Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/00189

 

 

 

 

  2021          01            18                                           101/ШШ2021/00189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Болдбаатар, хариуцагчийн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 20-ны өдрийн 1746 дугаартай захирамжаар Б.Болдбаатар, Н.Чимэгмаа бид нар Голомт банк ХХК-д 114,105,195 төгрөг улсын тэмдэгтийн хураамж, 399,338 төгрөг төлөхөөр болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураан авсан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 123-62 тоот миний өмчлөлийн 79.8 м.кв орон сууцыг үнэгүйдүүлэн 147,500,000 төгрөгөөр үнэлгээ тогтоож, худалдан борлуулахаар болсон тухай 2020.10.20-ны өдрийн 4-229/37778 тоотоор бидэнд мэдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-аар манай орон сууцыг үнэлүүлэхдээ зах зээлийн судалгаа харьцуулалтыг үндэслэлгүйгээр хийсэн гэж үзэж байна. Учир нь үнийн харьцуулалтыг хийхдээ зөвхөн Үнэгүй.мн сайтад байршуулсан зарыг үндэслэсэн. Хөрөнгийн үнэлгээг хэт багаар гаргасан. Түүнчлэн манай орон сууцыг хэт зөрүү ихтэй орон сууцуудтай харьцуулалт хийсэн нь үнийг бодитойгоор гаргахад сөрөг нөлөөлсөн гэж үзэхээр байна. Угтаа 90-ээс дээш м.кв-тай болон хэт жижиг талбайтай орон сууцны талбайн зохион байгуулалт болон ипотекийн зээлийн шаардлагын улмаас үнэлгээ буурдаг. Иймд 17, 25, 40 м.кв талбайн зөрүүтэй орон сууцуудтай харьцуулалт хийж үнийн дүнг бууруулах нь хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл болж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01746 дугаартай захирамжаар Б.Болдбаатар, Н.Чимэгмаа нараас 114.105.195 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 399.338 төгрөгийг гаргуулж “Голомт” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Болдбаатар, Н. Чимэгмаа нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052820 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод байрлах 79.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20380039/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20380039/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг 4-229/36020-36022 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч 180.000.000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10/520 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Файн-Эстимэйт” ХХК-аар тогтоолгоход 147.500.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талуудад албан бичгээр мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан “Файн-Эстимэйт” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                   

Нэхэмжлэгч Б.Болдбаатар, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Файн эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод орших, 79.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 147,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1746 дугаартай захирамжаар хариуцагч Б.Болдбаатар, Ч.Чимэгмаа нараас нар 114,105,195.34 төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, захирамжийг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод орших, 79.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 17834 дугаартай захирамж, 1400 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар харилцан зөвшилцөлд хүрээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/520 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 Шинжээч 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод орших, 79.8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052820 дугаартай, 3 өрөө орон сууцыг  147,500,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зах зээлийн харьцуулалт, судалгаагүй үндэслээгүй, бодитой бус дүгнэлт гаргасан, орон сууцыг м.кв хэт зөрүүтэй бусад орон сууцтай харьцуулсан нь үнэ бодитоор гарахад сөргөөр нөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлж нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний тайлбар нотлогдохгүй байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэн байна. Хариуцагч шинжээч томилох тогтоолдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжээчийг үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй болохыг дурдаж, хууль сануулсан нь шинжээч Файн эстимэйт ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэх урьдчилсан нөхцөлийг хангасан байна. Шинжээч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг тус 62 тоот орон сууцтай байршлын хувьд ойролцоо 39.86 - 123 м.кв бүхий 8 ширхэг орон сууцны зэх зээлийн үнэлгээтэй харьцуулан үнэлж гаргасныг бодитой бус гэж үзэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд “орон сууцаа худалдахаар Шуурхай зар сонин, байрныхаа зарлалд 135,000,000 төгрөгөөс яриад 130,000,000 төгрөгт зарна гэж зар өгсөн” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн өөрийн нь хүсэл зориг тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 130,000,000 төгрөгт үнэлж байгаа гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч нь дүгнэлтийг хуульд нийцүүлэн бодитой гаргасан гэж үзэхээр ба нэхэмжлэгч нэхэмжлэл, түүний үндэслэлээ хангалттай нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам 123 дугаар байрны 62 тоотод орших, 79.8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052820 дугаартай, 3 өрөө орон сууцыг 147,500,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ