Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01247

 

 

 

 

 

 

 

 

                   2020       05          11

                                  181/ШШ2020/01247

        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: тоотод байрлах “З”ХХК /РД:6368301/-ийн

 

хариуцагч:Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сүхбаатарын талбай-2 Сентрал тауэр 10 давхар 1007 тоотод байрлах “Ю”ХХК/РД:/6307256/-д холбогдох

 

гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.Э, хариуцагч талын өмгөөлөгч Ч.Ө, өмгөөлөгч Н.Ө , гэрч П.Э/,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “З”ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Ю”ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тус компанитай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Penetration test, Мэдээллийн аюулгүй байдлын туршин шалгалт”-ын ажлыг “З”ХХК хийж гүйцэтгэн “Ю”ХХК-д хүлээлгэн өгөх, “Ю”ХХК нь ажил гүйцэтгэсний төлбөр 10.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заасны дагуу төлбөрийг үе шаттайгаар манай компанид төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болно.

Манай компани гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн, хийсэн ажлаа 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэлийн тайланг гаргаж “Ю” ХХК-д хүргүүлсэн бөгөөд тус компаниас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасны дагуу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байгаа талаар гомдлын шаардлага гаргаагүй тул ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэнд тооцсон болно.

Иймээс манай компани 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр гүйцэтгэлийн тайланг хүргүүлсэн болон гэрээнд заасан төлбөрөө төлөхийг мэдэгдсэн билээ.

Хариуцагч “Ю” ХХК нь манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан бөгөөд ажлын үр дүнгийн талаар гомдол гаргаагүй атлаа гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Иймд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил гүйцэтгэх” гэрээний үүргийн гүйцэтгэл 10.000.000 \Арван сая\ төгрөгийг “Ю” ХХК-иас гаргуулж, “З” ХХК-д олгосон шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЮХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр мэдээллийн аюулгүй байдлын шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх программ зохиож, хүлээлгэн өгөх, Ю ХХК хийсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнд 10,000,000 төгрөг төлөхөөр Иргэний хуульд заасны дагуу тохирсон. Гэрээг ажлын тодорхой хэсгийг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хэсэг тус бүрээр тогтоосон тодорхой хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөхөөр зохих хэсгийг төлөх үүрэг хүлээсэн. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэсэн хэдий ч З ХХК гэрээгээр тохирсон ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын үр дүнгийн эцсийн тайлангаа ЮХХК-ийн гүйцэтгэх захиралд өгсөн. Тус компаниас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрч тооцсон. Хариуцагч компани хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан, гомдол гаргаагүй учраас төлбөр төлөхийг шаардаж нэхэмжлэгч талаас албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас 5,000,000 төгрөг өгье гэсэн,үүнийг нь зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч компани гэрээний хугацаа дуусаагүй гэдэг. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээгээр тохирсон шатны ажлыг хийж гүйцэтгэсэн. Программаар зөрчил илрүүлсэн байх юм бол төлбөр төлөхөөр тохирсон. ЗХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаар илрүүлэх ёстой алдаануудыг гэрээгээр нэрлэж заасан ба гүйцэтгэлийн болон явцын тайлангаар гэрээнд заасан дээд түвшний алдааг илрүүлсэн, тохирсон 3 түвшний зөрчлийг илрүүлсэн. Үүнээс өөр илрүүлэх алдаа байхгүй учраас гэрээгээр тогтоосон үүргээ гүйцэтгэсэн, ажлыг хийсэн гэж үзэж 10,000,000 төгрөг авах ёстой гэсэн асуудлыг тавьсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал үр дүнгийн талаар маргахгүй байна. Хамгийн гол нь Э.Б захирал шүүх хуралд орохдоо хойшид хамтран ажиллахаар бол үнийг бууруулж болох юм гэж тайлбарлан зөвшөөрөх талаар ярьсан. Харин компанийн дээд удирдлага зөвшөөрөхгүй байгааг тайлбарласан. Бичгээр байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бол бичгээр нэмэлт гэрээ байгуулсан тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцно. И-мэйлээр харилцаад санал солилцож байсан гэдгийг гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй.

Хариуцагчаас ирүүлсэн тайлбарт ажлын үр дүнгийн талаар маргаагүй байдаг. Зөвхөн төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлээгүй гэж тайлбарласан. Гэрчийн мэдүүлэг болохоор үр дүнгийн талаар анхан болон дунд шатны алдаа илрүүлсэн гэж үзсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарыг үнэлэхийг хүсч байна. Гэрээнд өөрчлөлт оруулах буюу гэрээгээр тохирсон үнийн дүнг эрх бүхий этгээд санал болгоогүй юм байна. Гэрээ бичгээр байгуулагдаагүй гэдэг нь нотлох баримт шинжлэх шатанд буюу гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар гэрч болоод нэхэмжлэгч компанийн захирлын хооронд явсан и-мэйлээс үзвэл гэрээний санал солилцсон байгаа. Бичгээр байгуулж санал тохиролцсон нэг гэрээ байна гэж ойлгогдож байна. Бичгээр байгуулсан гэрээг өөрчилж байгаа бол анхны гэрээний адил бичгээр байгуулагдах ёстой. Ийм гэрээ байгуулагдаагүй. Гэрээ дүгнэсэн актыг засах талаар санал хүргүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан урьдчилсан тайлан болон дүгнэлтийн тайлангуудаас харахад ард нь ийм ийм алдаа байна гэж гарсан. 1, 1 алдаа гэсэн зүйл биш. Нэгэнт хариуцагч гүйцэтгэсэн ажлын талаар бичгээр гаргасан тайлбартаа маргаагүй учраас нэхэмжлэл үндэслэл бүхий байна. Ийм учраас хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Ю” ХХК нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: “З”ХХК”-иас “Ю”ХХК-ийг хариуцагчаар татаж тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бид хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

1. Талууд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр UA-4/25-19 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Ю”ХХК-ийн вебийн аюулгүй байдал, мобайл аппликейшнийн аюулгүй байдал, сүлжээний эмзэг байдал, системийн найдвартай ажиллагааг шалгах ажлыг “З”ХХК-иар гүйцэтгүүлэх, гэрээний төлбөрийг дараах байдлаар төлөхөөр тохирсон. Үүнд:

  1. Гэрээ байгуулах үед ямар нэгэн төлбөр төлөхгүй
  2. Ажил гүйцэтгэж эхлээд эхний анхан шатны алдаа олох үед 2.000.000 төгрөг,
  3. Эхний дунд шатны алдаа олох үед 2.000.000 төгрөг гэх мэт төлөхөөр тохирсон байсан \Энэ талаар гэрээнд тодорхой заалт бий\.

2. Гэрээний төлбөрийг гүйцэтгэгчийн тайланг үндэслэн олгох байсан бөгөөд гүйцэтгэгчтэй 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож энэ хугацаанд хийгдсан ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг олгох, талууд акт үйлдэхээр тохирсон ч гүйцэтгэгч төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхгүй өдийг хүрсэн.

Бид гэрээний дагуу хийгдсэн ажил болон төлбөр дээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 10 сая төгрөг төлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан компанийн тайлбарыг дэмжиж тайлбарлахдаа: Нэвтрэлт шалгалт хийх явцад гэрээнд заагдсан анхан, дунд, дээд шатны нэвтрэлтийн бүх алдааг илрүүлсэн гэдэгт санал нийлж байгаа. Гэхдээ ажлын нийт үр дүнг 2 тал тохиролцоод ажлын чанарын асуудал дээр ярилцаад 2,000,000 төгрөг гэдэг саналыг манай талаас явуулаад нэхэмжлэгч талаас 1,000,000 төгрөг нэмээд 3,000,000 төгрөгөөр эцсийн үр дүнг төлөхөөр тохиролцож нэмэлт гэрээ байгуулахаар зөвшөөрсөн боловч төлбөрийн нэхэмжлэлээ өгөлгүй шүүхэд хандсан байдаг.

Манай үйлчлүүлэгч компанийн хувьд хуулийн этгээдийг төлөөлөх гүйцэтгэх захиралтай 2019 оны 06 дугаар 04-ний өдөр харилцан тохиролцож гэрээний үр дүн 3,000,000 төгрөг хүлээн авах талаар харилцан ярьсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнгийн талаар яригддаг. Одоогийн байдлаар 2019 оны 02 дугаар сар болон 04 дүгээр сард 2 удаагийн тайлан өгсөн байгаа. Тайланд авагдсан ажлын үр дүнг талууд харилцан тохиролцоод 2019 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Энэ хуралдаан дээр талууд эвлэрэн хэлэлцэх асуудал яригдсан. Энэ өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудсанд тухайн компанийн гүйцэтгэх захирал Э.Б хариуцагч талын одоо гэрчээр оролцож байгаа этгээдтэй харилцан тохиролцсоноо ярьсан. Харин компанийн хувьцаа эзэмшигч нарын үл ойлголцсон байдлаас болоод нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдсэн тухай ярьсан. Өөрөөр хэлбэл тухайн үед гэрээний үр дүнгийн талаар эрх бүхий этгээдийн хувьд харилцан тохиролцсон байсан боловч компанийг хамтран үүсгэн байгуулсан этгээдүүдийн зүгээс энэ харилцан тохиролцсон үйл баримт гэрээний үр дүнг 3,000,000 төгрөгөөр тооцож авч байгаа нөхцөл байдалд эргэлзэж, итгэл үнэмшилгүй болох буюу энэ хүн 5,000,000 төгрөг авчихаад компанийн зүгээс 3,000,000 төгрөгийн үр дүн хүлээн авсан гэдэг зүйл хийх гээд байна гэж хардлага байсан учраас нэхэмжлэл гаргах болсон гэдэг шалтгааныг тодорхой тайлбарласан. Тэгэхээр Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг талууд харилцан тохиролцоод 3,000,000 төгрөг тооцсон. 3,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөх асуудал яригдсан гэдгийг хэлмээр байна. Түүнээс биш Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн 10,000,000 төгрөгөөр тухайн ажлын үр дүнг тооцож аваагүй юм., шийдвэр гаргах эрхтэй этгээд байгаа. Шийдвэр гаргах эрхийнхээ дагуу тохиролцсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт байхгүй. Харин талуудын эрх бүхий хүмүүсийн гэрээ дүгнэсэн цахим хуудсаар харилцсан баримт байгаа, үүнд  үзлэг хийлгэсэн байгаа.

Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор ажлын үр дүнг талууд харилцан ярилцаад нэхэмжлэгч талаас анхан, дунд, дээд шатны алдаа илрүүлсэн гэж явуулсан боловч гэрчийн сая хэлсэн тайлбар дээр үндэслээд ажлын нийт үр дүнгийн чанарыг буюу дээд шатны алдааг олоогүй зөвхөн анхан болон дунд шатны 1, 1 алдаа олсонгэрээний саналыг 2,000,000 төгрөг гэсэн саналыг гаргахад 3,000,000 төгрөг гэсэн саналыг нэхэмжлэгч тал гаргасан.

Гэрээний үр дүнгийн талаар талууд харилцан тохиролцоод 3,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэдэг нөхцөл тодорхой болсон гэж ойлгож байна. Нэмж хэлэхэд тайлан дээр аль нь дээд шатны, аль нь дунд шатны, аль нь анхан шатны алдааг илрүүлсэн гэдэг дээр тодорхой баримт байхгүй. Тайлан өсгөн учраас Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу үнийн дүнг төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тайлангаас харахад анхан болон дунд, дээд шатны алдаа гэж юу юм, илрүүлсэн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт байхгүй гэдгийг хэлмээр байна. Одоо анхан, дунд, дээд шатны алдаа гэж үзэх ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй өөрөөр хэлбэл дүгнэгдээгүй. Тэгэхээр 10,000,000 төгрөгийн ажил хийгдсэн гэж үзэхгүй. Хэдийгээр гэрээ дүгнэсэн акт байхгүй учраас манай зүгээс 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай талаас нэхэмжлэгчийн ирүүлсэн 3,000,000 төгрөгийн саналыг хүлээн авсан учраас энэ байр суурин дээрээ байгаа учраас 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гэрч ”Ю”ХХК-д мэдээлэл, технологи хариуцсан захирал ажилтай Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ю ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь урамшууллын систем бүтээх. Урамшууллын систем нь хэрэглэгчид худалдан авалт бүрээсээ урамшууллын оноо авна. Тэр оноогоо бусад байгууллагуудаар зарцуулж үйлчилгээ авах байдлаар зарцуулдаг. Үндсэн үйл ажиллагаа мэдээллийн технологийн үйл ажиллагаа байдаг. Тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс аюулгүй байдлын шалгалт хийх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тухайн үеийн ерөнхий захирал систем ажиллаад эхлэхэд ямар нэгэн аюулгүй байдлын сул тал, зөрчил, эрсдэл байна уу? гэдгийг шалгуулах зорилгоор гэрээ байгуулсан. Манайх мэдээллийн технологийн компани тул өөрсдөө алдаагаа олох боломжтой ч хөндлөнгийн гэдэг утгаараа оруулсан болов уу гэж бодож байна.

З ХХК анхан шатны, дээд шатны болон дунд шатны 3 алдаа олсон гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд гэрээ дүгнэсэн актаар анхан шатны 1 алдаа, дунд шатны 1 алдаа олсон гээд тэр асуудлын дагуу 3,000,000 төгрөгөөр тохиролцохоор санал явуулсан байдаг. Гэрээ хийгдэж гэрээний дагуу ажлын тайлан ирсэн. Би ирүүлсэн ажлын тайлантай танилцсан. Тухайн үед өмнөх захирал байсан. Манай удирдлагууд солигдсон. Удирдлага солигдсоны дараа дараагийн удирдлага орж ирээд энэ ажил дээр ийм хэмжээний төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би гэрээг уншиж үзэхэд байгаа ажлууд нь дээд түвшний алдаа олох хэмжээний, дээд түвшинд тооцогдох алдаа биш байсан. Энэ дүгнэлтээ З ХХК-ийн захиралтай уулзаж ярилцаад ийм байдлаар дүгнэлт хийж байна болж байна уу гэхэд болж байна гэсэн учраас гэрээ дүгнэх акт бэлдэж явуулсан.

Гэрээ байгуулахаас нэлээн өмнө манай компани Юнител ХХК-аас хөрөнгө оруулалт авдаг. Юнител ХХК-д аюулгүй байдлын баг ажилладаг. Бид аюулгүй байдлын багаас туслалцаа хүсээд и-мэйлээр бас явуулсан. Манай системд аюулгүй байдлын ямар нэгэн сул тал байна уу гэсний дагуу Юнител ХХК-иас шалгаж үзээд и-мэйлээр хариу ирүүлсэн. Тухайн хариугаар гэрээний тайлангаар гарсан сул тал цоорхойг өмнө нь манайд мэдэгдсэн байсан. Бид ажлын төлөвлөгөөндөө оруулж засахаар төлөвлөсөн байсан ажлууд байсан.

Би гэрээг хийсэн гэдгийг мэдээд тайлантай танилцаад бид өмнө нь мэдэж байсан асуудал байна гээд өмнө нь ирж байсан и-мэйлүүдээ харуулж үзүүлээд компанийн өмнө нь мэдэж байсан алдаа гэдгийг танилцуулсан. Гэрээний үнийн дүнгийн тохиролцоонд хүрэхэд энэ талаар ярилцсан. Гэрээ дүгнэх акт бэлдээд ажлын хөлсний талаар манай зүгээс 2,000,000 төгрөг гэж үнэлж байна гэх байдлаар и-мэйл явуулсан. Үүний дараа “З”ХХК-ийн Э.Б захиралтай харилцсан, 2,000,000 төгрөг арай бага 3,000,000 төгрөг боломжтой гэсэн. Манай талаас 3,000,000 төгрөг болж байна гэж зөвшөөрсөн. Манай талаас зөвшөөрөөд гэрээ дүгнэсэн акт дээр 3,000,000 төгрөг гэж оруулаад и-мэйлээр явуулсан.

Олдсон технологийн асуудал нь анхан түвшний асуудлууд байсан учраас анхан түвшний гэж дүгнэсэн.

Гэрээнд өндөр түвшний алдаа олдвол ийм хэмжээтэй, дунд түвшний алдаа олдвол ийм хэмжээтэй, анхан шатны түвшний алдаа олдвол ийм хэмжээтэй гэсэн заалтууд байгаа. Би өндөр түвшний алдаа олдсон гэж дүгнээгүй.

Анхан болон дунд түвшний алдаа олдсон гэдэг нь дээд түвшний алдаа олдоогүй гэдгийг илэрхийлж байгаа гэж бодож байна.

Э.Б захирал нь манай компани дээр ирж тайлангаа тавьсан.

Гэрээ дүгнэсэн талаар и-мэйлээр хариу ирээгүй. Хамгийн сүүлд бид 2 хоорондоо мессеж бичилцээд гэрээний акт явуулсан шүү гэхэд очоод авъя гэсэн.

Э.Б захирлаас 06 дугаар сарын 04-ний өдөр саналыг хүлээж авсны дагуу бид ярилцаад өмнө нь хийгдсэн ажлыг 3,000,000 төгрөг болгон үнэлж гэрээнд оруулсан, Хас банкны данс руу шилжүүлнэ үү гэж и-мэйлээрээ зөвшөөрсөн байгаа. Гэрээг дүгнэсэн актаар 3,000,000 төгрөгөөр хаая гээд гэрээний актыг явуулсан. 3,000,000 төгрөг болж байна гэж явуулсан. Энэ гэрээ дүгнэсэн акт дотор санал зөрсөн, буруу зүйлүүд байвал засаад саналаа явуулаарай гэж и-мэйл явуулсан гэв.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан нотлогооны хэрэгслүүдэд нэг бүрчлэн дүгнэлт хийлээ.

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “З”ХХК нь хариуцагч“Ю”ХХК-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч “З”ХХК 2019 оны 12 сарын 26-ны өдөр өмгөөлөгч Д.Эт бүрэн төлөөлөх итгэмжлэл 2 жилийн хугацаатай олгосон, Д.Э 2020 оны 1 сарын 23-ны хуралдаанд итгэмжлэлээсээ татгалзсан талаар амаар тайлбарлан, захирал Э.Билгүүн-Эрдэнийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн, 2020 оны 2 сарын 21-ий өдрийн хуралдаанд захирал Э.Б өөрөө, Д.Э хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцсон ба энэ өдрийн шүүх хуралдаанд тус компаниас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй, түүнийг байлцуулалгүй хэргийг хэлэлцүүлэх талуудын саналын дагуу эзгүйд нь хэргийг хэлэлцсэн, нэхэмжлэгч талын өмгөөлөгч оролцож нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэл тайлбаруудыг дэмжиж тайлбар гарган оролцсон.

Хариуцагч“Ю”ХХК 2019 оны 12 сарын 20-ны өдөр Ч.Анхбаярт хугацаагүй итгэмжлэл олгосон ба энэ өдрийн шүүх хуралдаанд тус компаниас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй, түүнийг байлцуулалгүй хэргийг хэлэлцүүлэх талуудын саналын дагуу эзгүйд нь хэргийг хэлэлцэн, хариуцагч талын өмгөөлөгч нар нь хариуцагчийн өмнө гаргасан тайлбарыг дэмжин нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвөөрч үлдэх 7 000 000 төгрөгийг үл зөвшөөрч марган оролцсон.

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр энэ өдрөөс 2020 оны 02 сарын 21-ий өдрийг дуустал буюу нэг жилийн хугацаатай,“Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдан, гэрээгээр захиалагч “Ю”ХХК ажлын даалгавар өгөх, шаардлагатай мэдээллээр цаг хугацаанд нь хангах, ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах, үр дүнг хүлээн авмагц ажлын хөлс 10.000.000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч“З”ХХК гэрээгээр хүлээсэн ажил үүргийг зохих ёсоор хугацаанд нь биечлэн хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Талуудын хооронд хийгдсэн гэрээ хэрэгжсэн, гүйцэтгэгч захиалсан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэн, ажлын тайланг 2019 оны 3 сарын 4, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч талд хүргүүлсэн, захиалагч ажлын тайланг хүлээн авсан, ажлын хөлсний талаар үнийг тохиролцохоор талууд харилцаж байсан үйл баримтууд бий болсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.“Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан хэлцлийн шинж, агуулга бүхий хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Харин хариуцагч тал ажлын хөлсийг бууруулан 3 000 000 төгрөг өгөхөөр тохирсон гэж өөрийн компанийн мэдээлэл, технологи хариуцсан захирал ажилтай Эыг гэрчээр оролцуулан, гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хамгийн сүүлд гэрээ дүгнэсэн актаар анхан шатны 1 алдаа, дунд шатны 1 алдаа олсон, тэр асуудлын дагуу 3,000,000 төгрөгөөр тохиролцохоор санал явуулан ажлын хөлсийг бууруулахаар тохиролцсон гэж мэдүүлснийг үндэслэн, талууд гэрээгээр тохиролцсон хөлсийг өөрчлөн 3 000 000 төгрөг болгосон эсэхэд маргаж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар;

1. Хариуцагч“Ю”ХХК маргаж ирүүлсэн тайлбартаа, гэрээгээр, “Ю”ХХК-ийн вебийн аюулгүй байдал, мобайл аппликейшнийн аюулгүй байдал, сүлжээний эмзэг байдал, системийн найдвартай ажиллагааг шалгах ажлыг “З”ХХК-иар гүйцэтгүүлэх, гэрээний төлбөрийг гэрээ байгуулах үед ямар нэгэн төлбөр төлөхгүй, ажил гүйцэтгэж эхлээд эхний анхан шатны алдаа олох үед 2.000.000 төгрөг, эхний дунд шатны алдаа олох үед 2.000.000 төгрөг гэх мэт төлөхөөр тохирсон, гэрээний төлбөрийг гүйцэтгэгчийн тайланг үндэслэн олгох байсан, гүйцэтгэгчтэй 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож энэ хугацаанд хийгдсан ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг олгох, талууд акт үйлдэхээр тохирсон, гүйцэтгэгч төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхгүй өдийг хүрсэн... гэж бичиж/хэргийн 18/  ирүүлснийг өмгөөлөгч нар дэмжиж байгаа нь гэрээний үр дүн болох ажлын гүйцэтгэл хийгдэж, түүнийг хүлээн авсан тухай маргаагүй, харин ажлын хөлсний дүнг бууруулан өөрчилж тохиолцсон гэж маргасан байна.

2. Гэрээний 3дахь хэсэг, “ажил үйлчилгээний төлбөр” хэсэгт хөлсийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлнө. Хавсралт №2.-т,

“1. Гэрээ байгуулах үед ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүй.

2. Ажил үүргийг гүйцэтгэж эхлээд, эхний анхан шатны алдаа олдох үед, гүйцэтгэлийн урьдчилгаа болгон нийт төлбөрийн 20% болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлнө.

3. Ажил үүргийг гүйцэтгэж эхлээд, эхний дунд шатны алдаа олдсон үед, гүйцэтгэлийн урьдчилгааг дараах байдлаар төлнө. Анхан шатны алдаа олдож, төлбөр хийгдсэн тохиолдолд, нийт төлбөрийн 20% болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлнө. Анхан шатны алдааг ололгүй шууд дунд шатны алдаа олдсон тохиолдолд, анхан шатны алдааг олсон гэж үзэж тухайн гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөрийн хамтаар буюу нийт төлбөрийн 40% болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг төлнө.

4. Ажил үүргийг гүйцэтгэж эхлээд, эхний дээд шатны алдаа олдсон үед, гүйцэтгэлийн урьдчилгааг дараах байдлаар төлнө. Дээд шатны алдаа олдсоноор, анхан болон дунд шатны алдаа олдсон гэж үзэж тухайн шат болгоны гуйцэтгэлийн урьдчилгааг төлнө. Нэмэлтээр дээд шатны алдааны гүйцэтгэлийн урьдчилгаа болгож нийт төлбөрийн 30% болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг төлнө.

5. Гэрээнд тусгагдсан нийт ажил хийгдэж, үр дүнгийн репортыг хүлээн авснаар, гэрээний нийт төлбөрийг төлж барагдуулна. Анхан, дунд болон дээд шатны алдаатай холбоотой гүйцэтгэлийн урьдчилгааг төлсөн тохиолдолд, үлдэгдэл төлбөрийг төлнө.”гээд,

2. “Алдааны түвшний тодорхойлолт”хэсэгт,

Тус ажлыг хийж гүйцэтгэхэд дараах 3 алдааны түвшний тодорхойлолтыг ашиглана. -Анхан шатны алдаа: Энд систем нь DDoS халдлагаас хамгаалсан арга хэмжээ аваагүй байх, системийн ачаалалд тохирсон арга хэмжээ аваагүй байх, системийн найдвартай ажиллагааг хангаагүй байх гэх мэтийн алдаануудыг тооцно.

-Дунд шатны алдаа: Дунд шатны SQL injection алдааг тооцно.

-Дээд шатны алдаа:SQL injection, XSS, Validation гэх мэт алдааг тооцно.”/ 2019 оны 12 сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл хэргийн 5-9, 56-71/гэжээ.

3. Нэхэмжлэгч талын [email protected] цахим хаягаас хариуцагч ”Ю”ХХК-ийн захирлын/тухайн үеийн/ [email protected] хаягруу явуулсан цахим шууданд ажлын эцсийн тайлан/2019 оны 12 сарын 25-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл 72-98/, [email protected] хаягаас ”Ю”ХХК-ийн ажилтан П.Эы цахим шууданд явуулсан ажлын тайлан/2020 оны 1 сарын 23-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл112-132/-д,

“Хийсэн ажил” хэсэг 2.1.Туршин шалгалтын үечлэл

Upoint системлүү нийт 3 үе шаттай шалгалт хийгдсэн бөгөөд web application, mobile application, network vulnerability гэж тус тус ангилан ажилласан.

Эхлээд, сүлжээний төхөөрөмжүүдийн одооны тохиргоо болон өмнө хийгдсэн нөөцлөлтийн тохиргоо дээр аюулгүй байдлын аудитын түүл-ийг ашиглан мэдээлэл цуглуулсан.

Дараа нь, сервер, Mobile application дээр системийн эмзэг байдал илрүүлэн түүлийн тусламжтай тухайн сервер дээр ажиллаж буй сервис түүний хувилбар мэдээллийг авч, хандах эрхийг өөрийн сүлжээн дээр тулгуурлан шалгалт хийж нэвтрэн шалгалтын баримт болгон ашигласан.

Сүүлийн үе шат буюу, мэдээллийн аюулгүй байдлын хувьд Upoint системийн Mobile application, Web application pyy орж ирж буй урсгал, өөрийн суулгасан application-c гарч буй урсгал, хэрэглэгч, үндсэн сервер, Playstore, Appstore хоорондын харилцан холболтын дүрмүүд болоод тэдний бодит үйл ажиллагаан дээр баримт цуглуулан туршин нэвтрэн шалгалтийн хийх баримт болгон ашиглав.

Хийсэн ажлын үр дүн:

Илэрсэн алдаа: Upoint application-ны хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах суваг нууцлагдаагүй. Үүгээр хэрэглэгчийн мэдээлэл алдагдах боломжтой. Жишээ нь: coffee shop-д үнэгүй wi-fi орсон нэвтрэх тохиолдолд тухайн сүлжээнээс хүссэн хүн нь тухайн хүний нэвтрэх нэр, нууц үгийг харж болно.

/2019.03.03 хойших шинэчлэл дээр засагдсан/

Илэрсэн алдаа: Upoint application-нд бүртгүүлээгүй хүний өмнөөс бүртгүүлэн, гар утсанд ирэх баталгаажуулах кодыг brute force халдлага хийн баталгаажуулах боломжтой. Хорлон сүүтгэх ажиллагаа явуулья гэж бодвол 8******* 9******* давталт гүйлгэж хүмүүсийн өмнөөс бүртгүүлэх.

Илэрсэн алдаа: Upoint application-ны бүртгэлтэй хүссэн утасны дугаараар нэвтэрч хувийн мэдээлэл болох Овог нэр, утасны дугаар, регистрийн дугаар, емэйл хаяг, гэрийн хаягийг мэдэх upoint оноог ашиглах захиран зарцуулах боломжтой байна.

Илэрсэн алдаа: Автомат скрипт үүсгэн байнгын SMS явуулж зогсоо зайлтгүй хүн рүү мэссэж явуулах боломжтой. Үүрэн телефоны оператор дээр хуурамч зардал үүсгэх юм.

Илэрсэн алдаа: web application, mobile application api service ил задгай нуувчгүй баина.

Upoint сервер нь гадны энгийн doc болон ddos халдлагад тэсвэргүй.

Web application, mobile application api service ил задгай нуувчгүй байна.

Upoint системийн Web application дээр илэрсэн зөрчил:

Дараах үе шат бүхий аюулгүй байдлын тестүүдийг Upoint систем уруу хийв. Үүнд:-Автоматжуулсан түүлүүд болон гар ашиглан сүлжээний тохиргоо

-Серверийнтохиргоо

-Сервер дээр ажиллаж буй сервисүүд рүү чиглэсэн шалгалтууд

API сервис аюулгүй байдлын тохиргоо болно. Холбогдох үр дүнг туршин нэвтрэлтийн баримт болгон зөвлөмж гаргахад нэгтгэв. Системд илэрсэн зөрчлүүдийг дор нэгтгэлээ./Мobile application-тай алдаа нэг/

Upoint системиин сүлжээний аюулгүй байдал дээр илэрсэн зөрчил:

Илэрсэн алдаа: Үндсэн сүлжээний фаерволл дээр аюулгүй байдлын дүрэм журам хангалтгүй.

Илэрсэн алдаа:Ю ХХК-ийн ажилчдын компьютер серверүүд нийлсэн 192.168.10.1/24 сүлжээнд давхацсан тоогоор өндөр зэргийн 28, дунд зэргийн 38 эмзэг байдал илэрсэн.”гэжээ.

Дээрх 2 баримтын нэхэмжлэгч талын баримт болох [email protected] цахим хаягаас хариуцагч ”Ю”ХХК-ийн тухайн үеийн захирлын [email protected] цахим хаягруу 2019 оны 4 сарын 11-ий өдрийн 18 цаг 25 минутад явуулсан шуудан болох ажлын эцсийн тайлан/2019 оны 12 сарын 25-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл 72-98/ баримтын төгсгөл хэсэгт, “Илэрсэн алдаа:Ю ХХК-ийн ажилчдын компьютер серверүүд нийлсэн 192.168.10.1/24 сүлжээнд давхацсан тоогоор өндөр зэргийн 28, дунд зэргийн 38 эмзэг байдал илэрсэн.”гэж байгаа, харин хариуцагч талаас гаргасан, [email protected] хаягаас ”Ю”ХХК-ийн ажилтан П.Эы цахим шууданд явуулсан ажлын тайланд энэ хэсэг байхгүй байна./2020 оны 1 сарын 23-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл112-132/

Энэ нь нэхэмжлэгч талын албан ажлын цахим шуудангаас хариуцагч компанийн захиралд явуулсан илгээгдэн архивлагдсан шууданг үнэлэх үндэстэй болно.

4. “enkhsaikhan@unitedalliance цахим хаягаар харилцсан цахим шуудан/2020 оны 1 сарын 23-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэргийн 108-135/-д;

талууд гэрээний хөлсний талаар дараагийн гэрээг дахин нэмж байгуулах болзолтойгоор өмнөх хийгдсэн ажлын хөлсийг 3 сая болгох талаар санал солилцон харилцан ярилцаж байсан байх ба Иргэнйи хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4.”цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан.”гэж заасан шаардлага хангахгүй, анхны хэлцлийг бичгээр тохиролцож хийсэн тул өөрчлөхдөө мөн адил нөхцлөөр буюу хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.”гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар”гэж заасан үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцох тул ямар нэг албан ёсны шийдэлд хүрсэн баримт биш байна.

5. 2019 оны 2 сарын 22-ны өдрийн ажил гүйцэтэх гэрээ дугаар бичигдээгүй байх боловч хариуцагч талаас нэхэмжлэлд гаргаж ирүүлсэн тайлбар болон гэрч П.Эы мэдүүлэг, талуудын маргаагүй тайлбараар, хариуцагч тал уг гэрээг цахим шуудан/хэргийн 135дахь тал/-д “UA 4/25-19” гэж дугаарлаж, П.Э 2019 оны 6 сарын 7-ны өдөр нэхэмжлэгч компанийн захиралд явуулсан гэрээ дүгнэсэн актын саналд, гэрээний тусгай нөхцлийн биелэлтийг хэрэгжилт 100 хувь гэж үнэлсэн байна.     

Хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэхэд, Талуудын тохиролцсон гэрээгээр, гүйцэтгэгч “З”ХХК-ийн гүйцэтгэх үүрэг нь “Ю”ХХК-ийн вебийн аюулгүй байдал, мобайл аппликейшнийн аюулгүй байдал, сүлжээний эмзэг байдал, системийн найдвартай ажиллагааг шалгах ажил байх ба 2 удаагийн ажлын тайлангаар, эдгээр ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн байна.

Гэрээнд төлбөр төлөх нөхцлийг гэрээ байгуулах үед ямар нэгэн төлбөр төлөхгүй, ажил үүргийг гүйцэтгэж эхлээд, эхний анхан шатны алдаа олдох үед, гүйцэтгэлийн урьдчилгаа болгон нийт төлбөрийн 20% болох 2,000,000 /хоёр сая/ төгрөг, эхний дунд шатны алдаа олдсон үед, гүйцэтгэлийн урьдчилгааг анхан шатны алдаа олдож, төлбөр хийгдсэн тохиолдолд, нийт төлбөрийн 20% болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг,мөн анхан шатны алдааг ололгүй шууд дунд шатны алдаа олдсон тохиолдолд, анхан шатны алдааг олсон гэж үзэж тухайн гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөрийн хамтаар буюу нийт төлбөрийн 40% болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг, эхний дээд шатны алдаа олдсон үед, гүйцэтгэлийн урьдчилгааг анхан болон дунд шатны алдаа олдсон гэж үзэж тухайн шат болгоны гүйцэтгэлийн урьдчилгааг төлнө гээд нэмэлтээр дээд шатны алдааны гүйцэтгэлийн урьдчилгаа болгож нийт төлбөрийн 30% болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг төлөх, гэрээнд тусгагдсан нийт ажил хийгдэж, үр дүнгийн репортыг хүлээн авснаар, гэрээний нийт төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон тул гүйцэтгэгчийн тайланг хүлээн авснаар түүнийг үндэслэн тохирсон хөлсийг бүрэн олгох үүрэгтэй байсан.

2 талын гэрээ нь шаардах эрх ба гүйцэтгэх үүргийн үндэслэл болдог ба ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах үүрэг хүлээдэг бөгөөд  гэрээнд тохирсноор гүйцэтгэгчээс ажлын гүйцэтгэлээ 2019 оны 3 сарын 4, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч талд тайлангаа хүргэсэн, захиалагч ажлын тайланг хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.”Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.”гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй буруутай байна.

Хэрэв захиалагчийн хувьд хүлээн авсан ажлын гүйцэтгэлийг тохиролцсон ажил дутуу, дээд шатны алдаа олоогүй гүйцэтгэл доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.”Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана...”гэж зааснаар шаардлага гаргах эрх нээлттэй байсан боловч 2019 оны оны 4 сарын 11-ний өдрөөс хойш одоог хүртэл хугацаанд ямар нэг шаардлага гаргаагүй.

Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, гүйцэтгэсэн ажлын хөлс болох гэрээнд тохирсон 10 000 000/арван сая/төгрөгийг “Ю”ХХК-иас гаргуулж “З”ХХК-д олгож шийдвэрлв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчид хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 174,594 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “Ю”ХХК-иас 10,000,000/арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З”ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид 174,594 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосгай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЧИМЭГ