Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00579

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00579

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/00486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн захирал Б.Э нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хүү Б.Б-д итгэмжлэл олгохоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байранд байрлах нотариат орсон бөгөөд нотариатч Б.Б нь огт танихгүй Т.О гэх хүнд Х ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах, 000099899 тоот гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн 000305957 тоот гэрчилгээтэй 4533 м.кв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг олгосон 1683, 1684 тоот итгэмжлэлүүдийг үйлдэж гэрчилсэн.

2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 тоот итгэмжлэлүүдэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь иргэн Б.Э гийнх биш, Х ХХК-ийн өмчлөл, эзэмшилд албан ёсны бүртгэлтэй хөрөнгүүд байсан болох нь эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээнүүдээр нотлогдоно.

Гэтэл нотариатч Б.Б дээрх итгэмжлэлүүдийг хувь хүн Б.Э гээс Т.О т олгохоор үйлдэж гэрчилсэн бөгөөд хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлах үүрэгтэй байтал нотариатч энэ үүргээ биелүүлээгүй, энэхүү итгэмжлэлийг гэрчилж баталснаас гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөөгүй, Х ХХК, иргэн Б.Э өөрсдийн огт танихгүй А ХХК-ийн захирал Т.О гэгчид өөрийн хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах агуулга бүхий итгэмжлэлүүдийг олгох хүсэл зориг анхнаасаа байгаагүй.

Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн Т.О нь өөрийн компанийн нэр дээр Капитал банктай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Х ХХК-ийн газар болон барилгыг мөн банктай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 3 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг 2017 оны намар мэдэж эрүүгийн журмаар түүний үйлдлийг шалгуулахад барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э гийн гарын үсэг биш болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 831 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба уг маргаан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/479 дугаартай албан бичгээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Б.Э гийн хувьд Т.О ийг танихгүй. Итгэмжлэлээс харахад Т.О ийн гарын үсэг байдаггүй. Т.О гэж зурсан гарын үсгийг Б.Б өөрөө зурсан. Энэ хоёр хүн харилцаа, холбоотой танилууд бөгөөд зээлийн гэрээ байгуулахдаа итгэмжлэлийг үзүүлж байж Б.Э гийн компанийн эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Итгэмжлэл хийхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хуулийн этгээдийн эзэмшлийн газар, өмчлөлийн эд зүйлийн гэрчилгээг хавсаргасан байх ёстой. Б.Б нотариатч өмнө нь Н.Б-д олгосон итгэмжлэлд хавсаргаж байсан баримтуудыг итгэмжлэлүүдэд хавсаргасан. Хуулийн этгээд байсан учраас итгэмжлэлд тамга дарагдах ёстой байсан.

Б.Б нотариатч орон сууц захиран зарцуулах, газар захиран зарцуулах гэсэн итгэмжлэлийн загвараар хийсэн бөгөөд итгэмжлэлийн агуулгаас захиран зарцуулах эрх олгож байгаа нь харагдаж байхад огт танихгүй хүнд компанийн эд хөрөнгийг зарцуулах эрхээ өгнө гэдэг боломжгүй зүйл юм.

Итгэмжлэлийг хийхдээ буруу загвар ашигласан. Барьцаанд тавихад энэ загварыг ашиглах боломжгүй байсан гэж үзэж байна. Итгэмжлэл болон итгэмжлэл олгосон баримт бичгүүд хоорондоо ялгаатай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн миний гэж техникийн алдаа гаргасан учраас компанийн тамгыг дараагүй, холбогдох баримт бичгийг шаардаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1.1, 1.9, Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2, 21.3.5, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйл, 41 дүгээр зүйлийн 41.1-т тус тус заасныг зөрчсөн. 1683, 1684 дугаартай итгэмжлэлүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад нотариат баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х ХХК нэг гишүүнтэй бөгөөд нэг гишүүн болох үүсгэн байгуулагч Б.Э компанийхаа нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг бусдад зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах итгэмжлэл олгохоор компанийхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хамт авч ирж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичгийг үйлдэж, тэрхүү эд хөрөнгүүдийг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах итгэмжлэлийг А ХХК-ийн захирал Т.О т олгохоор гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Нотариатчийн үйлдлийн зардлыг төлж, мөнгө төлсөн баримтад гарын үсгээ зурсан. Итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд итгэмжлэгч тал болох Б.Э хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэлд гарын үсгээ зурж, итгэмжлэгдэгч тал болох Т.О уг хүсэл зоригийг хүлээн авч зээлийн үүргийн гүйцэтгэлдээ тухайн эд хөрөнгүүдийг барьцаалснаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу уг хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Барьцаагаар баталгаажсан зээлийн үүрэг биелэгдэх боломжгүй болмогц компанийн хөрөнгийг бусдын зээлийн үүрэгт барьцаалуулах итгэмжлэлийг иргэн Б.Э олгохоор хийсэн нотариатчийн үйлдэл хууль бус гэж маргаж байгаа нь нэг агуулгыг хоёр талаас нь тайлбарласан үйлдэл гэж үзэж байна. Хүү Н.Б-д итгэмжлэл олгохоор нотариат орсон гэдэг асуудал болоогүй, тухайн үед Т.О байгаагүй, гарын үсгийг нь хуурамчаар зурсан асуудал байхгүй. Итгэмжлэлийн бичвэрийг Б.Б нотариатч өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Б.Э гарын үсгээ зураагүй, Т.О тухайн үед байхгүй байсан учраас гарын үсгээ зураагүй. Итгэмжлэлээ авч очоод банкинд барьцаалсан байдаг. Банк Т.О ийн гарын үсэг зурагдаагүй итгэмжлэлээр барьцааны гэрээ хийх боломжгүй. Шүүхэд ирсэн зээлийн гэрээнд итгэмжлэл байхгүй байсан. Итгэмжлэлийг Т.О хүлээж аваад өөрөө гарын үсэг зураад банкинд барьцаалж зээл авсан.

Б.Э гийн хүсэл зориг хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Б.Э гэдэг хүн Т.О ийг огт танихгүй гэдэг нь үндэслэлгүй, нотлогдоогүй.

Б.Э уг эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхтэй гэдгээ нотолж, бичиг баримтуудыг шалгаж нотариатын үйлдэл хийсэн. Итгэмжлэлд Х ХХК-ийн захирал Б.Э гэж бичих байсныг орхиж техникийн алдаа гаргасан болохоос нотариатчийг мэргэжлийн алдаа гаргасан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан хариуцагч нотариатч Б.Б гийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг баримталж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс гадна, нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн.

...Анхан шатны шүүхийн баримталж буй Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд нийцүүлж хэрэглэх учиртай бөгөөд тус заалтад дурдсан ...сонирхогч этгээд... гэх шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн байх урьдчилсан нөхцлийг хангасан байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг огт үнэлээгүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 555 дугаар тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 831 тоот дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/4 тоот барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь Б.Э гийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэснээс үзэхэд нотариатчийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж гэрчилсэн итгэмжлэлүүд нь уг барьцааны гэрээг байгуулах үед огт хэрэглэгдээгүй, гэрээний талуудын мэдээлэл болон гарын үсгийн баталгаажуулах хэсэгт итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар огт тусгагдаагүй байна. Энэ асуудлыг анхан шатны шүүх санаатай буюу болгоомжгүйгээр анхааралдаа авалгүйгээр орхигдуулсан байна. Нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл нь нэхэмжлэгчид ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгээгүй бөгөөд итгэмжлэлээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

...Нэхэмжлэгч Б.Э Т.О ийг таньдаг гэдэг нь хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоол бүхий эрүүгийн хэрэгт өгсөн гэрч Б.Б, З.Б, Т.Д , Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 555 дугаар тогтоолд тусгагдсан ...Нийслэлийн Архивын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04/502 тоот албан бичиг, мөн гэрчүүдийн мэдүүлгээр уг зээлээс Х ХХК-ийн захирал Б.Э , түүний хүү Б.Б нар 300 000 000 төгрөг авсан болон нотариатын гэрчилсэн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлд Б.Э гарын үсэг зурсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4710 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд эдгээр нотлох баримтуудын талаар асууж тодруулаагүй, гаргасан шийдвэртээ эдгээр нотлох баримтын талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс үзэхэд анхан шатны шүүх хөндлөнгийн байх суурь зарчмыг алдаж, илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1683, 1684 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлүүдэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь Х ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд байхад хувь хүн Б.Э гээс Т.О т олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчлэхдээ Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтуудыг зөрчсөн тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарласан ба хариуцагч Х ХХК нь 1 гишүүнтэй, компанийн үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч Б.Э компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөө бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах хүсэл зоригоо илэрхийлсэн тул итгэмжлэл үйлдсэн гэж мэтгэлцсэн байна.

 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 133016/0078 дугаар бүхий 4533 м.кв газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг Х ХХК-д олгож, 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000305957 дугаартай гэрчилгээ олгогдсон бөгөөд Х ХХК нь өмчлөх эрхийн Ү-2204011222 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай 1792 м.кв талбайтай барилгын өмчлөгч болох нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон 000099899 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ. /хх-16-18, 20 дах тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1683, 1684 дугаарт бүртгэсэн итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд 1683 дугаартай итгэмжлэлд Б.Э нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах, 000099899 тоот гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, 1684 дугаартай итгэмжлэлд дээрх хаягт байршилтай газар эзэмших эрхийн 000305957 тоот гэрчилгээтэй, 4533 м.кв талбайтай газрыг тус тус зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг Т.О т итгэмжлэн олгож буй талаар дурдаж, итгэмжлэлд төлөөлүүлэгч Б.Э гарын үсэг зурж гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

/хх-15-20 дах тал/

 

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1-т итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэж заажээ.

 

Дээрх итгэмжлэлд Б.Э , Т.О нар гарын үсэг зурсан тул иргэд хооронд хийгдсэн хэлцэл байх бөгөөд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгоогүй байна.

 

Нотариатч Б.Б нь Х ХХК-ийн өмчлөх эрхийн 000099899 дугаар гэрчилгээтэй, Ү-2204011222 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1792 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, газар эзэмших эрхийн 000305957 дугаар гэрчилгээтэй, 4533 м.кв талбайтай газрыг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа авах эрхийг иргэн Б.Э гээс Т.О т итгэмжлэн олгох итгэмжлэлүүдийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотариатын үйлдэл буруу хийсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Б гийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1683, 1684 дугаарт бүртгэж итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймээс Нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл нь нэхэмжлэгчид ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгээгүй, итгэмжлэлээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нотариатч итгэмжлэл гэрчлэхдээ хууль зөрчсөн байдал нь уг нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохоос уг итгэмжлэлийн дагуу хууль зүйн үр дагавар болох хохирол үүссэн байхыг шаардахгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/00486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ