Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00621

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00621

 

 

Д.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/00259 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Цийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн санал болгох хурал болон мөн сарын 18-ны өдрийн 4-177/29324 мэдэгдлийг хүчингүй болгож, төлбөр төлөгч Ч.Оийн хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн нотариатчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот нотариатын мэдэгдэх хуудсыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09256 дугаар захирамжаар баталгаажуулан төлбөр төлөгч Ч.Оээс 275 800 000 төгрөг гаргуулж, төлбөр авагч Б.Эрдэнэбилэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх нотариатын мэдэгдэх хуудсын дагуу НШШГГ-аас Ч.Од холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Ц, төлбөр төлөгч Ч.О бидний өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 44 байр, 82 тоот, 62.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, орон сууцыг 98 500 000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээний дагуу албадан дуудлага худалдааг тус газраас 2 удаа зохион байгуулсан боловч эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.О нь төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, оргон зайлсан бөгөөд түүний оршин суугaa хаяг тодорхойгүй байсны улмаас Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонгын төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6/529 тоот тогтоол гарсан. Гэтэл төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаанд төлбөр авагч Б.Эрдэнэбилэг болон гуравдагч этгээд Д.Ц надад худалдан борлогдоогүй эд хөрөнгийг санал болгох хурлыг зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлж, уг санал болгох хурлыг төлбөр төлөгч Ч.Оийг байлцуулахгүйгээр, хууль бусаар санал болгох хурлыг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.6 дах заалтуудыг ноцтой зөрчсөн.

НШШГГ нь төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаандаа төлбөр төлөгчийг оролцуулахгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр санал болгох хурлыг зохион байгуулсан, нөгөө талаас төлбөр авагч нь шинжээчийн тогтоосон үнээс доогуур үнээр гуравдагч этгээд миний амьдран суугаа орон сууцыг төлбөртөө суутган авах талаар хүсэлт ирүүлсэн, зөрүү үнийг гуравдагч этгээд надад төлөөгүй байхад орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл ирүүлж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн юм. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 98 500 000 төгрөгөөр үнэлсэн байхад төлбөр авагч 40 000 000 төгрөгөөр төлбөртөө суутган авах талаар хүсэлт ирүүлсэн байхад хууль бусаар орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт заасныг ноцтой зөрчиж, гуравдагч этгээд миний орон сууцыг төлбөр төлөгчид шилжүүлэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн. Иймээс төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж байх хугацаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон НШШГГ-ын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн санал болгох хурал болон 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 дүгээр мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, төлбөр төлөгч Ч.Оийг олж тогтоох хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн нотариатчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр мэдэгдэх хуудсаар Ч.Оээс 275 800 000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэбилэгт олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Ч.Од төлбөр төлөх мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул Ч.Оийн дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017849 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 44 дүгээр байр, 82 тоот, 62.29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/4319, 4/4320, 4/4324, 4/4325 дугаар үнэлгээний мэдэгдлийг Д.Цид, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/4326, 4/4327 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.Од гардуулсан. Анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг Ч.О, Д.Цид гардуулж байсан. Худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох тухай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4/20142, 4/20143, 4/13393, 4-177/23497, 4-177/27831, 4-177/27832, 4-177/28402 тоот мэдэгдлийг гуравдагч этгээд Д.Цид, төлбөр төлөгч Ч.Од 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4/20145, 4-177/23500, 4-177/27830, 4-177/28400 тоот мэдэгдлийг гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг шинжээчийн үнэлгээгээр тооцон төлбөрт санал болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, 44 дүгээр зүйлийн 44.2.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, төлбөр төлөгч Ч.Оийн хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.18 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн 140,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Цид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ НШШГГ-ын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, төлбөр төлөгч Ч.Оийг олж тогтоох хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах гэж гаргасан байхад шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус явагдсан болохыг тогтоох гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 дугаар мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Ч.Оийг эрэн сурвалжилж байх хугацаанд, түүнийг байлцуулахгүйгээр, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурал зохион байгуулахдаа зөвхөн төлбөр авагч Б.Эрдэнэбилэг болон гуравдагч этгээд Д.Цийг байлцуулан санал болгох хурал зохион байгуулж, уг хурлын дагуу төлбөр төлөгчөөс тухайн эд хөрөнгийн талаар үнийн санал авч, төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж байгааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, төлбөр төлөгчийг олж тогтоох хүртэл хугацаанд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 дугаар мэдэгдлээс хойших ажиллагааг төлбөр төлөгчийг олж тогтоох хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгө үнэлсэн, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээний үнийн дүн гэх мэт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 тоот мэдэгдлээс өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дүгнэлт хийж, эдгээр ажиллагаануудыг гуравдагч этгээдэд Д.Цид мэдэгдсэн, эдгээр ажиллагаанууд хуулийн дагуу явагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

НШШГГ нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулахдаа төлбөр төлөгч Ч.Од уг хурлыг зохион байгуулах талаар мэдэгдсэн мэтээр санал болгох хурлыг зохион байгуулсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх үүрэгтэй байхаар, 14.1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, танилцуулж, тайлбар авах үүрэгтэй 14.3 мэдэгдэх хуудсыг гардуулах үүрэгтэй байхаар тус тус хуульчилсан байна.

Хариуцагч дээрх хуулийн зохицуулалтын дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж, уг хурлын дагуу төлбөр авагчаас эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үнийн санал авах ажиллагааг хийх үед төлбөр төлөгч Ч.О эрэн сурвалжлагдаж байсан тул дээрх хуулийн 7.2, 14.1, 14.3, 14.5 дах хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид уг ажиллагаануудын талаар мэдэгдсэн, мэдэгдлийг гардуулсан, төлбөр төлөгчийг оролцуулсан, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт энэ хуулийн 72.1, 72.2 дах хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох ажиллагааг хууль бусаар хийсэн болно.

Дээрх ажиллагааг хууль бусаар хийснээр гуравдагч этгээд болох нэхэмжлэгч Д.Ц нь өөрийн үр хүүхдийн хамт амьдран суудаг байрыг төлбөр авагчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнээс доогуур үнээр төлбөр авагчид шилжүүлэн өгөх нөхцөл үүссэн. Учир нь шинжээчийн дүгнэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгө нь 98 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Ч.Од ногдох хэсгийг тооцвол 49 250 000 төгрөг болж байна.

Гэтэл төлбөр авагч Б.Эрдэнэбилэг уг үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр төлбөртөө тооцон авахаар санал ирүүлсэн. Хэрвээ гуравдагч этгээд Д.Ц шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол төлбөр авагчид 40 000 000 төгрөгөөр төлбөрт нь тооцон шилжүүлэх ажиллагаа хийгдэх боломж бүрдэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн санал болгох хурал болон мөн сарын 18-ны өдрийн 4-177/29324 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Ч.Оийг олж тогтоох хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Төлбөр төлөгч Ч.О Хан-Уул дүүргийн нотариатчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот мэдэгдэх хуудсыг сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ-аас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нотариатчийн мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай 184/ШЗ2017/09256 дугаартай захирамж, мөн өдрийн 184/ГХ2017/01082 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасантай нийцжээ. /1хх-54-58/

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч-иргэнээс мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах журмын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гарган, холбогдох ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан банкны хариу албан бичиг, тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх 212-214,218-220,225, 227-231/ Улмаар төлбөр төлөгч Ч.О болон нэхэмжлэгч Д.Ц нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 44 дүгээр байр, 82 тоот орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 177/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 170/22 дугаартай тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, хамтран өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон, мөн 2 удаа албадан дуудлага худалдаа явуулсан зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.6, 55 дугаар зүйлийн 55.2.2, 63 дугаар зүйлийн 63.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хууль зөрчсөн эсэх, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл нь хамтран өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх, төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж буй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагатай эсэх талаар маргаж байна.

Хариуцагч НШШГГ-аас орон сууцыг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус явуулахад худалдан борлогдоогүйн улмаас хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт явуулж, төлбөр авагч Б.Эрдэнэбилэгт шинжээчийн тогтоосон үнээр /98 500 000 төгрөгөөр/ төлбөртөө авахыг санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /1хх198-202/

Уг ажиллагааг явуулах тухай 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4-177/28402 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.Оийн оршин суух газрын хаягаар хүргүүлсэн болох нь 1 хавтаст хэргийн 194-195 дугаар талд авагдсан мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, хуулиар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо төлбөр төлөгчийг заавал байлцуулах талаар дээрх хуульд журамлаагүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болжээ.

Мөн төлбөр төлөгч Ч.Оийг эрэн сурвалжилж олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Сонгинохайрхан дүүргийн 177 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6/523 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол гаргаж, төлбөр төлөгч Ч.Оийн оршин суух хаяг, түүний өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг олж тогтоохыг ахлагч Х.Одгаригт даалгасан байх ба уг тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс баталжээ. /1хх184/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дах хэсэгт төлбөр төлөгчийн мөнгө хөрөнгө болон бусад хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хэсгээс гаргуулж төлбөрийг барагдуулахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Д.Ц, төлбөр төлөгч Ч.О нар нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу, 44 дүгээр байрны 82 тоот орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд тэрээр өөрт ногдох хувьд маргаагүй байна. /1хх67/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл төлбөр авагч Б.Эрдэнэбилэг нь шинжээчийн тогтоосон 98 500 000 төгрөгт орон сууцыг төлбөртөө суутган авч, нэхэмжлэгч Д.Цид ногдох зөрүү үнэ 49 250 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч уг зөрүү үнийг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. /1хх199-203/ Иймээс хариуцагч байгууллагын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцыг султган чөлөөлөх тухай 4-177/29324 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн хүчингүй болгох нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан зарчимд нийцнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг бие даасан шаардлага биш гэж дүгнэн шийдвэрлээгүй нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/00259 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, 44 дүгээр зүйлийн 44.2.10, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасны дагуу хариуцагч НШШГГ-ын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцыг султган чөлөөлөх тухай 4-177/29324 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгож, төлбөр төлөгч Ч.Оийн хаягийг олж тогтоох хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч НШШГГ-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД