Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00616

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00616

 

П ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00182 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан 4 970 762.65 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн автомашиныг барьцаалж 3 500 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг олгосон. Зээлдэгчийн хувьд зээлийн эргэн төлөлтийг хийж байсан ч байнгын хугацаа хэтрэлттэй байсан ба 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээл төлж чадахгүй болсон шалтгаан, хүсэлт ирүүлээгүй ор сураггүй алга болсон. 2020 оны 7 дугаар сард манайх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суугаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 2020 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллагаар олж тогтоолгосны дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иймд хариуцагч Б.Э-ээс үндсэн зээлд 3 500 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх зээлийн хүү 1 063 728 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 227 034 төгрөг нийт 4 970 762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагчаас автомашиныг фидуцийн гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хурааж авсан. Хариуцагчийн хувьд зээлээ төлнө, автомашиныг битгий зараарай гэж байсан боловч сүүлдээ ямар ч холбоогүй болсон тул автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр фидуцийн зүйлд хохирлын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээг хийлгэсэн. Гэтэл автомашины зах зээлийн үнэлгээ нь 2 900 000 төгрөг гэж гарсан ба манайх уг үнэлгээгээр нь зарж борлуулаад биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг суутгая гэсэн боловч маш их эвдрэл, гэмтэлтэй тул худалдаж авах хүн олдоогүй. Одоо болтол автомашиныг хадгалж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П ББСБ ХХК-аас хэрэглээний зээлийн журмаар өөрийн эзэмшлийн Тоёота Ноах /Тоуota Noah/ маркийн 64-37 УНӨ улсын дугаартай автомашиныг 3 500 000 төгрөгийн зээлийн барьцаа болгон 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээл авсан үнэн болно. Тухайн цаг хугацаанд хувийн бизнес (Best pub) эрхэлж, ажил орлоготой, зээлийн төлөлтийн чадвартай байсан боловч 2019 оны 9 дүгээр сард зүүн гараа хүнд бэртээж мэс засал эмчилгээ хийлгэж хөдөлмөрийн чадвар удаан хугацаагаар алдагдсан. Улмаар 2020 оны эхээр дэлхий дахинд цар тахал дэгдэж иргэд болон улс оронд хэцүү нөхцөл байдал үүссэн. Тухайн үед П ББСБ ХХК-д хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлээгүй. Би 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, надад тусалж дэмжих хүн байхгүй. Мөн тус банк бус санхүүгийн байгууллагаас урьд өмнө 2, 3 удаа автомашинаа барьцаалан хэрэглээний зээл аван тухай бүр хугацаанд нь төлж барагдуулж байсан, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн зэрэг хувийн болон давагдашгүй хүчин зүйлүүд тулгараад байгаа шалтгаануудын улмаас зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Фидуцийн гэрээний зүйл болох миний машиныг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр П ББСБ ХХК авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 4 970 762 төгрөг 65 мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг нарийвчилсан хуулийн зохицуулалтад нийцүүлэн тайлбарлаагүй, энэхүү хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний зүйлийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа өөрсдийн хадгалалтад авч бусдад худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар үнэлүүлсэн боловч зээл олгосон үеийн харилцан тохирсон үнэлгээнээс бодит үнэлгээ нь эвдрэл гэмтлийн улмаас зах зээлийн үнээс илтэд буурсан учир худалдан борлуулах боломжгүй нөхцөл үүсч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон. Зээлийн гэрээний 2.14.3-т автомашиныг хадгалаад зээл олгож байгаа тохиолдолд ББСБ нь барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийн төлбөрийг барагдуулах талаар тусгасан. Фидуцийн гэрээний зүйлийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч нь зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд фидуцийн гэрээнд зааснаар хэрэгжүүлэх боломжтой хэдий ч зээлдэгчийн унаж яваад өөрөө эзэмшиж, ашиглаж байсны улмаас үнэлгээ буурсны улмаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүйг шүүх буруутгах боломжгүй гэж үзэж байна. Фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зохигчид байгуулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг зээлдэгч заавал худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах үүрэг хүлээгээгүй. Зээлдэгч эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан аваагүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас бид өөрсдийн хадгалалтад авч худалдан борлуулах ажиллагааг хийсэн боловч зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд хүрэхгүй болсон. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, фидуцийн болон зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 4 970 762 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч П ББСБ ХХК нь 3 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Э- нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, Б.Э-ийн эзэмшлийн 64-37 УНӨ улсын дугаартай Тоёота Ноах маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд автомашиныг түргэн борлогдох үнээр худалдаж хохирлоо барагдуулах нөхцлийг талууд харилцан тохиролцжээ.

 

Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Гэрээ хүчин төгөлдөр тул талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

 

Зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг зээлдэгч Б.Э- хүлээн авч ашигласан ч гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийг буцаан төлөөгүй, 4 970 762.65 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах, улмаар хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн 64-37 УНӨ улсын дугаартай Тоёота Ноах маркийн автомашиныг бодитоор гаргуулан авч зээлийн үүргийг хангуулах эрхтэй.

 

Талууд зээлийн гэрээгээр үүссэн 4 114 290 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг сонгож, автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэн бүртгүүлэх, үнийг 7 000 000 төгрөгөөр тогтоох гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч баталгаажуулжээ.

 

Зээлдэгч Б.Э- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 4 970 762.65 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо үгүйсгээгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-ээс автомашиныг фидуцийн гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр бодитоор гаргуулан авснаа тайлбарласан.

 

Гэрээний зүйлийг ийнхүү бодитоор гаргуулан авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болох бөгөөд зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүрэг өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөөр хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч тал мөнгө төлөх үндсэн үүргийг хангах зорилгоор өмчлөлд нь шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан үндэслэлээр дуусгавар болжээ.

 

Дээрхээс дүгнэвэл гэрээ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон байхад зээлийн үүрэг шаардсаныг хангах үндэслэлгүй бөгөөд автомашины зэх зээлийн үнэлгээ гэрээнд зааснаас буурсан, худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээтэй холбоотой хэрэглэвэл зохих хуулийг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Иймд хуулийн нарийвчилсан зохицуулалтыг буруу хэрэглэсэн, автомашиныг хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар үнэлүүлэхэд үнэлгээ нь харилцан тохирсон үнээс илтэд буурсан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ