Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00634

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00634

 

Г.Ө-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00366 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ө-ийн хариуцагч ЮК ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа ЮК ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө-т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ө- нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЮК ББСБ ХХК-тай ЗГ18/Д-026 дугаар зээлийн гэрээ байгуулж, 24 875 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зориулан 6 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн 99116656 дугаараа барьцаалсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл 24 875 000 төгрөг, зээлийн хүү 463 446 төгрөг, нийт 25 338 446 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан тул барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн 99116656 дугаарыг эргүүлэн авсан. Зээлээ төлж барагдуулсны дараа барилгын ажил гүйцэтгэхээр болж Голомт банкнаас зээл авах гэтэл та ЮК ББСБ ХХК-аас 24 875 000 төгрөгийн зээл авч байсан байна, та зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул зээл олгох боломжгүй гэх хариуг авсан. Дээрх асуудлыг тодруулахаар ЮК ББСБ ХХК-д очиж уулзахад та зээлээ төлөөгүй байна гэж хэлсэн. Г.Ө-ийн хувьд зээлийг бүрэн төлж барагдуулсан тул ЮК ББСБ ХХК-ийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №737 дугаар албан бичгээр ЗГ18/Д-026 тоот зээлийн гэрээтэй ЧП79071411 регистрийн дугаартай Г.Ө- нь 25 338 446 төгрөгийг ЮК ББСБ ХХК-ийн ажилтан зээлийн эдийн засагч Б.А-гийн дансаар дамжуулан хаасан нь үнэн болно. Г.Ө-ийн зүгээс төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно гэх албан бичгийг өгсөн. Г.Ө- Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн өртэй гэсэн мэдээлэлтэй байгаа учраас дахин арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байна. Иймд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа ЮК ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө-т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Ө- 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЮК ББСБ ХХК-тай ЗГ18/Д026 тоот зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний 6.2.2-т заасны дагуу зээлийн төлбөрийг буцааж шилжүүлэхдээ манай байгууллагын Хаан банк дахь 5163033400 тоот дансанд, мөн Голомт банк дахь 2705105656 тоот дансанд хийхээр харилцан тохиролцсон. Гэвч Г.Ө- нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр болох 25 338 449 төгрөгийг дээрх дансаар төлөөгүй ба манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Т.А-гийн хаан банкны 5212036622 тоот дансанд шилжүүлсэн. Энэ төлбөр тооцоо нь одоог хүртэл манай байгууллагад төлөгдөөгүй тул ЗГ18/Д026 тоот зээлийн гэрээг хаах боломжгүй. Манай компанид ажиллаж байсан Т.А нь хэд хэдэн харилцагчаас зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн дансаар авч залилан хийсэн байх магадлалтай тул үүнийг бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Т.А-д холбогдуулан 190503832 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул Г.Ө- болон Т.А- нь хоорондоо ямар холбоо сүлбээтэй, харилцан хамааралтай эсэхийг шалгуулж тогтоолгоно. Мөн Г.Ө- нь нийт 5 удаагийн гүйлгээгээр зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байдаг ба өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21 887 781 төгрөг, зээлийн хүү 8 801 806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 629 180 төгрөг, нийт 32 318 767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлөлт хийсэн. Г.Ө- нь зээлийн төлбөрт Т.А-гийн дансанд төлсөн гэх баримтыг үзүүлэн бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулмааргүй байна. Голомт банкнаас зээл авахад танайхаас албан тоот хэрэгтэй байна, тус банкинд зориулж албан бичиг хийгээд өгөөч гэж хэд хэдэн удаа шаардаж хүсэлт гаргасны дагуу манайх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 737 тоот албан бичгийг хийж өгсөн. Т.А-гийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа учраас та Т.А-тай холбогдолгүй бол бид нартай хамтран ажиллаж цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж харилцан тохиролцоод явсан боловч цагдаагийн байгууллага дээр одоо хүртэл очиж мэдүүлэг өгөөгүй. Зээлийн барьцаа болох 9911 дугаарыг Г.Ө-ийн нэр дээр шилжүүлнэ үү гэх ЮК ББСБ ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 563 дугаартай албан бичиг дээрх гүйцэтгэх захирал Б.Мэндбаяр гэх нэрний өмнөх гарын үсгийг тухайн үед Т.А- хуурамчаар зурсан гэж үзэж байгаа. Иймд Г.Ө- нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нийт 32 318 767 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 211 дүгээр зүйлийн 211.2, 236 дугаар зүйлийн 236.4, 236.1.1-д заасныг баримтлан Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа ЮК ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө-т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагч ЮК ББСБ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Зээлийн эргэн төлөх төлбөрийг манай банк бус санхүүгийн байгууллагын данс болох Хаан банкны 5163033400, Голомт банкны 2705105656 тоот дансанд буцаан төлөх үүргийг хүлээсэн. Зээлийн гэрээний 6.2.2-т энэ талаар тусгагдсан. Гэтэл зээлдэгч Г.Ө- нь зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр 25 338 449 төгрөгийг гэрээнд зааснаас өөр дансанд буюу ЮК ББСБ ХХК-д ажиллаж байсан Т.А-гийн хувийн Хаан банкин дахь 5212036622 дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ үйлдэл нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Ямар ч тохиолдолд зээлийн гэрээг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн этгээд нь гэрээнд байгууллагын дансанд буцаан төлөх үүрэгтэй. Үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна. Г.Ө-ийн төлсөн гэх зээл нь манай байгууллагын дансанд орж ирээгүй учраас өнөөдрийг хүртэл зээл нь төлөгдөөгүй, гэрээ дуусгавар болоогүй Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Гэрээний талуудын чөлөөт байдал талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж, эрх эдэлж харилцан үүрэг хүлээж буй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон атал үүргээ зохих ёсоор гүйцэтгэх нь зүйтэй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчид ашигтай байдлаар буюу буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн. ЮК ББСБ ХХК нь эдийн засагч Т.А-гийн хувийн данс руу зээлийг буцаан төлөхийг зөвшөөрөөгүй, энэ үйлдлээс манай байгууллага ашиг олоогүй харин ч алдагдал орж байгаа болно. Мөн өрийг хүлээн авсан тухай албан бичиг хийж өгөөгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Ө- нь хариуцагч ЮК ББСБ ХХК-д холбогдуулан Монголбанкны зээлийн мэдээллийн санд Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх мэдээллийг нийлүүлэхгүй байгаа ЮК ББСБ ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Г.Ө-т холбогдох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... зээлийн эргэн төлөлтийг зөвхөн гэрээнд заасан дансанд төлөх ёстой байтал 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай ажилтан, зээлийн эдийн засагч Т.А-гийн Хаан банкны 5212036622 тоот дансанд зээлийн төлбөр болох 25 338 449 төгрөгийг төлсөн, Т.А- нь зээлийн эргэн төлөлтийг хувийн дансаараа авах эрхгүй этгээд гэж тайлбарласан.

 

Г.Ө- нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ18/Д-026 дугаар зээлийн гэрээгээр ЮК ББСБ ХХК-аас 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж, өөрийн эзэмшлийн үүрэн утасны 99116656 дугаарыг барьцаалсан, зээлдүүлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 24 875 000 төгрөг шилжүүлснийг хүлээн авснаа зээлдүүлэгчийн эзэмшлийн 5163033400 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 034 466 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЮК ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч Б.А-гийн Хаан банкны 5212036622 тоот дансанд 25 338 449 төгрөгийг тус тус төлж, зээл, зээлийн хүүг буцаан төлсөн баримтууд хэрэгт авагдсан байна. /хх24-27, 58/

 

Нэхэмжлэгч Г.Ө- нь зээлийн үлдэгдэл төлбөрийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй эдийн засагч Б.А-гийн дансанд шилжүүлсэн байх боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүнийг зөвшөөрсөн гэж үзэх баримт хэрэгт авагдсан тул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Тодруулбал, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 563 тоот 40279402 тоот гэрээний дугаартай ЮК ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа 9911 дугаарыг Г-гийн Ө-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичгээр барьцаа хөрөнгийг зээлдэгчийн нэр дээр буцаан шилжүүлсэн, мөн зээлдүүлэгч ЮК ББСБ ХХК нь ЗГ18/Д-026 дугаар зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг Г.Ө- манай банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч Б.А-гийн дансаар дамжуулан хаасан нь үнэн, төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг Голомт банк ХХК-д хүргүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 

Мөн тус ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.А- нь зээлийн төлбөрийг дансаараа хүлээн авсныг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаар тайлбар гаргасан байна.

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтаас үзвэл хариуцагч ЮК ББСБ ХХК нь Г.Ө-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлснийг хүлээн зөвшөөрч, барьцааны зүйлийг түүнд буцаан олгосон, мөн энэ талаар бусдад тодорхойлолт гаргасан, эдийн засагч Б.А-гийн дансанд зээлийн төлбөр төлөгдсөнийг үгүйсгээгүй байна.

 

Иймд зээлдүүлэгч байгууллагын зээлийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний хэлснээр төлсөн 25 338 449 төгрөгийн төлөлтийг Б.А- нь зээлийн төлбөрийг хувийн дансаараа авах эрхгүй этгээд гэх хариуцагчийн татгалзалд үндэслэн үгүйсгэх боломжгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээрхээс дүгнэвэл Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхгүй байгаа ЮК ББСБ ХХК-ийн эс үйлдлийн улмаас зээлийн төлбөрөө төлсөн зээлдэгч Г.Ө-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрхийг сэргээх үндэслэлтэй, Г.Ө-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, бичгийн баримтыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ