Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 104

 

“Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн:             М.Батсуурь,                                               

Шүүгчид:                              Х.Батсүрэн,

                                              Б.Мөнхтуяа,

                                              Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:       Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0129 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М нарыг оролцуулж,

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г х ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0129 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2019/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий захиргааны актын бүх заалтын агуулгаас тухайн актыг гаргах болсон үндэслэлийг “хууль зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох” гэж тодорхойлсон гэж үзэх үндэслэл байгаагүй бөгөөд харин “газар ашиглагч хууль тогтоомж зөрчсөн” гэх агуулга илэрхийлэгдэж байсныг анхан шатны шүүх “...анх нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон 2015 оны А/321 дүгээр тушаал нь хууль зөрчиж гарсан" гэх хариуцагчийн баримтаар нотлогдоогүй тайлбарт үндэслэж,  дүгнэлт хийсэн.

4. Түүнчлэн уг актаар нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй харин газар ашиглагч хууль, тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актаар “шийдвэрлэсэн асуудал”-ыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд хийсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх тохиолдолд “Г х” ХХК-тай адилхан нөхцөл байдалд байгаа бүх этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь дээр дурьдсан хуулиудад заасан “тэгш байдал”, “хууль дээдлэх” зарчимд нийцэх учиртай. 32 этгээдийн жагсаалтыг хүргүүлснээс маргаан бүхий захиргааны актаар 24 этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Үлдсэн 8 этгээдийн 2 нь нэхэмжлэгч “Г х” ХХК-тай нэг байршилд буюу Богдхан уулын Залаатын аманд газар ашигладаг болох нь тогтоогдож байгааг шүүх анхаараагүй.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 болон 6 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6, Усны сан бүхий газар. усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.8.2-т тус тус заасан хориглосон хэм хэмжээний зохицуулалтыг хэрэглэсэн нь “...хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан...” гэх шүүхийн дүгнэлттэй зөрчилдөж байгаа. Хууль тогтоомжийн эдгээр зохицуулалт нь газар ашиглагч этгээд тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хамаарах атал шүүх үүнийг захиргааны байгууллагын шийдвэртэй холбон үзсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн.

6. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтоохоор хуульчилсан. Шүүхээс хуулийн уг заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн ашиглалтад байгаа газар нь Усны тухай хуулиар тодорхойлсон онцгой хамгаалалтын бүсэд байршиж байна гэж үзсэн. “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.2 дахь заалтад онцгой хамгаалалтын бүсийг “гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, ... татамтай тохиолдолд татмын хэмжээгээр...” тогтоохоор, харин тус журмын 2.5.2 дахь заалтад энгийн хамгаалалтын бүсийг “нийслэлийн болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар 500 метр хүртэлх зайд” байхаар тус тус зохицуулсан.

7. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.9 га газар нь Богдхаан уулын урдах зам хүртэл 91 метрийн зайд байрлаж байгаа болох нь тогтоогдсон тул тус компанийн ашиглалтад байгаа газар нь бүхэлдээ Туул голын онцгой хамгаалалтын бүсийн гадна байрлаж байгаа. Иймээс ч “Г х” ХХК-ийн ашиглалтад олгосон газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд тус компанийн хийлгэсэн "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г  баталгаажуулсан байдаг.

8. “Г х” ХХК нь өөрийн ашиглалтад байгаа газарт "Сэрүүн харш” амралт, сувиллын газар байгуулахаар төлөвлөж уг төслийнхөө “гадна инженерийн шугам сүлжээний төлөвлөлт” гэсэн хэсэгтээ “боловсон 00-ийг стандартын дагуу байгуулж дотоод бохирын системд холбоно”, "О ХХК-ны технологийн дагуу бохирын холболт, суурьлуулалт стандартын дагуу хийгдэж, хөрсөнд шингээлтгүй цооног эсвэл контейнер суурьлуулах ба тогтоосон давтамжийн дагуу зориулалтын техник хэрэгслээр ТҮК-тэй гэрээлж бохирыг зайлуулах, зохих журмыг мөрдүүлэн ажиллана.” гэж тодорхой тусгаж “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний хүрээнд эрх бүхий этгээдээр баталгаажигдаж, зөвшөөрөгдсөн байхад анхан шатны шүүх “Г х” ХХК-ийг “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно...” гэснийг зөрчинө хэмээн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн.

9. Маргаан бүхий захиргааны актын бүх заалтын агуулгаас тухайн актыг гаргах болсон үндэслэлийг “газар ашиглагч хууль тогтоомж зөрчсөн” гэх агуулга илэрхийлэгдэж байгаа. Хариуцагч маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалт болон бусад заалтын гипотез нөхцлүүдийн аль хэсэг нь ямар аж ахуйн нэгжид хамааралтай болохыг ялгаж, зааглаагүй тул эдгээр нөхцлүүдийг бүгд тухайн 24 иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай гэж үзэж, тэдгээрт бүхэлд нь тайлбар хийх шаардлагатай болсон.

10. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглагч “Г х" ХХК нь “...голын бургас модыг сүйтгэх...”, “...уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах...” зэргээр дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг цуглуулсны үндсэн дээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. “...Маргаан бүхий актыг өөрийн сайтад 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байршуулж, иргэн, хуулийн этгээдэд мэдэгдсэн...”, “...Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ... тухай кадастрын зураг...” гэх баримтуудаас өөр ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Тэдгээр баримтууд нь “Г х” ХХК хууль тогтоомж зөрчсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байгаа.

11. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд “...усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх...” гэсэн нэг нөхцөл заасан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох хоёр үндэслэлийг заасан. Хуулийн энэ зохицуулалтын агуулга нь тодорхой хууль зөрчсөн үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актад “...усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх..." гэж заасан нь ойлгомжгүйн зэрэгцээ утга, агуулгын хувьд алдаатай акт болсон байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасан “утга, агуулгын хувьд илэрхий алдаатай” гэх зохицуулалтын талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн уг дүгнэлт ойлгомжгүй байгаан зэрэгцээ хуулийн заалтыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

13. Маргаан бүхий захиргааны актын “утга”-ыг “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” гэж тодорхойлсон ба энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтад хамаарна. Хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа бол мөн зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 2 үндэслэлд хамаарах зөрчлийн аль зөрчлийг газар ашиглагч гаргасан болохыг захиргааны байгууллага тогтоож, захиргааны актын хууль зүйн үндэслэл, тухайн захиргааны актыг гаргах шаардлагын бодит нөхцөл байдал болон түүнд хамаарах хуулийн зохицуулалтыг захиргааны актад тодорхой тусгаснаар тухайн маргаан бүхий захиргааны актын утга, агуулгын ойлгомжтой, алдаагүй акт болох учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны акт нь дээр дурьдсан хуулиар тодорхойлсон шаардлагад нийцээгүй, утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх  үндэслэлүүд байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

14. Захиргааны актыг бичгээр гаргах журмыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан ба мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт “...захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана ..." гэж заасан. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон заалтууд нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 40.3 дахь хэсгийн “...захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана...” гэсэнд болон “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” гэсэн маргаан бүхий захиргааны актын утгатай нийцэхгүй байгаа.

15. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон хэсэгт хууль, тогтоомж, тэдгээрийн зүйл, хэсэг, заалтаас Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг нь сайд Засгийн газрын гишүүний хувиар өөрийн эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангах эрх олгосон хуулийн ерөнхий зохицуулалт юм. Тусгай хамгаалалттай нутаг газар эзэмшигчийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” шийдвэр гаргах тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн зохицуулалттай хамтатган хэрэглэх ёстой атал хуулийн энэ зохицуулалтыг маргаан бүхий захиргааны актад тусгаагүй нь тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тодорхойгүй болгож, агуулгын хувьд илэрхий алдаатай болсон гэж үзэх үндэслэл болж байгаа.

16. Маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.2, 40.2 дахь хэсгийг тусгасан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтад “газар ашиглах эрхийг дуусгавар болгох” гипотез нөхцлийг тодорхойлсон бол 40.2 дахь хэсэгт газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэн, хуулийн этгээд ашиглаж байсан газраа чөлөөлөх, хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд эдгээр хуулийн зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “...захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалт...” гэсэн ойлголтод хамаарахгүй.

17. Маргаан бүхий захиргааны актад тусгасан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн бусад зохицуулалт болох хуулийн 12.1, 27.1, 36.1 хэсгүүд нь “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” маргаан бүхий захиргааны актын агуулгад хамаарахааргүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт 11 хориглосон хэм хэмжээг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт 11 эрх олгосон хэм хэмжээг тус тус заасан байхад маргаан бүхий захиргааны актад ерөнхий зохицуулалт бүхий 12.1, 27.1 дэх хэсгийг үндэслэл болгосноос маргаан бүхий захиргааны актын агуулгыг ойлгомжгүй болгосон.

18. Маргаан бүхий актад хэрэглэсэн Усны тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь газар ашиглагчид хуулиар хориглосон үйлдэл бөгөөд энэ хоригийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болох ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтад “...усны нөөцийг бохирдож, хомстохоос сэргийлэх..." гэх үндэслэлийг заасан нь тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэл болон бодит нөхцөл байдал нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй илэрхий алдаатай байгааг давж заалдах шатны шүүх бодитойгоор үнэлж, дүгнэж чадаагүй.

19. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн газар нь ..., ойр орчимд нь бургас байгаа нь ... тогтоогдож байх тул...” хэмээн маргаан бүхий захиргааны актад хамааралгүй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн ашиглалтад байгаа газрын ойр орчимд “бургас байх” нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

20. Энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл болсон маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Усны тухай хуулийн 22.2 дэх хэсэг, 22.2.1 дэх заалтыг үндэслэл болгосон боловч тухайн захиргааны актыг гаргах шаардлага болсон бодит нөхцөл байдалд “Г х” ХХК Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдлыг маргаан бүхий актаар тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актад заагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. 34.3 дэх хэсэгт нийцэхгүй.

21. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтад зааснаар “эрүүл ахуйн бүс”-ийг ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоодог. Мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтад “рашааны орд”-ыг, 3.1.15 дахь заалтад “ус хангамжийн эх үүсвэр”-ийг тус тус тайлбарласан бөгөөд эдгээр хуулийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн ашиглалтад байгаа газрыг усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтад бүсэд байгаа гэж үзэх үндэслэлгүй. Ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

22. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч бидний зүгээс шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон хэмжилтийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин нэхэмжлэгч компанийн ашиглалтад байгаа газар нь усан бүхий газрын “онцгой болон энгийн хамгаалалт”, “эрүүл ахуйн хамгаалалт”-ын бүсүүдэд байгаа эсэх асуудлыг шууд хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Нөгөө талаар "Г х” ХХК-ийн ашиглалтад байгаа газар нь усны сан бүхий газрын “онцгой болон энгийн" хамгаалалтын бүсийн дотор байгаа эсэхийг холбогдох журам, баримтын хүрээнд хангалттай баримтаар тогтоогдоогүй. "Туул гол”-ын эрэг ямар байршилд байгаа, түүний татмыг аль хэсгээр тооцох, улмаар хууль, журамд заасан “Туул гол”-ын онцгой болон энгийн хамгаалалтын бүс хаагуур тогтоогдож байгаа зэргийг хуульд нийцүүлэн бүрэн тогтоох нь энэ хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.

23. Дээрх нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүхээс “Туул гол”-ын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, холбогдох мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах ажиллагаа хийгээгүй, зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

24. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актад огт тусгагдаагүй, энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл болоогүй, нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй асуудлын талаар дүгнэлт хийгээд "...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих" гэснийг тус тус үндэслэл болгожээ.

25. Шүүх маргаан бүхий захиргааны актад бичигдсэн тэр үндэслэлд нь хууль зүйн дүгнэлт өгч, тухайн актын хуульд нийцсэн эсэхийг хянан үзэх ёстой атал тухайн актад тусгагдаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтууд, тэдгээр хуулийн зохицуулалттай холбоотой ямар нэгэн маргаан гарч, нэхэмжлэлийн үндэслэл болсон байхад маргаан бүхий захиргааны актыг үндэслэлийг өөрийн үзэмжээр өргөжүүлэн тайлбарлаж дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийг зөрчсөн.

26. Энэхүү гомдолд дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

28. Нэхэмжлэгч “Г х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “утга агуулгын илэрхий алдаатай, эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх тул нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд тухайн тушаал нь илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтооход шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдаж байна. Энэ тохиолдолд Сайдын А/113 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Тушаалын үндэслэлийн тухайд:

30. Сайдын А/113 дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Уг актын үндэслэлээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд газар ашиглах нь Усны хуулиар хориотой” гэж тодорхойлж маргасан, харин актын бусад үндэслэл буюу  “уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах” зэрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчийн газар нь уулын орчимд бус, тэгш газар байрладаг, байгалийн унаган төрхийг алдагдуулсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй зэргээр маргааны үйл баримтад хамааралгүй байна. Хариуцагчаас дээрх тушаалыг гаргахдаа зөвхөн нэхэмжлэгчид чиглээгүй, бусад аж ахуй нэгжид чиглүүлж гаргасан, үүнээс нэхэмжлэгчид хамаарах хэсгийг нэрлэн зааж маргасныг буруутгах үндэслэлгүй.

31. Иймээс нэхэмжлэгчийн “хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх агуулга нь тодорхой хууль зөрчсөн үйлдэл байхыг шаарддаг, тушаалын аль хэсэг нь ямар аж ахуй нэгжид хамааралтай болохыг ялгаж, зааглаагүй тул эдгээр нөхцлүүдийг бүх аж ахуйн нэгжид хамааралтай гэж үзэх” тухай гомдол нь энэхүү маргааны үйл баримтад ач холбогдолгүй, нэгэнт хариуцагчаас “удаа дараа зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгаагүй, харин Усны онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй холбогдуулан шийдвэр гаргасан учраас энэ хүрээнд маргааны үйл баримт хязгаарлагдах байна.

Илт хууль бус захиргааны акт гэх тухайд:

32. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” бол тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, Сайдын А/113 дугаар тушаалаар “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ. Эндээс үзэхэд уг акт нь утга, агуулгын ямар нэгэн илэрхий алдаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй “ус хомсдох нөхцөл байдал байсан эсэх, бодит байдалд нийцэх эсэхийг захиргааны байгууллага шалгаж тогтоогоогүй, холбогдох баримтыг бүрдүүлээгүй” гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын хүрээнд, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй юм.

33. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газарт иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй тул захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй, гомдлын энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

34. Гуравдугаарт, хариуцагчаас А/113 дугаар тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу байгаа боловч энэ нь маргаан бүхий актыг “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас хууль буруу хэрэглэсэн алдаа буюу актын үндэслэлд хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн алдаа нь тухайн актыг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй. Иймээс захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр бус, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан байдал нь хууль хэрэглээний алдаа болохоос “утга агуулгын илэрхий алдаа” биш байна.

35. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан, хариуцагчаас Усны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгчид газар ашиглуулах нь хууль зөрчих, тухайлбал, байгаль орчинд сөрөг нөлөө үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шийдвэр гаргасан нь хуулийн зөрчилгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцжээ.

36. Актад хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн актын үндэслэлд хамаарахгүй байгаа нь, тодруулбал газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал гаргах байтал газар ашиглах эрхийг дуусгавар болгох тушаал гаргасан, актын нэр нь актын үндэслэлээс зөрүүтэй зэрэг асуудал нь тухайн актыг бүхэлд нь илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл биш юм.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн тухайд:

37. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “усны онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон баримт байхгүй, нэхэмжлэгчийн ашиглалтад байгаа газрыг усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтад бүсэд байгаа гэж үзэх үндэслэлгүй,  Туул голын эрэг ямар байршилд байгаа, түүний татмыг аль хэсгээр тооцох, голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс хаагуур тогтоогдож байгаа зэргийг бүрэн тогтоогоогүй” гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

38. Маргаан бүхий газар нь Туул голын эргээс Богд хаан уулын урдах зам хүртэл 91 метрийн зайд байрлаж байгаа болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаа, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, тодруулбал, уг газар нь усны онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, энгийн хамгаалалтын бүсэд буюу хориглосон газарт байршиж байна.

39. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэгт “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах ...-ыг хориглоно” гэж тус тус заажээ. Хуулийн уг заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад онцгой хамгаалалтын бүсийг “усан сан бүхий газрын эргээс” эхлэн хэмжихээр заасан, шүүхээс үзлэг хийхдээ голын эрэг буюу салаанаас эхлэн хэмжсэн нь хуулийн зөрчилгүй, дахин нотлох шаардлагагүй байна. Нөгөө талаар Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.34-т зааснаар “гол мөрний татам” гэж голын голдирлын эргээс дэнж хүртэлх нугын зурвас бүсийг ойлгохоор зохицуулсан, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоохоор “болон” гэсэн холбоос хэрэглэж, зэрэгцээ утгыг илэрхийлсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

40. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.5 дахь хэсэгт зааснаар онцгой хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон, иймээс нэхэмжлэгчийн “Усны тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь газар ашиглагчид хуулиар хориглосон үйлдэл бөгөөд энэ хоригийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болох ёстой” тухай гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт хуулиар усны онцгой хамгаалалтын бүсэд усны эх, ундарга, нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх, бохирдохоос хамгаалах зорилгоор хилийн зааг тогтоож, иргэн, аж ахуй нэгжид газар ашиглуулахыг хориглосон тул заавал зөрчил гаргасан байхыг шаардахгүй.

41. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчтэй нэг байршилд бусад этгээдийн газар ашиглах эрхийн асуудлыг адилхан авч үзэх ёстой атал хариуцагч зөвхөн цөөн тооны этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй” тухай гомдол нь Сайдын А/113 дугаар тушаалд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн тул шүүхийг буруутгах үндэслэлгүй, харин “тэгш бус хандсан” асуудлаар захиргааны байгууллагад өөрт нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

42. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” гомдол нь “маргаан бүхий” захиргааны актад холбогдох үндэслэл болохоос нэхэмжлэгчийн сонгосон “илт хууль бус” захиргааны акт болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэгдэх асуудал биш байх тул эдгээр асуудлаар хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

43. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0129 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ