Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00440

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00440

 

 

ЗД ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01247 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЗД ХХК-ийн хариуцагч ЮА ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ЗД ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЮА ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр мэдээллийн аюулгүй байдлын шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх программ зохиож, хүлээлгэн өгөх, ЮА ХХК хийсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнд 10 000 000 төгрөг төлөхөөр Иргэний хуульд заасны дагуу тохирсон. Гэрээг ажлын тодорхой хэсгийг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хэсэг тус бүрээр тогтоосон тодорхой хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөхөөр зохих хэсгийг төлөх үүрэг хүлээсэн. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан. ЗД ХХК гэрээгээр тохирсон ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлын үр дүнгийн эцсийн тайлангаа ЮА ХХК-ийн гүйцэтгэх захиралд өгсөн. Тус компаниас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрч тооцсон. Хариуцагч компани хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан, гомдол гаргаагүй учраас төлбөр төлөхийг шаардаж нэхэмжлэгч талаас албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас 5 000 000 төгрөг төлнө гэсэн, үүнийг нь зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч компани гэрээний хугацаа дуусаагүй гэдэг. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээгээр тохирсон шатны ажлыг хийж гүйцэтгэсэн. Программаар зөрчил илрүүлсэн байх юм бол төлбөр төлөхөөр тохирсон. ЗД ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаар илрүүлэх ёстой алдаануудыг гэрээгээр нэрлэж заасан ба гүйцэтгэлийн болон явцын тайлангаар гэрээнд заасан дээд түвшний алдааг илрүүлсэн, тохирсон 3 түвшний зөрчлийг илрүүлсэн. Үүнээс өөр илрүүлэх алдаа байхгүй учраас гэрээгээр тогтоосон үүргээ гүйцэтгэсэн, ажлыг хийсэн гэж үзэж 10 000 000 төгрөг авах ёстой гэсэн асуудлыг тавьсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас ирүүлсэн тайлбарт ажлын үр дүнгийн талаар маргаагүй байдаг. Зөвхөн төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлээгүй гэж тайлбарласан. Гэрчийн мэдүүлэг болохоор үр дүнгийн талаар анхан болон дунд шатны алдаа илрүүлсэн гэж үзсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарыг үнэлэхийг хүсч байна. Гэрээнд өөрчлөлт оруулах буюу гэрээгээр тохирсон үнийн дүнг эрх бүхий этгээд санал болгоогүй юм байна. Гэрээ бичгээр байгуулагдаагүй гэдэг нь нотлох баримт шинжлэх шатанд буюу гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар гэрч болоод нэхэмжлэгч компанийн захирлын хооронд явсан и-мэйлээс үзвэл гэрээний санал солилцсон байгаа. Бичгээр байгуулж санал тохиролцсон нэг гэрээ байна гэж ойлгогдож байна. Бичгээр байгуулсан гэрээг өөрчилж байгаа бол анхны гэрээний адил бичгээр байгуулагдах ёстой. Ийм гэрээ байгуулагдаагүй. Гэрээ дүгнэсэн актыг засах талаар санал хүргүүлсэн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан урьдчилсан тайлан болон дүгнэлтийн тайлангуудаас харахад ард нь ийм, ийм алдаа байна гэж гарсан. Нэгэнт хариуцагч гүйцэтгэсэн ажлын талаар бичгээр гаргасан тайлбартаа маргаагүй учраас нэхэмжлэл үндэслэл бүхий байна. Ийм учраас хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талууд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр UA-4/25-19 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ЮА ХХК-ийн вебийн аюулгүй байдал, мобайл аппликейшнийн аюулгүй байдал, сүлжээний эмзэг байдал, системийн найдвартай ажиллагааг шалгах ажлыг ЗД ХХК-аар гүйцэтгүүлэх, гэрээний төлбөрийг дараах байдлаар төлөхөөр тохирсон. Үүнд, гэрээ байгуулах үед ямар нэгэн төлбөр төлөхгүй, ажил гүйцэтгэж эхлээд эхний анхан шатны алдаа олох үед 2 000 000 төгрөг, эхний дунд шатны алдаа олох үед 2 000 000 төгрөг гэх мэт төлөхөөр тохирсон байсан. Гэрээний төлбөрийг гүйцэтгэгчийн тайланг үндэслэн олгох байсан бөгөөд гүйцэтгэгчтэй 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож энэ хугацаанд хийгдсэн ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг олгох, талууд акт үйлдэхээр тохирсон ч гүйцэтгэгч төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхгүй өдийг хүрсэн. Нэвтрэлт шалгалт хийх явцад гэрээнд заагдсан анхан, дунд, дээд шатны нэвтрэлтийн бүх алдааг илрүүлсэн гэдэгт санал нийлж байгаа. Гэхдээ ажлын нийт үр дүнг 2 тал тохиролцоод ажлын чанарын асуудал дээр ярилцаад 2 000 000 төгрөг гэдэг саналыг манай талаас явуулаад нэхэмжлэгч талаас 1 000 000 төгрөг нэмээд 3 000 000 төгрөгөөр эцсийн үр дүнг төлөхөөр тохиролцож нэмэлт гэрээ байгуулахаар зөвшөөрсөн боловч төлбөрийн нэхэмжлэлээ өгөлгүй шүүхэд хандсан. Хуулийн этгээдийг төлөөлөх гүйцэтгэх захиралтай 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож гэрээний үр дүн 3 000 000 төгрөг хүлээн авах талаар харилцан ярьсан. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнгийн талаар яригддаг. Одоогийн байдлаар 2019 оны 02 дугаар сар болон 4 дүгээр сард 2 удаагийн тайлан өгсөн байгаа. Тайланд авагдсан ажлын үр дүнг талууд харилцан тохиролцоод 2019 оны 6 дугаар сард 3 000 000 төгрөг гэж харилцан тохиролцсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Энэ өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудсанд тухайн компанийн гүйцэтгэх захирал Э.Б- хариуцагч талын одоо гэрчээр оролцож байгаа этгээдтэй харилцан тохиролцсоноо ярьсан. Харин компанийн хувьцаа эзэмшигч нарын үл ойлголцсон байдлаас болоод нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед гэрээний үр дүнгийн талаар эрх бүхий этгээдийн хувьд харилцан тохиролцсон байсан боловч компанийг хамтран үүсгэн байгуулсан этгээдүүдийн зүгээс энэ харилцан тохиролцсон үйл баримт гэрээний үр дүнг 3 000 000 төгрөгөөр тооцож авч байгаа нөхцөл байдалд эргэлзэж, итгэл үнэмшилгүй болох буюу энэ хүн 5 000 000 төгрөг авчихаад компанийн зүгээс 3 000 000 төгрөгийн үр дүн хүлээн авсан гэдэг зүйл хийх гээд байна гэж хардлага байсан учраас нэхэмжлэл гаргах болсон гэдэг шалтгааныг тодорхой тайлбарласан. Тэгэхээр ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг талууд харилцан тохиролцоод 3 000 000 төгрөг тооцсон. Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн 10 000 000 төгрөгөөр тухайн ажлын үр дүнг тооцож аваагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт байхгүй. Харин талуудын эрх бүхий хүмүүсийн гэрээ дүгнэсэн цахим хуудсаар харилцсан баримтад үзлэг хийлгэсэн. Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор ажлын үр дүнг талууд харилцан ярилцаад нэхэмжлэгч талаас анхан, дунд, дээд шатны алдаа илрүүлсэн гэж явуулсан боловч гэрчийн сая хэлсэн тайлбар дээр үндэслээд ажлын нийт үр дүнгийн чанарыг буюу дээд шатны алдааг олоогүй зөвхөн анхан болон дунд шатны 1, 1 алдаа олсон гэрээний саналыг 2 000 000 төгрөг гэсэн саналыг гаргахад 3 000 000 төгрөг гэсэн саналыг нэхэмжлэгч тал гаргасан.

Гэрээний үр дүнгийн талаар талууд харилцан тохиролцоод 3 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэдэг нөхцөл тодорхой болсон. Нэмж хэлэхэд тайлан дээр аль нь дээд шатны, аль нь дунд шатны, аль нь анхан шатны алдааг илрүүлсэн гэх тодорхой баримт байхгүй. Тайлан өгсөн учраас Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу үнийн дүнг төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тайлангаас харахад анхан болон дунд, дээд шатны алдаа гэж юу юм, илрүүлсэн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт байхгүй. Одоо анхан, дунд, дээд шатны алдаа гэж үзэх ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Тэгэхээр 10 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж үзэхгүй. Хэдийгээр гэрээ дүгнэсэн акт байхгүй учраас манай зүгээс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай талаас нэхэмжлэгчийн ирүүлсэн 3 000 000 төгрөгийн саналыг хүлээн авсан учраас энэ байр суурин дээрээ байгаа учраас 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЮА ХХК-аас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗД ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид 174 594 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө давж заалдах гомдолдоо:

... Ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийг талууд харилцан тохиролцсоны дагуу цахим шуудангаар хүлээн авсан. Харин хүлээн авсан ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн талаар харилцан тооцож, холбогдох инженер болох П.Э- нь нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Э.Б-тэй үр дүнг харилцан тохиролцсон боловч цаасан нотлох баримтуудаар баталгаажуулсан баримтад талууд гарын үсэг зураагүй боловч үр дүнгийн талаар харилцан бичиж байсан мэйл хаягт хийсэн үзлэг болон гэрч П.Э-ы мэдүүлгээс тодорхой харагдах юм. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэлийн тайланд тусгасан анхан, дунд, дээд шатны алдааг олж тогтоосон, түүнийг цахим шуудангаар илгээсэн учир ажил гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн ЗД ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б- компанийн хувь нийлүүлэгч нарын хардлага байсан учир гэрч П.Э-тай Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг талаар харилцан тохиролцсон асуудлыг баримтжуулаагүйгээр тэдний шахалтаар нэхэмжлэл гаргах болсон талаар эвлэрэн хэлэлцэх санал гаргахдаа хэлдэг. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаар нь үнэлж чадаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын хуулийн шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх П.Э-ы гэрчээр өгсөн мэдүүлэг болон түүний ЗД ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б- нарын мэйл хаягаар харилцаж байсан үзлэг зэрэг нотлох баримтыг анхааран үзсэнгүй. Уг баримтуудаар ЗД ХХК нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 100 хувь хийж гүйцэтгэсэн гэж үзэхгүй байгаа талаар тодорхой байдаг. Мөн анхан шатны шүүх мэйлээр хийсэн үзлэгээр авагдсан 2 баримтад тусгагдсан ЭА 4/25-19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, гэрээний үүргийн биелэлт, гэрээ дүгнэсэн гэх 3 хэсгийг гэх нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлсэнгүй.

Гэрээний үүргийн биелэлт хэсэгт үнэлгээ 100% гэж дүгнэсэн бөгөөд уг 100% гэх үнэлгээ нь гэрээ дүгнэсэн хэсэгт ... Гүйцэтгэгч болох ЗД ХХК нь гэрээний хавсралт дугаар 2-т заагдсаны дагуу анхан шатны алдаа болон дунд шатны алдаа тус бүр нэгийг олж илрүүлсэн гэж дүгнэв. Эдгээр алдааны үнэлгээг нийт 3 000 000 төгрөгөөр дүгнэж төлбөрийг шилжүүлэхээр тохиролцов гэж бичигдсэн хэсэгт хамаарах юм. Ажлын хөлсийн тохиролцсон байдалд нь гэрч П.Э- ЗД ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б- нарын харилцаж байсан мэйл-д тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэгч талын эцсийн санал болох 3 000 000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг талууд эцэслэн тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талд ашигтай байх хэсгийг /гэрээний тусгай нөхцлийн биелэлтийн хэрэгжилт 100 хувь/ таслан авч шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэрч П.Э-ы мэдүүлэг, түүний мэйл-д үзлэг хийсэн баримтууд, нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлага Э.Б- нарын мэдүүлгийг үндэслэж 3 000 000 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн зөвшөөрч, мөн дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох саналтай шүүх хуралдаанд оролцсон болно. Гэтэл маргаан бүхий гэрээний хувьд гэрээний нэг тал буюу гүйцэтгэгч мэйлээр гүйцэтгэл илгээсэн тул үр дүн тооцогдсон гэж үзэж нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд үр дүнг талууд тооцож хүлээн авсан гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын үүднээс үзвэл нэгэнт нэхэмжлэгч нь гэрээ дүгнэхээр харилцан бичиж байсан мэйл болон үзлэгээр авагдсан бусад баримтуудыг хүлээн зөвшөөрөөгүй тул талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-г огт дүгнэгдсэн баримт гэх зүйлгүй тул талууд үр дүнгээ тооцоогүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ЗД ХХК нь хариуцагч ЮА ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнийн дүнг багасгаж өөрчлөх талаар талууд харилцан тохиролцсон тул 10 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г нэг жилийн хугацаатайгаар бичгээр байгуулж, хавсралт 1-ээр хийж гүйцэтгэх ажлыг, хавсралт 2-оор үйлчилгээний хөлс төлөх хуваарь, нөхцөлийг харилцан тохиролцож тогтоосон, гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, хөлсийг төлөх үүрэг зохигчдод үүсчээ.

 

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч ЗД ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, мөн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч талд цахим шуудангаар хүргүүлснийг захиалагч хүлээн авсан, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлын хөлсний нэхэмжлэх хүргүүлсэн ч гэрээний төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Нэхэмжлэгч ЗД ХХК нь ажлын үр дүнгийн талаарх тайланг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болон мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдөр захиалагчид цахим шуудангаар илгээснийг хүлээн авсан гэдгээ нотлуулахаар ЗД ХХК-ийн цахим шуудангийн хаягт шүүхээс үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2019/11173 дугаар захирамжаар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн П.Э-ы цахим шуудангийн хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2020/00705 дугаар захирамжаар тус тус хүлээн авч шийдвэрлэн, шүүхээс дурдсан хаягууд дахь цахим шуудангаар зохигчдын харилцсан захидал, түүнд хавсаргасан баримтад үзлэг хийжээ. Үзлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэн бэхжүүлж холбогдох баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргасан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгчийн тайлбар, цахим шуудангаар харилцаж байсан захидлын агуулгаас үзвэл ажил гүйцэтгэгчийн ажлын тайланг хүлээн авсан, ажлын үр дүнг доголдолтой гэж маргаагүй, харин ажлын хөлсний хэмжээг гэрээгээр тохиролцсоноос багасгаж өөрчлөх санал гаргаж байсан агуулгатай байна.

 

Хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд 3 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх санал гаргасныг ажил гүйцэтгэгч зөвшөөрч байсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч үгүйсгэж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүлээн аваагүй, нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг дахин бичгээр байгуулаагүй гэж маргаж байна.

 

Ажил гүйцэтгэгчийн ажилд хөлс төлөх нөхцлийг алдааны гурван шатаар тодорхойлохоор тохиролцсоноос 3 дахь буюу дээд шатны алдааг илрүүлээгүй гэж хариуцагч тайлбарласан боловч энэ талаар ажлын үр дүнгийн тайланг хүлээж авахдаа ажил гүйцэтгэгчид мэдэгдэж байсныг нотлох баримтгүй, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн цахим шуудангаар илгээсэн захидалд зөвхөн өмнө хийгдсэн ажлын хөлсний хэмжээг 2 000 000 төгрөг болгох талаар саналаа илэрхийлжээ. /хх-110/

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсний хэмжээг өөрчлөх талаарх захиалагчийн санал бүхий захидалтай танилцан хариу илгээж байсан /хх-111/ боловч бичгээр байгуулсан гэрээний 6.4-т гэрээний нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд гэрээгээр тохиролцсон хөлсний хэмжээ болон төлбөр төлөх нөхцөл хуваарийг өөрчлөн тогтоосон баримтгүй байна.

 

Гэрээний хавсралт 1-т ажлын хамрах хүрээг вебийн аюулгүй байдал, мобайл апликэйшний аюулгүй байдал, сүлжээний эмзэг байдал гэж тодорхойлсон, ажил гүйцэтгэгч Ю-поинт системд нийт 3 үе шаттай шалгалт хийхдээ гэрээгээр тодорхойлсон хүрээг хамруулсан нь тайланд бичигдсэн байна. /хх-112-133/

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл ажил гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнгийн тайланг захиалагч хүлээн авсан, ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, харин ажлын хөлсний хэмжээг өөрчлөх санал гаргасан боловч талууд харилцан тохиролцож гэрээний гол нөхцөл буюу ажлын хэмжээ, хөлсний хэмжээг өөрчилж нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр гэрээний дагуу хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Шүүх хэрэгт зохигчийн тайлбар, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11ий өдрийн 181/ШШ2020/01247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ