Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0890/З |
Дугаар | 221/МА2017/0413 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0413
2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар0221/МА2017/0413 | Улаанбаатар хот |
З.Ш нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг нэхэмжлэгч З.Ш, түүний өмгөөлөгч Г.М, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гаргасан давж заалдах гомдлоор З.Ш нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч З.Ш 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Х хотхоны 00 байрны 00 дүгээр орцны 00 тоот, 000 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр З.Ш бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж “00” хотхоны 00 байрны 00 тоот 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 00 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр З.Ш бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг З.Ш нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий З.Ш нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...З.Ш нь 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “М к” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсангийн тойруу хаягт байрлах Х хотхоны 00 байрны 00 дүгээр орцны 00 тоот, 00 м.кв талбай бүхий орон сууц, 00 байрны зоорийн давхарт байрлах 00 тоот авто машины зогсоолыг захиалан бариулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан, улмаар 2011 онд нүүж орсноос хойш одоог хүртэл амьдарч байна.
Орон сууц захиалах гэрээний дагуу “М к” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04661 дүгээр захирамжаар З.Ш дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.
Гэтэл Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасаг дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд “барьцааны эрх бүртгэгдсэн” байна гэж түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан. Эл татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй, тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзсэн учир Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж дээр дурьдсан орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр З.Ш бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр З.Ш нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож “...2015 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг эд хөрөнгө нь “М к” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг бүртгэлд У банк, болон К банктай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул дээрх 2 банканд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах талаар хариу өгсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох “00” хотхоны 00 байрны 00 тоот 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 00 тоот авто машины зогсоолууд нь “М к” ХХК болон “У х б”, “К б” ХХК-иудын хооронд 2010 онд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч З.Ш өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулалч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасан байх тул нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ үндэслэн “У х б” болон “К б” ХХК-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохиолдолд өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийх болсон шалтгаан нь дээрх үл хөдлөх хөрөнгийн 4 өрөө орон сууц нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ”-ээр У банканд, 00 тоот зогсоол нь 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 дүгээр “Барьцааны гэрээ”-ээр К банканд тус тус барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна гэж хэргийн үйл баримтын талаар алдаатай дүгнэлт хийснээс үүдэлтэй.
Маргаж буй орон сууцны барилгыг барьцаалсан “У б” ХХК-ийн уг барьцаагаар хангагдах үүрэг буюу Зээлийн гэрээний харилцаа нь 2013 онд бүрэн дуусгавар болсон. Тодруулбал У банкны 2010 оны ЗБГ0003/100519 дүгээр гэрээний барьцаагаар хангуулах үүрэг болох Зээлийн үүргийг “К б” ХХК нь өөрт шилжүүлэн авч, энэ тухай холбогдох гэрээг байгуулсантай холбоотойгоор тус банкны барьцааны эрх дуусгавар болсон. Энэ талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байх ба гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ үйл баримтын талаарх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэх тул “У х б” ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болоогүй гэх шүүхийн дүгнэлт алдаатай болох нь тодорхой юм.
Нэгэнт дуусгавар болсон нь тодорхой байгаа барьцааны эрхийн бүртгэлийг барьцаалагч “У х б” ХХК чөлөөлөх талаарх зөвшөөрөл мэдэгдлээ бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр татгалзаж буй хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэгчийн татгалзал нь хууль зүйн үндэслэл юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Х хотхоны 00 байрны 00 дүгээр орцны 00 тоот 00 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байрлах 00 м.кв 00 тоот авто зогсоолын өмчлөгчөөр З.Ш бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч З.Ш “М к” ХХК-тай байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн гэрээний дагуу худалдаж аван одоог хүртэл эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 дүгээр орц, 00 давхрын 00 тоот 00 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 00 тоот авто зогсоолыг тус компани дээрх гэрээг байгуулахаас өмнө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2206013617 дугаарт, авто зогсоолыг улсын бүртгэлийн Ү-2206014050 дугаарт тус тус бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, улмаар орон сууцыг 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ/0003/100519 тоот гэрээгээр У банканд, авто зогсоолыг мөн оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээгээр “К б тус тус зээлийн гэрээний барьцаанд тавьсан, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө байгуулагдсан эдгээр барьцааны гэрээ одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр төдийгүй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Үүнээс өмнө буюу “М к” ХХК нь анх 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “К б” ХХК-тай Т07/141 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Америк сургуулийн урд талд зээлээр санхүүжүүлэн барих 00 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, 205 автомашины газар болон бусад хөрөнгийг барьцаалжээ.
Хэдийгээр дээрх орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн З.Ш нэхэмжлэлийн шаардлагыг “М к” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04661 дүгээр шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр “М к” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болохгүй.
Учир нь 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой, гэвч энэ тохиолдолд буюу эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу барьцаалагчийн зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т тодорхой заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.
Иймд З.Ш өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын /тухайн үеийн нэрээр/ үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг тус тус хориглох тухай, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэнтэй тус тус нийцсэн байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...У банкны барьцаагаар хангагдах үүрэг буюу зээлийн харилцаа 2013 онд бүрэн дуусгавар болсон, өөрөөр хэлбэл дээрх гэрээний барьцаагаар хангуулах үүрэг болох зээлийн үүргийг К банк өөрт шилжүүлэн авч энэ тухай холбогдох гэрээ байгуулагдсан.
Нэгэнт дуусгавар болсон нь тодорхой байгаа барьцааны эрхийн бүртгэлийг барьцаалагч У банкнаас чөлөөлөх талаар зөвшөөрөл мэдэгдлээ бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр татгалзаж буй нь хууль бус...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон, мөн энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласантай нь холбогдуулан энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийх байдлаар барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй болохыг, түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн тухайд ч энэ талаар харьяаллын шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН