| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0631/З |
| Дугаар | 221/МА2017/0096 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0096
| 2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2017/0096 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал Д.Э гаргасан давж заалдах гомдлоор тус компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг “Ш” ХХК-д буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923 дугаар шийдвэрээр:
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаараагүй талбайг “Ш” ХХК-нд буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал Д.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“…Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...урт нэртэй хуулиар давхацсан хэсгийг цуцалсан Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 119 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан.
1.Хэрвээ Засгийн газраас тогтоосон хил хязгаарт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хамрагдсан бол тухайн талбайд гарсан хайгуулын болон жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлсөн төлбөрүүд, бусад гарсан зардлуудыг тооцож төрөөс нөхөн олговор олгосон тохиолдолд цуцлах ёстой байсныг тухайн талбайд нөхөх олговор олгосон мэтээр цуцалж шийдвэрлэсэн 2012 оны 119 дүгээр шийдвэр нь анхнаасаа илт хууль бус захиргааны акт юм.
Энэ нь урт нэртэй хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу төрөөс нэг ч аж ахуйн нэгжид нөхөн олговор олгоогүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь урьд эзэмшиж байсан талбайгаа Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор тогтоосон хүрээ хязгаарын дотор хамрагдаж байгаа хэмжээгээр эзэмших давуу эрх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.
Нөгөө талаар төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ”, мөн 11 дүгээр зүйлийн 11.1.15-т “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж тус тус заасны дагуу хуулиар шийдвэрлэх бүрэн эрх олгогдсон байна.
2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрхийг хязгаарлахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсэгт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж, улмаар манай компанийн зүгээс нэгдүгээрт үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх зорилготой, хоёрдугаарт давхацсан талбайд олборлолт явуулах боломж нь хязгаарлагдаж, аргагүй нөхцөл байдлын үүднээс солбицолд өөрчлөлт оруулсныг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж бид нөхцөл байдал өөрчлөгдөхийг тэвчээртэй хүлээж, эрх зүйн орчин сайжрахыг хүлээж ирсэн.
3.Манай компанийн буцааж өгсөн талбайн хувьд бид өөрсдийн хөрөнгөөр олон жилийн хугацаанд олон арван сая төгрөгийн зардал гаргаж, нөөц тогтоож улсад бүртгүүлсэн, тухайн талбай одоогоор сул чөлөөтэй буюу бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй, улсын нөөц, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй.
Бид уг талбайгаа буцаан авах хүсэлт гаргасныг төрийн захиргааны байгууллагаас Засгийн газрын тогтоолоор буцааж өгөх асуудлыг зохицуулаагүй гэх шалтгаанаар татгалзаж байгаа хууль бус эс үйлдэхүй нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн суурь зарчмыг төрийн захиргааны байгууллага баримтлан ажиллахгүй байгааг тодорхой харуулж байна.
Энэ нь дэлгэрүүлбэл төрөөс манай талбайд нөхөн олговор олгоогүй, төрийн үйл ажиллагааны улмаас буцаан өгсөн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгээ буцаан авах эрхгүй, уг харилцааг зохицуулсан журам байхгүй гэсэн үндэслэлээр эрхийг хязгаарлаж, улмаар урьд хуулийн дагуу ашиглаж байсан тусгай зөвшөөрлийн талбайг дахин буцаан ашиглуулахаас татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл нь эрх зүйн зарчимд нийцэхгүй хууль бус үйлдэл юм.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлээгүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан байна.
1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгож, хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж баталсан.
Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Засгийн газрын тогтоолуудын үйлчлэлд буюу хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байвал өргөдөл гаргахыг тусгайлан зохицуулснаас биш шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй адилтгаж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2.Ашигт малтмалын тухай хуулийн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь урьд эзэмшиж байсан талбайгаа Засгийн газрын 289 дүгээр тогтоолын үйлчлэлийн хүрээнд тогтоосон хилийн заагт хамаарах хэсгийг үргэлжлүүлэн эзэмших давуу эрхтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2011 оны 174 тоот, 2012 оны 194 тоот тогтоолуудаар тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт “Ш” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-015571А тоот тусгай зөвшөөрлийн 116.69 гектар талбайгаас 72.71 гектар хамрагдсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, мөн тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад тэмдэглэгдсэн хасагдсан талбайн хэмжээ, солбицлоор тус тус батлагдаж байна.
Харин Улсын Их Хурлаас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж, өөрөөр хэлбэл усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар тэмдэгжүүлэн, өмнөх 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ.
Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан буюу Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргана” гэж зохицуулсан байна.
Эндээс дүгнэхэд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг болон 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсоноор “Ш” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-015571А тоот тусгай зөвшөөрлийн эдгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдаж өмнө нь хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй буюу үлдсэн хэсэгт нь нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, тусгай зөвшөөрлийн координатад зохих өөрчлөлт хийх эрх хэмжээ хариуцагчид олгогджээ.
Өөрөөр хэлбэл “...Засгийн газрын дээрх тогтоолоор өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор давхцалтай гэж хассан ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй...” гэх байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд Засгийн газрын тогтоолоор шийдвэрлээгүй гэх асуудлыг уг тогтоолыг гаргах үндэслэл болсон хуулиар нэгэнт зохицуулсан байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Засгийн газрын тогтоолын биелэлтийг зохион байгуулах хүрээнд Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан талбайгаас ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт ороогүй үлдсэн “Ш” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан талбайг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Нэхэмжлэгчийн тухайд Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар тусгай зөвшөөрлийн талбай хэмжээ хасагдсантай холбогдуулан зохих нөхөн олговрыг аваагүй, үүнтэй холбоотой “..нөхөн олговрыг 0 төгрөгөөр тооцсон” гэх хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр бус харин тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу тусгай хамгаалалтын бүстэй давхацсантай холбогдуулан буцаан өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан зохицуулалт болон анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн уг хуулийн 25 дугаар зүйлд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам энэ тохиолдолд үйлчлэхгүй.
Өөрөөр хэлбэл өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлийн хасагдсан талбайн тодорхой хэсгийг буцаан олгох асуудлыг шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх байдлаар тусгайлсан шийдвэр гаргах шаардлагагүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн эзэмшлийн MV-015571А тоот тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нь хасалт хийлгэсэн талбайг буцаан авах тухай хүсэлт гаргахдаа холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлээгүй болох нь ...тогтоогдож байна, ....гаргасан өргөдөл нь холбогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй...” гэх зэргээр шинээр тусгай зөвшөөрөл авах гэж буй мэтээр дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэх эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан байх тул дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбицолд хамаарахгүй хэсгийг нэхэмжлэгч үргэлжлүүлэн эзэмших давуу эрх хадгалагдах учиртай.
Иймд Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “Шенгчан” ХХК-ийн эзэмшилд байсан Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолоор хасагдсан ашигт малтмалын ашиглалтын MV-015571А тоот талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг нэхэмжлэгчид буцаан олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Харин дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын тогтоолын дагуу буцаан олгогдох боломжтой хэмжээг хэрхэн тогтоох нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлтэй, энэхүү маргааны тухайд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-ийн “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-ийн “нөхөх олговрыг нэг жилийн дотор олгох”, 14.6-ын “нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол ...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байх”, 14.8-ын “өмнө нь тухайн талбайг эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон давуу эрх”-ийн талаарх зохицуулалтыг баримтлахаар байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...“Ш” ХХК-иас буцаан авсан дээрх талбайд сонгон шалгаруулалт явуулаагүй, сонгон шалгаруулалт явуулах талбайд ч багтаагүй байгаа...” гэсэн тайлбарыг энд тэмдэглэх нь зүйтэй.
2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгох бус харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаас үзэхэд 2012 онд гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2016 онд нэхэмжлэл гаргаж буй нь шүүхээс тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Учир нь тухайн үед дээрх шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хавсралтад талбайн хэмжээг багасгасан тэмдэглэгээ хийгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг мэдэж байсан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг энэ тохиолдолд харгалзах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.8 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг “Ш” ХХК-д буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын MV-015571А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалган, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал Д.Э гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН