Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 19

 

Хэргийн индекс:127/2016/0021/З

                                                                                                  

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн  Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 03 тоот тогтоол гаргаж Ө.Цогбадрахыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 157 дугаар зүйлийн 157.9, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоол гаргасан байдаг. Ө.Цогбадрах нь Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Уг тогтоол гарсны дараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороо Төрийн албаны тухай хуульд зааснаар 3 сарын өмнө хүсэлтээ гаргаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Үүнийг хууль бус шийдвэр гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана гэж заасан байдаг. Гэтэл тухайн нэр дэвшигч сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгнээс хойш сонгуульд оролцохоор шийдвэрлэж хүсэлт гаргах талаар хуулийн заалт байдаггүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн энэ заалт нь нэр дэвшихтэй холбоотой буюу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах талаар хуулийн зохицуулалт биш юм. Энэ нь төрийн албан хаагчид хариуцлага тооцох буюу төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай хуулийн заалт юм. Мөн сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан байдаг. Энэ хуулийн зүйл заалтын хэрэглэсэн нь нэр дэвшигчээр татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Ө.Цогбадрах миний Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвших хүсэлтийг хүндэтгэж нэр дэвшигчээр бүртгэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан бол нэр дэвшигчээр бүртгэж авах байсан гэж байна. Мөн төрийн албан хаагчид Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж, хуулийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад бүртгүүлсэн юм байна. Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэзээ ажлаас чөлөөлөх тогтоол гарах эсэхийг нь мэдэхгүй. Учир нь төрийн албаны үйл ажилагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтийг нь хүлээж аваад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхөөр заагаад тогтоол гаргасан. Ө.Цогбадрах 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөнө гэсэн хүсэлт гаргаагүй. Энэ үндэслэлээр Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан иргэнийн эрхийг зөрчиж болохгүй юм. Ө.Цогбадрах төрийн албанд  ажиллаж байсан гэдэг нь цалингийн картаар тогтоогдож байна гэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хүлээлцэх хугацаа гэж байдаг. Энэ хугацаа хэдэн сараар ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг тухайн ажиллуулж байсан байгууллага өгдөг. Үүний дагуу Ө.Цогбадрахын дансанд мөнгө орсон. Ө.Цогбадрах 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалин хөлс авах талаар хэлсэн зүйл байдаггүй. Энэ хугацаанд ажиллаж байсан гэдгийг нотлох гээд байгаа бол эрх зүйн акт үйлдсэн эсэхийг нь шалгах ёстой байсан. Сонгуулийн тухай хуульд хүсэлт өгөх, ажлаас чөлөөлөгдөх гэсэн 2 ойлголт байдаг. Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүй. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай захиргааны акт нь хуулийн шаардлага хангаагүй хууль бус акт юм. Нэр дэвшигчид тавигдах шаардагыг Сонуулийн тухай хуулиар зохицуулсан болохоос Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй юм. Төрийн албаны тухай хуулинд Сонгуультай холбоотой зохицуулалт нэг ч байдаггүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтыг бүрдүүлнэ гэж заасан. Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт заасан заалт нь нэр дэвшигчид тавигдах шаардага биш журам юм. Сонгуулийн тухай хуулийн 154.4-д орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж тодорхой заасан байдаг. Сонгуулийн хороотой асуудлыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 157.1 дэх хэсэгт нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ гээд баримт бичгийг дурдсан байдаг. Уг заалтаар ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаггүй. Ажлаас чөлөөлөгдсөн хүсэлтээ гаргасан байхыг шаарддаг. Иймд хуулийн зүйл заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Мөн Зариргааны ерөнхий хуульд захиргааны акт нь иргэн  хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байвал хүчингүй болгоно гэж заасан байдаг. Иймд Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийлгэж, удаан хуугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад олонхийн саналаар 08 дугаар тогтоол гаргасан байдаг. Уг тогтоол Ө.Цогбадрахыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөхөөр заасан байдаг. Хариуцагчийн зүгээс төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хугацааг тодорхой зааж өгсөн гэж үзэж байна. Хэрлэн сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэх хуралдааныг явуулах үедээ шаардлагатай материалуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын  албанаас шаардаж авч байсан. Эдгээр баримтууд болох хуралдааны тэмдэглэл, нэр дэвшигчээс гаргасан өргөдөл, хүсэлт, үүний дагуу гаргасан шийдвэр, тогтоолуудыг хэрэгт хавсаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шаардаж авсан баримтаас харахад Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сард бүтэн ажилласан байдаг. 2016 оны 08 дугаар сард Ө.Цогбадрах нь ажлын 22 хоног ажилласан талаар цалингийн карт, ажлаа хүлээлгэж өгсөн баримт зэргээр нотлогдож байна. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хүлээлгээд өгсөн байсан бол тухайн төрийн албатай холбоотой эрх зүйн харилцаа дуусгавар болж цалин хөлс авахгүй байх байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж заасан байдаг. Ө.Цогбадрахыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар төрийн ажил үүргийг хэрэгжүүлж байсан гэж үзэж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар тодорхой нарийвчлан заасан байдаг. Хэрлэн сумын Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 157 дугаар зүйлийн 157.9, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаар тогтоолыг гаргасан. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул  Хэнтий аймгйин Ардчилсан намаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Ө.Цогбадрахын эрх зүйн байдлыг тодруулахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр бус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ороцоно гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах нь 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийлгэж, эмчлүүлэх шаардлагатай байх тул ажил, албан тушаалаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг[1] гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 19-нийн өдрийн № 08 дугаар тогтоолоор тус хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ө.Цогбадрахыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Хэрлэн сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн № 08 дугаар тогтоолоор тус сумын Ишгэн толгой 8 дугаар багт Ө.Цогбадрахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 157 дугаар зүйлийн 157.9, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзажээ.

 Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д” Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” , Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “ Төрийн жинхэнэ албан хаагч....... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана...........”, гэж тус тус заасан ба дээрх хуулийн хуцагаанд Ө.Цогбадрах нь ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гараагүй болох нь ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн № 08 дугаар тогтоол[2], тэмдэглэл[3] зэргээр нотлогдож байна.

Төрийн албан хаагч нь ямар ч шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж болох боловч гагцхүү орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихээр бол төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсны хувьд хуулийн дээрх хугацааны дотор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байхыг хуульчилжээ.

  • эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ”ажлаас чөлөөлөгдөх хүртэл надад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших хүсэл, сонирхол байгаагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн № 08 дугаар тогтоол гарснаар би төрийн албанаас чөлөөлөгдсөн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан заалтууд нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай зохицуулалт, би иргэн хүнийхээ хувьд сонгуульд нэр дэвшсэн” гэж тайлбарлаж байгаа ч энэ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын хорооны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд[4] Б.Лхагвасүрэнгийн “.. Ө.Цогбадрах 8 дугаар баг дээр нэрээ дэвшүүлж өгнө үү гэсэн өргөдөл хүсэлтээ ирүүлсэн................нэр дэвших эрх зүйн орчин үүссэнг тайлбарлаад нэр дэвшихээ илэрхийлсэн” гэх  тайлбараар үгүйсгэгдэж байна.

Төрийн албны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах нь иргэний хувьд ч орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжгүй байна.

Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж намаас нэр дэвшүүлэх ажиллагааг хуульчилсан ба 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр намаас нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болохоор байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах нь хуулийн дээрх хугацаа өнгөрсөн байхад ажил, албан тушаалаа гүйцэтгэж байсан болох нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Ө.Цогбадрахаас хүлээн авсан баримт бичгийн жагсаалт[5], хэрэглэж байсан эд хөрөнгө хүлээн авсан бүртгэл[6], цалингийн картны хуулга[7] зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.  Ө.Цогбадрахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухай:

            Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаартай тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Цогбадрахыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Ө.Цогбадрахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т  тус тус заасныг баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлтэй Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” № 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 37-39 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас,

[6] Хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас,

[7] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас,