Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Иргэдийн төлөөлөгч С.Эрдэнэбулган,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор,

Хохирогч Д.Х,

Шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-д холбогдох эрүүгийн 201726021290 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “beer house” төвийн гадаа Д.Хын нүдийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ:

“... 2017 оны 6 дугаар сарын 07-ны 21 цагийн үед би 10 жилийнхээ 3 найзтайгаа зочид буудалд байсан. Би цайны газар ороод хоол аваад орж ирэхэд манай найз өөр газар орох уу хажуу талын залуучууд дарамтлаад байна гэж хэлсэн. Тэгээд бид нар өрөөндөө юм яриад сууж байхад хажуу өрөөнөөс хэдэн залуучууд бид нарыг хараагаад хаалга цохиод гараад ир гээд байсан. Гэтэл үл таних эгч манай найз Ганхуягийг алгадаад, өшиглөөд гарсан. Тухайн үед би маргааш нь ажилтай байсан болохоор гэртээ харихаар гадаа гарахад хохирогч зогсож байсан. Би хохирогчид “танай найзууд ямар ширүүн байна болгоомжтой аваад яваарай” гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд авч явсан тортой архиараа намайг савсан. Тэгээд би замын хажуу талаас жижиг чулуу аваад шидэхэд 2 хөмсөг хавьцаа нь оносон. Намайг харахад жоохон шалбарсан харагдаж байсан. Тухайн үед би найз нар нь гараад ирэх байх гэж айгаад зугтаасан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Х мэдүүлэхдээ:

“...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай найз хүнээс мөнгө авна гээд намайг дуудаад би очсон. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. 23 цагийн үед манай найз намайг дэлгүүрээс хиам талх аваад ирээч гэхээр нь аваад ирэхэд манай найзууд шүүгдэгч болон 3 залуутай маргалдаад  зогсож байсан. Тэгэхээр нь би “ууж идсэнээ шингээ гээд” нөгөө залуучуудыг өрөөнд оруулсан. Удалгүй би явлаа гээд гарах гэхэд манай найзуудтай цуг байсан хүүхэн нөгөө залуучууд “түрүүлж гарсныг нь зодно” гэж ярьж байна шүү гэхээр нь би ямар маргалдсан биш гэж бодоод буудлаас гарахад шүүгдэгч нэг залуутай тамхи татаад зогсож байсан. Тухайн үед би тортой зүйл барьж яваагүй. Тэгээд би нөгөө залуучуудын хажуугаар нь гараад явах гэхэд шүүгдэгч намайг дуудаад “ та бид нартай маргалдаад байсан уу” гэхээр нь “ах нь биш чи хүн андуураад байна” гэхэд “аан тийм байна уучлаарай” гээд гар барьсан. Тэгээд намайг эргэж хараад явахад араас гүйж ирээд “чи муу худлаа яриад байна уу” гээд нэг залуу нь хавсарч унагаагаад хоёулаа нийлээд намайг зодсон. Гэтэл нэг машин дотроос үл таних залуу бууж ирээд “та хоёр яагаад зүгээр байгаа хүн зодоод байгаа юм бэ” гэхэд “чамд хамаагүй би цагдаа байна” гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч уучлаарай гээд гар барихаар нь би явсан. Гэтэл араас гүйж ирээд чулуугаар цохисон. Тухайн үед би газар унаад харахад гарын салаагаар цус урсаж байсан. Нэг сэргэхэд би эмнэлэгт ирсэн байсан. Эмч нараас миний халаасанд байсан утас мөнгө байхгүй болсон байна гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэгт очоод сэргэсэн. Гомдолтой байна. Хэрэв миний нүд зүгээр байсан бол ажлаа хийгээд явах байсан...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ:

“...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Хуягтбаатарын биед үзлэг хийхэд зүүн нүдний алимны салст улаалттай, хүүхэн хараа нь мэдэгдэхгүй байсан. Хохирогчийн нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн бичгийг харахад нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламж гоожилт гэсэн оноштой цаашид хиймэл нүд суулгах шаардлагатай гэсэн онош байсан. Нүдний алимны нэвтэрсэн  шарх гэдэг нь нүдэнд ил харагдаж байгаа хар болон цагаан хэсэг нь гэмтэж гоожилт үүсэхийг хэлнэ. Нүдний алимны гоожилт гэдгийг нүдний нарийн мэргэжлийн эмч тодорхойлно. Нүдний нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтэд агууламж гоожсон, даралт багассан, хатингар үүссэн гэж оношилсон. Нэгэнт нүдэнд шингэн байхгүй учраас хүн харах боломжгүй болно. Хатингаршил гэдэг нь тухайн хувь хүнээс шалтгаалаад үүсэх боломж нь өөр өөр байна. Хамгийн багадаа 7-14 хоног байдаг. Мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, мод, чулуу, хурц ир үзүүргүй зүйлүүдийг хэлнэ...” гэх мэдүүлэг,   

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хын өгсөн:

            “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед над руу Энхбаатарын найз гэх залуу залгаад Энхбаатарын ээж танд мөнгө өгч явуулсан та гандан дээрээс ирээд авчих гэсэн. Тэгээд би Гандангийн төв хаалганы үүдэнд Энхбаатарын найз гэх залуутай уулзаад Энхбаатараас 500.000 төгрөг авсан. Тэгтэл тэр залуу чи бид хоёрыг буудал руу оруулаад өгчих гэхээр нь би тэр хоёрыг Гандангийн хажуу талын нэг буудлын өрөө рүү оруулсан. Тэгээд би тэр хоёртой юм яриад сууж байтал 22 цагийн үед Энхбаатар найз гэх залуу дэлгүүр ороод идэх юм, пиво авчираад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүр гараад талх, 4 шил пиво, хиам зэргийг авчихаад өрөө рүүгээ орох гэтэл Энхбаатарын найз түүний найз хүүхэнтэй үл таних 4 залуу маргалдаж байсан. Тэгтэл ресепшин залуу ирээд боль гээд салгаад өрөө өрөө рүү нь оруулсан. Тэгтэл Энхбаатарын найз залуугийн эхнэр бие засах гэж гарчихаад эргэж орж ирэхдээ гадаа байгаа залуучуудын 2 нь түрүүлж гарч ирсэн хүнийг нь зодно гээд яриад байна гэсэн. Тэгээд би заза орой болчихлоо, би харилаа гээд уг буудлаас гараад ресепшин залууд би явах гэж байна манай хоёрын хаалгыг нь гаднаас нь түгжчих гэсэн чинь за гээд ресепшин залуу бид 2 хамт өрөөг нь цоожлохоор очтол дотроос нь түгжчихсэн байсан.

Тэгээд би буудлаас гарахад буудлын үүдэнд нөгөө 4 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би хойшоо Гандангийн буудал руу алхаж явтал араас 2 залуу нь гүйж ирээд чи түрүүн маргалдаад байсан уу гэхээр нь үгүй ах нь биш та нар хүн андуураад байна гэхэд өө тийм байна хүн андуурсан байна гэж гар бариад тэр 2 залуу цаашаа явсан. Тэр үед машин угаалгын залуучууд үүдэндээ сууцгааж байсан. Тэгээд би цаашаа алхаж байтал машин угаалгын газар орчимоос нэг хүн хөөе араас чинь гэж орилсон. Тэгтэл би эргээд хартал араас хүн татаад зүүн нүд орчим руу хатуу зүйлээр цохисон. Тэгээд миний нүд халуун оргиод би орилоод нүүрээ 2 гараараа дартал гарын салаагаар цус гойжоод байсан. Тэгээд би нэг нүдээрээ харж чадахгүй замын хажууд байсан хашлага төмөрнөөс гараараа бариад тэнцвэрээ олсон. Тэгээд би ухаан алдаад Гэмтлийн эмнэлэгт сэрэхэд гар утас, халаасанд байсан 500.000 төгрөг зэрэг байхгүй байсан.

Сүүлд нэрийг нь мэдэхэд Дунхорол гэж залуу гартаа чулуу атгаад миний нүд рүү цохисон. Уг зүйлийг би тухайн үед чулуу гэж хараагүй, харин угаалгын газрын залуу таны нүдийг чулуугаар цохисон гэж хэлсэн. Уг гэмтлийг Дунхорол учруулсан. Би Дунхоролоос хохирлын мөнгө гэж утасны үнэ 500.000 төгрөг, биед явсан 500.000 төгрөг, 370.000 төгрөг эмчилгээнд нийт 1.370.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа болон болор суулгуулах мэс заслын мөнгөө нэхэмжилнэ. Би энэ хүнд зодуулснаас болоод хараагүй болоод ажлаасаа гарсан. Сарын 350.000 төгрөгний цалин авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-20х/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Дын өгсөн:

“...Би 2017 оны 06 сарын 07-ны шөнө найз болох Ганхуяг, Азбаяр, Гансүх нартай Модны 2-ын тэр хавьд Од гэх буудалд буудлын өрөө авчихсан хөзөр тоглоод байж байгаад би гадагшаа ТҮЦ рүү нэгж авах гээд гараад явсан хойгуур нэг эрэгтэй хаалга үүд нүдээд гал байна уу тамхи байна уу гэж асуусан гэж манай найзууд хэлсэн, ингээд бид нар өрөөндөө байж байтал үл таних эмэгтэй манай буудлын өрөөний хаалгыг тогшиж орж ирээд би боксоор хичээллэдэг өнөөдөр чамтайгаа байгаа шүү гэж хэлээд манай найз болох Ганхуягийг 2-3 удаа алгадсан юм. Тэгээд бид нар эмэгтэй хүнийг яалтай ч билээ гээд зүгээр тоглоом хийгээд гаргасан. Тэгээд би Азбаяр гэх найзтайгаа гадаа зогсож байхад Азбаяр надад хэлэхдээ нөгөө хаалгаар тамхи гал сураад томроод байдаг залуучууд чинь энэ байна шүү дээ гэж хэлэхэд бид нарыг зодох байна гэж ойлгоод намайг тэр Хуягтбаатар гэх залуу нь гартаа барьсан тортой архи пиво мэтийн эд зүйлээрээ миний толгойн ард хэсэг рүү савсан. Би тухайн үед манараад уурандаа барьцалдаж аваад би халтирч унаад доор нь орчихсон юм. Ингээд бид 2 зууралцаад би доор нь байж байх зуур намайг нүүр ам руу хэд хэдэн удаа цохиод Хуягтбаатар нь машины төв зам чиглэл рүү зугтаах гэхэд нь би газраас чулуу аваад шидэхэд тэр залуугийн хөмсөг нүд хавьцаа нь миний шидсэн чулуу оночихсон.

Би хэрэг гарсны дараа хохирогчтой уулзсан бөгөөд хохирлын мөнгө гэж 1.500.000 орчим төгрөг өгсөн. Тухайн үедээ хохирогч надад гомдол саналгүй гэж байсан...” гэх  мэдүүлэг /хх-н 42-44х, 50х/,

  

Мөрдөн байцаалтад гэрч Б.Азбаярын өгсөн:

            “...2017 оны 06 сарын эхээр 18 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад манай 10 жилийн ангийн найз Гансүх миний гар утас руу залгаад хүрээд ир ойрд уулзсангүй би Дунхорол, Ганхуяг нартай хамт буудалд байна гэсэн. Тэгээд би буудлыг нь заалгаад 19 цаг өнгөрөөд очсон. ... би ажилтай явна ажлынхаа Тэнгис гэж залуутай утсаар яриад түүнтэй Гандан орчимд уулзахаар болсон. Тэгтэл удалгүй Тэнгис над руу залгаад би гандангийн автобусны буудал дээр байна гэхээр нь би гарч алхаад Гандангийн автобусны буудал руу дээшээ өгсөөд алхаж байтал Дунхорол авто угаалгын газрын харалдаа нэг хүний доор орчихсон ноцолдож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгахад хэн нэг нь гэмтээгүй, ил харагдах цус нөж харагдаагүй. Тэгээд би Дунхоролыг буудал руугаа орж бай би хүнтэй уулзчихаад орно гэж хэлсэн. Тэгтэл утас дугараад Тэнгис залгаад би өөдөөс чинь алхаж байна чи хаана байна гэсэн. Тэгээд би одоохон очлоо гээд эргээд хартал Дунхоролтой ноцолдож байсан ах 2 гараараа нүүрээ дараад яаж байнаа гээд орилсон. Тэгэхээр нь би Дунхоролыг яаж байгаа юм гэхэд Дунхорол гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-24х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Одмаагийн өгсөн:

            “... 2017 оны 06 сарын 07-ны орой Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Натур 2 угаалгын газрыг би түрээслэж ажиллуулдаг бөгөөд угаалгын газрынхаа урд зогсож байтал ойролцоогоор 45-50 орчим настай, архи уучихсан халамцуу, ядарсан байрын муухан хар өнгийн хувцастай хүн машин тавьсан зогсоолын хажууд явж байтал араас нь 2 залуу гүйж иртэл тэр ах эргээд харсан. Тэр үед нэг залуу нь тэр ах руу чулуу шидсэн чинь тэр чулуу нь тэр ахын нүд орчимыг оносон. Тэгтэл тэр танихгүй ах ёооё гээд доошоо нүүрээ дараад суучихсан чинь нөгөө 2 залуу нь явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 7653 дугаартай:

1.5. Д.Хын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламж гоожилт, хараагүйдэл, зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

2.3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6.7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65 хувь нөлөөлөх тул 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 29х/,

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-н 30-31х/,

Шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэндсүрэнгийн өгсөн:

 “... төлөв даруу зантай, хамт олон дундаа нэр хүнд сайтай, өрөвч сэтгэлтэй хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 27х/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 55х/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56х/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 57х/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 59х/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58х/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 60-62х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “beer house” төвийн гадаа Д.Хын нүдийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

            хохирогч Д.Хын “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед над руу Энхбаатарын найз гэх залуу залгаад Энхбаатарын ээж танд мөнгө өгч явуулсан та гандан дээрээс ирээд авчих гэсэн. Тэгээд би Гандангийн төв хаалганы үүдэнд Энхбаатарын найз гэх залуутай уулзаад Энхбаатараас 500.000 төгрөг авсан. Тэгтэл тэр залуу чи бид хоёрыг буудал руу оруулаад өгчих гэхээр нь би тэр хоёрыг Гандангийн хажуу талын нэг буудлын өрөө рүү оруулсан...би дэлгүүр гараад талх, 4 шил пиво, хиам зэргийг авчихаад өрөө рүүгээ орох гэтэл Энхбаатарын найз түүний найз хүүхэнтэй үл таних 4 залуу маргалдаж байсан. Тэгтэл ресепшин залуу ирээд боль гээд салгаад өрөө өрөө рүү нь оруулсан. Тэгтэл Энхбаатарын найз залуугийн эхнэр бие засах гэж гарчихаад эргэж орж ирэхдээ гадаа байгаа залуучуудын 2 нь түрүүлж гарч ирсэн хүнийг нь зодно гээд яриад байна гэсэн. Тэгээд би заза орой болчихлоо, би харилаа гээд уг буудлаас гараад ресепшин залууд би явах гэж байна манай хоёрын хаалгыг нь гаднаас нь түгжчих гэсэн чинь за гээд ресепшин залуу бид 2 хамт өрөөг нь цоожлохоор очтол дотроос нь түгжчихсэн байсан.

Тэгээд би буудлаас гарахад буудлын үүдэнд нөгөө 4 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би хойшоо Гандангийн буудал руу алхаж явтал араас 2 залуу нь гүйж ирээд чи түрүүн маргалдаад байсан гэхээр нь үгүй ах нь биш та нар хүн андуураад байна гэхэд өө тийм байна хүн андуурсан байна гэж гар бариад тэр 2 залуу цаашаа явсан. Тэр үед машин угаалгын залуучууд үүдэндээ сууцгааж байсан. Тэгээд би цаашаа алхаж байтал машин угаалгын газар орчимоос нэг хүн хөөе араас чинь гэж орилсон. Тэгтэл би эргээд хартал араас хүн татаад зүүн нүд орчим руу хатуу зүйлээр цохисон. Тэгээд миний нүд халуун оргиод би орилоод нүүрээ 2 гараараа дартал гарын салаагаар цус гойжоод байсан. Тэгээд би нэг нүдээрээ харж чадахгүй замын хажууд байсан хашлага төмөрнөөс гараараа бариад тэнцвэрээ олсон...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Азбаярын “...Гандангийн автобусны буудал руу дээшээ өгсөөд алхаж байтал Дунхорол авто угаалгын газрын харалдаа нэг хүний доор орчихсон ноцолдож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгахад хэн нэг нь гэмтээгүй, ил харагдах цус нөж харагдаагүй. Тэгээд би Дунхоролыг буудал руугаа орж бай би хүнтэй уулзчихаад орно гэж хэлсэн. Тэгтэл утас дугараад Тэнгис залгаад би өөдөөс чинь алхаж байна чи хаана байна гэсэн. Тэгээд би одоохон очлоо гээд эргээд хартал Дунхоролтой ноцолдож байсан ах 2 гараараа нүүрээ дараад яаж байнаа гээд орилсон. Тэгэхээр нь би Дунхоролыг яаж байгаа юм гэхэд Дунхорол гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Одмаагийн “... 2017 оны 06 сарын 07-ны орой Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Натур 2 угаалгын газрыг би түрээслэж ажиллуулдаг бөгөөд угаалгын газрынхаа урд зогсож байтал ойролцоогоор 45-50 орчим настай, архи уучихсан халамцуу, ядарсан байрын муухан хар өнгийн хувцастай хүн машин тавьсан зогсоолын хажууд явж байтал араас нь 2 залуу гүйж иртэл тэр ах эргээд харсан. Тэр үед нэг залуу нь тэр ах руу чулуу шидсэн чинь тэр чулуу нь тэр ахын нүд орчимыг оносон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 7653 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж..”  хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг үгүйсгэж “чулууг тусгайлан бэлтгэсэн ” зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэлгүй гэсэн санал гаргасныг хүлээн авч “...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж..”  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэж зааснаас бус “...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж..” гэж заагаагүй юм. Иймд шүүгдэгчийн шидсэн гэх чулуу нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хамаарахгүй тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Х нь “...Цаашид гарах эмчилгээний зардлаа болон болор суулгуулах мэс заслын мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн тул хохирогч Д.Хыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар шинжээч эмч тогтоох шаардлагатай тухай хүсэлтийг гаргаж байна. Хохирогч хэрэг гарах үед биедээ байсан эд зүйлийн талаар өөр өөр янзаар мэдүүлэг өгсөн байдаг. Хохирлын талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв тогтоогоогүй талаар гаргаж байгаа ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт “Нүдний нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтэд агууламж гоожсон, даралт багассан, хатингар үүссэн гэж оношилсон. Нэгэнт нүдэнд шингэн байхгүй учраас хүн харах боломжгүй болно. Хатингаршил гэдэг нь тухайн хувь хүнээс шалтгаалаад үүсэх боломж нь өөр өөр байна” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байх тул “шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Харин хохирогчийн “...хэрэг гарах үед биедээ байсан эд зүйлийн...” талаарх иргэний нэхэмжлэлтэй холбоотой  хэсгийг нотлох баримтын хүрээнд тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 03 /гурав/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 03 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Ж.Д нь хохирогчид 1.370.000 төгрөг хохиролд төлснийг дурдсугай.

 

7. Хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Л.ОЮУН

 

Г.ЕСӨН-ЭРДЭНЭ