Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч Ж.Болорцэцэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,  шүүгч Л.Оюун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч Ж.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Дд холбогдох 201726021290 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ундарган овогт Жгийн Д, 1994 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “......................” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, /Төв аймгийн ......................тоотод оршин суух хаягтай/, Баянгол дүүргийн ...................... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Ж.Д нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Беер хаус” төвийн гадаа Д.Хын нүдийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Дын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Ундарган овогт Жгийн Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 3 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Ж.Д нь хохирогчид 1.370.000 төгрөг хохиролд төлснийг дурдаж,

Хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч Ж.Болорцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Д нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч хохирогч Д.Хыг чулуугаар цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Гагцхүү анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн зүүн нүдний гэмтэл нь түүний цохилтоос үүссэн гэмтэл мөн эсэхэд эргэлзэж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг өмгөөлөгчийн гаргаж байсан болно. Шүүгдэгч Ж.Д нь хэрэг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хохирогч Д.Хт хагалгаа хийлгэх зардалд 1.370.000 төгрөгийг төлж, уучлалт гуйж байсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн ээж Т.Цэндсүрэнгээр дамжуулан хохирогч Д.Хаас уучлалт гуйн, өөрийн гэм буруугаа ойлгож, хохирогчийн биед гэмтэл учруулсандаа харамсан, гэмшиж байгаагаа илэрхийлж, түүний нэмж нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болно. Иймд шүүгдэгч Ж.Д нь эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Х нь шүүгдэгчид ямар нэгэн гомдол саналгүй, түүнийг уучилсан болохоо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан торгох ялаар өөрчлөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Х тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Миний бие нүдийг маань гэмтээсэн Ж.Дын ээж Д.Цэндсүрэнгээс хохирол болон цаашдын эмчилгээний зардалд нийт 6.000.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр бэлнээр хүлээн авлаа. Энэ хүүхэд намайг санаатай гэмтээсэн гэж үзэхгүй байгаа, өөрөө болон гэр бүлийнхэн нь надаас уучлалт гуйсан бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би ч мөн алдаж, онож явсан учраас манай гэрийнхэн болон миний зүгээс Ж.Дыг уучилсан болно. Цаашид ямар ч гомдолгүй, дахин эмчлэх хохирол, эмчилгээний зардал байхгүй, хохирол бүрэн барагдсан болно. Бидний зүгээс шүүхэд гомдол гаргахгүй тул Ж.Дийг хорих ялаас өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. Иймд хүсэлтийг минь харгалзан хорих ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Д нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Беер хаус” төвийн гадаа хохирогч Д.Хын нүдийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Х нь автомашины төв зам чиглэл рүү зугтаах гэхэд нь би газраас чулуу аваад шидэхэд тэр залуугийн хөмсөг нүд хавьцаа нь миний шидсэн чулуу оночихсон. Би хэрэг гарсаны дараа хохирогчтой уулзсан бөгөөд хохирлын мөнгө гэж 1.500.000 орчим төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,

хохирогч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...алхаж байтал машин угаалгын газар орчимоос нэг хүн “хөөе, араас чинь” гэж орилсон. Тэгтэл би эргээд хартал араас хүн татаад зүүн нүд орчим руу хатуу зүйлээр цохисон. Тэгээд миний нүд халуун оргиод би орилоод нүүрээ 2 гараараа дартал гарын салаагаар цус гойжоод байсан. Тэгээд би нэг нүдээрээ харж чадахгүй замын хажууд байсан хашлага төмөрнөөс гараараа бариад тэнцвэрээ олсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/,

гэрч Б.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эргээд хартал Ж.Дтой ноцолдож байсан ах 2 гараараа нүүрээ дараад “яаж байнаа” гээд орилсон. Тэгэхээр нь би Ж.Дыг яаж байгаа юм гэхэд Ж.Д гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

гэрч Н.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ойролцоогоор 45-50 орчим настай, архи уучихсан халамцуу, ядарсан байрын муухан хар өнгийн хувцастай хүн автомашин тавьсан зогсоолын хажууд явж байтал араас нь 2 залуу гүйж иртэл тэр ах эргээд харсан. Тэр үед нэг залуу нь тэр ах руу чулуу шидсэн чинь тэр чулуу нь тэр ахын нүд орчимыг оносон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Д.Хын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний алимны агууламж гоожилт, хараагүйдэл, зүүн ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 65 хувь нөлөөлөх тул 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 7653 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ж.Дын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Дын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хууль тогтоогчоос тусгайлан тайлбар хийсэн бөгөөд энэхүү тайлбарт, “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт юуг хамааруулах талаар тайлбарласан бөгөөд шүүгдэгч Ж.Дын хохирогчид гэмтэл учруулсан чулууг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зүйл биш хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч Ж.Болорцэцэгийн гаргасан “хорих ялыг торгох ялаар солих” тухай давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд Ж.Дын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч Д.Хын эмчилгээний зардалд 6.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ж.Дд оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн нөхцөл байдал, Ж.Дын хувийн байдал, хохирогчид учруулсан материаллаг хохиролыг нь төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Харин Ж.Д нь энэ хэрэгт 51 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 765.000 төгрөгийг торгох ялын хэмжээнээс хасч, үлдэх 10.235.000 төгрөгийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Торгох ял шийтгэсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасныг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 11.000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Дын цагдан хоригдсон 51 хоног буюу 765 нэгжийг /765.000 төгрөг/ торгох ялаас хасч тооцсугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай” гэж тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                      Ц.ОЧ