Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00519

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00519

 

Б.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00189 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1746 дугаартай захирамжаар Б.Б-, Н.Ч- бид нар "Г" ХХК-д 114 105 195 төгрөг улсын тэмдэгтийн хураамж, 399 338 төгрөг төлөхөөр болсон. НШШГГ- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураан авсан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 123-62 тоот миний өмчлөлийн 79.8 м.кв орон сууцыг үнэгүйдүүлэн 147 500 000 төгрөгөөр үнэлгээ тогтоож, худалдан борлуулахаар болсон тухай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-229/37778 тоотоор бидэнд мэдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний "ФЭ" ХХК-аар манай орон сууцыг үнэлүүлэхдээ зах зээлийн судалгаа харьцуулалтыг үндэслэлгүйгээр хийсэн гэж үзэж байна. Учир нь үнийн харьцуулалтыг хийхдээ зөвхөн “Үнэгүй.мн” сайтад байршуулсан зарыг үндэслэсэн. Хөрөнгийн үнэлгээг хэт багаар гаргасан. Түүнчлэн, манай орон сууцыг хэт зөрүү ихтэй орон сууцуудтай харьцуулалт хийсэн нь үнийг бодитойгоор гаргахад сөрөг нөлөөлсөн гэж үзэхээр байна. Угтаа 90-ээс дээш м.кв-тай болон хэт жижиг талбайтай орон сууцны талбайн зохион байгуулалт болон ипотекийн зээлийн шаардлагын улмаас үнэлгээ буурдаг. Иймд 17, 25, 40 м.кв талбайн зөрүүтэй орон сууцуудтай харьцуулалт хийж үнийн дүнг бууруулах нь хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл болж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01746 дугаартай захирамжаар Б.Б-, Н.Ч- нараас 114 105 195 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 399 338 төгрөгийг гаргуулж "Г" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Б-, Н.Ч- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн                      Ү-2204052820 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20380039/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20380039/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг 4-229/36020-36022 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч 180 000 000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10/520 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг "ФЭ" ХХК-аар тогтоолгоход 147 500 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талуудад албан бичгээр мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан "ФЭ" ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод орших, 79.8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052820 дугаартай, 3 өрөө орон сууцыг 147 500 000 төгрөгөөр үнэлсэн "ФЭ" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь иргэн миний эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж бололцоо олгоогүй буюу миний эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа улс орон даяар хөл хорионы дэглэм үйлчилж, иргэдийг гэрээсээ ч гарч болохгүй гэсэн тул гэртээ байсан. Өмгөөлөгч хаанаас олохоо мэдэхгүй байсан бөгөөд би шүүх хурлын талаар сайн мэдлэггүй. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний компанийн манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг 147 500 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд гомдол гаргасан. Тухайн дүгнэлтийн хувьд манай байр нь 79.8 м.кв талбайтай байтал 39-123 м.кв талбайтай байруудтай харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Ойролцоо метр квадраттай байруудтай харьцуулаагүй, нэг бол хэт бага, нэг бол хэт их м.кв талбайтай байртай харьцуулж байгаа нь шударга бус бөгөөд байрны үнэлгээ нь ипотекийн 8%-ийн зээлд хамрагдах дээд хязгаар болох 80 м.кв-д дөхсөн 3 өрөө байр гэдгээрээ үнийн хувьд яг ойролцоо метр квадрат байруудтай л харьцуулах ёстой. Миний хувьд шүүх хурал дээр үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсээр байтал шүүхээс шинээр шинжээч томилж өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн үнэлгээгээр манай байрыг зах зээлийн үнээс багаар тогтоолгоод зогсохгүй 70 хувиар үнийг доош нь болгон дуудлага худалдаа явуулах талаар надад мэдэгдсэн бөгөөд энэ нь 103 000 000 төгрөг болж байна. Шүүх шийдвэртээ “Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд “орон сууцаа худалдахаар Шуурхай зар сонин, байрныхаа зарлалд 135 000 000 төгрөгөөс яриад 130 000 000 төгрөгт зарна гэж зар өгсөн” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн өөрийн нь хүсэл зориг тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 130 000 000 төгрөгт үнэлж байгаа гэж үзэхээр байна” гэж худал дүгнэлт хийсэн байна. Би зөвхөн манай байр зах зээлийн үнэлгээний хувьд өндөр байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хэт бага үнээр худалдах гэж байгаа талаар шүүхэд тайлбарласан. Тухайн байр нь манай гэр бүлийн өмчлөлийн орон сууц юм. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд би болон манай эхнэр Н.Ч- бид хоёр хоёулаа төлбөрт төлөгчөөр оролцож байгаа. Тиймээс энэ шүүх хуралдаанд манай эхнэр ч бас оролцож хэргийн талаар болсон үйл явдлыг мэдүүлж, өмчлөгчийн хувиар оролцох ёстой. Шүүх хэт нэг талыг барьж, миний эрхийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

            Хэргийн баримтаас үзвэл Б.Б-, Н.Ч- нар нь НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасан байна.

 

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журамтай.

 

Шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/20615 дугаар захирамжаар Б.Б-ын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэхдээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хүлээн авсан нэхэмжлэлд гарын үсэг зурсан Н.Ч-гийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэг үүсгэсэн, хүлээн авахаас татгалзсан аль нэгэн шийдвэр гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ дагуу гаргасан нэхэмжлэгч Н.Ч-гийн нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ