Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00566

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00566

 

 

 

П.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/00268 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар caрын 05-ны өдрийн Б/1123 дугаартай тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлөхдөө ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, чиг үүргийг хангалттай биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, үүрэг даалгавар биелүүлээгүй, бизнес төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй, зээлийн хорооны хуралд өвчтэй чөлөөтэй шалтгаанаар оролцоогүй, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ. Би ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зөрчилгүй гүйцэтгэж ирсэн, удирдлагын зүгээс тавих хяналтыг зүй ёсоор хэрэгжүүлж байсан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн хуралд оролцож чадаагүй. Төрийн банкны гүйцэтгэх захирал урьд өмнө нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б/726 дугаартай тушаал гаргаж намайг сахилгын зөрчил гаргаагүй байхад мөн л намайг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний хувьд сахилгын зөрчил гаргаагүй учир тус шийтгэлийг зөвшөөрөхгүй гэж сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсан дээр гарын үсгээ зураагүй. Би хэдийгээр гомдолтой байсан боловч удирдлагатайгаа зөрөлдөөд байхыг хүсээгүй. Гэтэл намайг 3 сарын дараа дахин сахилгын зөрчил гаргасан гэж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосон. Тухайлбал, чанаргүй зээлийн багц нэмэгдсэн, төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй гэж бичсэн. Гэтэл дэлхийн хэмжээнд тархаад байгаа Ковид-19 цар тахлаас шалтгаалан Засгийн газраас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоож улсын хил хаасан тул Сэлэнгэ аймаг Орос улстай хил залгаа оршдог тул улсын хил хааснаас болж хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлт удааширсан. Засгийн газраас зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан, мөн өндөр настнуудын зээлийг тэглэсний улмаас зээлдэгч тэтгэврийн зээлийг хүссэн үедээ авч байсан байдал өөрчлөгдөж жилд нэг удаа 6 сарын хугацаатай зээл олгох болсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан банкнаас зээл авч байгаа иргэдийн тоо буурах, үзүүлэлт буурсан. Төрийн банкны удирдлагын зүгээс өгсөн үүрэг, төлөвлөгөөг хангалттай биелүүлэх боломж бодит байдал дээр хэрэгжих нөхцөлгүй байгаа нь дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудаас болсон байхад намайг буруутгаж үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэж шийтгэж ажлаас халсан. Ж.Э-ийн зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг, би өөрөө 5 000 000 төгрөгийн кредит картын зээлийн хурлыг удирдаж явуулсан, харин гүйлгээг хийхдээ харилцааны ахлах менежер, нягтлан бодогч хоёр буруу хийж 25 000 000 төгрөг олгосон байсан, энэ асуудалд надаас илүүтэйгээр тэр хоёр хүн буруутай. Гэхдээ 25 000 000 төгрөгийн зээл нь төлөгдөөд дууссан, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй. Мөн Б.Э-гийн 19 000 000 төгрөгийн автомашины зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг. Харин энэ зээлийн хорооны хурлыг намайг орлож байсан Б.Н- удирдаж явуулсан, миний зүгээс даатгал хийгдээгүй гэдгийг нь материал хянах явцдаа мэдээд чеклээгүй орхисон байсныг дараа нь ерөнхий нягтлан гүйлгээ хийхдээ даатгал хийлгэсэн байдлаар чеклээд зээлийг олгосон байсан. Харин би өөрөө харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч хоёрт гомдол гаргаж, сахилгын арга хэмжээ авахуулсан. Тиймээс миний бие ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчил гаргасан зүйлгүй. Мөн ажлаас халсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, ажлыг нь албан ёсоор хүлээлцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол гэсэн үндэслэлийг мөн тушаалд заасан. Гэтэл миний бие салбарын захирал эд хөрөнгө, албан тушаал хариуцсан субъект биш, энэ нь ихэвчлэн нярав, нягтланд хамаарах заалт гэж үзэж байна. Иймд ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, уг тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байх тул намайг Сэлэнгэ салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж шаардлагаа тодруулан, уг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт 5.28.3, 5.28.7, 5.28.57 гэж заасан хөдөлмөрийн гэрээний заалтууд хөдөлмөрийн дотоод журамд нэгэн адил байгаа. Хөдөлмөрийн сахилгын зөрчил жилд хоёр удаа гаргасан гэдэг нь ноцтой зөрчил юм гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Гэрээний 7.4.3, 7.4.7 7.4.57 гэсэн заалтууд ижилхэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан мөн хоёр удаа ба түүнээс дээш зөрчил гаргасан нь ноцтой зөрчил юм гэдгийг төрийн байгууллагын ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан. Давтан зөрчлийн хувьд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр б/726 тушаалаар цалинг 3 сар хүртэл, 20%-аар бууруулж сахилгын арга хэмжээ авсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч танилцаж мэдсэн боловч гомдол гаргаагүй. Энэ нь 2020 оны эхний улирлын хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ хяналт шалгалтаар нэхэмжлэгчид үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй, Сэлэнгэ салбарын зээлийн чанар муудаж, төлбөрийн зөрчилтэй зээл нь 2 хувиас хэтэрсэн байсныг бууруулаагүй, харин ч 2.9 % болж өссөн байсан. Иймд удирдлагаас өгсөн шууд үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн зөрчилд хамаарна. Зээлийн хорооны ажиллах журмын 2.4-т салбар тооцооны зээлийн хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой зэрэг асуудлаар өөр хүн оронд нь томилох бол орон нутгийн хувьд салбарын хорооны дарга нь томилно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар хугацаа дууссан, тухай бүр тушаалаар томилох хүнээ заах байтал нэг л удаа тушаал гаргаад дандаа санамж бичгээр өөрчлөөд явсан байгаа. Өөрөөр хэлбэл Б.Н- гэж хүний өөрийнх нь эзгүйд орлох тушаал байхад н.Мөнхсаранг санамж бичгээр томилсон байсан нь ажилдаа хайнга хандсаныг илэрхийлж байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн хорооны ажиллах журмын 7.3 дугаар зүйлд зээлийн хорооноос гарсан шийдвэрт хяналт тавих чиг үүрэгтэй. Зээлийн хороо зээлээ шийдчихээд түүнийг хаяад байхгүй, зээлийн хорооны гишүүд олгосон зээлийнхээ хэрэгжилт, нэмэлт шаардлага биелэгдэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Түүнчлэн, Ж.Э-ийн зээл, Б.Э-гийн зээлийн асуудал яригддаг. Ж.Э-т 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгох байтал 25 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгосон, зээлийн хорооны шийдвэрийг ажилтан зөрчих эрхгүй. Зээлийн хорооны ажиллах журмын 7.3-т зааснаар өөрийнхөө олгосон зээлд хяналт тавих, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах ёстой байтал хянаагүй. Мөн Б.Э-гийн зээлийн хуралд оролцоогүй, 17 000 000 төгрөгийн автомашины зээлийн даатгалыг шалгаагүй, зээлийн хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавиагүй. Энэ нь хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, зөрчил гарсан байж, байгууллагад хохирол учирсныг ноцтой зөрчил гэж үзэхүй, урьдчилан сэргийлэх байдлаар хөдөлмөрийн гэрээнд нэгэнт тохиролцсон зөрчил ноцтойд тооцогдоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б-ийг хариуцагч Т ХХКийн Сэлэнгэ салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 14 507 363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 230 487 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Э.А нар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр талд ...ажлаа албан ёсоор хүлээлцээгүй болох нь зохигчдын тайлбар, ...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ салбарын захирлын зөвлөлийн хурлын протокол. тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон гэжээ. Шүүх дүгнэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгосон бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажил олгогч тушаал гаргасныг мэдсэнээс эхлэн өөрийн биеэр ажлын байранд ирж ажлыг хүлээлцээгүй, ут шалтгаанаар ажил олгогчийн зүгээс тушаалыг гардуулах ажиллагаа хийж 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б/1123 тоот тушаалыг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хүлээлцэх, тушаалыг хүлээн авах талаар ямар нэг алхам хийгээгүй.

Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газраас хийгддэг Хяналт шалгалтын зорилго нь дүрэм журмын нийцлийг хянах, дутагдлыг арилгуулах, цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна гарсан алдааг илрүүлж зөрчил гаргасан ажилтанд зохих хариуцлагыг хүлээлгэх зорилготой. Дотоод хяналт, шалгалтын газрын тайлан нь хяналт шалгалт хийгдэж дуусахад бичгээр гарч шалгалт хийсэн салбар, нэгжид танилцуулдаг бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт тайланг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гарсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Шүүхийн зүгээс Төрийн банкны гүйцэтгэх захирал 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр баталсан гэж үзэж байгаа боловч хэрэгт авагдсан Тайланг харвал Танилцсан гүйцэтгэх захирал Ө.Гантөр гэж бичигдсэн нь харагдана. Цаг хугацааны хувьд хөдөө, орон нутагт хийгдэж буй шалгалтын тайланг бичгийн хэлбэрээр танилцуулах асуудал удаашрах боломжтой байдгаас гадна шалгалт дуусах үед тайлан бичгээр гарч шалгалт хийгдсэн нэгжийн ажилтнууд танилцан гарын үсэг зурдаг. Харин танилцан гарын үсэг зурах асуудал нь тухайн тайланг хүчин төгөлдөр болгон бичгээр гаргасан хэлбэр биш.

Мөн Төрийн банкны салбарын захирлыг ажлаас чөлөөлөхөд Хүний нөөцийн хороогоор хуралдаж, тухайн хэлэлцэгдэж буй асуудалтай холбогдох шалгалтын тайлан зэргийг хорооны гишүүдэд танилцуулан хэлэлцдэг бөгөөд гүйцэтгэх захирал нь тус хороог даргалан хуралдуулж тайлангийн хувьтай танилцсан зэргийг шүүх харгалзан үзээгүй.

Зээлийн хорооны ажиллаж журмын 4 дүгээр зүйл буюу зээлийн хорооны үндсэн үүрэг гэсэн зүйлийн 4.5 дахь хэсэгт Хорооны хурлын шийдвэрийн биелэлтийг хянах гэж Зээлийн хорооны нийт гишүүдэд хамааруулан тодорхой дурдсан байхад хянах ажилтан тодорхойгүй гэж нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөн тайлбарласан нь илтэд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтоос харвал Салбарын захирал нь салбарын хэмжээнд хяналт тавих эрхтэйгээс гадна үүрэгтэй этгээд болох нь харагдаж байна. Зохих албан тушаалтнууд хариуцлага хүлээсэн буюу зөрчил гаргасан ажилтнаас гадна түүнийг хянах эрх бүхий албан тушаалтан хяналт хэрэгжүүлж тухайн зөрчлийг эрт илрүүлэх зөрчил гаргахгүй байх талаар анхаарал тавих байтал нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны тодорхойлолт болон журмаар үүрэг болгосон үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй. Төрийн банкны зээлийн хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Орон нутгийн салбарын зээлийн хорооны дарга нь орон нутгийн салбар, тооцооны төвийн зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг иргэдийн банкны үйл ажиллагаа хариуцсан нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр тогтоож салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан. Зээлийн хорооны ажиллах журмын дээрх заалтыг харвал орлон ажиллах ажилтны орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг заавал тогтоох, салбарын захирлын тушаалаар баталгаажуулах гэсэн хоёр үндсэн шаардлага тавигдсан байна. Уг заалтын дагуу нэхэмжлэгч нь Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр салбарын зээлийн хорооны даргыг орлох ажилтнаар Б.Н-ыг нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 000 000 төгрөг байхаар томилсон болох хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар зөвхөн Б.Н-т зээлийн хорооны даргыг орлох ажилтнаар томилж бусад ажилтнуудад нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг тогтоогоогүй, салбарын захирлын тушаалаар томилоогүй зэрэг журмын шаардлага хангасан хэлбэрээр томилоогүй.

Мөн нэгэнт журмаар үүрэг болгосон заалтыг зөрчиж салбарын захирлын тушаалаар томилоогүй албан тушаалтыг зээлийн хорооны даргаар ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад баримтаар нотлогдсонгүй, сөрөг нөлөөгүй байна гэх зэргээр илтэд үндэслэлгүй, нотлох баримтыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэгч нь Төрийн банкны холбогдох дүрэм, журмын зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 тоот тушаалд дурдсан зөрчлүүд нь зөрчил биш байна гэж үзэн, ажилтан нь давтан зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нар зээлийн үйл ажиллагааны мэдээллээр хангадаг, санаачилгаараа зээлийн үйл ажиллагааг хянах боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэгч П.Б- нь шат дараалсан ямар хяналт тавих байсан нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зайн болон биечлэн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байсан бол салбар, тооцооны төвд гарсан зөрчлүүдийг илрүүлэх боломжтой, зөрчил илрэх ёстой байсан бөгөөд нэгэнт хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй тул зөрчлүүд нь Дотоод хяналт шалгалтын явцад илэрсэн. Нэхэмжлэгч П.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил болон ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар илэрсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад зөрчлүүд нь баримтаар нотлогдохгүй гэх зэргээр ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 тоот тушаалыг хуульд хэрхэн нийцэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж талуудын харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хохирол болон ажил олгогчийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна гэх зэргээр зөрчлийн шинж агуулаагүй байна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1123 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх сахилгын зөрчлийг давтан, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус банкны Сэлэнгэ салбарын захирлаар ажиллаж байсан П.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ.

 

Ажилтан П.Б- дээрх тушаалд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй маргасан ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд сахилгын зөрчлийг давтан гаргасан талаарх тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг П.Б- зөвшөөрөхгүй гэх ба хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх боловч хариуцагч нь түүний сахилгын давтан зөрчил гаргасан гэх тайлбараа дээрх тушаалыг үндэслэн тайлбарлажээ. Энэ тохиолдолд уг тушаалд заагдсан зөрчлийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай. Гэтэл үүнийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй ба талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй байна.

 

Тодруулбал, сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэхээр талууд маргаж байгаа тохиолдолд 1 жилийн хугацаанд гаргасан зөрчил нь шийтгэл хүлээлгэсэн эсэхээс үл хамааран тухай үйл баримт тогтоогдсон байх учиртай.

 

Иймд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх маргааны үйл баримт тогтоогдсон эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн дүгнэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 487 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ