногдох хэмжээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардаж байгаа нь батлан даалтын гэрээний 3.4.1, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт журмын дагуу харьцуулан үнэлээд хариуцагч ЗБДСгаас 242 496 783.38 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 15.6, 15.10, 15.12, 15.15, 15.16-д заасан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй тул батлан даалтын гэрээний 1.6 дах заалт хэрэгжээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1 370 433.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД