Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 218/МА2021/00003

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 218/МА2021/00003

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2020/00739 тоот шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй *******д хариуцагдах 57 тооны тэмээ, үр төл 22 ботго, 19 тэмээний үнэ 9800000 төгрөг, 2 нүдний дуран гаргуулах, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ногоон толгойн бууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, *******, ******* нараас машины үнэ 4500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг

Нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд талийгаач *******тэй гэр бүл болж, 2011 оны 05 дугаар сарын 06-нд хүү Т.Тыг, 2016 оны 03 дугаар сарын 14-нд хүү ******* нарыг төрүүлэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р багт, ам бүл 4-үүл мал маллан амьдарч байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр ******* бусдын гарт зуурдаар нас барж, би 3-8 насны 2 хүүхэд болон 4 сартай жирэмсэн үлдэж, 2018 оны 11 дүгээр сарын 09-нд хүү *******ыг төрүүлсэн. Талийгаачийг нас барсны дараа түүний хойд эцэг ******* манай гэр бүлийн дундын хөрөнгөд эзэн сууж намайг 2 хүүхдийн минь хамт хөөж явуулсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сард гэр болон бага малыг буцааж өгсөн. Манайх 2017 оны мал тооллогоор нийт 160 тооны мал тоолуулсан. Гэтэл талийгаачийг нас барснаас хойш талийгаачийн хойд эцэг ******* нь манай малаас 76 тооны тэмээнд эзэн сууж хууль бус, шударга бусаар эзэмшиж, өмчилж, захиран зарцуулаад эхэлсэн. Би тэмээгээ авъя гэхээр чиний юм биш гээд өгөхгүй байгаа бөгөөд энэ өвөл идэшний тэмээ ч өгөөгүй. Харин тэмээнээс зарж, үрээд байгаа. ******* гуай бол бидэнтэй нэг ам бүлд хамт амьдарч байгаагүй бөгөөд манай талийгаачийн төрсөн эцэг нь биш хүн. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т зааснаар миний бие болон миний гурван хүү талийгаач *******н хууль ёсны өвлөгч бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Өвлөх эрхийн гэрчилгээ авчихаад байхад ч бидний эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, бидэнд өгөхгүй гэж маргаж байгаа тул *******ийн хууль бус эзэмшлээс 76 тооны тэмээ, түүний үр төлийг гаргуулж өгнө үү. Үүнд: 2017 оны мал тооллогоор тоолуулсан 76 тооны тэмээ, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зорилгоор тэмээгээ дараах байдлаар үнэлж байна. Буур 1 толгой 1300000 төгрөг, ат 1 толгой /5 наснаас дээш/ 8000000 төгрөг, ингэн тэмээ 22 толгой /5 наснаас дээш/ 17600000 төгрөг, атан тэмээ 2 толгой /4 настай / 1200000 төгрөг, ингэ 2 толгой /4 настай/ 1200000 төгрөг, тэмээ 4 толгой /3 настай/ 2000000 төгрөг, тэмээ 11 толгой /3 настай эм/ 5500000 төгрөг, тэмээ 3 толгой /2 настай эр/ 1200000 төгрөг, тэмээ 11 толгой /2 настай эм/ 4400000 төгрөг, тором 8 толгой /1 настай эр / 2800000 төгрөг, тором 11 толгой /1 настай эм/ төгрөг нийт 41850000 төгрөг гаргуулах, манайх 2017 онд 22 ингэтэй байсан бөгөөд үүний 2018 оны үр төл 22 ботгыг нэгийг нь 200000 төгрөгөөр нийт 4400000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч миний бие өөрийн төрсөн үрээ бусдын гарт харамсалтайгаар алдаж түшиж тулах хүн бүлгүй хагацлын зовлонд унаж явахад ханийн аав гэж эргэж харалгүй явчихаад хайртай хүүг минь енгөрсний дараа 1 жилийг тэсэн ядаж хүлээсэн юм шиг өсгөж бойжуулсан тэмээн сүргийг бүгдийг нь нэхэж яваа энэ хүнтэй үнэхээр эвлэрч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би 1977 онд Дэлгэрхангай сумын Толь бригадад эхнэр *******тай гэр бүл болж 1979 онд охин Буман-Эрдэнэ төрж 9 сартай байхдаа өнгөрсөн бөгөөд үүний дараа 1981 онд хүү Түмэн-Өлзий төрж, 1983 онд хүү Өлзийдүүрэн төрж, 1986 онд охин Өлзийнаран минь төрж 2 сартай нас барсан ба 1988 онд охин Өлзийжаргал төрсөн. Эхнэр минь надтай суухдаа 4 үртэй байсан ч надтай гэрэлсэнээс нь хойш гарсан миний хүү Түмэн-Өлзий минь юм шүү дээ. Үрээ алдсан эцэг хүнд чиний хүүхэд биш гэж хэлэх ийм сэтгэл үртэй хүүхэдтэй хүний амнаас гарамгүй гомдмоор үг байна. Миний хүү нэгэнт өнгөрсөн байхад би юу ч хэлэх билээ дээ. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүү Өлзийдүүрэн, хоёр нялх хүүхэдтэй охин Өлзийжаргал нартайгаа хамт амьдарч байна. Би чинь энэ хүүхдүүддээ бас хөрөнгө таслаж үлдээх үүрэгтэй эцэг, би өөрөө нүд бараг харахгүй хүн болохоор энэ гэр бүлийг авч явдаг ганц үр минь бүрлээч хүү минь байсан. Би 1962 оноос эхлэж нэгдлийн мал маллаж байгаад 1993 онд өмч хувьчлалаар 20 орчим тэмээ авсан нь өсөж үржээд өдий хүрсэн нь одоо нэхэмжлэгч *******гийн өмч болох гээд явж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би хань ижил үр хүүхдүүдийнхээ хамт хичнээн жил нар салхи, цас бороонд өсгөж үржүүлж амьдралаа залгуулдаг хэдэн малыг минь манайх гэж мэдсээр байж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би өөрөө өрх толгойлсон охин хүүхэдтэй хүн, хүнийхийг чи ийм тийм гэж хэлэхгүй, гэхдээ юу ч үгүй ирчихээд хамаг үр хүүхдийн минь буян хишгийг авна гээд явааг ойлгохгүй байна. Надад бүрлээч хүү Түмэн-Өлзийгөөс минь гадна тусдаа гараагүй нэг хүү, гал дээр гарсан 2 зээ, 1 охин бий, тэр нэхээд байгаа тэмээнүүд бол эдгээр бүх хүүхдүүдийн минь болон миний өмч юм. Бүрлээч хүү минь энэ хэдийнхээ том нь бөгөөд эрүүл саруул хүн болохоор би хүүгийнхээ нэр дээр тэмээнүүдээ тоолуулж ааваасаа хойш дүү нараа авч явна гэж итгэж бид хоорондоо ярилцдаг байлаа. Тэр сайхан хүү минь надаас түрүүлж яваад, насаараа шудрагаар хөдөлмөрлөж, ариун цагаан хөдөлмөрөөрөө маллаж өсгөсөн мал сүрэг минь яагаад энэ ******* гэж хүүхний өв хөрөнгө болоод миний үр хүүхэд юу ч үгүй үлдэх гээд байгаа юм бэ. Энэ хэдэн тэмээг яаж бий болгож маллаж өсгөсөн, хэний өмч вэ гэдгийг нутаг орны минь ард түмэн гэрчлэнэ. Өмнө нь бол ямар ч санаа оноогүй зүгээр л бүх малаа хүү дээрээ тоолуулдаг байсан ч 2017 онд миний хүү дүү нарынхаа болоод миний бүх малыг өөр дээрээ тоолуулж банкнаас зээл авна гээд өөр дээрээ тоолуулж байсан бөгөөд өнгөрснөөс нь хойш би тэмээнээсээ зарж банкных нь өрийг өгсөн. Мөн хүүгийнхээ ажил явдлаар хэрэглэсэн мөнгийг тэмээнээсээ л зарж өнгөрөөсөн, хүүг минь нас барсан хэргийг 5 сарын турш аймгийн төв сум хоёрын дунд хичнээн зардал гаргаж явсан, энэ бүгдэд ******* нэг ч оролцоогүй бөгөөд надад хүүхдээ орхиод өөрөө алга болсон хүн шүү дээ. Тийм их өмч хөрөнгө хүсээд байгаа бол би хонь мал орон гэрийг нь хүртэл өөрийг нь дуудаж ирээд өгч байсныг түмэн мэднэ. Өв залгамжлах гээд байгаа бол өрийг нь бас залгамжлах ёстой биз дээ. Гэтэл би өмч хөрөнгөөрөө өөрийнх нь авч үрсэн өрийг банкинд төлж, тэмээгээ өөрөө маллаж өнөөдрийг хүрсэн. Би хүүгийнхээ хүүхдүүдийг хоосон хөөгөөд явуулах хүн бишээ орон гэр мал сүргийг нь ээжид нь өгсөн. Өөрөө ч хүүхдээ харж байсан. Яагаад Ааваа, үрийн чинь үрсийг өсгөж тэжээж явна тасдаад өгөх өв хөрөнгө аль нь вэ гэж асуухын оронд бүх үр хүүхэд болон миний дундын өмчийг тэр чигээр нь шүүх хуулийн байгууллагадаа тулж булааж авах гээд нас барсан үрийн минь ясыг өндөлзүүлж төрүүлсэн эцгийг нь хойд эцэг ямар ч хамаагүй хүн гэж гүтгэн муу муухайгаар эд хөрөнгөнд минь улайран дайрна вэ. Би болоод миний бусад хүүхэд яаж амьдрах юм бэ. Тэд ч бас миний хүүхдүүд надаас хөрөнгө авах эрхтэй. Би энэ үйлдлийг нь бол хүлээн зөвшөөрч чадахгүй учраас өөрийн зүгээс сөрөг нэхэмжлэл гарган шүүхээр үнэн мөнийг тогтоолгох болно. Нэхэмжлэгч 76 тэмээ нэхэмжилсэн байгаа нь 2017 оны дүн бөгөөд бүрлээч амьддаа 10 гаран тооны тэмээг зарж *******тай хамт зарцуулсан, хүү минь өнгөрсөн болохоор надаас өөр харж хандах хүн байхгүй. Тэмээ минь хээр гадаа зэрлэгшиж хэдэн ботго тором нь хөлдөж үхсэн төл гээд байх юм бараг байхгүй. Хүүгийнхээ ажил явдлаар зарцуулсан мөнгөө бас л тэр тэмээнээс 3-4 зарж зохицуулсан, ат 1 ширхэг гээд байгаагаа өвөл нь ******* бүрлээч нар өөрсдөө идшиндээ идчихсэн, хүүгийнхээ нэр дээр байсан Хаан банкны 4 сая төгрөгийн өрийг нь тэмээнээсээ зарж төлсөн. Ингээд бодоход би 3 хүүхэд, бүрлээч ороод, 2 зээдээ, мөн өөртөө гээд хөрөнгөө 6 хуваахад дундын өмчийн 76 тэмээний 13 нь талийгч хүүд оногдож байгаа юм. Гэтэл аль хэдийн амьд ахуйд нь нийлээд идчихсэн байх юм. Дээр нь нэмээд надаар банкныхаа өрийг хүртэл төлүүлсэн байна. Одоо үлдсэн хэд нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүү, өрх толгойлсон охин, өнчин 2 зээгийн юм гэж ойлгож болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч ******* миний бие 1962 оноос нэгдэлд мал маллаж 1993 оны өмч хувьчлалаар 20 тооны тэмээ өмчлөн авч үр хүүхэд хань ижилтэйгээ өсгөж үржүүлж өдий хүрсэн. Өөрийн өмчлөлийн тэмээгээ өсгөж үржүүлж 100 хол гарч явсан үе бий. Энэ мал сүргээ өсгөж үржүүлэхэд талийгаач хүү минь тусдаа гараагүй байхдаа ч эхнэр авсан хойноо ч надтай нийлээд хамтдаа зүтгэж явсан. Бид энэ чинийх энэ минийх гэлгүй гэр бүлийнхээ бүх тэмээгээ нийлж малладаг байсан. 2017 онд хүү минь банкнаас зээл авна эд нарыг би тоолуулчихъя гэхэд нь би чам дээр тоолоод явдаг юм чинь тэгээ миний хүү гээд юу ч бодоогүй тоолуулж байсан. Яагаад ер нь эрүүл саруул цэл залуу үрээ өнгөрчихнө гэж бодож санаалж явах билээ. Хүү бид хоёрын хэн нэг нь хэрэгцээ шаардлагаараа ийш тийш нь зарж борлуулж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Гэтэл хүү минь хорвоогоос зуурдаар хальж үрээ алдахын гашуун зовлонд унаж явахад эхнэр нь гэх хүн эд хөрөнгийг минь нэхэж хууль шүүхээр явж үлдсэн хэдэн хүүхэд болоод миний амь зуулганы тэмээг авахаар шунаж байгаа нь үндэслэлгүй байх тул 2019 оны 06 дугаар сарын 07 ны өдрийн №57 өвлөх эрхийн гарчилгээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Учир нь тэмээг хүний нэр дээр тоолууллаа гээд тэр хүнийх болох үндэслэлгүй бөгөөд би өөрийн гэр бүлийн дундын өмчийг *******д өмчлүүлэхийг хулээн зөвшөөрч чадахгүй. Надад бүрлээчээс гадна тусдаа хөрөнгө таслаж авах ёстой 2 хүүхэд 2 зээ бий, тэдгээр нэхэмжлээд байгаа тэмээ бол тэдний болон миний өмч тул өөрийгөө шудрага эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй. Мөн бүрлээч хүү минь амьд ахүйдаа Хаан банкнаас зээл авч ******* болон өөрийн үр хүүхэддээ зарцуулснаас би нэг төгрөг ч авч байгаагүй. Тэгээд өв залгамжлагч нь биш мөртлөө банкинд өрийг хаасан тул *******гаас дээрх 4675000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна. Хуулиар бол эхнэр нөхөр нь өрийг нь төлж өвийг нь хүлээж авах ёстой байдаг юм билээ. Ийм байхад өрийг нь төлөхгүй байж, өв залгамжлана гээд надаас миний юмыг нэхэмжлээд явж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шударгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн 1. ******* нь *******гийн төрсөн эцэг болохоо шүүхээр тогтоолгох /ач хүү болох *******тай генийн шинжилгээнд орох/ 2. Хариуцагч ******* миний бие тухайн цаг үеийн байдлаас болж төрсөн хүү *******г өөрийн нэрээр овоглож чадаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* үүнийг овжин ашиглаж миний хүүг дагавар хүүхэд гэж үзэж намайг хойд эцэг, танихгүй шахам хүн гэж байнга ярьж бичиж, үүгээрээ далимдуулж өв хөрөнгийг минь авахаар дайрч байгаа тул би хүүгээ төрсөн хүүхэд минь мөн болохыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Байнга хойд эцэг гэж *******д чичлүүлж байгаадаа миний бие туйлын гомдолтой байгаа бөгөөд нас барсан эхнэр хүү хоёр минь босч ирээд төрсөн эцэг мөн гэж хэлэхгүйгээс хойш дээрээ хуультай шүүх байгууллагаар тогтоолгож ач хүү *******тай генийн шинжилгээнд орж талийгаач хүү П.Түмэн- өлзийгийн төрсөн эцэг гэдгээ нотлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн гаргасан 2019.06.07-ны өдрийн №57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах түхай хүсэлт хууль зүйн үндэслэлгүй юм. Би хүүхдүүдийнхээ хамт хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар үндэслэл хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй. Миний хань талийгаач ******* нь бусдын гарт зуурдаар нас барсан бөгөөд дээрх хэрэгт Б.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.26-ны өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Энэ шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ******* гуай оролцож, хохирогч амь насаа алдсан хор уршигт 6.000.000 төгрөгийг, оршуулгатай холбоотой 2.858.483 төгрөгийг нийт хохиролд 12.700.000 төгрөгийг Б.Түвшинжаргалаас гаргуулсан бөгөөд үүнд сөрөг нэхэмжлэлд нэхэмжлээд байгаа банкны зээл 4.761.500 төгрөг орсон юм. ******* гуай дээрх хохиролд авсан мөнгөнөөсөө миний хүүхдүүдэд нэг ч төгрөг өгөөгүй болно. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчаас эцгээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн гаргасан эцгээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Эцгээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч *******гаас *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс өвлөгдвөл зохих 76 тэмээ гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй юм. Эцгээр тогтоолгох нэхэмжлэл бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ******* гуай талийгаачийн хүүхэдтэй цусны бүлгээ шинжилгээнд оруулж, эцгээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ДНХ-ийн буюу эцэг тогтоох шинжилгээ нь хүүхдийн ДНХ эцэг, эхийн ДНХ-тэй нийлж байна уу, үгүйсгэгдэж байна уу гэдгийг тогтоодог шинжилгээ бөгөөд талийгаачийн хүүхдээс дээж авч шинжилгээ хийх хууль зүйн боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... *******ийн хууль бусаар эзэмшсэн дараах эд хөрөнгө болон үнийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд 20-00 УБН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн суудлын автомашины үнэ 4.500.000 төгрөг, 800000 төгрөгийн үнэлгээтэй 2 нүдний дуран 1 ширхэгийг, Дэлгэрхангай сумын 1-р баг, Ногоон толгойн бууц-ыг манайх айл болсон цагаасаа хойш эзэмшиж ирсэн. Тухайн бууцыг эзэмших эрхийн эрчилгээ нь талийгаачийн нэр байдаг боловч гэрчилгээг нь ******* гуай газрын мэргэжилтнээс авчихаад бидэнд өгөхгүй байгаа тул дээрх хороо, бууцны гэрчилгээг гаруулж шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: *******эс буур 1 толгой 1300000 төгрөг, ат 1 толгой /5 наснаас дээш/ 800000 төгрөг, ингэн тэмээ 19 толгой /5 наснаас дээш/ атан тэмээ 2 толгой /4 настай/, ингэ 1 толгой /4 настай/, тэмээ 4 толгой /3 настай/, тэмээ 9 толгой /3 настай эм/, тэмээ 7 толгой/2 настай эм/, тором 13 толгой/1 настай эр / 57 тэмээ, үр төл 22 ботго, бусдад худалдсан 19 тэмээний үнэ 9800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... *******, ******* нарын хууль бусаар эзэмшсэн 20-00 УБН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн суудлын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд талийгаач нөхөртэйгөө айл гэр болсон. Манай хүн 2018 онд хүний гарт үрэгдсэн. Хариуцагч *******эс 57 тэмээ 22 ботго, Ногоон толгой гэж хорооны шударга эзэмшигчээр тогтоолгох, бусдад худалдсан гэх тэмээний үнэ 9800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин хариуцагч ******* болон Өлзийжаргал нараас 20-00 УБК улсын дугаартай улаан өнгийн суудлын автомашины үнэ 4500000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 76 тэмээ 2017 оны 12 дугаар сард тоологдсон. Нэхэмжлэгчийн нөхөр 2018 оны 4 дүгээр сард нас барсан. Түүнээс өмнө тэмээг тухайн хүн зээлэндээ зарсан үрсэн тохиолдол байгаа. Битүүмжлэгдсэн 42 тэмээг хариуцагч ******* талийгаачийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талд манай зүгээс 29 тэмээн дээр эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй. Харин одоо 29 тэмээнээс 15 тооны тэмээг өгөх боломжтой. 29 тэмээнээс ******* нь өөрөө авч үлдэх ёстой. Түүнээс илүү тэмээг өгөх боломжгүй. Анхнаасаа бол талийгаачийн аав ******* нь хүүхдийнхээ амьдралд тус нэмэр болох үүднээс А дансаа талийгаач хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэйгээр тоолуулж явсан. Мэдээж банкнаас зээл авахад бод мал тоологдсон байвал илүү зээл олдоно. Холбогдох гэрчүүд гэрчилж байгаа. Тухайн үед хариуцагч ******* нь хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг байсан. ******* нь талийгаачийн хойд эцэг гэж нэрлэсэн байгаа боловч шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хойд эцэг нь биш төрсөн эцэг нь байгаа учраас үүн дээр хариуцагчийн нэр хүндэд халдсан гэдэг дээр гомдолтой байна. Үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлж үлдээхийг бодож байгаа, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. Бүхэлдээ *******гийн өмчлөлд шилжүүлэх хүсэл сонирхол байхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар Жүмбүү овогт Сосорын Зүмбэ /ЗД47061115/-ээс 2 нүдний дуран 1 ширхэг, 7840000 /долоон сая найман зуун наян дөрвөн мянган / төгрөг, 46 толгой тэмээ /ат 1, ингэ 16,4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 1, 3 настай эр тэмээ 3, 3 настай эм тэмээ 8, 2 настай эр тэмээ 5, тором 11/г, хариуцагч Жимбүү овогт Зүмбийн Өлзийжаргал /РД:ЗД88041809/-аас 3500000 /гурван сая таван зуун мянган / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хүрэл тайж овогт Шүрэнцэцэгийн Баттуяа /РД:ЗД90091008/- д олгож, Хүрэл тайж овогт Шүрэнцэцэгийн Баттуяа /РД:ЗД90091008/-г Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р багт байрлах элгэн ногоон толгой-н бууцны шударга эзэмшигчээр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1900000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөг, 11 толгой тэмээ, 22 толгой ботго гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Жүмбүү овогт Сосорын Зүмбэ /ЗД47061115/-ийн шударга эзэмшигчээр тогтоолгох, 4761500 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 557 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231526 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун хорин зургаан / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******эс 387400 /гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Хариуцагч Зүмбэ овогтой Өлзийжаргал миний бие Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-11-03-ны өдрийн 139/ШШ2020/00739 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

1.Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэргэлсэн талаар

Зүмбэ овогтой Өлзийжаргал би 2019 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн Дамьдансүрэнгийн Үнэнбаттай гэрлэж Сант суманд амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Ш.Баттуяагийн нэхэмжлэлийг гардаж авахдаа Өвөрхангай аймгаас ирж гардаж авч байгаагаа шүүхэд тайлбарлаж хэлсэн бөгөөд энэ талаар шүүгчийн туслах И.Түвшинжаргалд хариуцагч аав Зүмбэ нь мөн удаа дараа хэлсэн.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлд заасан мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай заалтуудыг зөрчиж хариуцагчид хурлын тов мэдэгдэлгүй, хавтаст хэрэгтэй танилцуулалгүй шүүх хурлаа явуулж төлбөр төлхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч Өлзийжаргал би өөрөө хурлын товыг мэдэгдэх хуудасыг хүлээж аваагүй талаар шуудан харилцааны газарт нотлох баримт байдаг бөгөөд тус шуудангийн тэмдэглэлд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******д хүлээлгэн өгсөн тухай байдаг ба харин Өлзийжаргал ямар нэгэн шуудан, илгээмж, албан бичиг хүлээж аваагүй, хэн нэгэн нь товыг мэдэгдээгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон шүүх хуралд оролцож зохигчийн /тайлбар, өмгөөлөгч авах эрхээ эдлэж чадаагүй болно.

Харин намайг 2021 оны 01 дүгээр сараас малаа оторлож Төв аймгийн Баянталын 10-р зөрлөгт отроор ирхэд нь уулзахаар очсон аав *******эсээ надад холбогдуулж мөнгө төлөх тухай шүүхийн шийдвэр гарсан тухай сонссон бөгөөд энэ талаар шүүхээс утсаар лавлаж мэдсэнээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын шуудан холбооноос шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардаж авсан. /энэ тухай дардас тугтуйн дээр байгаа/

Энэхүү шүүхийн шийдвэрийг хаягалсан дугтуй дээрх хаягнаас үзхэд хаяг нь нутаг дэвсгэрийн албан ёсны бус байгаа нь илт харагдаж байгаа бөгөөд Дундговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч ******* миний эрхийг зөрчиж товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж шүүхийн шийдвэр гаргасан ба хэргийн оролцогчийн тайлбар мэдүүлэг өгөх, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах зэрэг эрхүүдийг ноцтой зөрчиж хурлаа явуулсанд гомдолтой байна.

2.Шүүх хариуцагч ******* надаас 3,500,000 төгрөг гаргуулхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Баттуяад өвлөгдвөл зохих эд хөрөнгийг гэж заасан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь шүүх ******* миний аав *******ийг хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн мөртлөө түүнд ногдох хэсгийг мөн тогтоолгүй Өлзийжаргалыг зөвхөн Баттуяад мөнгө өгөхөөр шийдвэрлэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж, Дундговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж магадлалаа гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2020/00739 тоот шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өлзийжаргал 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн иргэнтэй ханилж тэндээ амьдрах болсон. Өлзийжаргалыг хамтран хариуцагчаар татсанаас хойш албадан ирүүлэх дээрээ тулж байж Дундговь аймагт ирж нэхэмжлэлээ гардаж авсан байдаг. Аав дээрээ ирэх далимаар нэхэмжлэлээ гардаж авсан. Өлзийжаргал нь 2020 оны 8 дугаар сарын 05-нд албан ёсоор хуримаа хийгээд гэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн туслах И.Түвшинжаргалаас хурлын товыг Өлзийжаргалд огт мэдэгдээгүй. Зүмбийн хаягаар тов мэдэгдсэн хуудас явуулсан, Өлзийжаргал нь Зүмбийн хаяг дээр байдаггүй. Өлзийжаргалд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүрэгтэй хүнд нь мэдэгдээгүй. Зүмбэ Өлзийжаргалтай амьдардаггүй байхад товыг Зүмбийн хаяг руу явуулсан, хэд хэдэн удаагийн товыг мэдээгүй. Иргэний хэргийн зохигчдын эрхийг хангаагүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тиймээс хэргийг бүхэлд нь анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Цахим үнэмлэх хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгоод шүүх хуралдаанд ормоор байна гэж байхад шууд үндсэн шүүх хуралдааныг зарлаж оруулсан. Тэгээд өмгөөлөгч авах эрхийг нь хаасан. Энэ хэрэг маш нөлөөлөлтэй шийдвэрлэгдэж явсан. ******* өөрөө хүн амины хэрэгтнээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас малыг битүүмжилсэн. Үүнийг харахгүйгээр үндэслэлгүйгээр *******д маш олон тооны тэмээ өгөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зүмбэ гуай 90 хувь хардаггүй, амьжиргааны түвшин доогуур гэдгийг Хөдөлмөр, халамжийн газраас тодорхойлуулаад тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлээд өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргаж байхад хүлээж аваагүй. Энэ хэргийг анхан шатны шүүхээс *******гийн талд нөлөөлөлтэй шийдвэрлэсэн. Миний бие анх төлөөлөгчөөр явж байгаад жирэмсэн болоод энэ хэрэгт оролцож чадаагүй, намайг төрөөд 3 хоногтой байхад шүүх хуралдаан явагдсан. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 739 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Өлзийжаргалаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлд заасан давж заалдах шатны гомдлын шаардлагыг хангаагүй гомдлыг шүүх хүлээж авсан. Энэ гомдлыг хүлээж авах боломжгүй буцаах байсныг шүүх хүлээж авсанд гайхаж байна. Дундговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж шүүхийн нэр хаяг дутуу, шүүх байгуулах тухай хуульд заагаагүй нэр бичсэн, мөн энэ гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэсэн баримт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн байсан. Энэ баримтыг Ж.Анхбаяр гэдэг хүн төлсөн байдаг. Энэ гомдлыг Өлзийжаргал гэдэг хүн гаргаж байгаа. Ийм гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах ёсгүй байсан гэж үзэж байна. Өлзийжаргалын хүсэл, сонирхол, эрх энэ хэрэгт явагддаг үгүй нь тодорхойгүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ө.Одончимэг өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй шүүх хуралдаан явагдаж байна. Хэргийн материалд Өлзийжаргал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрээний үндсэн дээр оролцогчоо төлөөлөх ёстой. Би Ө.Одончимэг өмгөөлөгчийг танина, гэхдээ компьютерийн цаанаас өөрөө орж байгаа үгүйг мэдэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн эрхийн үнэмлэхийг шалгаагүй, гэрээ байхгүй. Ийм байхад шүүх хуралдаанд оролцуулаад тайлбарыг сонсоод байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна. Давж заалдах шатны шүүхэд өгсөн Өлзийжаргалын гарын үсэг хавтаст хэргийн материалд авагдсан гарын үсэг хоорондоо шал өөр байдаг. 2-р хавтаст хэргийн 43 дугаар талд Өлзийжаргал шүүхэд ирж нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан. Энд зурсан гарын үсэг шал өөр. Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд Өлзийжаргал шүүхэд нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа Дэлгэрхангай сумын 1-р баг Толь багт оршин суудаг гэж хаягаа бичүүлээд гардаж авсан байдаг. Мөн 58 дугаар хуудсанд шүүх хуралдааны товыг хаягаар мэдэгдсэн. Анхан шатны шүүхээс Өлзийжаргалд тов мэдэгдээгүй үндэслэлээр нэг удаа хойшилсон. Дараа нь 2020 оны 11 дүгээр сарын 03-нд шүүх хуралдаан орсон. Тиймээс шүүх хуралдаан хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна. Мөн Давж заалдах гомдол хугацаандаа буюу шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Өлзийжаргал шүүх хуралдаанд ороогүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. 11 дүгээр сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын 1-р баг руу хүргүүлсэн бичиг авсан. Тиймээс дээрх зүйл ангид зааснаар шүүхийн шийдвэрийг хүргүүлснийг гардан авсанд тооцно гэсэн хуулийн зүйл заалт бий. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад сүүлд хүлээж авсан бол шүүх давж заалдах гомдлын хугацааг сэргээх асуудал яригдах байсан боловч гомдол ирэнгүүт давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн. Энэ нь нэг оролцогчийн эрхийг хангаж байгаа боловч нөгөө оролцогчийн эрхийг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасан давж заалдах гомдолд тавигдах шаардлагыг хангаагүй гомдлыг хүлээж авсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т зааснаар энэ гомдлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй учраас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Өлзийжаргалын хаяг өөрчлөгдсөн бол мэдэгдэх үүрэгтэй гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалгалгүй шүүх хуралдаан явуулж байгаа нь хууль ёсны дагуу байгаа эсэхэд эргэлзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан. Би өмнө нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байхад гэнэт гомдол гарч ирсэн. Тиймээс гомдлыг хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 76 тооны тэмээ, үр төлийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 онд нөхөр ******* бусдын гарт амь үрэгдсэн ба бидний өмчлөлийн 76 толгой тэмээнд түүний эцэг ******* эзэн сууж, миний болон хүүхдүүдийн өмчлөх эрхийг зөрчсөн, 76 толгой тэмээгээ үр төлийн хамт гаргуулна, үүнд: буур 1 толгой 1300000 төгрөг, ат 1 толгой /5 наснаас дээш/ 8000000 төгрөг, ингэн тэмээ 22 толгой /5 наснаас дээш/ 17600000 төгрөг, атан тэмээ 2 толгой /4 настай / 1200000 төгрөг, ингэ 2 толгой /4 настай/ 1200000 төгрөг, тэмээ 4 толгой /3 настай/ 2000000 төгрөг, тэмээ 11 толгой /3 настай эм/ 5500000 төгрөг, тэмээ 3 толгой /2 настай эр/ 1200000 төгрөг, тэмээ 11 толгой /2 настай эм/ 4400000 төгрөг, тором 8 толгой /1 настай эр / 2800000 төгрөг, тором 11 толгой /1 настай эм/ төгрөг нийт 41850000 төгрөг гаргуулах, 2017 онд 22 ингэтэй байсан бөгөөд үүний 2018 оны үр төл 22 ботгыг нэгийг нь 200000 төгрөгөөр нийт 4400000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүйн зэрэгцээ 2019 оны 06 дугаар сарын 07 ны өдрийн №57 өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, нэхэмжлээд байгаа тэмээний шудрага эзэмшигчээр тогтоолгох, бүрлээч хүүгийн амьд ахуйдаа Хаан банкнаас авсан зээлийг Ш.Баттуяа болон өөрийн үр хүүхэддээ зарцуулснаас би нэг төгрөг ч аваагүй учир уг мөнгө болох 4675000 төгрөг гаргуулах, ач хүү *******тай генийн шинжилгээнд орж талийгаач хүү П.Түмэн-Өлзийгийн төрсөн эцэг гэдгээ нотлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн дундын өмч болох 20-00 УБН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн суудлын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан байна.

Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг 4 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******д гардуулсан атлаа хамтран хариуцагч болох *******д нэхэмжлэл гаргаснаас 3 сарын дараа гардуулахдаа 1 хавтас 47 хуудас хэргийн материалтай танилцуулсан гэх баримтад гарын үсэг зуруулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ******* хэргийн хариуцагч болсон байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн өөрт холбогдох хэсэгтэй ч танилцах эрх үүссэн байна. Гэтэл шүүх зөвхөн 1 хавтаст хэргийн 47 хуудас материалтай танилцуулсан. Шүүхийн үйл ажиллагаа хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүхэд мэтгэлцэх эрхийг эдлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзнэ.

Хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ эдлээгүй дээрх үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй, бөгөөд маргааны үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 168.1.3-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141150 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 139/ШШ2020/00739 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ