Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00565

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00565

 

Г.Ү-, Г.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00333 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ү-, Г.Т- нарын хариуцагч МК ХХК-д холбогдуулан гаргасан 14 810 320 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Т-, Г.Ү- нар нь МК ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №П1-С-1/2-47 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдагч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй Поларис апартмент-1 нэртэй 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны С дугаар блокын 2-р орцны 15 давхрын 1501 тоот, 58.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдан авагч Г.Т-, Г.Ү- нар нь нийт 80 416 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн. Худалдагч МК ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд талууд харилцан тохиролцож, Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г дуусгавар болгож, худалдагч тал энэхүү гэрээ дуусгавар болгох тухай актыг худалдан авагчтай байгуулж, гэрээг дуусгавар болгосноос хойш 2 сар буюу 80 хоногт багтаан гэрээний дагуу төлсөн 80 416 000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу төлбөр авагчийн төлсөн төлбөр 80 416 000 төгрөгийг 2 сарын дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна, 1.3-т заасны дагуу төлбөр төлөгч тус гэрээний 1.1-т заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэх үүргүүдийг тус компани нь хүлээсэн. Хариуцагч компани 80 416 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй тул 0.5 хувиар алданги тооцож үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүрэг үүсэж эхэлсэн бөгөөд энэ талаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлсэн. Төлбөрийг төлбөр авагчид 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 01 сарын 13-ны өдөр 25 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 24-ны өдөр 15 146 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөр барагдуулах гэрээ-ний 1.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцвол 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 4 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 80 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 402 080 төгрөгөөр тооцвол 2 010 400 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 17 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 70 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 352 080 төгрөгөөр тооцвол 5 958 360 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 60 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 302 080 төгрөгөөр тооцвол 2 114 560 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 14 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 252 080 төгрөгөөр тооцвол 3 529 120 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 127 080 төгрөгөөр тооцвол 889 560 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хэтрүүлсэн хугацаа 4 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15 416 000 төгрөгийн 0.5 хувь болох 77 080 төгрөгөөр тооцвол 308 320 төгрөг болж байгаа бөгөөд төлбөр авагчид нийт 14 810 320 төгрөгийн алданги авах эрх үүссэн. Иймд нийт 14 810 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Учир нь Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1.7-д гэрээнд заасан алданги болон гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг 1.2-т заасан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж худалдан авагчид буцаан олговол зохих үнийг эгүүлэн төлнө гэж заасан. Гэтэл тухайн байр худалдан борлуулагдаагүй ч мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 25 000 000 төгрөг, 2020 сарын 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үлдэгдэл 15 416 000 төгрөг төлөх байдлаар 100 хувь буцаан олгосон. Захиалагчийн нийт төлсөн 80 416 000 төгрөгийг бүрэн төлж тооцоог дуусгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийн тооцоо алдаатай байна. Алдангийн хэмжээг тооцож үзэхэд 14 285 240 төгрөг болж байна. Иргэний хуулийн 222 дүгээр зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан нөхцөл байдал үүссэн. Манай компани нь нэхэмжлэгчийн гаргасан гэрээ цуцлах акт үйлдэн, төлбөр төлөх хугацааг гэрээнд зааснаар үүрэг хүлээсэн ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2 сарын дотор буюу 60 хоногт тус төлбөрийг барагдуулах байсан. Гэвч тодорхой шалтгаанаар барилгын үйл ажиллагаа явуулахад хүнд нөхцөл байдал үүссэний улмаас барилгын ажил бүрэн зогссон. Өвлийн улиралд манай барилгын борлуулалт мөн зогсож, санхүүгийн хүнд нөхцөл байдал манай компанид үүссэн. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Тухайн үед манай компанийн Н.Б захиралтай уулзаж хууль мэдэхгүйгээр далимдуулж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Компани санхүүгийн хувьд 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хүндрэл бэрхшээлтэй байсан нь үнэн болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч МК ХХК-аас 14 285 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-, Г.Ү- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 525 080 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 232 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МК ХХК-аас 229 376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-, Г.Ү- нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ц.О нар давж заалдах гомдолдоо:

... Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах эсэхээс үл хамааран төлбөрийг олгохоор заасан ба энэ нь үндсэн гэрээ буюу Орон сууц захиалан бариулах гэрээний утга агуулгатай зөрчилдөж байгаа юм. Энэ нь үндсэн гэрээний утга агуулгатай зөрчилдөж байна. Иймд төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хэргийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан чиг үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болж байна.

МК ХХК нь Орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хугацаа хэтэрсэн ч энэ нь хариуцлагагүй, ажлаа огт гүйцэтгээгүй, залилан мэхэлсэн үйлдэл байгаагүй. Барилга угсралтын үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй үйл явдлын улмаас хугацаа хэтэрч байсан. Энэ талаараа захиалагч нартаа тухай бүр мэдэгдэж, хариуцлагатай хандаж байсан. МК ХХК-н гүйцэтгэх захирал нь тухайн үед Төлбөр барагдуулах гэрээ-д гарын үсэг зурахдаа Гуравдагч этгээдэд орон сууцыг борлуулснаас хойш 60 хоногийн дотор олгоно гэж захиалагчтай тохиролцсон учир гарын үсэг зурсан, захиалагч гэрээний төсөл боловсруулахдаа гэрээний утга агуулгыг өөрчилж, тайлбар авах боломж олгоогүй. Гүйцэтгэх захирал нь орон сууцыг борлуулснаас хойш 60 хоногийн дотор төлбөрийг олгох үүрэгтэй хэмээн ноцтой төөрөгдсөний улмаас тус гэрээнд гарын үсэг зурсан. Төлбөр барагдуулах гэрээг байгуулсны дараа тохиролцсоноос өөр төрлийн гэрээ байгуулснаа ойлгож, гэрээг өөрчлөх хүсэлт гаргасан боловч захиалагч тал гэрээг өөрчлөхийг зөвшөөрөөгүй. Улмаар төөрөгдсөн гэрээнийхээ учир холбогдлыг ойлгон боломжит хамгийн хурдан хугацаанд гэрээний төлбөрийг 100 хувь барагдуулж, хариуцлагатай хандсан. Хариуцагч нэхэмжлэгчид хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж, гаргасан хүсэлт бүрийг нь хүлээн авч хангаж шийдвэрлэн, гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн байхад 14 825 240 төгрөгийн алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ илт их гэж үзэх үндэслэл болж байна. Иймд алдангийн хэмжээг шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалт, төлбөр төлсөн хугацаа, санхүүгийн баримтуудыг харгалзан хэт их алдангийг өөрчилж багасгаагүй нь шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, нэг талыг дэмжсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд МК ХХК-аас 14 285 240 төгрөг гаргуулан Г.Т-, Г.Ү- нарт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Ү-, Г.Т- нар нь хариуцагч МК ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний дагуу 14 810 320 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр хүлээсэн Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй Поларис апартмент-1 нэртэй 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны С дугаар блокын 2 дугаар орц, 15 давхрын 1501 тоотод байрлах 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргээ МК ХХК зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Ү-, Г.Т- нар гэрээнээс татгалзсаныг худалдагч тал хүлээн зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дуусгавар болгосон акт үйлджээ.

 

Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар арилгахаар мөн өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г талууд байгуулсан байна. /хх20-21/

 

Уг гэрээгээр нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн 80 416 000 төгрөгийг 2 сарын дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн, гэрээний нөхцлийг талууд зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудад гэрээгээр үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Мөн гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам алданги тооцох нөхцлийг талууд харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Төлбөр барагдуулах нэртэй гэрээнд зааснаар төлбөрийг 60 хоногт багтаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь төлбөрийн баримтаар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч нь үүрэг зөрчсөн хоногоор тооцон гэрээнд заасан 0.5 хувиар тооцож, алданги шаардсаныг хуулийн дээрх заалт болон гэрээнд зааснаар хангах үндэслэлтэй.

 

Шүүх МК ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд алданги тооцож, нийт алдангийн хэмжээг тодорхойлохдоо тооцооллын алдаа гаргаагүй, хариуцагч уг тооцооллыг үгүйсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцүүлэн хариуцагч МК ХХК-аас 14 285 240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-, Г.Ү- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 525 080 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан санхүүгийн хүндрэл бэрхшээл, алдангийн хэмжээ хэт их, гэрээний төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалт, төлбөр төлсөн хугацаа зэргийг харгалзан үзээгүй, төлбөр барагдуулах гэрээг ойлгоогүй зурсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хоорондын төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулсан гэж үзсэнээ шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь шаардах эрхийн үндэслэл болох заалт биш байгааг залруулж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00333 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...189 дүгээр зүйлийн 189.5... гэснийг ...186 дугаар зүйлийн 186.1... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 377 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ