Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 99

 

“М э и” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн:               М.Батсуурь,                                               

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                                Д.Мөнхтуяа,

                                               Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                      П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:        Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт 99/А хаяганд байрлах үлдэгдэл 22,820 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжийг хүчингүй болгуулах, “М т” ХХК-ийг 27340 м2 газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 м2 газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Э, Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А нарыг оролцуулж,

 Гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 32 дугаар зүйл, 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь М т” ХХК-д эрх шилжүүлэн олгосон 27340 мкв газрын асуудлаар эхэлж шинэ захиргааны акт гаргасны дараа уг газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгох эсэх, олговол ямар хэмжээгээр олгох талаар тус тус шийдвэр гаргаж энэ шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М э и” ХК-ий гаргасан ““М э и” ХК-д 22820 мкв газрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22820 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дахь заалтыг  “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан гуравдагч этгээд "М т” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “М т” ХХК-г 27340 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, 27340 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон өөрчилж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж заасан, хариуцагч Нийслэлийн Засаг дарга Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаарт заасан ажиллагааг гүйцэтгэж, шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх талаар шинэ акт гаргаж, уг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

4. "М т" ХХК-ийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх, газар эзэмших эрх олгох асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын албанд тус тус удаа дараа гаргасан боловч нэг удаа ч болов бидний хүсэлтэд хариу өгөөгүй атлаа гэнэт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/68 тоот захирамжийг гаргаж "М Э И" ХК-д 4520 м2 газар олгох шийдвэрийг гаргасан байсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс ч, хуульд заасан үүднээс ч сонсох ажиллагааг явуулах ёстой.

5. Магадлалд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг баримталсан А/68 тоот захирамжийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир "М э И" ХК нь шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, маргаан бүхий газрын эзэмшигч болохыг тогтоолгох агуулга бүхий хүсэлтийг гаргадаг. Энэхүү хүсэлтийг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд шийдвэрлэх ёстой. Нийслэлийн засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, улмаар шинэ захиргааны акт гаргах үүрэгтэй болохоос олон жил үргэлжилсэн маргааныг таслах зорилгоор шинэ акт гаргах ёсгүй төдийгүй энэ нь шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

6. Нийслэлийн засаг дарга 2008 оны 288 тоот шүүхийн шийдвэрт заасан Д.А-аас Т.Ц-д маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, Т.Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг олж тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Т.Ц, Ц.А нарын хооронд 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 02/01 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, үүний үндсэн дээр 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хот байгуулалт газрын албанд газар ашиглах гэрээг шилжүүлэх тухай хүсэлтийг иргэн Т.Ц, Ц.А нар нь тус тус гаргасан байдаг.

7. Гэтэл иргэн Т.Ц-д газар ашиглах гэрчилгээг 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон бөгөөд Газар ашиглах үндэслэлээ дүүргийн засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 тоот шийдвэр гэжээ. Нийслэлийн газрын албанаас 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж байхад 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн захирамжийг үндэслэл болгон гэрчилгээ олгосныг, энэхүү гэрээ хүчин төгөлдөр эсэхийг олж тогтоох үүрэгтэй боловч Нийслэлийн Засаг даргаас энэхүү ажиллагааг хийж гүйцэтгээгүй.

8. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулах үүрэгтэй. "М Э И" ХК нь манай компанийн газар ашиглах эрх дуусгавар болоогүй гэж тайлбарладаг. 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-211 тоот Ц.А-д газар ашиглах эрх олгосон захирамжид 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/318 тоот захирамжийн 15 тоот аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай гэж заасан бөгөөд энэхүү 15 тоот аж ахуйн нэгж нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд газар эзэмшиж байсан байна. Үүнээс үзэхэд тухайн үед Нийслэлийн засаг даргын захирамжид бичиглэлийн алдаа гарсан байх магадлалтай. Үнэхээр бичиглэлийн алдаа мөн эсэхийг Нийслэлийн газрын алба, засаг дарга нь 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/318 тоот захирамжийн 15 дугаарт бичигдсэн Галбын говийн газар эзэмших эрх хэзээ дуусгавар болсныг нягталж үзэхэд тодорхой болно. Энэ мэтчилэн ажлын хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлж болох байтал Нийслэлийн газрын алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд огт ажиллахгүй байгаа болно.

9. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэж байх бөгөөд энэхүү хөрөнгө нь Ц.А-д, Ц.А-аас "А х" ХХК-д шилжсэн талаар дурдсан байна. Энэ нь "М Э Ис" ХК-ийн маргаан бүхий газар дээр өмч хөрөнгө огт байхгүй гэдгийг нотолж байгаа. Мөн анхан шатны шүүхээс хэргийн газрын үзлэг хийсэн ба үзлэгээр А/68 тоот захирамжид заасан газарт ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болох нь харагдаж байгаа.

10. Гэтэл магадлалд “М Э И ХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар болон орчны газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй” гэж дүгнэсэн нь буруу, бодит байдалд нийцээгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

11. "М т" ХХК нь маргаан бүхий газрыг 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Ц-ээс  301,000,000 /гурван зуун нэг сая/ төгрөгөөр худалдан авсан, үүнийг Нийслэлийн засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжаар баталгаажуулсан. Үүний үндсэн дээр тус газарт 10 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Улаанбаатар хотын хүн амын 30 хувийг хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр ханган нийлүүлдэг өндөр хүчин чадал бүхий агуулахыг бий болгож, 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буйг мэдсээр атал А/68 тоот захирамжийг гаргахын өмнөх шатанд биднийг огт оролцуулаагүй, биднээс нууцаар энэхүү актыг гаргасан. Өөрөөр хэлбэл А/68 тоот захирамжийг гаргаснаар тус газрыг бүхлээр нь эзэмшиж буй "М т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

12. Түүнчлэн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.5 дахь заалтуудыг үндэслэж захирамж гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь 27340 м2 газрын хэмжээнд хүсэлт гаргасан байхад 4520 м2 газрын хэмжээнд хүсэлтийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 28.1.3 болон 28.1.5 дахь хэсэгт заасан “... гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд”, “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэсэн хуулийн заалтыг хангахгүй. Өөрөөр элбэл 27340 м2 газрын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх учиртай.  Магадлалд “М т" ХХХ-д газрыг бүхлээр нь эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй, хэтэрхий нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарласан дүгнэлт болсон гэж үзэж байна.

13. Маргаан бүхий газрын хамгийн анхны ашиглагч нь "М Э И" ХК бөгөөд энэ газрыг ашиглах эрхийг "М Э И" ХК-д төрөөс үнэ төлбөргүй олгосон. Харин "М Э И" ХК-ийн удирдлагууд энэхүү эрхийг зарснаар ашиг олсон, олсон ашгаа хувьцаа эзэмшигчдээ хуваарилаагүй, цөөн тооны хүмүүс хувьдаа завшсан явдалд төрийн буруутай үйл ажиллагаа байхгүй, энэхүү хариуцлагыг төр үүрэх ёсгүй. Мөн энэхүү явдлаас болж 1 м2 газрыг 11 сая төгрөг, нийт 301 сая төгрөгөөр худалдаж авсан "М т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй.

14. "М Э и" ХК нь 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот албан бичгээр нотлогддог. Энэхүү компанийн ард 3400 хувьцаа эзэмшигч бий гэх боловч энэ нь бодит байдалд цаасан дээр бичигдсэн тоо төдий зүйл билээ. Энэхүү газрын маргаан төрийн байгууллага болох Нийслэл дүүргийн газрын алба, засаг даргын хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл, “М Э И” ХК-ийн дотоод асуудал, гишүүдийнх нь хууль бус үйлдлээс болж үүссэн. Үүнийг хариуцлагыг "М т" ХХК үүрэх ёсгүй. “Монхангай трейд” ХХК нь хууль ёсны шударга эзэмшигч юм. Иймд  магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

16. Нэхэмжлэгч “М Э И” ХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үлдэгдэл 22,820 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага, гуравдагч этгээд “М т” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 27340 м2 газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, 27340 м2 газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлага тус тус гаргасан байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын гомдлын хүрээнд хянах ба энэ тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон магадлалд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй, харин бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон магадлалд гуравдагч этгээдээс хяналтын гомдол гаргасан тул хяналтын шатны шүүхээс гуравдагч этгээдийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзлээ.

18. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргах замаар “М Э И” ХК-д аж ахуйн зориулалтаар 3820 мкв, конторын зориулалтаар 700 мкв газрыг эзэмшүүлсэн байна. Ингэснээр хэргийн оролцогчдын маргаж байсан 27340 мкв газраас 4520 мкв газрыг нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмших эрхтэй болсон байна.

19. Уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс “үлдэх газар буюу 22820 мкв газрыг нэмж эзэмшихээр”, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчид 4520 мкв газрыг эзэмшүүлэхгүй буюу газрыг бүхэлд нь 27340 мкв хэмжээгээр эзэмшихээр”, хариуцагчаас “шүүхийн шийдвэрийг биелүүлж, боломжит хэмжээгээр газрыг хуваан эзэмшүүлсэн” гэж тус тус маргасан, давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, газрыг бүхэлд нь буюу 27430 мкв хэмжээгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нэгэнд бүхлээр нь эзэмшүүлэхгүй тухай шийдэл дараах байдлаар хуульд нийцсэн байна.

20. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргах” гэж тус тус зохицуулжээ. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг Т.Ц-ээс шилжүүлэн авсан гэх боловч Т.Ц нь газар эзэмших эрхгүй байсан буюу тухайн үед газар эзэмших гэрчилгээтэй эсэхийг нягтлах үүрэг нь гуравдагч этгээдэд хадгалагдаж байсан, үүнээс үүсэх үр дагаврыг гуравдагч этгээд өөрөө хариуцахаар байна.

21. Нийслэлийн Прокурорын газрын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/494 дүгээр хариу мэдэгдэх хуудас, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор “Монгол-Эд” ХХК-ийн өмчийг /одоогийн маргаан бүхий газар, конторын барилга/ завшин үрэгдүүлсэн гэх үйлдлээр Г.М, П.М, Ц.А нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Уг тогтоолоор “Ц.А нь ...Монгол эд компанийн эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, хувь нийлүүлэгчдийн өмч хөрөнгийг бусдад /Т.Ц/ хууль бусаар худалдан, 3500 хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хохироосон” үйл баримтыг тогтоожээ.

22. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар газрыг эзэмших, өмчлөх, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг зарчмыг хэрэгжүүлэх зарчимтай, дээр дурдснаар гуравдагч этгээдэд хуулийн дагуу газар эзэмших эрх үүсээгүй, Ц.А нь маргаан бүхий газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан болохыг эрүүгийн журмаар шалгаж тогтоосон байх тул захиргааны байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий газраас гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө байрлаагүй газар болох 4520 мкв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн “гуравдагч этгээдэд газрыг бүхэлд нь эзэмшүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” тухай дүгнэлт зөв болжээ.

23. Гуравдагч этгээдийн гомдлын 13 дахь хэсэг буюу “М Э И” ХК-ийн удирдлагууд компанийн өмчийг зарснаар ашиг олсон, олсон ашгаа хувьцаа эзэмшигчдээ хуваарилаагүй, цөөн тооны хүмүүс хувьдаа завшсан явдалд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хуулийн дээрх заалтад зааснаар газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх зарчимтай, ийнхүү хуулийн дагуу үүссэн эрх шүүхээр хамгаалагдах ба гуравдагч этгээд нь тухайн үед эрхийн зөрчилгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн аваагүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах юм.

24. Гомдлын ““М Э И" ХК-ийн маргаан бүхий газар дээр өмч хөрөнгө огт байхгүй байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн” гэх үндэслэлийн хувьд, захиргааны байгууллагаас гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө бий болсон газрыг цаг хугацааны нөхцөл байдал,  түүнчлэн захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр маргаан бүхий газрыг шилжүүлсэн захирамжийн үр дагаврыг харгалзан үзэж, нэхэмжлэгчид газрыг бүхэлд нь эзэмшүүлээгүй, зөвхөн гуравдагч этгээдийн хөрөнгө байрлаагүй 4520 мкв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь хуулийн зөрчилгүй, захиргааны эрхийн хүрээнд байна.

25. Гуравдагч этгээдийн “Нийслэлийн Засаг дарга өмнөх шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг гүйцэтгээгүй, шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх талаар шинэ акт гаргаж, уг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан, Ц.А-аас Т.Ц-д маргаан бүхий газрыг шилжүүлэх захирамж гарсан эсэх, Т.Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг олж тогтоох ажиллагааг огт хийгээгүй” гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагыг “шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй” гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс /2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд/ “шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий газраас үл хөдлөх хөрөнгө байрласан 22820 мкв хасаад боломжит 4520 мкв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн, ...22820 мкв газрыг гуравдагч этгээдэд олгох байр суурьтай байгаа, ...итгэмжлэлээр оролцож байгаа учраас хувь хүний байр суурь илэрхийлэхгүй” гэж тайлбарлаж байжээ. Иймээс захиргааны байгууллагыг ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар шинэ акт буюу маргаан бүхий А/68 дугаар захирамжийг гаргасан гэж үзэхээр байна.

26. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрээр тодруулахаар заасан ажиллагаа болох Т.Ц-д газар эзэмшүүлсэн захирамж байхгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олдоогүй, улмаар захиргааны байгууллагаас эрүүгийн журмаар тогтоогдсон үйл баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, Ц.А газар шилжүүлэн авах эрхгүй байсныг үндэслэн, дахин шинэ акт гаргасан байх тул захиргааны байгууллагыг шүүхийн заасан ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

27. Шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага дахин шинэ акт гаргахыг гуравдагч этгээд мэдэж байсан тул “бидний хүсэлтэд хариу өгөөгүй атлаа сонсгох ажиллагаа явуулалгүйгээр гэнэт нэхэмжлэгчид 4520 м2 газар олгох шийдвэрийг гаргасан байсан” гэх гомдол үндэслэлгүй, газрын асуудал маргаантай байсан учир захиргааны байгууллагыг гэнэтийн шийдвэр гаргасан гэж буруутгах боломжгүй юм.   

28. “М Э И” ХК нь манай компанийн газар ашиглах эрх дуусгавар болоогүй гэж тайлбарладаг,  1997 оны Ц.А-д газар ашиглах эрх олгосон захирамжид 15 тоот аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг,  бичиглэлийн алдаа гарсан байх магадлалтай, 15 дугаарт бичигдсэн Галбын говийн газар эзэмших эрх хэзээ дуусгавар болсныг нягталж үзэх байсан” гэх гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, энэхүү газрын маргаан нь 2008 оны 6 дугаар сарын 23-наас эхлэн шүүхээр хянагдаж, маргаан үргэлжилж байсан, нөгөө талаар Ц.А-д газар хуулийн дагуу шилжээгүй болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзэхгүй.

29. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 9/3185 дугаар албан бичиг, Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны нэхэмжлэл, Татварын газрын 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/2092 дугаар албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дампуураагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа, уг компанийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан тул “нэхэмжлэгч хуулийн этгээд 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон болох нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр нотлогддог. Энэхүү компанийн ард 3400 хувьцаа эзэмшигч бий гэх боловч энэ нь бодит байдалд цаасан дээр бичигдсэн тоо төдий зүйл” гэх гомдол үндэслэлгүй.

30. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ  

       ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ