Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00638

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00638

 

 

А банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02394 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Я-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 109 857 808,93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Я- нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 210004366 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдаж авах зориулалтаар 120 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй. Иймд 2100004366 тоот зээлийн гэрээний 5.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 98 013 394,19 төгрөг, хүү 11 817 089,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 825,65 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 109 857 808,93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 14 тоотод байрлалтай, Ү-2203026998 дугаартай 194,64 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нь нийт 16 197 000 төгрөг төлсөн боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн эргэн төлөх үүргээ биелүүлэх 4 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан А.Я-гаас 109 857 808,93 төгрөгийг гаргуулж А банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар А.Я- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 Авто замчдын гудамж 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847 639,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Я-гаас 847 639,04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлдүүлэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлдэгчийн төлсөн зээлийн төлбөрөөс суутган тооцохдоо буруу тооцсон байхад шүүх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Зээлдэгч А.Я- гэрээний хугацаанд зээлдүүлэгч талд нийт 16 917 000 төгрөгийг төлсөн байх ба уг төлсөн дүнгээс үндсэн зээлийн эргэн төлөлтөд 1 986 605,81 төгрөг, зээлийн хүүд 14 927 976,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 418 төгрөгөөр тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн зээлээс бага төлөлт хассан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т "...Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална..." гэж заасны дагуу зээлийг хүүгийн хэмжээг бодох аргачлалын дагуу тооцоогүйд гомдолтой байна. Хариуцагч тал 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2100004366 тоот зээлийн гэрээний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн тооцооллыг эс зөвшөөрдөг ба мөн өдөр байгуулагдсан 2100004366 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй маргаж энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, тооцогдохгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг талууд байгуулсан гэх боловч А.Я-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 27 байрны 14 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаартай. гэрчилгээний 000615315 дугаартай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан гэж нэхэмжлэгч тал тайлбар гаргадаг. Гэтэл уг гэрээнд А.Я- өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж гарын үсэг зураагүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй, энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад "Аригбанк" ХХК нь А.Я-г хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасан мэтээр хуурамч бичиг баримт бүрдуүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болохыг улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаснаар олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, банк хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх ба харилцагчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд шууд халдаж байна гэж үзэн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтай нийцэж байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч А.Я-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 98 013 394,19 төгрөг, зээлийн хүү 11 817 089,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 825,65 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 109 857 808,93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Д.Уранчимэгийг томилсон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт байхгүй тул уг хэргийг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-17 тоот тушаалаар Ариг банк ХХК-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, Монгол банкнаас Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Ганбатыг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А-300 тоот тушаалаар Б.Оргилсайханыг тус тус томилсон байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих ажиллагааг хийгээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т тус тус зааснаар шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн, эрх залгамжлан авах ажиллагааг хийгээгүй буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02394 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847 639,04 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ