Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0653

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0653

Улаанбаатар хот

 

 

Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, С.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны дарга Л.Бат-Октябрь нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тус тус заасныг баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлтэй Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан нам давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Ардчилсан нам нь Хэрлэн сумын сонгуулийн хороонд холбогдуулан, тус хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ө.Цогбадрахыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан билээ.

Шүүхийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №03 тоот нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг. Хэнтий аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Цөгбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргахад, Тэргүүлэгчид тухайн өдөр хуралдаж Ө.Цогбадрахыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Ө.Цогбадрахын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд ажлаас чөлөөлөгдөх болон ажил хүлээлцэх тухай хугацааг тодорхой заагаагүй ба хүсэлтийг шийдвэрлэх тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд мөн оролцоогүй байдаг. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ө.Цогбадрахын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргахдаа ажил хүлээлгэн өгөх болон ажлаас чөлөөлөх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэмээн дур мэдэн тогтоосон ба ийнхүү дур мэдэн тогтоосон болох нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг гаргэсан ба энэхүү хугацааны цалин хөлсийг нь Ө.Цогбадрахын картын дансанд шилжүүлсэн байсан. Гэтэл хариуцагч Хэрлэн сумын сонгуулийн хорооны зүгээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Ө.Цогдбадрахыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн хэмээн хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан ба шүүхийн зүгээс ч мөн маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх шийдвэрийг гаргасан. Шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэсэн. Энэ хуулийн зүйл заалт нь Төрийн албанд ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд тухайн төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай зохицуулалт болохоос аливаа сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзах тухай зүйл заалт биш байгаа нь хуулийн зүйл заалтыг буруу ташаа ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Гэтэл Ө.Цогбадрах нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасны дагуу /эрүүл мэндийн шалтгааны улмаас/ төрийн албанаас чөлөөлөгдөж буй этгээд юм.

Нөгөөтэйгүүр шүүхийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн ажил үүргээ гүйцэтгэж байсан нотлогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн зохицуулалт нь ажлаас халах тухай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд ажлаас чөлөөлөгдөх эрх зүйн харилцаанд хэрэглэгдэхгүй бөгөөд Ө.Цогбадрахаас гаргасан өргөдөл болон хурлын хуралдааны тэмдэглэлд зэргээс үзэхэд Ө.Цогбадрах нь ажлаас нэн даруй чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас биш 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй.

Ө.Цогбадрахаас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд захиргааны зүгээс төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх байдлаар хөндөж, ажлаас чөлөөлөх хугацааг дур мэдэн тогтоож болохгүй юм.

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан 08 дугаар тогтоолоор Ө.Цогбадрахыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр эцэслэн гарсан нь хууль зүйн үндэслэл бүхий хууль эрх зүйн үр дагавар юм.

Өөрөөр хэлбэл, энэ хууль эрх зүйн үр дагавар нь хэрэгжих цаг хугацаанаасаа үл хамааран Ө.Цогбадрах үүрэгт ажлаасаа эцэслэн чөлөөлөгдөж байгаа явдал юм. Чөлөөлөгдөж байгаа хугацаа нь сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн материалыг хүлээж авч, бүртгэх эсэх тухай Хэрлэн сумын сонгуулийн хорооны шийдвэр гаргасан хугацаанаас өмнө дуусгавар болчихсон байсан буюу үүрэгт ажлаасаа эцэслэн бүрэн чөлөөлөгдсөн нэр дэвшигч Ө.Цогбадрахын материалыг хүлээн авч шийдвэр гаргах байтал төрийн албан хаагч байр суурьнаас хандаж шийдвэр гаргасан.

Нөгөө талаас Хэрлэн сумын сонгуулийн хороо нь Ө.Цогбадрахын нэр дэвшсэн үйл ажиллагааг буруутай мэтээр нотлохыг оролдож, өөрийн эрх хэмжээний биш асуудлаар шүүхэд тайлбар гаргаж, түүнийг шүүхээс баталгаажуулж шийдвэрлэсэн нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөө хэлбэл, Хэрлэн сумын сонгуулийн хороо Ө.Цогбадрахыг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзах шийдвэр гаргахдаа өөрт бүрэн эрхийн хэмжээний нэр дэвшигчийг бүртгэхдээ холбоотой заалтаар бус, улс төрийн намуудын бүрэн эрхт хамаарах нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой заалтыг үндэслэл болгосон байдаг юм. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлийн шаадлагад Ө.Цогбадрахын сонгуульд нэр дэвшихтэй болон терийн алба хашиж байгаа эсэх тухай шаардлага огт байхгүй байгаа юм.

Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд бичигдсэн хугацаагаар л ажлаас чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэх учир дутагдалтай бөгөөд ажлаас чөлөөлөх тухай энэхүү хугацааг захиргааны зүгээс 6 сар, 1 жилийн хугацаагаар тогтоосон тохиолдолд хэрхэх нь ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд "Нэр дэвшүүлэх нийтлэг журам"-ыг хуульчилсан ба 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" хэмээн заасан. Энэхүү зүйл заалт нь сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намд хамааралтай заалт байна. Гэтэл энэ зүйл заалтыг нэр дэвшигч Ө.Цогбадрахыг бүртгэхээс татгалзсан тогтоолын үндэслэх хэсэгт заасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Сонгуулийн тухай хуулийн 154.3-д заасан бөгөөд нэр дэвшүүлж буй намын зүгээс Сонгуулийн тухай хуулийн 157.2-т заасны дагуу нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа тухай бүрдүүлэх баримтыг сумын сонгуулийн хороонд ирүүлэх ёстой.

Сумын сонгуулийн хорооны зүгээс намаас ирүүлсэн дээрх баримтын үнэн зөв, бүрэн гүйцэт болон нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр тус хуулийн 158.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл Хэрлэн сумын сонгуулийн хорооны зүгээс Сонгуулийн тухай хуулийн 158.1.2-т заасныг баримтлан Ө.Цогбадрахыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Ө.Цогбадрах нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа ба Хэнтий аймгийн Ардчилсан намын зүгээс мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу холбогдох баримтыг бүрэн гүйцэд ирүүлсэн атал сумын сонгуулийн хороонд ирүүлэх шаардлагагүй бөгөөд Ө.Цогбадрахад тавигдаагүй шаардлагыг тавигдсэн мэтээр тайлбарлаж, хуульд заасан /Сонгуулийн тухай 158 дугаар зүйлийн 158.1/ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийг бүртгэхэд тавигдах шаардлагад хамааралгүй баримтыг шаардаж, нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт дутуу гэсэн зүйл заалтаар Ө.Цогбадрахыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс Хэрлэн сумын сонгуулийн хорооны хууль хэрэглээний дээрх алдааг засахын оронд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, сумын сонгуулийн хорооны хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөн шийдвэрлэсэн байна.

Гуравдугаарт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад "Ө.Цогбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бол түүнийг нэр дэвшигчээр бүртгэх хууль зүйн боломжтой байсан, Хэрлэн сумын тухайд нийт 3 нэр дэвшигч дээрх байдлаар бүртгэгдсэн" хэмээн тайлбар гаргасан байдаг. Гэтэл хариуцагч болон шүүхийн зүгээс дээрх байдлаар үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Хэнтий аймгийн Ардчилсан нам болон намаас нэр дэвшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Нөгөөтэйгүүр шүүхийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгэсэн нь, Ө.Цогбадрахыг иргэнийхээ хувьд ч нэр дэвшигчээр бүртгүүлэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дахь хэсэгт заасан ".... Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэсэн үндсэн эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэрийг гаргаад байна.

Дөрөвдүгээрт, шүүхийн зүгээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг ноцтой зөрчөөд байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч Сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсгийн заалт нь нэр дэвшихтэй холбоотой буюу нэр дэвшигчийг татгалзах хуулийн зохицуулалт биш, төрийн албан хаагчид хариуцлага тооцох буюу төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай хуулийн заалт ... мөн нэр дэвшигч сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хойш сонгуульд оролцохоор шийдэж хүсэлт гаргах талаар хуулийн заалт байдаггүй ... нэр дэвшихээр бүртгүүлэх үед төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч Ө.Цогбадрах нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу сум дүүргийн сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө эрх бүхий албан тушаалтанд гаргах ёстой байтал хүсэлт гаргаагүй...” гэж тус тус маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” бол сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар, мөн хуулийн 154 дүгээр зүйлд “нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг зааж хуульчилсны дотор мөн зүйлийн 4 дэх хэсэгт “хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвших тохиолдолд тухайн сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, мөн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн сонгуульд нэр дэвших тохиолдолд мөрдвөл зохих журмыг тогтоож хуульчилсан байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албаны харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана” гэж төрийн албан хаагч аль сонгуульд нэр дэвшихээс хамаарч хэрхэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах талаар зааж хуульчилжээ. 

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх 2016 оны орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 19-ний өдөр явагдахаар товлогдсон байх тул сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд сонгууль болохоос 3 сарын өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан тохиолдолд “хуульд заасан хугацааанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

Нэхэмжлэгч Ө.Цогбадрах нь “эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийлгэж эмчлүүлэх шаардлагатай, ...эмчилгээний зардал 8224083 төгрөг олгоно уу...”[1] гэх хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2016 оны 08 дугаар сарын 19-.ний өдрийн 08 дугаар тогтоолоор “... 6 сарын тэтгэлэг 5482722 төгрөг ... , ...эмчилгээний зардал 2.741.361 төгрөг...” олгохоор зааж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоол[2], Ажил хүлээлцэх комиссын баримт бичгийн жагсаалт[3], эд хөрөнгө хүлээн авсан бүртгэл, цалингийн картын хуулга[4] зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ.  

Нэхэмжлэгч Ө.Цогбадрах нь тухайн үед төрийн албан хаагчаар ажиллаж байсан атлаа хуульд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх хүсэл зорилготойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх боловч хариуцагч Хэнтий аймгийн  Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор “хуульд заасан хугацаанд төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх  тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин шүүх шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.1... ” гэснийг “...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

                 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

     ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 54 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[3][3] Хавтаст хэргийн 57 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 60 дугаар тал

[4]