Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 218/МА2021/00002

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 218/МА2021/00002

Сайнцагаан сум

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00737 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй*******д хариуцагдах 12000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж

Нарийн бичгийн дарга Э.Номинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ... 2020 оны 05 сарын 15-нд Говь-Угтаал сумын иргэн*******гээс 2,6x6 м-ийн харьцаатай өвлийн зузаан ханатай вагончик худалдаж авсан. Урьдчилгаа 6000000 төгрөгийг 4 сарын 21-нд, үлдэх 6000000 төгрөгийг 5 сарын 08-нд шилжүүлсэн. Үнийг бүрэн төлснөөр 5 сарын 16-нд Говь-Угтаал сумаас машинаар чирч авчирсан. 6 сарын 5-нд портер-2 машинаар чирч Говь-Угтаал сумын нутаг Сүмбэрийн булгаар дамжин зүүн хойшоо оторт явсан. Баянтал сумын баруун хойно 7 сарын 2-нд буухад вагончикийн доод хэсэг буюу үндсэн рамны гагнаас салсан байсан.******* 7 сарын 14-нд ирж гагнаж өгсөн. Гагнуур хийх гээд очих үеэр нь наймаагаа буцахаар зөвшилцөж өөрийг нь аваад яв гэсэн боловч чирч явах боломжгүй учир авч яваагүй. Бид өөрсдөө 7 сарын 19-нд Говь-Угтаал сумын төвд байдаг өөрийнх нь хашааны үүдэнд чирч авчирч өөрт нь хүлээлгэж өгсөн. Иймд*******гээс 12000000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хүнд зүйл ачиж яваагүй. Анхнаасаа вагончикийн нь чанар муу байсан учраас нүүдлийн ая даахгүй гагнаас нь салж эвдэрсэн гэж үзэж байна. Бид энэ асуудлаар эвлэрэх гэж*******тэй удаа дараа холбогдож, эвлэрүүлэн зуучлахаар хүртэл орсон боловч эвлэрээгүй. Засварын зардлыг нь хасаад эвлэрэх боломжтой. Хэрвээ******* эвлэрэхгүй гэвэл нийт 12 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал 700000 төгрөг болон 2 cap хэрэглэсний зардал нийт 3038500 төгрөгийг хасаад 8915000 төгрөгийг төлөхөөр эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэгч тал 8915000 төгрөг дээр эвлэрэхгүй гэвэл шүүхээр шийдүүлье гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч*******гээс зөөврийн сууцны үнэ 12000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00737 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн, нэхэмжлэгч миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь миний бие хариуцагч*******гээс 12.000.000 төгрөгөөр 2.6*6 харьцаатай вагончиг / өвлийн зузаан ханатай/ худалдаж авсан. Би энэ хүнээр вагончик захиалж хийлээгүй. Би худалдаж авсан гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн.*******гийн надад худалдсан вагончик нь биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй вагончик байсан тул 1 cap гаруйн дараа би энэ талаар мэдэгдэж, наймаа буцах талаар хэлэхэд өөрөө зөвшөөрч, тухайн үед чирч авч явах машингүй ирсэн байсан тул манай нөхөр дараа нь гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Хамгийн гол нь вагончикийн доод хэсэг буюу үндсэн рамны гагнаас халсан учраас чанарын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Үндсэн рам маш сайн байж бид вагончикийн зориулалтаар ашиглах боломжтой юм. Би вагончикийг нүүдлийн зориулалтаар амьдрах байр / гэр орон/ болгохын тулд худалдаж авсан. Ийм байхад үндсэн рамны гагнаас салсан нь цааш нүүдлийн зориулалтаар чирч явж ашиглах, амьдрах боломжгүй болж байгаа юм. Хариуцагч өөрөө доголдолтой эд хөрөнгө худалдсанаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Учир нь 9.500.000 төгрөгийг надад өгөхийг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөөр байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс вагончикийн үнэ 12.000.000 төгрөг гаргуулах тухай миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь намайг вагончиктойгоо үлд гэсэн үг гэж ойлгосон. Би хариуцагчид 2020 оны 7 сард вагончикийг хашаанд нь хүргэж өгсөн, тэдний хашаанд байсан. Гэтэл хариуцагч******* нь миний худалдаж авсан вагончикийг өөр хүнд зарчихсан гэж өөрөө хэлсэн. Одоо би вагончик ч үгүй, мөнгө ч үгүй болж хохироод байна.

Хариуцагч******* нь вагончик /өвлийн сууц/-ыг надад хэлэлгүйгээр бусдад худалдсан нь гэрээг нэг талын санаачилгаар өөрөө цуцалсан байна. Ийм байхад миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00737 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00737 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 12.000.000 төгрөгийн нүүдлийн сууц худалдан авсан байдаг. Тэр сууцыг байнга нэг газар байлгаад байдаггүй, машинаар чирч явж хэрэглэдэг. Ашиглаж хэрэглэснээс хойш 1 сарын дараа суурь гагнаас нь салсан. Энэ нь машинаар чирэх боломжгүй, дотор нь амьдрах боломжгүй байдал үүссэн. Суурь гагнаас салж байгаа нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т зааснаар гол эд анги доголдолтой болох нь нотлогдсон. Ингээд нэхэмжлэгчээс*******дэд мэдэгдсэний дагуу наймаа буцаж, 7 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч хашааных нь гадаа хүлээлгэж өгсөн. Хашаанд нь зай байхгүй байсан учраас гадна нь аваачаад мөнгөө авахаар тохиролцсон боловч мөнгөө өгөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Ингээд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч баталгаат хугацааг тогтоосон бол энэ хугацааны дотор, хэрвээ баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол Иргэний хуулийн 2454 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар гэрээг цуцлах шаардлага гарах эрхтэй. Ийм учраас доголдол сар гаруйн дараа илэрсэн талаар нөгөө талдаа мэдэгдэж гэрээг цуцлах талаар хэлсэн. Хэргийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал татгалзах эрхийн дагуу татгалзсан. Анхан шатны шүүх дээр хариуцагч доголдолтой эд хөрөнгө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, 9.500.000 төгрөг төлөх талаар харилцан хүсэлт тавьж байсан. Анхан шатны шүүх дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шийдвэрийг 2020 оны 12 сарын 23-ны өдөр гардаж аваад*******д рүү ярихад вагончикийг хүнд зарсан, хагас мөнгийг нь өгсөн хагасыг нь хавар өгнө гэсэн байгаа гэж хэлсэн байдаг. Тэгвэл хагас мөнгөө өгөөд үлдсэн мөнгөө хавар өгчих гэсэн чинь шүүхийн журмаар шийдвэрлэнэ гэдэг хариу өгөөд утсаа тасалсан. Вагончик*******дийн гадаа байхгүй, өөр хүнд зарсан. Өнөөдөр 12.000.000 төгрөг ч байхгүй, вагончик ч байхгүй. Нэхэмжлэгч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дахин вагончик авахаас өөр аргагүй байдалд хүрээд энэ талаар*******дэд хэлээд 2020 оны 8 сард 12.000.000 төгрөгөөр дахин вагончик авсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа нэхэмжлэгч тал хариуцагчид өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн байдаг. Фэйсбүүкийн чатаар ийм хэмжээтэй, ийм вагончик хийлгэнэ гээд зургийг нь явуулсан байдаг. Хариуцагч үүнийг нь хүлээн зөвшөөрч вагончик хийж өгсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө вагончикийг ашиглаж явсан. Гомдлын шаардлага хангах хугацаа гэж ярьж байна. Гэрээнээс үүдэлтэй үр дагаврыг арилгах талаар вагончикийг буцааж өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй. Хашааных нь гадаа вагончикийг аваачиж өгөөд явсан. Гэрээнээс татгалзаад байгаа юм уу, гэрээний үүргээ биелүүлээгүй гээд байгаа юм уу тэр нь тодорхойгүй, албан ёсоор мэдэгдээгүй. Ямар агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Гэрээнээс татгалзаж байгаа юм уу, мөнгөө гаргуулна гэж байгаа юм уу тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь ээс чингэлэг худалдаж авсан боловч эвдэрсэн учир наймаа буцсан. Чингэлгийн үнэнд төлсөн 12000000 төгрөгөө буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа 2,6x6 метрийн харьцаатай өвлийн зузаан ханатай вагончик худалдаж авахдаа урьдчилгаа 6000000 төгрөгийг 4 сарын 21-ний өдөр шилжүүлж, үлдсэн 6000000 төгрөгийг 5 сарын 8-ны өдөр ХААН банкны дансаар шилжүүлсэн. Үнийг бүрэн төлснөөр 5 сарын 8-ны өдөр вагончикаа авсан. Эдэлгээний явцад вагончик эвдэрч үндсэн рамны гагнаас 7 сарын 2-нд салсныг 7 сарын 14-нд гагнаж өгсөн, гагнахаар ирэхэд нь наймаагаа буцъя гэдгээ хэлж зөвшилцсөн боловч авч явах боломжгүйгээсээ болоод орхиод явсныг бид 7 сарын 19-нд аваачиж хүлээлгэж өгсөн. Мөнгөө авах гэхээр элдэв шалтаг тоочоод өгөхгүй байгаа гэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн санал болгосон зам дээр сонгож чингэлэг суурилуулсан болохоор талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч даац хэтрүүлж ачаа ачсанаас болж эвдрэл гарсан учир үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хариуцагч тал нэхэмжлэгчийн захиалгын дагуу өөрийн материалаар зөөврийн сууцыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч тал хэлэлцэн тохиролцсоны дагуу хөлсийг төлсөн нь нотлогдож байна. Анхнаасаа доголдолтой эд хөрөнгө байсан гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч******* шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...вагончик нь биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй вагончик байсан тул 1 сар гаруйн дараа би энэ талаар мэдэгдэж наймаа буцахаар хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрч тухайн үед чирч явах машингүй ирсэн байсан тул манай нөхөр дараа нь хүргэж өгсөн рам нь маш сайн байж нүүдэл даах орон гэрийн зориулалтаар ашиглах боломжтой, хариуцагч өөрөө доголдолтой эд хөрөнгө зарснаа хүлээн зөвшөөрсөн... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхийн шийдвэрт хэргийн нөхцөл байдал үйл баримтын талаар дүгнэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, маргаж буй эд хөрөнгийн чанарын доголдол, талуудын хүсэл зоригоор гэрээ цуцлагдсан байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Шүүх маргаан бүхий чингэлгийг нэхэмжлэгчийн захиалгын дагуу хариуцагч өөрийн материалаар хийсэн гэх зөвхөн тэр үйл баримтыг ажил гүйцэтгэх гэрээний шинж болгон тайлбарлан дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байх бөгөөд энэхүү гэрээний гол шинж нь 1-рт ажил гүйцэтгэх гэрээний зүйлд буюу ажлын үр дүн болох биежсэн буюу материал эд зүйлд гэрээний 2 талын өмч шингэсэн байдаг. 2-рт ажил гүйцэтгэх гэрээний оролцогч талууд тодорхой шинж чанар бүхий үр дүнгийн талаар харилцан тохиролцсон байх тул уг үр дүнг ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Тухайн ажлын үр дүн захиалагчийн хүсэн хүлээж байсан төсөөлөлтэй нийцээгүй байсан ч захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч уг эд зүйл гэрээгээр тохирсон зүйл биш, эсхүл түүнийг доголтой гэж үзвэл хууль болон гэрээнд заасан эрхийнхээ дагуу ажил гүйцэтгэгчид шаардлага тавих боломжтой юм. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн боловч энэ үр дүн хэзээ хэрхэн бий болсон нь тодорхой бус зөвхөн биет эд хөрөнгө гэж үзэж болохгүй, түүний бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт энэ гэрээний онцлог оршдог. 3-рт ажил гүйцэтгэх гэрээ хариу төлбөртэй гэрээ хэлцэл тул гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авахын тулд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг. Ажил гүйцэтгэх гэрээний эдгээр шинж байдлаар нь задлан дүгнэвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх бус худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нэхэмжлэгч талын нэхэмжлэл, түүний үндэслэл тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч мөнгөө 2 хувааж эхний 6000000 төгрөгийг 2020.4.21-нд дансаар шилжүүлж төлсөн, үлдэх 6000000 төгрөгийг чингэлгээ авахдаа буюу 2020.05.08-нд төлж чингэлгээ авсан, 7 сарын 14-ний өдөр чингэлгийг гагнуулсан, 7 сарын 19-ний өдөр чингэлгийг буцаан өгсөн гэж тайлбарласан ба үүнд хариуцагч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргана гэж заасны дагуу чингэлгийг буцаан өгснөөр гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал наадмын дараа өөрсдөө чингэлгийг гадаа авчирч орхиод явсан гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд гэрээ цуцлах талаар талууд харилцан тохиролцсон байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Даац хэтрүүлж ачаа ачсанаас болж эвдрэл гарсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн хариуцагч талын татгалзлыг няцааж, амьдран суух зориулалтаар нүүдлийн ая даах чанаргүй байдал нь вагончикийг буцаах үндэслэл болсон гэх нэхэмжлэгч талын тайлбар, шаардлага нь гэрээг цуцлах үндэслэл болсон энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн анхны шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцээгүй ч хариуцагч тал 89150000 төгрөгийн үнийн дүнг зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашиг, хуульд заасан зарчимд харшилсан байна.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагч тал вагончикийг өөр хүнд зарчихсан. Одоо мөнгө ч үгүй, вагончик ч үгүй болж хохироод байна гэсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яригдаагүй нөхцөл байдал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэнтэй зөрчилдөж болзошгүй хэдий ч уг хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн давж заалдах журмаар хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тухай зохицуулалт, шүүхийн шийдвэр биелэгдэх бодит нөхцөл байдал зэргийг харгалзах нь хуульд харшлахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэг болон талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд, аль ч шүүхэд эвлэрэн хэлэлцэх эрхтэй байх хуульд заасан зарчмын дагуу талуудыг эвлэрүүлэх бүхий л боломж нөхцөлөөр хангасан бөгөөд талууд мөнгөний хэмжээнд санал нийлсэн боловч төлбөрийг төлөх хугацаан дээр эвлэрээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй хэдий ч дээрх үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжтой, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан талууд гэрээг цуцлах эрхтэй бөгөөд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүргийн дагуу хариуцагчаас 12000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Нэхэмжлэгчийн гомдол хангагдсан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00737 тоот шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гээс 12000000 / арван хоёр сая / төгрөгийг гаргуулан *******т олгосугай. гэж 2 дугаар заалтын төгрөгийг гэсний дараа төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг *******т олгосугай. гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ