Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00564

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00564

 

 

 

 

Ч.Б, П.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00138 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б, П.О нарын хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд КББЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд А.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б ХХК нь нэхэмжлэгч П.Оы өмчлөлийн орон сууцыг нийт 130 300 000 төгрөгөөр үнэлсэн. Уг хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч нарт 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр мэдэгдcэн.

Шинжээчийн орон сууц үнэлсэн үнэлгээг дараах хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Жиших үнийн хандлагын аргыг буруу хэрэглэсэн.

А.Б ХХК нь жиших үнийн хандлагын аргыг ашиглахдаа 3 өөр орон сууцны үнийг харьцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо хөрөнгийн үнэлгээний шинж байдал онцлогт үндэслэсэн байх гэж заасан. Маргаан бүхий орон сууцны онцлог нь улсын сургуулийн ард байрлах төв замд ойр, Баянзүрх захын хажууд байрладаг, доороо дулаан зогсоолтой. Мөн цонх хаасан барилга баригдаагүй орон сууц юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар зах зээлийн харьцуулалт хийсэн орон сууцны байршлыг харахад 3 болон 6 дугаар давхарт байрлах нар тусах эрх нь хязгаарлагдсан байршилтай орон сууц байдаг. Шинжээч нь үнэлгээний зүйлийн онцлогийг харгалзаж үзэхгүйгээр эцсийн үнэлгээг гаргасан.

Хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-т хөрөнгийн үнэлгээний тайланд ашигласан мэдээлэл, нотолгоо, тооцоолол, шинжилгээ, үндэслэл зэргийг тодорхой заасан байхыг зохицуулсан. Үнэлгээг зөвхөн Үнэгүй.мн гэх зарын сайтын мэдээлэлд тулгуурлан гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд худалдсан үнэ гэж бичсэн байгаа нь зах зээлийн үнэ цэнийг худалдан борлуулсан орон сууцны үнээр тогтоодог гэж ойлгож болохоор байна. Үнэлгээний тайлан хүлээн авсан өдөр харьцуулсан 3 орон сууц нь худалдан борлуулагдаагүй байсан. Хэрэв харьцуулсан 3 орон сууц нь худалдан борлуулагдсан бол тухайн орон сууцуудын худалдах-худалдан авах гэрээг тайландаа хавсаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар үнэлгээний тайлан бодит үнэнд нийцэх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд тохиролцсон барьцааны гэрээний 2 дах хуудаст орон сууцны үнэлгээг 170 000 000 төгрөг байхаар тохирсон байдаг. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7064 дугаар шийдвэрээр Ч.Баас 600 203 218 төгрөгийг гаргуулж К.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 70 дугаар байр, 74.57 м.кв орон сууцыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилсон.

Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/3856 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А.Б ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Зах зээлийн үзэл баримтлал гэдэг нь уг төлбөрөөр арилжвал зохихоор тохиролцсон үнэлгээний дүн гэж тусгасан байдаг. Худалдах-худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулснаар уг орон сууцны бодит үнэ тогтоогдох ёстой. Гэвч худалдан борлуулсан гэрээний үнийг багаар тогтоож татвар төлөхөөс зайлсхийдэг учраас үндэслэлгүй багаар тогтоох, үнэн бодит мэдээлэл цуглардаггүй. Тиймээс зах зээлд худалдан борлуулахад бэлэн байгаа ижил төстэй хөрөнгийн үнийг ашигладаг. Миний сонгосон 3 орон сууцны байрлал нь үнэлгээ тогтоосон орон сууцтай ойролцоо байршил нэг бүсэд байдаг. Сонгож авсан 75 000 000 төгрөгөөр худалдан борлуулах орон сууц нь маргаан бүхий орон сууцтай нэг байр буюу нэг барилгад байрладаг.

Үнэлгээний тайланг гаргахдаа жиших үнийн арга буюу 1 м.кв талбайг үнэлсэн үнээр тогтоосон. Нэхэмжлэгч тайлбартаа хөрөнгийн үнэлгээний тайланд худалдан борлуулсан үнэ гэж бичсэн боловч дараа нь тухайн орон сууц худалдан борлуулах зарын дагуу утсаар нь холбогдохоор ирээд үз гэж хэлсэн гэдэг. Үнийг тооцож гаргах үед худалдан борлуулахад бэлэн болсон зар мэдээлэл нь тавигдаж, маркетинг нь хийгдсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахаар ярилцахад тодорхой үнийг доош буулгаж өгдөг. Уг үнийн бууралтыг тухайн зар мэдээлэлд байгаа үнийн дүнгээс хасаж тооцдог. Бид нар тухайн худалдан борлуулах зар мэдээлэл оруулсан үл хөдлөх хөрөнгийн эзэнтэй очиж уулзаж тооцоолол гаргадаг. Ярилцаж бууруулан гэж тооцоолохдоо 3 хувиар үнийн бууралтыг тооцож өгсөн. Гэхдээ худалдан борлуулагч худалдан авагч нар ярилцаад орон сууцыг 5 хувь хүртэл бууруулж авах боломжтой. Энэ бууралтын үнийн дүнг тооцоогүй. Зах зээлийн үнийн дүнд зуучлагчийн ажлын хөлсний дундаж мөнгөн дүнгээр хасаж тооцсон. Худалдан борлуулахаар зар тавьсан үнээс худалдагчийн гарт очих мөнгийг тооцож гаргах жиших нэгж буюу барилгын талбайн м.кв-ыг үнийг тооцож гаргасан. Орон сууцны шинж чанараар нь тохируулгын коэффицент буюу дотоод засал, ашиглалтад орсон хугацаа зэргээр 5 хувийн үнийн зөрүү үүссэн байна зэрэг харьцуулалт хийсний үндсэн дээр зах зээлийн үнэ цэнийг тооцоолж гаргасан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Б ХХК-ийн БЭХА-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07064 дугаар захирамжаар Ч.Баас 598 600 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1 603 218 төгрөгийг гаргуулж К.Б ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу БХЗХТБААнаас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байр, 54 тоот орон сууцыг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулж, шинжээчээр А.Б ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний хувьд Олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартад заасны дагуу 3 аргаар хийхээр заасан байдаг. А.Б ХХК нь хууль болон олон улсын стандартад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Б, П.О гаргасан хариуцагч БХЗХТБААнд холбогдох Ү-2204024830 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Энхтайваны өргөн чөлөө, 70 дугаар байр, 54 тоот хаягт байрлах хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх зөвхөн худалдсан эсвэл худалдахаар санал болгосон үнийн алийг ч зах зээлийн үнэлгээгээр тооцож болох талаар тайлбарласан боловч нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбар болох үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан баримт бичиг байхаар заасныг зөрчсөн буюу хөрөнгийн үнэлгээний тайланд худалдаагүй орон сууцыг худалдсан мэтээр худал үндэслэл агуулсан, худалдсан бол худалдсан талаарх нотолгоог агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайлан худал мэдээлэл агуулсан нь А.Б ХХК-ийн үнэлгээчний үнэлгээний тайланд худалдсан үнэ гэж бичсэн ч худалдаагүй орон сууцнууд гэх тайлбараар нотлогдож байна. Гэтэл шүүхээс ийнхүү худал мэдээлэл агуулсан үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний суурь зарчимд нийцсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчим болох шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Б, П.О нар нь хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Төлбөр төлөгч Ч.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/07064 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас БХЗХТБАА тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 20443 дугаартай захирамж, 1926 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-50-53/

БХЗХТБАА нь П.Оы өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ...дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 70 байр, ....тоот, 74.57 м.кв талбай бүхий орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/23 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18260241/08 дугаартай тогтоолоор хураан авсан, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. /хх-59,65,69,71/ Барьцаа хөрөнгийн өмчлөгч П.О дуудлага худалдааны доод үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр төлөгч Ч.Бын хувьд 170 020 000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч К.Б ХХК дах эрх хүлээн авагчаас эс зөвшөөрч, шинжээч томилж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-69-71/ Уг хүсэлтийг үндэслэн БХЗХТБААнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлжээ. /хх-74-81/

Дээрх ажиллагаанд талууд маргаагүй, харин шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

Шинжээч А.Б ХХК нь Баянзүрх дүүрэг, ....дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 70 байр, ....тоот, 74.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн үнэ цэнэ болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж буюу тухайн хөрөнгөтэй жишиж болох ижил дүүрэгт, ойр байрлах 2, тухайн байрны 1, нийт 3 орон сууцыг сонгон авч харьцуулан дээрх орон сууцны үнэ цэнийг 130 300 000 төгрөгөөр тогтоосон нь гуравдагч этгээд А.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын гаргасан ... худалдан борлуулахад бэлэн болсон орон сууцны зар мэдээлэл тавигдаж, маркетинг нь хийгдсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахаар ярилцаад тодорхой үнийг доош буулгаж өгдөг. Уг үнийн бууралтыг тухайн зар мэдээлэлд байгаа үнийн дүнгээс хасаж тооцдог. Бид нар тухайн худалдан борлуулах зар мэдээлэл оруулсан үл хөдлөх хөрөнгийн эзэнтэй очиж уулзаж тооцоолол гаргадаг. Ярилцаж, бууруулдаг гэж тооцоолон 3 хувиар үнийн бууралтыг тоосон. Гэхдээ худалдан борлуулагч худалдан авагч нар ярилцаад орон сууцыг 5 хувь хүртэл бууруулж авах боломжтой. Энэ бууралтын үнийн дүнг тооцоогүй. Зах зээлийн үнийн дүнгээс зуучлагчийн ажлын хөлсийг дундаж мөнгөн дүнгээр хасаж тооцсон. Худалдан борлуулахаар зар тавьсан үнээс худалдагчийн гарт очих мөнгийг тооцож гарган жиших нэгж буюу барилгын талбайн үнийг тооцож гаргасан. Орон сууцны шинж чанараар нь тохируулгын коэффицент буюу дотоод засал, ашиглалтад орсон хугацаа зэргээр 5 хувийн үнийн зөрүү үүссэн зэрэг харьцуулалт хийсний үндсэн дээр зах зээлийн үнэ цэнийг тооцоолж гаргасан. Мэдээллийн эх сурвалжийг ашигласны дагуу бүх зарын дагуу утсаар холбогдож биеэр очиж уулзаж хөрөнгийн үнэлгээний тооцоог гаргадаг ... гэх тайлбар, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-76-81, 153-154/

Нэхэмжлэгч нар тухайн орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч тал үнэлгээ хүчингүй болгох гомдлын нэг үндэслэлээ орон сууцны үнийг барьцааны гэрээ байгуулахдаа 170 000 000 төгрөгөөр үнэлж байсан гэж тайлбарласан байна.

Зээлийн гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 онд барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 70 байр, 54 тоот, 74.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 170 000 000 төгрөгөөр үнэлж байжээ. Гэхдээ энэ нь тус орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохгүй юм. /хх-30-32/

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч дээрх үнийг төлбөр авагчид санал болгосныг зөвшөөрөөгүйн улмаас хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу шинжээч томилж, дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийлгэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-71,74/

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД