Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01615

 

                                                      

 

 

 

 

 

 

                                     2021         07          27

          182/ШШ2021/01615

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: П.Б

 

Хариуцагч: ТБ” ХХК

 

          урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, Г.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн П.Б миний бие 2010 оны 06 сараас Сэлэнгэ аймгийн Х бны Алтанбулаг дахь ттийн захирлаар, 2013 оны 07 сард “Хб”, “ТБ” хоёр нэгдэж үйл ажиллагаа явуулах үед тт хариуцсан менежерийн албан тушаалд тус тус томилогдож ажиллаж байгаад 2017 оны 10 сард ТБны Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлаар томилогдон ажилласан юм. Би ажил үүргээ сайн гүйцэтгэж, амжилт бүтээл гаргахын төлөө хичээн ажиллаж байсан билээ. Гэтэл ТБны гүйцэтгэх захирлын 2020 оны 08 caрын 05-ны өдрийн Б/1123 дугаартай тушаалаар намайг сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэж ажлаас халсан юм. Би сахилгын зөрчил гаргаагүй, ямар нэгэн буруутай зүйл хийгээгүй. ТБны гүйцэтгэх захирал ажлаас халах тушаалдаа бичихдээ “П.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, чиг үүргийг хангалттай биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, үүрэг даалгавар биелүүлээгүй, бизнес төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй, зээлийн хорооны хуралд өвчтэй чөлөөтэй шалтгаанаар оролцоогүй, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан тул ажлаас халсугай” гэсэн байна. Энэ бичсэн зүйлүүд нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй зүйлүүд юм. Учир нь би ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зөрчилгүй гүйцэтгэж ирсэн, удирдлагын зүгээс тавих хяналтыг зүй ёсоор хэрэгжүүлж байсан юм. Миний бие эрүүл мэндийн хувьд эмчилгээтэй байсны улмаас зээлийн хуралд оролцож чадаагүй тохиолдол байсан. ТБны гүйцэтгэх захирал урьд өмнө нь 2020 оны 05 сарын 13-ны өдөр Б/726 дугаартай тушаал гаргаж намайг сахилгын зөрчил гаргаагүй байхад мөн л намайг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэж үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Миний хувьд сахилгын зөрчил гаргаагүй учир тус шийтгэлийг зөвшөөрөхгүй гэж сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудсан дээр гарын үсгээ зураагүй юм. Би хэдийгээр гомдолтой байсан боловч удирдлагатайгаа зөрөлдөөд байхыг хүсээгүй учраас тухайн үед хүлээцтэй хандаад өнгөрсөн юм. Гэтэл намайг 3 сарын дараа дахин сахилгын зөрчил гаргасан гэж 2020 оны 08 сарын 05-ны өдөр тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халж хохироож байгаад гомдолтой байна.

Намайг ажлаас халах үед миний ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад ТБны удирдлагаас намайг 2020 оны 08 сарын 01-ний өдөр ажилдаа орох шаардлагатай, сургалт явагдах тул суух шаардлагатай гэсэн тул 08 сарын 03-ны өдөр ажилдаа орсон юм. Гэтэл намайг ажилдаа орох шаардлагатай гэж үүрэг өгсөн атлаа ажилдаа ороод 2 хонож байхад буюу Сонгууль болсны дараагийн 08 сарын 05-ны өдөр ажлаас халсан юм. ТБны гүйцэтгэх захирлын намайг сахилгын зөрчил гаргасан гээд байгаа зүйлүүд нь үндэслэлгүй бөгөөд миний ажлын гүйцэтгэлээс хамаарахгүй, шалтгаалахгүй зүйлүүд юм. Тухайлбал: Чанаргүй зээлийн багц нэмэгдсэн, төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй гэж бичсэн байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас шалтгаалан Засгийн газраас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоож улсын хил хаасан билээ. Манай Сэлэнгэ аймаг Орос улстай хил залгаа оршдог тул улсын хил хааснаас болж хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлт удааширсан явдал их болсон. Засгийн газраас зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан, мөн өндөр настнуудын зээлийг тэглэсний улмаас зээлдэгч тэтгэврийн зээлийг хүссэн үедээ авч байсан байдал өөрчлөгдөж жилд нэг удаа 6 сарын хугацаатай зээл олгох болсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан бнаас зээл авч байгаа иргэдийн тоо буурах, үзүүлэлт буурах тохиолдол байгаа юм. ТБны удирдлагын зүгээс өгсөн үүрэг, төлөвлөгөөг хангалттай биелүүлэх боломж бодит байдал дээр хэрэгжих нөхцөлгүй байгаа нь дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудаас болсон байхад намайг буруутгаж үүрэг даалгавар биелүүлээгүй сахилгын зөрчил 2 удаа гаргасан гэж шийтгэж ажлаас халсан явдлыг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

Намайг эрхэлсэн ажлаа үнэнч шударгаар хийж байхад ажлаас үндэслэлгүй халсны улмаас миний бие, сэтгэл санааны болон бусад байдлаар хохирч байгаа учир энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж иргэн миний эрхийг хамгаалж өгнө үү. ТБны гүйцэтгэх захирлын 2020 оны 08 сарын 05-ны өдрийн Б/1123 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, П.Б намайг Сэлэнгэ аймгийн ТБны салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэж өгнө үү.

Дотоод хяналт шалгалтаас удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн боловч яг ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байгаа. Ж.Эийн зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг, би өөрөө 5 сая төгрөгийн кредит картын зээлийн хурлыг удирдаж явуулсан, харин гүйлгээг хийхдээ харилцааны ахлах менежер, нягтлан бодогч хоёр буруу хийж 25 сая төгрөг олгосон байсан, энэ асуудалд надаас илүүтэйгээр тэр хоёр хүн буруутай, надад програмын хяналт тавих эрх байхгүй, гэхдээ 25 сая төгрөгийн зээл нь төлөгдөөд дууссан, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй.  Мөн Б.Эгийн 19 сая төгрөгийн автомашины зээлийн асуудалд хяналт тавиагүй гэдэг. Харин энэ зээлийн хорооны хурлыг намайг орлож байсан Наранбаатар удирдаж явуулсан, миний зүгээс даатгал хийгдээгүй гэдгийг нь материал хянах явцдаа мэдээд чеклээгүй орхисон байсныг дараа нь ерөнхий нягтлан гүйлгээ хийхдээ даатгал хийлгэсэн байдлаар чеклээд зээлийг олгосон байсан. Энд мөн миний бие буруугүй. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн ноцтой үйлдлийг буруу гэж үзээгүй мөртлөө зөвхөн намайг хяналт тавиагүй гэдэг шалтгаанаар ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Харин би өөрөө харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч хоёрт гомдол гаргаж, сахилгын арга хэмжээ авахуулсан. Тиймээс миний бие ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчил гаргасан зүйлгүй.

Мөн ажлаас халсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1, 43.2, 43.3-т заасныг зөрчсөн, тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, ажлыг албан ёсоор хүлээлцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол гэсэн үндэслэлийг мөн тушаалд заасан. Гэтэл миний бие буюу салбарын захирал эд хөрөнгө, албан тушаал хариуцсан субьект биш, энэ нь ихэвчилэн нярав, нягтланд хамаарах заалт гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тушаалд заасан үндэслэлүүд бүгд баримтаар няцаагдаж байгаа, намайг зориуд халж, өөрийн хүнээ оронд нь авах гэсэн явуургүй арга гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 сарын 08-ны өдөр ТБны гүйцэтгэх захирлын Б/558 тоот тушаалаар П.Бийг Сэлэнгэ салбарын захирлаар томилсон. П.Б нь Сэлэнгэ салбарын захирлаар ажиллаж байхдаа үүрэгт ажил, чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй нь Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 сарын 05-ны өдрийн ТБны гүйцэтгэх захирлын Б/1123 тоот тушаалаар ажлаас халсан. Ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт 5.28.3, 5.28.7, 5.28.57 гэж заасан хөдөлмөрийн гэрээний заалтууд хөдөлмөрийн дотоод журамд нэгэн адил байгаа. Хөдөлмөрийн сахилгын зөрчил жилд хоёр удаа гаргасан гэдгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн бөгөөд ийнхүү сахилгын зөрчлийг жилд 2 удаа гаргасан нь ноцтой зөрчил юм гэдгийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Гэрээний 7.4.3, 7.4.7 7.4.57 гэсэн заалтууд ижилхэн. Давтан зөрчлийн хувьд, захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр б/726 тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 3 сар хүртэл, 20%-иар бууруулж сахилгын арга хэмжээ авсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч танилцаж мэдсэн боловч гомдол гаргаагүй. Энэ нь 2020 оны эхний улирлын хяналт шалгалтаар тогтоогдсон. Энэ хяналт шалгалтаар нэхэмжлэгчид үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй, Сэлэнгэ салбарын зээлийн чанар муудаж, төлбөрийн зөрчилтэй зээл нь 2 хувиас хэтэрсэн байсныг бууруулаагүй, харин ч 2,9% болж өссөн байсан. Тийм учраас энэ нь удирдлагаас өгсөн шууд үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн зөрчилд орж байгаа юм. Зээлийн хорооны ажиллах журмын 2.4 дэх хэсэгт салбар тооцооны зээлийн хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой зэрэг асуудлаар өөр хүн оронд нь томилох бол орон нутгийн хувьд салбарын хорооны дарга нь томилно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар би томилсон юм гэдэг асуудал яригддаг. Энэ тушаалын хугацаа дууссан, тухай бүр тушаалаар томилох хүнээ заах байтал нэг л удаа тушаал гаргаад дандаа санамж бичгээр өөрчлөөд явсан байгаа. Өөрөөр хэлбэл Наранбаатар гэж хүний өөрийнх нь эзгүйд орлох тушаал байхад Мөнхсаранг санамж бичгээр томилсон байсан нь ажилдаа хайнга хандсаныг илэрхийлж байна.

   Мөн нэхэмжлэгч нь зээлийн хорооны ажиллах журмын 7.3 дугаар зүйлд зээлийн хорооноос гарсан шийдвэрт хяналт тавих чиг үүрэгтэй. Зээлийн хороо зээлээ шийдчихээд түүнийг хаяад байхгүй, зээлийн хорооны гишүүд олгосон зээлийнхээ хэрэгжилт, нэмэлт шаардлага биелэгдэж байна уу, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй. Зөвхөн зээлийг олгосон судалсан харилцааны менежер энэ асуудлыг хийдэггүй юм. Жишээлбэл, барьцаа хөрөнгөгүй зээл олгосон, зээлдэгч Долгорсүрэн өөрөө энэ талаар хяналт шалгалтын явцад тайлбар өгсөн байдаг. Түүнчлэн Ж.Эийн зээл, Б.Эгийн зээлийн асуудал яригддаг. Ж.Эт 5 сая төгрөгийн зээлийн эрхтэй карт олгох байтал 25 сая төгрөгийн зээлийн эрхтэй карт олгосон, зээлийн хорооны шийдвэрийг ажилтан зөрчих эрхгүй байдаг. Зээлийн хорооны ажиллах журмын 7.3-д зааснаар өөрийнхөө олгосон зээлд хяналт тавих, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянах ёстой байтал хянаагүй. Мөн Б.Эгийн зээлийн хуралд оролцоогүй, 17 сая төгрөгийн автомашины зээлийн даатгалыг шалгаагүй, зээлийн хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавиагүй, энэ мэтчилэн зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээгээр тухайлан тохиролцсон байгааг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ бүгд нь хяналт шалгалтын тайлангаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл зөрчил гарсан байж, байгууллагад хохирол учирсныг ноцтой зөрчил гэж үзэхүй, урьдчилан сэргийлэх байдлаар хөдөлмөрийн гэрээнд нэгэнт тохиролцсон зөрчил ноцтойд тооцогдоно. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, “ТБ” ХХК-ийн захирлын 2019 оны 01 сарын 10-ны өдрийн Б/76 тоот тушаал, 2020 оны 05 сарын 13-ны өдрийн Б/726 тоот П.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, П.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2020 оны 08 сарын 05-ны өдрийн Б/1123 дугаар тушаал, Сэлэнгэ салбарын захирлын зөвлөлийн хурлын протокол, тогтоол, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “ТБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, “ТБ” ХХК-ийн теллерийн системийн багц журам, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журам, Сэлэнгэ салбарт хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайлан, албан томилолтын журам, Сэлэнгэ салбар, харьяа 21 ттд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, чиг үүргийг зөрчсөн зөрчил гаргаагүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

П.Б 2010 оны 06 сараас Сэлэнгэ аймгийн Х бны Алтанбулаг дахь ттийн захирлаар, 2013 оны 07 сард “Х б”, “ТБ” хоёр нэгдэж үйл ажиллагаа явуулах үед тт хариуцсан менежерийн албан тушаалд тус тус томилогдож ажиллаж байгаад 2017 оны 10 сард ТБны Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлаар ажилласан байна. Тэрээр ТБны Гүйцэтгэх захирлын 2020 оны 08 сарын 05-ны өдрийн Б/1123 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэл буюу сахилгын зөрчил давтан гаргасан, эд хариуцагч ажил олгогчийн итгэлийг эвдсэн буруутай үйлдэл гаргасан үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.7, 7.4.57 дахь заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөгджээ. Тушаалд: П.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй, удирдлагын зүгээс шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй, дотоод хяналт шалгалтын газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зээлийн үйл ажиллагааны журмын 24.5.1.е дэх заалт, зээлийн хорооны ажиллах журмын 7.3 дахь заалтыг тус тус зөрчин хувийн хэрэг болон зээлийн хорооны шийдвэрийн хэрэгжилтэд холбогдох удирдлагын зүгээс шат дараалсан арга хэмжээ авч ажиллаагүй, зээлдэгч Ж.Этын зээлийн тухайд зээлийн хорооны ажиллах журмын 4.5 дахь заалт, зээлийн үйл ажиллагааны журмын 10.6.2.ж дэх заалтыг тус тус зөрчин хорооны нэмэлт шаардлагад хяналт тавьж ажиллаагүй, зээлдэгч Б.Эд 2020 оны 06 сарын 19-ний өдөр 17,000,000 төгрөгийн автомашины ахуйн хэрэглээний зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмын 31.8.4 дэх заалтыг зөрчин хөрөнгийн даатгалд хамруулаагүй, зээлийн хорооны ажиллах журмын 2.4 дэх заалтыг зөрчин салбарын зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг салбарын захирлын тушаалаар томилолгүй, салбарын захирлын хувьд салбарын зээлийн хорооны хуралд албан томилолт, өвчтэй, чөлөөтэй зэрэг шалтгаанаар оролцоогүй, салбар, харьяа нэгжүүдийн зээлийн багцын ангилал 2020.06.30-ны өдрийн байдлаар чанаргүй ангилалд шилжсэн, зээлийн хэмжээ өмнөх улирлын чанаргүй зээлийн багцаас 39%-иар нэмэгдсэн, 2020 оны 02 дугаар сард нийт 10 төрлийн бизнес төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй, зайны хяналтын зөрчлийн тоо нь 2020 оны 2 дугаар улиралд 3,64% болж өссөн, улсын тэмдэгтийн хураамжийн авлага 2020.06.30-ны өдрийн байдлаар 1,153,801 төгрөг болж тус тус өссөн, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 05 сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан гэжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үндэслэлд мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох цуцлах гэсэн хэсгийн 5.16.1-д “энэ журмын 1.5.2-т заасан удирдлага /гүйцэтгэх захирал, орон нутгийн ттийн захирлаас бусад/ болон газар, хэлтсийн ахлах ажилтан/мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг ХНГ хариуцан ХНХ-д танилцуулж, шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана”,

5.28-т “дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно”, 5.28.3-т “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс удаа гаргасан”, 5.28.7-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй”, 5.28.57-д “нэгжийн захирал, зээлийн ажилтан чанаргүй зээлийг төлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй”,

2020 оны 01 сарын 09-ний хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “ажилтан дараах ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана”,  7.4.3-т “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан”, 7.4.7-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй”, 7.4.57-д “нэгжийн захирал, зээлийн ажилтан чанаргүй зээлийг төлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй” гэсэн дүрэм, журмуудын заалтыг заажээ.

Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 24.5.1.е-д зээл хүсэгчид тавигдах шаардлага: зээлийн барьцаанд бны шаардлагыг хангасан өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн барьцааны зүйлийг тавих, батлан даалттай байх ба барьцааны зүйлийг хослуулан барьцаалах тохиолдолд бараа материалаар хангагдах зээлийн дүн 40 хувиас хэтрэхгүй байх.

10.6.2.ж-д ЗДХ-ны хэлэлцэх асуудал: Хурлын шийдвэрийн нэмэлт шаардлагын биелэлтийн тайланг улиралд нэг удаа хэлэлцэх, 

31.8.4 Барьцааны зүйлийн шаардлага: Бны ахуйн хэрэглээний зээлээр бий болсон автомашин, мотоцикл болон 1,000,000 төгрөгөөс дээш дүнтэй цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, монгол гэрийг зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд хөрөнгийн даатгалд даатгуулна. 

"Зээлийн хорооны ажиллах журам”-ын 7.3-д Зээлийн хорооны дарга, гишүүдийн эрх үүрэг: зээлийн хорооны гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих эрх, үүрэгтэй,

4.5-д Зээлийн хорооны үндсэн үүрэг: хорооны шийдвэрийн биелэлтийг хянах,

2.3-т орон нутгийн салбарын зээлийн хорооны дарга нь орон нутгийн салбар, ттийн зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг иргэдийн бны үйл ажиллагаа хариуцсан нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр тогтоож салбарын захирлын тушаалаар баталгаажуулна, 

2.4-т салбар, ттийн зээлийн хорооны гишүүн, нарийн бичгийн даргыг өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллаж байгаа, ээлжийн амралттай байх хугацаанд орлон ажиллах болон тухайн үед орлон ажиллаж байгаа албан тушаалтан хуралд саналын эрхтэй оролцох, эсхүл орлон ажиллах гишүүн, нарийн бичгийн даргыг салбарын зээлийн хорооны дарга томилно гэж тус тус заажээ.

Урьд нь ТБны захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Бийг Салбар, харъяа нэгжүүдийн зээлийн багц буурсан, анхаарал хандуулах ангилалтай болон эргэлзээтэй ангилалтай зээлийн багц өссөн, 10 зээлдэгчийн 118,582,078 төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэхдээ зээлийн хорооны гишүүдийн гарын үсгийг зурж баталгаажуулаагүй, 6 удаа нийт 25,020,000 төгрөгийн зээл олгохдоо хорооны гишүүдийн ирц 80 хувиас доош байхад олгосон, тус салбарын харъяа Бугант, Шаамар, Сүхбаатар-вокзал, Дулаанхан ттүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй хийгдсэнээс ашиглан, залилангийн шинжтэй үйлдэл илэрсэн, 39,100,000 төгрөгийн зээлийг 3 зээлдэгчид олгохдоо зээл хаасан өдөр шинээр зээл олгосон зөрчилтэй байхад зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ хэтрүүлсэн зөрчлүүд гаргасан нь Дотоодын хяналт шалгалтаар тогтогдсон гэсэн үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн ба нэхэмжлэгч П.Б захирлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/726 дугаар тушаалаар арга хэмжээ авагдсанаас хойш чухам ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Ажил олгогчийн зөрчил гэж үзэж буй зүйл хэт ерөнхий байна.

Хариуцагч ТБ ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас 2020.07.02-ны өдрөөс 2020.07.09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ салбарт гэнэтийн, газар дээрх, хэсэгчилсэн шалгалтыг явуулж, 2020 оны шалгалтаас хойшхи хугацааны баримт, материалыг шалгасан байх бөгөөд уг хяналт, шалгалтын тайлангаар нэхэмжлэгч П.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлүүдийг тогтоосон гэж үзжээ.

Захирлын тушаалд зааснаас харвал П.Бийг Дотоод хяналт шалгалтын газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чанаргүй ангилалд шилжсэн зээлийн хэмжээ өмнөх улирлаас 39 хувиар нэмэгдсэн, 2020 оны 2 дугаар улиралд зээлийн 2,62 хувь нь төлбөрийн зөрчилтэй, зайны хяналтын зөрчлийн тоо өссөн, улсын тэмдэгтийн хураамжийн авлага өссөн, зээлдэгч Ж.Эт, Б.Эгийн зээлд хяналт тавиагүй, салбарын захирлын орлон ажиллах ажилтныг тушаалаар томилоогүй, зээлийн эрхийн хэмжээг тогтоож өгөөгүй гэж үзжээ. ТБны Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод

-Салбар, харьяа нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэхийг ажлыг удирдан зохион байгуулах

-Салбар нэгжийн активыг оновчтой удирдаж, ОН-ийн зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах

-Салбар нэгжийн түвшинд зардлын удирдлагыг хэрэгжүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах, нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэх, боловсронгуй тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх

-Бүх төрлийн тайлан, мэдээний үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллах

-Төв бнаас олгогдсон эрхийн хүрээнд салбарын зээлийн хорооны даргын үүргийг гүйцэтгэж, салбар, ттүүдийн үйл ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих, чанартай хуралдуулах

-Хяналт шалгалтын газраас хийсэн хяналт шалгалт, түүнд хийсэн үнэлэлт, дүгнэлт, тавьсан акт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах бөгөөд шалгалтын үнэлгээг улирал тутам сайжруулж ажиллах

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх гэсэн зүйлүүд тусгагдсан байна.

 

          Дотоод хяналт, шалгалтын тайланд тусгагдсанаар СУГ-аас Сэлэнгэ салбарт 5 бүлэг бүхий үүрэг даалгавар, зөвлөмжийг өгсөн байх бөгөөд биелэлтийг шалгахад 2 үүрэг даалгаврыг 100%-ийн гүйцэтгэлтэй, 2 үүрэг даалгаврыг 50%-ийн гүйцэтгэлтэй, 1 үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд НББ-ын үйл ажиллагаанд өгөгдсөн үүрэг даалгавар 77%, зээлийн үйл ажиллагаанд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 70%, удирдлага зохион байгуулалт, дотоод ажилд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 80%-ийн гүйцэтгэлтэй буюу нийт үүрэг даалгавар 73%-ийн гүйцэтгэлтэй байна гэжээ.

 

          Сэлэнгэ салбарын биелүүлээгүй гэх нэг үүрэг даалгавар нь “төлбөрийн зөрчилтэй зээлийн хэмжээ зээлийн багцын 2 хувиас хэтэрсэн тул бууруулах арга хэмжээ авах” гэсэн үүрэг даалгавар байх бөгөөд энэ нь 2020 оны 3-4 сард хийгдсэн хяналт шалгалтын дараа шууд биелэгдэх боломжгүй, хугацаа шаардлагатай үүрэг даалгавар байхын зэрэгцээ яагаад биелэгдээгүй шалтгааныг тодруулалгүй захиралд хариуцлага тооцсон нь буруу байна. Салбарын захирлын “Ковид-19” цар тахлаас шалтгаалан Засгийн газраас хорио цээрийн дэглэм хязгаарлалт тогтоож улсын хил хааснаас Орос улстай хил залгаа оршдог Сэлэнгэ аймгийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийн эргэн төлөлт удааширсан, Засгийн газраас зээлийг 6 сараар хойшлуулах шийдвэр гарсан, мөн өндөр настнуудын зээлийг тэглэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан бнаас зээл авч байгаа иргэдийн тоо, үзүүлэлт буурах, зарим сөрөг үзүүлэлт өсөх хандлага байгаа гэсэн тайлбар нь нийтэд илэрхий үйл баримтаар үндэслэсэн, хүлээн авахаар тайлбар байна. Нэхэмжлэгчийг үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

          Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дотоодын хяналт шалгалтын тайланг үндэслэсэн гэх боловч ажлаас чөлөөлсөн шийдвэрт Салбар, харьяа нэгжүүдийн зээлийн багцын ангилал 2020.06.30-ны өдрийн байдлаар чанаргүй ангилалд шилжсэн, зээлийн хэмжээ өмнөх улирлын чанаргүй зээлийн багцаас 39%-иар нэмэгдсэн, 2020 оны 02 дугаар сард нийт 10 төрлийн бизнес төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлээгүй, зайны хяналтын зөрчлийн тоо нь 2020 оны 2 дугаар улиралд 3,64% болж өссөн, улсын тэмдэгтийн хураамжийн авлага 2020.06.30-ны өдрийн байдлаар 1,153,801 төгрөг болж тус тус өссөн гэсэн тайланд тусгагдаагүй зүйлийг дурьдсан байх ба түүнийг нотлох баримт алга байна.

         

          Харин бны орон нутгийн салбаруудыг үйл ажиллагаагаар нь улирал тутамд байр эзлүүлэхэд Сэлэнгэ салбар нь 24 салбараас 2019 оны 1 дүгээр улиралд 5 дугаар байр, 2 дугаар улиралд 16 дугаар байр, 3 дугаар улиралд 8 дугаар байр, 4 дүгээр улиралд 17 дугаар байр, 2020 оны 1 дүгээр улиралд 20 дугаар байр, 2 дугаар улиралд 7 дугаар байр, 3 дугаар улиралд 11 дүгээр байр тус тус эзэлж байжээ.

         

          Ж.Эийн кредит картын зээлийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр захирал оролцон зээлийн хорооны хурлаар хэлэлцэж, 5 сая төгрөгийн эрхийг зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба харин гүйлгээг хийхдээ харилцааны ахлах менежер, нягтлан бодогч нарын буруугаас 25 сая төгрөг олгогдсон нь тогтоогдсон, үүнийг хариуцах эздийг тайланд заасан, зөрчлийг илрүүлж 25 сая төгрөгийн зээлийг төлүүлж дуусгасан, байгууллагад хохирол учраагүй байна. Б.Эгийн 19 сая төгрөгийн автомашины зээлийн асуудлыг хэлэлцсэн зээлийн хорооны хуралд захирал оролцоогүй, хурлыг захирал орлож байсан Наранбаатар удирдаж явуулсан байх бөгөөд захирлын зүгээс материал хянах явцдаа эд хөрөнгийн даатгал хийгдээгүйг мэдэж чеклээгүй орхисон байсныг ерөнхий нягтлан бодогч гүйлгээ хийхдээ даатгал хийлгэсэн байдлаар чеклэж зээлийг олгосон байдал, мөн зөрчлийг даруй зассан байдал тогтоогдож байна. Ж.Э, Б.Э нарын хэн алины зээлийн асуудлыг шууд хянах үүрэг салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтоос харагдахгүй байх ба хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй байна. Салбарын захирал үүнийг шууд системд нэвтэрч үзэх боломжгүйг тайлбарлаж байна. Энэ нь харин илүү харилцааны ахлах менежер, харилцааны менежерийн ажил үүрэгтэй холбоотой харагдаж байна,

         

Тухайлбал, Харилцааны ахлах менежерийн ажлын байрны тодорхойлолтод

         

          -Салбар, ттийн зээлийн багцын өсөлтийг хангах, зээлийн чанарыг сайжруулах боломжит бүхий л арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэх

          -Салбар, ттүүдийн өдөр тутмын зээлийн үйл ажиллагааг зохистой удирдлагаар хангаж ажиллах, зээлийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, тэдний ажилд хяналт тавьж ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх

          -Зээлийн ашиглалт, төлөлтөд өдөр тутмын хяналт тавьж ажиллах

          -Системд оруулах мэдээллийг зээл олгох үед тогтмол хянах, алдаатай гүйлгээг засуулах

          -Өдөр бүрийн зээл олголтод хяналт тавих

          -Алдаатай дансны жагсаалтыг илрүүлж засуулах, эргэн хяналт тавих

          -Зээлийн хороогоор орох хувийн хэргийн бүрдлийг урьдчилан нэг бүрчлэн хянах, шалгах хуудсыг бодитой бөглөх, шаардлагатай бол нэмэлт шаардлага тавьж гүйцэтгүүлэх

          -Шалгалтын тайлангийн дагуу зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын мөрөөр хийх ажлыг төлөвлөж хийсэн ажил, арга хэмжээний талаар тайланг хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, түүний биелэлтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийхээр тусгагдсан байна.

         

          Дотоодын хяналт шалгалтын тайланг үндэслэн Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарт 1 сарын хугацаагаар 20%-ийн цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь захирлын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/150, Б/153 дугаар тушаалуудаар нотлогдож байна.

         

          Нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн хорооны даргыг орлох ажилтныг томилох тухай тушаал гаргаж, хавсралтыг батлан, Сэлэнгэ салбарт, өөрийнхөө эзгүйд орлох хүнээр 150,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 1 зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээ 100,000,000 төгрөг байхаар харилцааны менежер Б.Наранбаатарыг томилсон байх бөгөөд тэрээр 2019 оны 05 сараас 2020 оны 08 сарыг хүртэлх хугацаанд өөрийнхөө эзгүй байх тухай бүрт санамж бичиг үйлдэн орлох эрхийг шилжүүлж байжээ.

         

          Нэхэмжлэгчийг эзгүй байх хугацааны дийлэнхи хэсэгт нь тушаалд заасан Б.Наранбаатар орлосон, харин Д.Хилийнчулуу 1 удаа, Х.Мөнхсаран, Л.Энхцэцэг, Б.Баярцэнгэл нар 2-6 удаа  орлосон нь санамж бичгүүдээр тогтоогдож байна. П.Бийг зээлийн хорооны даргыг орлох ажилтныг томилох, түүнд зээлийн эрхийн хэмжээг тогтоох журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүйн гадна санамж бичгээр зарим зайлшгүй тохиолдолд өөр хүнээр орлуулсан асуудал урьд шалгалтын үед байсан, түүнийг зөрчилд тооцож байгаагүй байна.

          Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.57-д заасан “нэгжийн захирал, зээлийн ажилтан чанаргүй зээлийг төлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй” гэсэн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байдал тогтоогдоогүй, нотлох баримт үгүй байна.

         

          Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчилд хамааруулж тайлбарлаж буй боловч хуулийг буруу тайлбарлан ойлгож байна. Энэ заалтын агуулга нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээж байгаа ажилтны ажил үүрэг нь ажил олгогчийн мэдлийн буюу өмчлөлийн тодорхой хэмжээний мөнгө буюу эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалахад эсхүл мөнгө эд зүйлийг тогтоогдсон журмын дагуу зарцуулах, ашиглах эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил байхад оршдог. Энэхүү эд хөрөнгийн зөрчлийн улмаас ажил олгогчид уг ажилтнаар ажил үүргийг нь хэвээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх нь мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд муугаар нөлөөлнө гэсэн ойлголт бий болох явдлыг итгэл алдах гэж ойлгох бөгөөд ийнхүү итгэл алдсан буруутай үйлдэл буюу мөнгө, эд хөрөнгийг дутаах, зориулалтын бусаар зарцуулах, түүнчлэн мөнгө, эд хөрөнгийг зохих журмын дагуу хадгалаагүй, зарцуулаагүй үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналт шалгалтын зэрэг төрийн эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай. Салбарын захирлын үйл ажиллагаанд дээрх шинж алга байна.

 

          Нэхэмжлэгч П.Бийг ажлаас нь чөлөөлсөн тушаалд заасан дүрэм, журмын заалт түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байна. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.7, 7.4.57-д ажил олгогч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг заасан гэх боловч энэ нь тухайлан заасан зөрчил биш, хэт ерөнхий байх тул ноцтой зөрчлийн шинжийг агуулахгүй байна.

         

          Иймд дээрх үндэслэлүүдээр П.Бийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ТБны Сэлэнгэ салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

         

Нэхэмжлэгч П.Бийн нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 2,525,575 /2020 оны 07 сард 3,486,125 төгрөг, 06 сард 2,039,400 төгрөг, 05 сард 2,051,200 төгрөг = 7,576,725 төгрөг : 3/ төгрөг болж байх ба тэр ажлын 255 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,954,494 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан П.Бийг “ТБ” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 29,954,494 төгрөгийг гаргуулж П.Бд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан П.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 307,722 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                         С.БУД